Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/89

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа,

улсын яллагч Ц.Батзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан,

шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.М-д холбогдох 2216000000116 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, О овогт С-н М.

Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн нутаг дэвсгэр Улцангийн даваа гэх газарт 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр **** УБЕ улсын дугаартай “Beiben North Benz” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгон явна”, 12.3 дахь хэсэгт заасан “ жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Н.М-н амь нас хохироосон шүүгдэгч С.М-н үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч С.М нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн нутаг дэвсгэр Улцангийн даваа гэх газарт 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр **** УБЕ улсын дугаартай “Beiben North Benz” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгон явна”, 12.3 дахь хэсэгт заасан “ жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Н.М амь нас хохирсон болох нь:

Шүүгдэгч С.М-н өгсөн “...Талийгаач буруу талын суудал дээр сэрүүн явсан... зам тээврийн осол гарахад шөнө 12 цагийн үе байсан байх... Би нар цохиж байхад ухаан орсон... Тухайн үед хэдэн цагт цагдаа нар ирснийг мэдэхгүй, тухайн үед олон хавирга хугарсан маш их өвдөж байсан мөн талийгаачийг ухаан орохгүй бол яах вэ гээд талийгаачид авч өгсөн байсан архинаасаа 2, 3 татсан... Замдаа бол архи уугаагүй, талийгаачтай уулзалгүй удсан бөгөөд өвчтэй байхад нь ч эргэж чадаагүй болохоор би архи авч өгсөн, архиа замдаа задалсан гэхдээ би уугаагүй, талийгаач бараг уугаагүй, 1 татсан байх ... Талийгаач тухайн өдрөө машин тэрэг босгосны дараа 15 цагийн үед өнгөрсөн... Хохирлыг бүрэн төлж барагдуулсан. 5 сая төгрөг бараг төлсөн байх... Өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, их гэмшиж байна. Түүнээс хойш өөрийнхөө хэмжээнд найзынхаа хань ижил, үр хүүхдэд нь тус дэм болж явах гэх хичээж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

хохирогч Г.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 17-ны өглөө 06 цаг 30 минутын орчимд жолооч М нь миний утас руу залгаад бид 2 уруудаж яваад машиныхаа рулыг дийлэлгүй тэр чигээр нь доош алдаад машинаа унагаачихлаа. Миний найз тайван байгаарай. Тэгээд талийгаачийг хурхираад сонин авиа гараад байна. Би уурхай руу алхаж очоод дуудлага өглөө. Ярихаар бол энэ дугаар луу яриарай гэж хэлээд нэг дугаар өгсөн. Тэгээд нэг хэсэгтээ таг болчихсон байсан. Би эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн хэсэгт очоод ирчих байх гэж бодоод хүлээгээд ирээгүй. Тэгсэн чинь эмнэлгийнх нь дугаар луу залгаж орж ирээд та ар гэрийнх нь хүн мөн үү та ирэхгүй бол биеийнх нь байдал хүнд байна. Мөн аймгийн төв рүү тээвэрлэлт хийхээр бол заавал ар гэрээс нь зөвшөөрөл авдаг юм гэж хэлэхээр нь та тангараг өргөсөн эмч хүн байна өөрөө мэдээд наашаа тээвэрлэлт хий, аймгийн төв дээр эмчилгээ нь арай дээр байх гэж хэлсэн. Тэгээд таг болчихоор нь хүү рүүгээ залгаад аавын чинь бие тааруухан байна би унаа олоод явъя гэж хэлсэн. Би тэгээд чуулгад ажилладаг гэх хүмүүсийг гуйгаад хэрэг болсон газар луу явсан. Намайг очиход талийгаачид хүчилтөрөгч зоочихсон, хэд хэдэн дусал хийж байсан ба өмнө нь 2 литр шингэн хийлээ гэж байсан. Хүчилтөрөгчтэй амьсгалж байснаа 15 цагийн орчимд гэнэт гар, хөл нь хүчрэгдэхгүй байснаа амнаас нь өнгөтэй хүрэн юм гараад тэгээд амьсгал хураасан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...Талийгаач нь С.М-тай нэг ангийн 2 бөгөөд үе тэнгийн хүмүүс байсан юм. Талийгаач нь С.М-тай үеийнхнээсээ илүү дотно найзалж нөхөрлөдөг юм. С.М нь талийгаачтай утсаар яриад энд тал дээр тоосго буулгаж байна, Бигэр рүү банз буулгана, жаахан нойр муутай байна гэсэн чинь талийгаач тэгвэл би хамт явъя би нутагтаа очоогүй удсан байна. Нэг сайхан нутагтаа очоод ирье намайг аваад яваач гэхэд Мөнхөө нь чиний бие хаа зүгээр үү гэхэд талийгаач миний бие зүгээрээ эм, тариагаа аваад авчихъя гэж хэлсэн. Тэгээд тэр 2 хамт явахаар болоод 2022 оны 05 дугаар сарын 16-ны орой 20 цагийн орчимд гэрээсээ хувцас, эм тариа, тамхиа аваад хамт явахаар гарсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн  32-33 дугаар тал/,

хохирогч Г.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Талийгаачийн оршуулганд нийт 5,000,000 гаран төгрөгийг зарцуулсан байгаа гарсан зардлыг нарийвчлан гаргаагүй байгаа. Холбогдогч талаас оршуулганд зарцуулахаар 2,000,000 төгрөгийг дансаар, мөн нэг хонь авч байгаа. Өөр ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг шилжүүлсэн асуудал байхгүй. Би Улаанбаатар хот руу ажлаар явна... Оршуулгын зардалд гарсан зөрүү мөнгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 35 дугаар  тал/,

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 20 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “... 1. Талийгаачийн биед хатуу хальсан доорх цусан хураа, аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун хөмсөг, баруун дээд зовхи, баруун шанаа, зүүн чихний дээд хэсэгт шарх, баруун ташаан толгойн дээд хэсэг, баруун, зүүн, дээд, доод зовхинд цус хуралт, баруун чамархай, дух, баруун ташаан толгойн дээд хэсэг, баруун бугуйн гадна хэсэг, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаачийн биед учирсан хатуу хальсан доорх цусан хураа, аалзан бүрхүүл доорх цус харвалт гэмтэл нь амьд ахуйд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, бусад шарх, цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. 5. Талийгаач нь хатуу хальсан доорх цусан хураа, аалзан бүрхүүл доорх цус харвалт гэмтлийн улмаас тархи дарагдаж амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан байна.

6. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

7. Шинжилгээгээр талийгаачийн биеэс авсан цусанд спиртийн зүйл илрээгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 46-49 дүгээр тал/,

Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Алтай сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч П.Буянтогтохын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “... Норд Бенз  маркын **** УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явсан Сандар овогтой М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас дээрх осол болсон байна...” гэх магадлагаа /хавтаст хэргийн 83-84 дүгээр тал/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-10 дугаар тал/,

Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хавтас хэргийн 11 дүгээр тал/,

“Beiben North Benz” загварын **** УБЕ улсын дугаатай тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа /хавтаст хэргийн 77 дугаар тал/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-16 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас осол гаргаж, улмаар зорчигч Н.М-н  амь нас хохирсноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан  “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмж хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч С..М-г уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 113 дугаар тал/,  шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирогч Г.С-т 5,020,000 (таван сая хорин мянга) төгрөгийн хохирол төлсөн тухай Хаан банк дахь С.М-н депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч С.М-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгчтэй тохиролцсон прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангил заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна...” гэж, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “....тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хасахаар...” тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгч С.М-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасах нь дээрх зохицуулалтад нийцэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах арга хэмжээ авах тухай зохицуулалт бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад заасныг мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан агуулгаар ойлгож хэрэглэвэл зохино. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл болон 7.1 дүгээр зүйлүүдэд заасан “...тэнсэж, албадлагын арга хэмжээ авах...” зохицуулалт нь ямар нэгэн салаа утгагүйгээр ял оногдуулахгүйгээр буюу шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд энэ гэмт хэрэгт нь дахин ял оногдуулах тухай зохицуулалт бөгөөд ямар нэгэн байдлаар ял оногдуулаад түүнийг тэнсэх тухай агуулга тусгагдаагүй байгаа тул нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүнийг тэнсэх тухай прокурорын санал хууль зүйн хувьд үндэслэлгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохиролд 5,020,000 (таван сая хорин мянга) төгрөг төлсөн, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт ирсэн №********* дугаартай автотээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч С.М-д буцаан олгож, №***** дугаартай жолоочийн үнэмлэх, №****** дугаартай Монгол улсын мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт С-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассугай.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгч С.М-д хүлээлгэсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохиролд 5,020,000 (таван сая хорин мянга) төгрөг төлсөн, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт ирсэн №0****** дугаартай автотээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч С.М-д буцаан олгож, №***** дугаартай жолоочийн үнэмлэх, №******** дугаартай Монгол улсын мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.МӨНХТУЛГА