| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 102/2018/01451/И |
| Дугаар | 1227 |
| Огноо | 2018-04-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 1227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 104 байрны 93 тоотод оршин суух, Ган овогт Гантөмөр Отгонсүрэн, /РД:ЧЖ87082062/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 104 байрны 113 тоотод оршин суух, Хайрхан овогт Баатарын Доржготов, /РД:ЦЕ86040978/-д холбогдох,
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мажигсүрэн, хариуцагч Г.Доржготов, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Отгонсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Доржготов бид хоёр 2013 оноос найзалж, нөхөрлөж байгаад 2015 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүү О.Тэмүүлэн төрсөн. Төрсөн цагаас хойш би хүүгээ өөрийн нэр дээр бүртгүүлж, өөрийн төрсөн ээжээр асарч хүмүүжүүлэн өсгөж байгаа. Б.Доржготов бид хоёр одоо тус тусдаа амьдардаг. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул О.Тэмүүлэнг Б.Доржготовын хүүхэд мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мажигсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийг цаашид хүүхдэдээ анхаарал халамж тавиасаа гэж хүсэж байна. Надад энэ хүнийг охинтой хамт амьдар гэж шахаж шаардаж, мөнгө нэхсэн зүйл байхгүй. 2017 онд Г.Доржготов, Г.Отгонсүрэн, зээ 2-ыг аваад байр түрээсэлж амьдарна гэж яваад байр нь хүйтэн байна гээд 3 хонолгүй буцаад ирсэн. Г.Доржготов миний охины амьдралаар тоглож байна. Насанд хүрсэн том охиныг би яахаа мэдэхгүй байна. Зээ хүү гарснаас хойш Г.Доржготов хүүтэйгээ нэг ч удаа уулзаж байгаагүй. Г.Отгонсүрэнг Солонгосоос ирэхээр Г.Доржготов уулзчихаад хүүтэйгээ нэг ч удаа уулздаггүй. 3 нас хүрсэн хүүхэд орондоо шээгээд аав, ээж гээд уйлаад байгаа гэжээ.
Хариуцагч Б.Доржготов шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. О.Тэмүүлэн миний хүүхэд мөн бөгөөд сар бүр хүүхдийн тэтгэлэг олгож байна гэжээ.
Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Отгонсүрэн нь хариуцагч Б.Доржготовт холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Мажигсүрэн шүүх хуралдааны явцад хариуцагч Б.Доржготов О.Тэмүүлэнг өөрийн хүүхэд мөн гэж хүлээн зөвшөөрч байгаа тул эцэг тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Г.Отгонсүрэн, Б.Доржготов нарын дундаас 2015.04.12-нд О.Тэмүүлэн төрсөн болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Гэр бүл болоогүй хамтран амьдрагч нарын дундаас төрсөн хүүхдийн эцэг, эх Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т заасан үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй болно.
Иймд хариуцагч Б.Доржготов О.Тэмүүлэнгийн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч байгаа, мөн Г.Отгонсүрэн, Б.Доржготов нар хамтран амьдрахгүй байгаа тул 2015.04.12-ны өдөр төрсөн О.Тэмүүлэнг эцэг Б.Доржготовоор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2015 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн О.Тэмүүлэн /РД:УШ15241231/-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Доржготовоос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Доржготов нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхийг дурдсугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Доржготовоос улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Отгонсүрэнд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО