Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 1114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би даргалж, шүүгч Р.Алтантуяа, М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 47/2 дугаар байр 06 тоотод оршин суух, Банзар овогт Бадрахын Ариунтуул /РД: ТИ87121085/-ын нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, К-107 дугаар байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг МНЗС ХХК /РД: 5633931/-д холбогдох,

  Гэм хорын хохиролд 50.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ариунтуул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Алтангадас, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ариунтуул шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Ариунтуул миний бие 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн хацрын өнгөн хэсэгт байрлах үл ялиг цагаан батганы 5 орчим цэг бүхий нүхжилтийг дарах, хямд үйлчилгээ авах зорилгоор Emerald Laser Clinic гоо сайхны эмнэлгийн эмч Баярсайхан гэх хүнээс зөвлөгөө авсан. ..АНУ-д гоо сайхны эмнэлэгт олон жил ажилласан... тул итгэмж эмчилгээ хийлгэсэн. Эмнэлгийн эзэн нь Дерма ролер гэх эмчилгээ хийлгэхийг санал болгосон. Нэг удаагийн үйлчилгээ нь 70.000 төгрөг нийт 6 удаа 420.000 төгрөгөөр хийлгэсэн. Дерма ролер гэх эмчилгээг хийхдээ 1 мм-н урттай олон ширхэг зүүг арьсны хэсэгт өнхрүүлж цус шүүрэхээр гь коллаген хамт шахдаг гэж тайлбарлаж, нүүрийг минь улаан зулга болтол үрж, маажин үндсэн арьсыг минь байхгүй болгосон. Энэ эмчилгээ үр дүнгүй байсан. Гурав дахь удаагийн эмчилгээнээс эхлээд хацар дээр сэвхжилт, харлалт, улайлт үүссэн. Ингээд яагаад ингэж эсрэг үр дүн үзүүлж байгаа талаар асуухад .. зүгээрээ зурын юм.. санаа зоволтгүй.. гэж хэлсэн.Гэвч цаашид улам л муудан хар хацартай болж, эмч гэх хүмүүс дээр ирэхэд өөрсдөө учраа олохгүй болж, харин ч төвөгшөөх шинжтэй болсон. Буруу эмчилгээний үр дүнд өөрийн гоо сайхан, сэтгэл санаагаараа хохирон үлдсэн. Мэргэжлийн арьс гоо засалчдаас зөвлөгөө авахад маш өндөр хяналтан дор тусгай хуваарийн дагуу лазерь аппаратаар намар болоод өвлийн улиралд хийгдэх ёстой эмчилгээг буруу хийсэн байна гэсэн. Дерма ролер гэх буруу эмчилгээний улмаас өөрийн гоо сайхнаараа хохирсноор цаашид мэргэжлээрээ ажиллах боломжгүй болсон. Бүгд Найрамдах Солонгос Улсын Чам Жу Ин арьсны эмнэлэгт хандахад гоо сайхны эмнэлэгт лазер эмчилгээ хийлгэсний дараагаар үүссэн маш хортой эмгэг бөгөөд үүнийг эмчлэх шаардлагатай гэсэн хариу ирсэн. Иймд эмчилгээний нийт төлбөр 50.000.000 төгрөгийг МНЗС ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2015 оны 03 дугаар сард нэхэмжлэгч Дермароллер үйлчилгээг эрхэлдэг гэх Эмералд лазер салонд хандсан. Ийнхүү хандахад салоны зүгээс таны арьсны өнгөн давхаргыг хуулж, нярай хүүхдийнх шиг толигор болгох боломжтой гэсэн саналыг тавьсан бөгөөд эмчийн зүгээс АНУ-д олон салонд цэвэрлэгч, туслах, гоо сайханчаар ажиллаж байсан, тийм учраас таны арьсыг хүссэн үр дүнд тань хүргэж чадна гэх амлалтыг аман байдлаар өгсөн. Мэдээж тухайн үед үйлчлүүлэгчээс эмчийн бичиг баримтыг харъя, үзье, туршлагатай чинь танилцъя гэх байдлаар хандах боломжгүй байсан болохоор тухайн салонд итгээд 1000 зүү шигтгэсэн өнхрүүшээр арьсаа хуулуулсан байдаг. Ингээд арьсыг нь хуулаад дээрээс нь тос түрхээд, одоо гайгүй болно гээд явуулсан. Б.Ариунтуулыг 3 удаагийн эмчилгээнд оруулсан бөгөөд үүний үр дүнд түүний арьс хар болж эхэлсэн юм. Үүнтэй холбоотойгоор тухайн оныхоо 05 дугаар сард тус салонд хандаж, арьс харлаад байна, би телевизийн эфирт гардаг хүн гэж хэлсээр байтал миний арьсыг ийм болгочихлоо гэж хэлэхэд яваандаа гайгүй болно, гаднах өнгөн арьсыг хуулаад цаанаас нь хоёр дахь арьс төлжиж байгаа учраас харлах үзэгдэл байдаг, энэ нь түр зуурын нөсөөжилтийн үзэгдэл юм гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр үзэгдлийг нь арилахыг хүлээгээд 07 дугаар сар хүрсэн, 07 дугаар сараас жирэмсэн болсон. Ингээд 07 дугаар сардаа салонд дахин хандсан боловч наадах чинь гайгүй болно, яваандаа арилна гэдэг зүйлээ хэлээд явуулсан байдаг. Энэ бүхний үр дүнд нэхэмжлэгч телевизийн эфирт гоо сайхны хувьд тохирохоо больсон, эфирийнх нь ажлыг сольсон.Нэхэмжлэгч 2016 оны 03 дугаар сард амаржсан бөгөөд мөн оны 07 дугаар сард дахиад салонд хандтал ...чи жирэмсэн байсан юм байна. Тэгэхээр наадах чинь жирэмсний толбо, эсхүл таны ходоодонд асуудал байна. Уг нь наадах чинь дорхноо алга болох ёстой гэсэн зүйлийг хэлсэн. Ингээд тусгай зөвшөөрлийг нь үзье гээд үзтэл эмч гээд биччихсэн байсан бөгөөд яг юуны эмч болохыг нь асуутал англи хэл дээр бичигдсэн нэг сертификат харуулсан байдаг. Гэтэл тухайн эмчийн АНУ-д гоо сайхны эмчилгээ хийж байсан талаар нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч өөрт үүсээд буй асуудлаар мэргэжлийн эмч нарт хандсан бөгөөд тэдний зүгээс энэ асуудлыг яг Дермароллер-оос үүссэн гэж үзэх боломжгүй байна, таны нүүрний сэвхжил бол нарын хэт ягаан туяа юм уу, эсхүл жирэмслэлт юм уу, эсхүл ходоод гэдэсний өвчлөлтэй холбоотой байх гэсэн ийм 3 үндэслэлийг хэлдэг. Үүний дараагаар буюу 2016-2017 онд Солонгос эмнэлэгт хандсан бөгөөд тэдний зүгээс хариу ирүүлэхдээ таны нүүрэн дээрх уг эмгэгүүд лазер эмчилгээ хийлгэсний дараа үүссэн байна, үүнийг арилгахад их төвөгтэй, маш удаан хугацааны эмчилгээ шаардлагатай, нийт 50,000,000 төгрөг шаардлагатай гэх зүйлийг дурдсан байдаг. Иймд бодит хохирол болох 50,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Алтангадас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ариунтуул анх 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тус эмнэлгийн тус эмчээр үйлчилгээ авахаар хүсэлт гаргаснаар уг харилцаа үүссэн. Анхны үзлэгээр Б.Ариунтуулын нүүрэн дээр жирэмсний сэвх, нөсөөжилт, цагаан батга болоод бусад зүйлүүд байсан. Тийм ч учраас энэхүү Дермароллер гэх 0,01-0,05 мм-ийн хэмжээ бүхий 1000 ширхэг зүүтэй, эмнэлгийн болоод гэр ахуй зориулалтаар ашиглагддаг, өдөр тутам хийгддэг өнхрүүшэн төхөөрөмжөөр эмчилгээ хийлгэх санал тавьсан. Улмаар нийтдээ 6 удаа эмчилгээ хийлгэх тохиролцоонд хүрсэн байдаг. Эхний үйлчилгээгээ 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр, дараагийн үйлчилгээгээ 05 дугаар сарын 07-ны өдөр, гурав дахь үйлчилгээгээ 06 дугаар сарын 06-ны өдөр тус тус авч, тухай бүр шаардагдах витамины комплексуудыг түрхүүлсэн. Ингээд уг үйл баримтаас хойш 2 жилийн дараа буюу 2017 оны 03 дугаар сард анхны шаардлагаа гаргаж орж ирсэн болно. Нэхэмжлэгчээс гарган өгсөн Солонгос эмнэлэгтэй харилцсан бичигт ...жирэмсний дараах сэвх ч бас харагдаж байна. ...Эхний ээлжинд арьсанд эсийн шинжилгээ хийх шаардлагатай гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл яг ямар эмчилгээ хийлгэхийг дурдаагүй байдаг бөгөөд шинжилгээ хийлгэснийх нь дараа ямар эмчилгээ хийлгэх эсэхийг шийдвэрлэх учраас төлбөр бас өөрчлөгдөх боломжтой нь уг бичгэн дээрээс харагдаж байна. Түүнчлэн, нэхэмжлэгч эхний 3 удаагийн эмчилгээндээ орсон боловч дараагийн 3 удаагийн эмчилгээндээ оролгүй өөрөө хаяж явсан. Ингээд 2 жилийн дараа анхны шаардлагаа тавьж орж ирсэн бөгөөд Монгол Улс маань 4 улиралтай, эрс тэс уур амьсгалтай, нэхэмжлэгч өөрөө ямар гам барьсан нь тодорхойгүй, өөрийнх нь биеийн онцлог ямар болох нь мэдэгдэхгүй ийм нөхцөлд нүүрэнд толбо, ямар нэгэн байдлаар сэвх үүсэх бүрэн боломжтой байхад энийг 2 жилийн дараа энэ эмч буруутай мэтээр тайлбарлаж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

  Нэхэмжлэгч Б.Ариунтуул МНЗС ХХК-ийн буруу эмчилгээний үр дүнд өөрийн гоо сайхан, сэтгэл санаагаар хохирсон. БНСУ-ын Чам Жу Ин арьсны эмнэлэгт хандахад гоо сайханы эмнэлэгт лазер эмчилгээ хийлгэсний дараагаар үүссэн маш хортой эмгэг бөгөөд үүнийг эмчлүүлэх шаардлагатай гэсэн тул эмчилгээний төлбөрт 50.000.000 төгрөгийг буруу эмчилгээ хийлгэсэн МНЗС ХХК-иас гаргуулж өгнө үү гэх шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгчид гэм хорын хохирол учраагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаж байна.

Нэхэмжлэгч Б.Ариунтуул 2015.04.15-ны өдөр хацрын өнгөн хэсэгт байрлах үл ялиг цагаан батганы нүхжилтийг дарах зорилгоор Emerald laser clininc гоо сайханы эмнэлэгээс зөвлөгөө авч, дермароллер гэх үйлчилгээг нэг удаа орохдоо 70.000 төгрөгөөр 6 удаа 420.000 төгрөгөөр хийлгэсэн гэжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.07.06-ны өдрийн 838 дугаар шинжээчийн дүгнэлтэд Б.Ариунтуулын нүүрэнд үүссэн сэвх, толбо, нөсөөжилт нь ямар шалтгаанаас үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Сэвх толбо нөсөөжилт үүсэх шалтгаан нь стресс, ходоод гэдэс, элэг, цөс, өндгөвчний архаг үрэвсэл, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаатай холбоотой гарахаас гадна хавар зуны улиралд арьсны ил хэсэг нарны хэт нил ягаан туяаны нөлөөгөөр нөсөө их ялгарснаас том хэмжээгээр гарах, жирэмсэн үед сэвх гарч, төрсний дараа арилах ба заримдаа удаан хугацаагаар арилахгүй байх зэрэг тохиолдолууд байдаг. Б.Ариунтуул нь 2015.04.15-нд МНЗС ХХК-ийн Emerald laser clininc гоо сайханы эмнэлэгт үзүүлэх үеийн эмнэлэгийн бичиг баримтад хоёр хацрын хажуугаар бага зэргийн цэгэн нөсөөжилт, нүхжилт, нүхжилттэй гэсэн ба 3-н удаагийн зүү болон витамин эмчилгээ хийлгэсэн байна. гэжээ. /хх-ийн 55-56 дугаар тал/

Нэхэмжлэгч 2017.09.13-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсгийг баримтлан тусгай мэргэжил, мэдлэг бүхий эмчийг оролцуулж шинжээчийн дүгнэлт гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 75 дугаар тал/

Улмаар шүүх түүний хүсэлтийг хүлээн авч 2017.09.20-ны өдөр Шүүхийн шинжилгээний хүрээлэн, Эрүүл мэндийн яамны харъяа Арьс гоо заслын мэргэжлийн салбар зөвлөлийг бүрэлдэхүүнтэй шинжээчээр томилсон байна. /хх-ийн 76-77 дугаар тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 120 тоот Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Арьс гоо заслын мэргэжлийн салбар зөвлөлийн хамтарсан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр Б.Ариунтуулын нүүрэнд мелазма буюу сэвхтэлт эмгэг үүссэн байх ба энэ нь олон шалтгааны улмаас үүсдэг. Тухайлбал жирэмслэлт, жирэмснээс хамгаалах эм хэрэглэх, нарны хэт ягаан туяанаас үүсдэг эмгэг юм. Дермароллер эмчилгээ хийлгэхийн өмнө Б.Ариунтуулын нүүрэнд ямар өөрчлөлт байсан, сэвхтэлт эмгэг байсан эсэхийг одоо тогтоох боломжгүй болно. ...Дермароллер эмчилгээ хийлгэхэд үүсэх хүндрэл, сөрөг үр дагаварын заалтад сэвх үүсдэг гэх заалт үгүй, мөн уг эмчилгээг хийлгэж байхад Б.Ариунтуул жирэмсэн байсан зэргээс харахад сэвхтэлт эмгэг нь дермароллер эмчилгээтэй холбоогүй байх боломжтой гэжээ. /хх-ийн 99-101 дүгээр тал/

Б.Ариунтуул нь Дермароллер эмчилгээг МНЗС ХХК-иар 2015.04.15, 2015.05.09, 2015.06.06-ны өдрүүдэд хийлгэж байсан, Б.Ариунтуул 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр эмчийн хяналтанд ороход хяналтанд орох үеийн жирэмсний хугацаа 15-16 нед гэжээ. /Б.Ариунтуулын жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөчийн 6 дугаар тал/

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.Ариунтуул нь МНЗС ХХК-ийн Emerald laser clininc гоо сайханы эмнэлэгт дермароллер эмчилгээ хийлгэснээр түүний нүүрэнд мелазма буюу сэвхтэлт үүссэн гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн Цаг уур, орчны шинжилгээний газрын нарны шулуун цацраг, дундажаар, нарны тусгалын өнцөг зэрэг баримтууд нь уг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй тул үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч МНЗС ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж Б.Ариунтуул телевизийн эфирт гоо сайханы хувьд тохирохоо больсон, эфирийнх нь ажлыг сольсон гэжээ. Энэ асуудал нь уг маргаантай холбоогүй, хөдөлмөрийн харилцаагаар зохицуулагдах асуудал юм.

Нэхэмжлэгч БНСУ-ын Чам Жу Ин арьсны эмнэлэгт хандахад уг асуудлыг эмчлэх шаардлагатай, эмчилгээний төлбөр ойролцоогоор 50.000.000 төгрөг болох тул хариуцагчаас гаргуулна гэжээ.

Хавтаст хэргийн материалд Жүнг Анг дээд сургуулийн эмнэлэг, Мёнжи эмнэлгүүдийн үнийн санал баримтуудыг хавсаргасан боловч эдгээр эмнэлгүүд нь уг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг албан ёсны баримт гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны явцад Солонгос улсад эмчлүүлэх эмчилгээний зардал 35.000.000 төгрөг, Б.Ариунтуулын хийлгэсэн эмчилгээний төлбөр 15.000.000 төгрөг гэж нэхэмжилсэн боловч хариуцагч МНЗС ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас Б.Ариунтуулын нүүрэнд сэвхтэлт үүссэн гэж үзэх боломжгүй байна.

Иймд уг үндэслэлүүдээр Б.Ариунтуулын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д зааснаар Б.Ариунтуулын нэхэмжлэлтэй, МНЗС ХХК-нд холбогдох гэм хорын хохирол 50.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                                


                                          

                                     ДАРГАЛАГЧ                                  Г.СОЛОНГО

                                         ШҮҮГЧИД                                  Р.АЛТАНТУЯА

                                                                                           З.ДОРЖНАМЖИН