| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 102/2018/00846/И |
| Дугаар | 1083 |
| Огноо | 2018-04-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 1083
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 17 дугаар байрны 61 тоотод оршин суух, Дамбахаван овогт Жамъянчойжилын Цолмон, /РД:ХП79011805/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, Хатанбаатар магсаржавын гудамж, 6А байрны 52 тоотод оршин суух, Дайртан овогт Бадамцэцэгийн Ангар /РД:ХП75051771/-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Цолмон, хариуцагч Б.Ангар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Цолмон шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ангартай 1998 онд танилцаж, 2006 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2002 онд хүү Ж.Майдар, 2004 онд А.Анудара, 2008 онд А.Сүмбэрбилэгт нар төрсөн. Б.Ангар гэр бүл болсноос хойш тогтсон ажил хийж байгаагүй. Зан харилцааны тааламжгүй байдлаас болж 2015 оноос өдийг хүртэл 2 жил тусдаа амьдарч байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бид хоёрт эд хөрөнгийн маргаан байхгүй. Охин А.Анудара, А.Сүмбэрбилэгт нарыг би өөрийн асрамжид авна. Том хүү Ж.Майдарыг миний эцэг, эхэд үрчлүүлсэн. Б.Ангар эрхэлсэн тодорхой ажилгүй тул хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэжээ.
Хариуцагч Б.Ангар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуралдаанаар: Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Цолмон нь хариуцагч Б.Ангарт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Ж.Цолмон, Б.Ангар нар нь 1998 онд танилцаж, 2006 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулсан байна. Тэдний дундаас 2004 онд А.Анудара, 2008 онд А.Сүмбэрбилэгт нар төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Гэрлэгчид 2002 онд төрсөн хүү Ж.Майдарыг нэхэмжлэгчийн эцэг, эхэд өргүүлсэн, энэ талаараа маргаангүй бөгөөд 2004 онд төрсөн А.Анудара, 2008 онд төрсөн А.Сүмбэрбилэгт нар эх Ж.Цолмонтой хамт амьдарч байх бөгөөд түүний асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх тул, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2004 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин А.Анудара, 2008 оны 02 дугаар сарын 25-нд төрсөн хүү А.Сүмбэрбилэгт нарыг эх Ж.Цолмонгийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Дамбахаван овогт Жамъянчойжилын Цолмон, Дайртан овогт Бадамцэцэгийн Ангар нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2004 оны 7 дугаар сарын 14-нд төрсөн охин А.Анудара, 2008 оны 02 дугаар сарын 25-нд төрсөн хүү А.Сүмбэрбилэгт нарыг эх Ж.Цолмонгийн асрамжид үлдээсүгэй.
3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхбаярт даалгасугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ангараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Цолмонд олгосугай.
7.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО