Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 181/2016/01502/и |
Дугаар | 628 |
Огноо | 2017-03-06 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 628
МАГАДЛАЛ
2017.03.06 Дугаар 628 Улаанбаатар хот
"Монголын төмөр зам" ТӨХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2016/01502 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч "Монголын төмөр зам" ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,
35 904 023 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,
шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хариуцагч Улаанбаатарын төлөөлөгчийн газар, Улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдох шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг танай байгуулага төл гэсэн бичиг ирсэн. Манай зүгээс тухайн хэрэгт хамааралгүй энэ байгуулага нь Засгийн газрын 501 дүгээр тогтоолоор татан буугдсан байна татан буулгахтай холбоотой асуудал нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлд зохицуулсан тул энэ талаар 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хариу явуулсан.
Гэтэл ахин 05 дугаар сарын 14-ний өдөр албан бичиг ирүүлэхэд бид мөн дээрх утгатай хариуг хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр магадлалыг бид бол хараагүй манай данснаас тухайн мөнгийг суутгасан тул бид үндэслэлгүй гэж үзэн тухайн гэм хорыг арилгуулах хүсэлтэй байна. Засгийн газрын тогтоол дээр эрх үүрэг болон, чиг үүрэг гэдэг нь ийм зүйл байна гэсэн тодорхой зааж өгсөн гэдэгт итгэхгүй байна. Энэ нь өөрөө татан буугдаж байгаа байгуулагын асуудлыг Иргэний хуулийн 32 дугаар зүйлээр зохицуулчихдаг болохоор Засгийн газрын гишүүд хууль давсан зүйл яриад байхгүй. Иймд нэгэнт хуулинд зохицуулагдсан зүйлийг заавал Засгийн газрын тогтоол үндэслэн хууль бусаар Монголын төмөр зам ТӨХК-ийн хаан банкин дахь харилцах данснаас 35 904 023 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба суутган авсан тул буцаан гаргуулах Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/27999 дугаартай Хаан банкинд хүргүүлсэн мэдэгдэл, үйл ажиллагааг хүчингүйд тооцуулах шаардлага гаргасан гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх хуудсыг 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тус тус хүлээж авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж Засгийн газрын 501 тогтоолын дагуу Монголын төмөр зам Төрийн өмчит хувьцаат компанид шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлэхэд шүүхийн шийдвэрийг биелүүлэх үндэслэлгүй гэсэн хариуг өгч байсан. Үүний дараа харилцах данс мөнгөн хөрөнгөнөөс төлбөр гаргуулах мэдэгдлийг банкнуудад хүргүүлж хаан банкнаас 36 043 023 төгрөгийг татан авч төлбөрийг барагдуулсан. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг байхгүй, хуулийн этгээд татан буугдсан өөрчлөн байгуулагдсан бол төлбөр авагч, төлөгчийн хүсэлтээр уг этгээдийн эрх залгамжлан авагч этгээдээс суутгаж болно гэсний дагуу Улаанбаатар төлөөлөгчийн газар, Улсын төсөвт үйлдвэрийн газрын чиг үүргийг хүлээн авсан Монголын төмөр зам Төрийн өмчит хувьцаат компаний харилцах данснаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу суутгал хийсэн. Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 501 дүгээр тогтоолын 4.1 дүгээр зүйлд Улаанбаатрын төлөөлөгчийн газар, Улсын төсөвт үйлдвэрийн газрыг татан буулгаж чиг үүргийг Монголын Төмөр зам Төрийн өмчит хувьцаат компанид шилжүүлсүгэй гэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч манай данснаас хууль бусаар суутгаж авлаа гэсэн гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаагүй. Уг ажиллагаа нь хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/27999 дугаартай Хаан банкинд хүргүүлсэн мэдэгдэл, үйл ажиллагааг хүчингүйд тооцуулж, 35 904 023 төгрөгийн хохирлыг гаргуулах Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар "Монголын төмөр зам" ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337 480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх хуралдааны дэгийн дагуу шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосон бөгөөд тухайн үед гомдлоор хэлэлцэж буй хэрэгт Улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөх ёстой байсан илүү төлсөн тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид эгүүлэн олгосугай гэж уншин танилцуулсан хэдий ч бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурсан шийдвэрт "Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337 480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй" гэжээ. "Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно." хэмээн зааснаар бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурсан шийдвэрийг хүчингүй гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 23 дугаар зүйлд төрийн өмчит хуулийн этгээдийг татан буулгах тухай асуудлыг хуульчилсан бөгөөд 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт "Төрийн өмчит хуулийн этгээдийг татан буулгахад Иргэний хууль болон бусад хуульд заасан үндэслэл, журмыг баримтална." гэсэн бөгөөд Иргэний хуулийн 32 дугаар зүйлд хуулийн этгээдийг хэн татан буулгах, татан буугдсан байгууллагын өр төлбөрийг хэн, ямар хөрөнгөөр барагдуулах асуудлыг зохицуулсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 32 дугаар зүйлийг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага хангагдаагүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 501 дүгээр тогтоолоор "Улаанбаатар төлөөлөгчийн газар" УТҮГ-ыг татан буулгаж, чиг үүргийг нь "Монголын төмөр зам" ТӨХК-д шилжүүлэх шийдвэр гарсан. Хуулийн этгээд татан буугдсанаар түүний эрх үүрэг өөр хуулийн этгээдэд эрх залгамжлалын журмаар шилждэггүй байхад Засгийн газрын тогтоолоор чиг үүрэг шилжүүлсэн ойлголттой холбон тайлбарлаж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож гомдлын шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй тул давж заалдах шатны шүүх нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.
Нэхэмжлэгч "Монголын төмөр зам" ТӨХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 35 904 023 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Шүүхийн шийдвэр, магадлалд хамааралгүй манай байгууллагын данснаас 35 904 023 төгрөгийг суутгасан тул буцаан гаргуулах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/27999 дугаартай Хаан банкинд хүргүүлсэн мэдэгдэл, үйл ажиллагааг хүчингүйд тооцуулах...” гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тус тус хүлээж авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг нэхэмжлэгчид удаа дараа хүргүүлэхэд шүүхийн шийдвэрийг биелүүлэх үндэслэлгүй гэсэн хариу өгч байсан учир нэхэмжлэгчийн Хаан банк дахь данснаас 36 043 023 төгрөгийг татан авч төлбөрийг барагдуулсан. Уг ажиллагаа нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох...” гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6805 дугаар шийдвэрээр Улаанбаатар төлөөлөгчийн газар /УТҮГ/-ын захирлын 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01/15 тоот тушаалыг хүчингүй болгож, Э.Ундрамыг ложистик хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 19 483 436 төгрөг, ээлжийн амралтын олговор 1 554 545 төгрөг, бүгд 21 037 981 төгрөгийг тус газраас гаргуулахаар шийдвэрлэсэн, Баянзүрх, Сүхбаатар ,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 7185 дугаар шийдвэрээр Ж.Хишигтогтохыг “Улаанбаатар төлөөлөгчийн газар “/УТҮГ/-ын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 19 276 296 төгрөгийг тус газраас гаргуулахаар шийдвэрлэсэн, эдгээр шийдвэр хүчин төгөлдөр байна.
“Улаанбаатар төлөөлөгчийн газар” /УТҮГ/ нь Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 тоот тогтоолоор татан буугдаж, түүний чиг үүргийг “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компани /ТӨХК/ шилжүүлэн авсан, энэ тогтоолоор “...татан буулгах комисс байгуулж, тухайн байгууллага, алба, нэгжийн албан хэргийг архивт, үндсэн болон бусад эд хөрөнгийг хүлээн авч, бүртгэх ажлыг зохих журмын дагуу хариуцан зохион байгуулахыг...” нэхэмжлэгчид даалгасан байна.
Хариуцагч нь шүүхийн дээрх шийдвэрүүдэд үндэслэн бичигдсэн шүүхийн гүйцэтгэх хуудсыг хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан, шүүхийн шийдвэрт заасан мөнгийг нэхэмжлэгчээс гаргуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулгаас дүгнэхэд нэхэмжлэлийн үндэслэл нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гаргасан гомдол гэж үзэх үндэслэлтэй ба тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журам, хугацаанд гомдол гаргасан байх тул шүүх гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь зөв байна.
Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, гомдлоор хэлэлцэх хэрэгт төлөх улсын тэмдэгтийн хураамжийг зөв тооцоогүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байна.
Шүүх гомдлыг хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогчийн эрх, үүргийг нэхэмжлэгчид тайлбарласан эсэх нь тодорхойгүй байгаа ч 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хийсэн шүүх хуралдаанд талуудад хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгсөн байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзээгүй бөгөөд энэ талаар зохигч гомдол гаргаагүйг дурдав.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоос “...шүүх улсын тэмдэгтийн хураамжийг зөв шийдвэрлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй...” гэснийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтээ бичгээр гаргасан боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэх баримт хэрэгт авагдаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 165.1 дэх хэсэгт заасан этгээд шүүх хуралдаанд ирээгүй явдал давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй” гэж зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2016/01502 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Монголын төмөр зам ТӨХК-ийн...” гэсний өмнө “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар” гэсэн хэсэг нэмэх,
шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Монголын төмөр зам ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337 480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж...” гэснийг
“70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 262 280 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгох...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 337 480 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
М.НАРАНЦЭЦЭГ