Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 1289

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 58 дугаар байр 18 тоотод оршин суух, Боржигон овогт Цэрэнбуугийн Цэцэгмаа /РД: ЦГ53111909/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 23б-132 тоотод үйл ажиллагаа явуулдаг Өсөх марал од ХХК /РД: 5042127/-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажиллаж байсан хугацааны цалин 12.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжав, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Цэцэгмаа миний бие Монгол улсын эрүүл мэндийн салбарт болон Монгол улсын эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд бүх насаараа ажиллаж ирсэн АУ-ны доктор, профессор цолтой хүн билээ. Миний бие 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр эмнэлгийн төсөл бичүүлнэ гэсэн зарын дагуу Л.Батжавтай танилцаж, төслийг бичиж гүйцэтгэхээр аман тохиролцоо хийж уг төслийг бүрэн эхээр нь маш сайн хийж гүйцэтгэсэн. Төслийг стандарт зааврын дагуу боловсруулж бичсэн тул төсөл дэмжигдэн шалгарсан. Эмнэлгийн бүтэц үйл ажиллагааг Нэгдсэн эмнэлэг MNS 5095:2013 стандартын дагуу төлөвлөж эмнэлгийн бүтэц зохион байгуулалтыг стационар, амбултори, параклиник, оношлогооны тасаг, үйл онош, дүрс оношлогоо, гэсэн бүтцийн дагуу 2 дугаар шатлалын тусламж үйлчилгээ үзүүлэх эрхийг авсан. Нэгдсэн эмнэлгийн төсөл бичих зах зээлийн ханш 30,000,000-40,000,000 төгрөг байдаг. Миний бие уг төсөлд өөрийг цаг зав, оюун санаа, хүч хөдөлмөр арвин туршлага болон бүх л зүйлээ дайчлан бичсэний үндсэн дээр өнөөдрийн Монгол мед" эмнэлгийн эрх олгогдож байгуулагдсан билээ. Ингээд төсөл бичиж гүйцэтгэсэн мөнгөө авмаар байна гэхэд Л.Батжав төсөл бичсэн мөнгийг боломж гарахаар өгнө, би таныг байнгын ажлын байраар хангана. Та Монгол мед эмнэлгийн даргаар ажиллаж эмнэлгийг сайн мэргэжилтэн, боловсон хүчнээр хангаж, эмнэлгийн захиргаа, хүний нөөц удирдлагын ажлыг хариуцаж ажилла гэсэн санал тавьсан. Уг саналыг хүлээн авч төсөлд эмнэлгийн даргаар миний нэрийг бичиж эмнэлгийн эрх авснаар эмнэлэг байгуулагдаж миний бие эмнэлгийн даргын ажил үүрэг болон захиргаа хүний нөөц, бүтэц зохион байгуулалт гэх мэт бүхий л ажлыг хариуцан хийж ирсэн. Эмнэлэг байгуулагдаж хэвийн ажиллаж эхэлсэн боловч цалин мөнгийг маань бүрэн өгөхгүй албан ёсны тушаал гаргаж өгөхгүй байсаар 2016 оныг дуусгасан. Миний бие албан тушаалын цалингаа авмаар байна гэхэд өнөө маргаашгүй гэсээр өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд би Л.Батжавд итгэж өөрийн бүхий л нөөц бололцоог дайчлан ажилладаг байсан. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Монгол мед эмнэлгийн ерөнхий захирал Л.Батжав нь өрөөндөө дуудаад таныг ажлаас халж байна. Таны оронд илүү мэдлэг туршлагатай төрийн соёрхолт гавьяат эмч авах болсон гэж хэлсэн. Энэ үед миний бие эмчийн ажлаа хийе гэдэг санал тавьсан боловч хүлээж авалгүй намайг ямар ч үндэслэл шалтгаангүйгээр ажлаас халсан явдалд гомдолтой байна. Миний бие Монгол мед эмнэлгийг үүсгэн байгуулах үеэс эхлэн төслийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж эмнэлэг байгуулагдсан үеэс эхлэн эмнэлгийн даргаар ажиллаж ирсэн. Монгол мед эмнэлэг нь миний ажиллаж байх хугацааны цалинг өгөөгүй бөгөөд надад албан ёсны тушаал шийдвэр өгөөгүй болно. Иймд Монгол мед эмнэлэг байгуулагдсан өдөр болох 2016 оны 6 дугаар сараас, ажлаас үндэслэлгүй халагдсан өдөр болох 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 6 сарын хугацааны цалин 12,000,000 төгрөгийг Монгол мед эмнэлгээс болон эмнэлгийн ерөнхий захирал Л.Батжаваас гаргуулж, өмнө эрхэлж байсан албан тушаал болох эмнэлгийн даргын албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Х.Мөнхзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа хариуцагч Өсөх Марал-Од ХХК-иас ажиллаж байсан хугацааны цалин гаргуулж, Монгол мед эмнэлгийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Өсөх Марал-Од ХХК-ийн захирлын тушаалаар Монгол мед эмнэлгийн даргын албан тушаалд томилогдсон. 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ц.Цэцэгмаа эмнэлэг байгуулах ажлыг хариуцан ажиллаж байсан. 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр эмнэлэг байгуулагдаж, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Ц.Цэцэгмаа ажил үүргээ гүйцэтгэхээ больсон. 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны эмнэлгийн төслийн баримт бичиг, хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн цалин 1.300.000 төгрөгийг 6 сараар тооцож, 7.800.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч тэтгэвэрт гарсан хүн учраас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд бичилт хийлгэх шаардлага гаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Батжав нь Өсөх Марал-Од ХХК, Монгол мед эмнэлэгтэй ямар ч холбоогүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад болсон зүйлийг үнэн зөв бичсэн байна. Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа анх Л.Батжавтай танилцсан, Л.Батжаваас төсөл бичсэн мөнгө авах гэсэн, 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Л.Батжавд итгэсэн, Л.Батжав намайг ажлаас халсан гэж ярьдаг. Гэтэл Л.Батжав гэх хүн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч. Гэтэл Л.Батжав 2016, 2017 онд Улсын Их хурлын тамгын газрын хуулийн хэлтсийн орлогч даргаар ажиллаж байсан. 2016 оны 10 дугаар сард ажлаа өгч, өмгөөлөгчөөр ажилласан. Одоо хүртэл миний бие өмгөөлөгчөөр ажиллаж байна. 2016 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж байсан нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарлаж, нотариатаар батлуулж шүүхэд өгсөн. Өсөх Марал-Од ХХК буюу Монгол мед эмнэлэгт 2016 оны 02 дугаар сараас 2017 онд Л.Батжав гэх хүн огт ажиллаж байгаагүй. Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа Л.Батжав гэх хүнтэй л уулзсан. Өсөх Марал-Од ХХК болон Монгол мед эмнэлгийн удирдлагатай уулзаж байгаагүй. Нэгдүгээрт: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ иргэн Л.Батжавтай холбогдсон талаар бичдэг. Харин Өсөх Марал-Од ХХК, Монгол мед эмнэлгийн удирдлагатай холбогдож байгаагүй. Нэхэмжлэгч Монгол мед эмнэлэг ямар компанийн харъяа, компанийн захирал нь хэн гэж хүн байдаг, Ээнэлгийн зөвшөөрөл хэзээ гарсан талаар энэ хүн мэдэхгүй, мэдэхгүй учраас нэхэмжлэлд энэ талаар дурдаагүй. Өсөх Марал-Од ХХК-ийн дүрэмд зааснаар үүсгэн байгуулагчийн шийдвэрээр захирал, эмнэлгийн захирлыг томилсон. Өсөх Марал-Од ХХК-ийн гүйцэтгэх захирал, эмнэлгийн захирал байна гэж компанийн дүрэмд заасан. Өсөх Марал-Од ХХК-ийн дэд захирал н.Мөнхцэцэг гэж хүн байдаг. Гэтэл Ц.Цэцэгмаа гуай Өсөх Марал-Од ХХК, Монгол мед эмнэлэгт ажиллаж байгаагүй, холбоогүй хүн. Нэхэмжлэгч төсөлд миний нэрийг бичиж, би эмнэлгийн даргын албан тушаал хашиж байсан гэж андуурдаг. Эрүүл мэндийн сайдын тушаалд зааснаар эмнэлэг байгуулах ажил төсөл бичих үе шаттай, төсөл нь 2 үе шаттай явагддаг. Төсөлд зааснаар эмнэлгийн байр, тоног төхөөрөмж, эмнэлгийн ажилтныг сонгон шалгаруулдаг. 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн нэхэмжлэгчийн төсөл бичсэн гэх тушаалд компанийн захирал Б.Дашдорж гарын үсэг зураагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Компанийн үүсгэн байгуулагч 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Б.Дашдоржийг эмнэлгийн даргаар томилсон. Эмнэлэг байгуулагдаагүй байхад эмнэлгийн дарга гэж байхгүй. 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тушаал зөвхөн төсөл хэлбэртэй байсан. Үүнээс харахад 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр томилогдсон Ц.Цэцэгмаа гэх эмнэлгийн дарга байхгүй, байгаа ч үгүй. 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр эмнэлэг үйл ажиллагаа явуулах эрх авсан, 7, 8, 9 дүгээр сард эмнэлэгт дотоод зохион байгуулалтын ажил явагдсан. 10 сард эмч ажилд авсан, 11 сард анхны үзлэг хийсэн. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан. Өсөх Марал-Од ХХ-ийн Монгол мед эмнэлэгт Ц.Цэцэгмаа гэх хүн ажиллаж байгаагүй. Тийм хүн ажиллаж байгаагүй учраас ажлаас халагдсан гэсэн ойлголт байхгүй. Үндэслэлгүй ажлаас халагдсан гэх зүйл байхгүй учраас ажиллаж байсан цалин гэж байхгүй. Ажилд томилогдоогүй учраас халагдахгүй, халагдахгүй учраас эгүүлэн ажилд томилох асуудал байхгүй. Өсөх Марал-Од ХХК-ийн захирал миний ээж. Би ээждээ хүүгийн ёсоор тусалж, эмнэлгийн төслийн ажил дээр тусалж байсан. Төсөлд зарын дагуу 160 гаруй хүн уулзаж, 61 хүний материалыг авсан. Тэдний нэг Ц.Цэцэгмаа байсан. Тодруулбал: Нэг орой компанийн оффист нэг настай эмэгтэй сууж байсан. Тэр хүн Ц.Цэцэгмаа гуай байсан. Ц.Цэцэгмаа гуай өөрийгөө их сургуульд багшилж байсан. Эмнэлгийн төсөл боловсруулж чадна, эмнэлэг удирдах чадвартай гэсэн. Би хүн ажилд авдаг хүн биш. Ажилд авах тухай асуудал огт байхгүй, би Ц.Цэцэгмаа гуайд эмнэлгийн төсөлд ажиллах хүмүүстэй уулзаж байгаа талаар хэлсэн. Ц.Цэцэгмаа гуай бичиг баримтаа авчирч өгсөн. Ингэж уулзчихаад Ц.Цэцэгмаа гуай 5, 6, 7 сард ирээгүй, 9 сард ирж надтай уулзсан. Би түүнд эмнэгийн зөвшөөрөл гарсан талаар хэлсэн. Ц.Цэцэгмаа гуай туслуулах зүйл байна уу гэхээр нь би одоо тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Би Ц.Цэцэгмаа гуайд ээжийг үзэж өгөөч гэхэд хүн үзэж чадахгүй гэхээр нь анкетыг нь үзэхэд 31 жил их сургуульд багшилсан, эрдэмтэн хүн байсан. Оношилгоо, эмчилгээ хийж байгаагүй, ямар нэгэн нэгж удирдаж байгаагүй. Ядаж тэнхмийн эрхлэгч ч хийж байгаагүй хүн байсан. Би Ц.Цэцэгмаа гуайд холбогдсонд баярлалаа гэж 500.000 төгрөг өгсөн. Ц.Цэцэгмаа гуай эмнэлгийн магадлан боловсруулж өгье гэж надад санал тавьсан. Магадланг эмнэлгийн үйл ажиллагаа явуулснаас 2 жилийн дараа хийдэг болохыг би сүүлд мэдсэн. Ц.Цэцэгмаа гуай би магадлан боловсруулж өгье, надад 200.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Бид адилхан эрдэмтэн хүмүүс байна. Та магадлангийн бичиг баримт боловсруулж надад өгөөрэй, би танд 400.000 төгрөг өгье гэж хэлсэн. Гэтэл энэ хүн бичиг баримт өгөхгүй 9, 10 сард алга болчхоод 11 сард ирээд эгчдээ нэг өрөө гаргаж өгөөч гэж хэлсэн. Тухайн үед эмнэлгийн үйл ажиллагаа явагдаж, захирал, дэд захирлууд эмнэлгийн байранд сууж байсан. Эмнэлгийн үүдний хүлээн авагч дээр түлхүүр өгч, эмч нарын хааяа түрээсээр үзлэг хийдэг өрөөнд суухыг зөвшөөрсөн. Ц.Цэцэгмаа гуай 202, 203, 205 гэх мэтийн өрөөнд хааяа ирж суудаг байсан. Эмнэлгийн захирал, дэд захирал томилогдсон байсан учраас Ц.Цэцэгмаа гуайг магадлангийн бичиг баримтаа холбогдох хүмүүст нь өгчхөөрэй гэж би хувиасаа хүссэн. Гэтэл Ц.Цэцэгмаа гуай бичиг баримт өгөөгүй, эмнэлгээр явж төсөл эмнэлгийн дарга гэж намайг бичсэн байсан. Би эмнэлгийн дарга хийх ёстой байсан гэж ажилчидтай хэл ам хийсэн байсан. Би Ц.Цэцэгмаа гуайд хандаж, би таныг эмнэлгийн даргаар тавихгүй, дэд даргаар ажилд авахгүй. Эмнэлгийн дарга н.Дашдорж гэж хүн байдаг. Эмнэлгийн дэд захирал н.Мөнхцэцэг гэж хүн байна. Та харин надад өгнө гэсэн бичиг баримтаа өгчихвөл сайн байна гэж хэлсэн. Ингээд шинэ жилийн дараа би Ц.Цэцэгмаа гуайд хандаж би танд нэг удаа 500.000 төгрөг, 2 удаа 400.000 төгрөг өгсөн. 2018 оны 01 дүгээр сард 500.000 төгрөг өгье гэж хэлээд явуулсан. Энэ хүн эмнэлгийн даргаар ажиллаж байгаагүй, ажиллах боломжгүй. Бодит байдал дээр би энэ хүнийг ажиглаагүй, хэрэглээгүй гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

  Ц.Цэцэгмаа Монгол мед эмнэлгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажиллаж байсан хугацааны цалин 12.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Өсөх марал од ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчийг ажилд аваагүй тул түүнийг ажилд эгүүлэн тогтооно гэх зүйл байхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа Монголмед эмнэлэг, Л.Батжав нарыг хариуцагчаар тодорхойлсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг Өсөх марал од ХХК-иар солих хүсэлтээ гаргаж, шүүх 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Өсөх марал од ХХК-ийг хариуцагчаар сольжээ. /хх-ийн 35 дугаар тал/

 

Хөдөлмөрийн харилцаа үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болох үндэслэлд хөдөлмөрийн гэрээ хамаарах юм. Өсөх марал од ХХК Ц.Цэцэгмаатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэх боловч Өсөх марал од ХХК-иас Монголмед эмнэлгийг байгуулах тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас хүсэхдээ 2016.06.03-ны өдөр Өсөх марал од ХХК-ийн дэд захирал Б.Цэвээн, Ц.Цэцэгмаатай 01 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулсан /хх-ийн 214/, гүйцэтгэх захирал Б.Дашдоржийн 01 тоот Ц.Цэцэгмааг Монголмед эмнэлгийн даргаар томилсон тушаал /хх-ийн 215/, түүний сарын цалинг 1.300.000 төгрөг байхаар тусгажээ. /хх-ийн 245/

 

Хариуцагч Өсөх марал од ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016.06.03-ны өдөр Ц.Цэцэгмаатай байгуулсан гэх хөдөлмөрийн гэрээ нь төсөл юм. Түүнээс уг гэрээг хөдөлмөрийн гэрээ биш гэх боловч тухайн эмнэлэг байгуулах хүсэлтээ Эрүүл мэндийн яаманд хүргүүлэхдээ Ц.Цэцэгмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хавсаргасан байх бөгөөд уг гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7.-д хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэж заасан байх тул Өсөх марал од ХХК-ийг Ц.Цэцэгмаатай 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй талаар маргаж байх бөгөөд түүний хавтаст хэргийн материалд гаргаж өгсөн нотлох баримтууд нь Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас эмнэлэг байгуулах зөвшөөрөл хүсэхдээ өгсөн баримтуудаар үгүйсгэгдэж байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад ажиллаж байсан хугацааны цалин 12.000.000 төгрөгөөс 4.200.000 төгрөгөөс татгалзаж, 7.800.000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно., хариуцагч Өсөх марал од ХХК-иас Монгол Улсын Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн баримтаар Ц.Цэцэгмаагийн сарын цалин 1.300.000 байхаар тусгасан, хариуцагч нь ажилтанд цалинг олгох үүрэгтэй байх тул хариуцагчаас олговол зохих цалинд Ц.Цэцэгмаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 6 сарын цалин 1.300.000x6=7.800.000 төгрөг гаргуулан Ц.Цэцэгмаад олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т зааснаар Ц.Цэцэгмааг Монгол мед эмнэлгийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-д зааснаар хариуцагч Өсөх марал од ХХК-иас 7.800.000 төгрөг гаргуулан Ц.Цэцэгмаад олгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагч Өсөх марал од ХХК-иас 139.750 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.  

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Г.СОЛОНГО