Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2024/0054

 

 

 

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын

 ахлах прокурор Д.Э-гийн дүгнэлттэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Э  

Дүгнэлт гаргагч: Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Э

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Б

Дүгнэлтийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Б гийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай **** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Дүгнэлт гаргагч Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Тэмүжин

Хэргийн индекс: 114/2023/0022/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Дүгнэлт гаргагч Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Э  нь Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Б-дхолбогдуулан “2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай **** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйл, 3.1 дүгээр зүйлийн 1,2, 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Э-гийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 96 дугаартай дүгнэлт бүхий гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Дүгнэлт гаргагч Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Э  дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Материалд эрх бүхий албан тушаалтан хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдлийг 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 20 цаг 39 минутад илрүүлсэн тухай тэмдэглэл үйлдсэн, мөн өдөр буюу зөрчлийг ирүүлсэн цаг хугацаанаас хойш 6 минутын дараа буюу 20 цаг 45 минутад холбогдогчийг дуудан ирүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл үйлдсэн, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тэмдэглэлийг мөн өдөр 21 цаг 15 минутад дуусгаж холбогдогчид танилцуулснаар гарын үсэг зуруулсан, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг мөн бичсэн боловч холбогдогчид 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр шийтгэлийн хуудсын хувийг гардуулжээ.

 

3.2. Эрх бүхий албан тушаалтны өөрийн байгууллагын цахим бүртгэлийн системээс дээрх аж ахуй нэгж байгууллага тайлан ирүүлээгүй талаарх мэдээллийг 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 08 цаг 39 минутад гаргаж авсан баримт матөриалд авагдсан, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж эхлээгүй атлаа мөн өдөр 10 цаг 11 минутад иргэн Д.Д оор торгох шийтгэлийн мөнгө болох 400,000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтсийн торгох шийтгэлийг улсын төсөвт төвлөрүүлэх Төрийн сангийн 100190000988 тоот дансанд тушаалгасан нь хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр иргэн Д.Д ыг зөрчил үйлдсэн гэж урьдчилан дүгнэж торгох шийтгэлийн мөнгийг өөрийн байгууллагын дансанд төлүүлсний дараа зөрчлийн нотлох баримтуудыг бүрдүүлсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэх заалтыг зөрчсөн талаар шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

 

3.3. Анхан шатны шүүх холбогдогч Д.Д  дээрх хуульд заасан зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг биелүүлж, 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр торгуулийн мөнгөө төлснөөр шийдвэрийн биелэлт хэрэгжиж дууссан байхад прокуророос эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь үндэслэлгүй гэж дүгнэн прокурорын дүгнэлт ирүүлсэн нь үндэслэлгүй гэж үзжээ.

 

3.4. Материалд иргэн Д.Д  нь “ЮБДСЦИ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч мөн болохыг баталсан тушаал шийдвэр, баримт авагдаагүй байхад шүүхээс эрх бүхий албан тушаалтны нөхөж бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн Д.Д ыг зөрчлийн холбогдогч, зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг биелүүлсэн гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэр нь эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхэд хяналт тавих эрх бүхий байгууллагын хяналтгүйгээр хүн, хуулийн этгээдийг хуулиас гадуур шийтгэл оногдуулж болохоор дүгнэсэн байна.

 

3.5. Прокурор шалгалтын хүрээнд эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зөрчсөн үйлдлүүдийг илрүүлж бүрэн эрхийн хүрээнд эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулахаар бичсэн дүгнэлтийг үндэслэлгүй, тухайн зөрчлийг прокурорын шаардлага хүргүүлж арилгуулах боломжтой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд прокурорын шаардлага хүргүүлснээр эрх бүхий албан тушаалтны хууль зөрчиж гаргасан шийдвэр зөвтгөгдөж, хүний зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй юм.

 

3.6. Шүүхийн шийдвэр нь прокурорын дүгнэлтэд хуулийн заалт, хүний нэрийг буруу бичиж, техникийн алдаа гаргасныг прокуророос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа залруулсан байхад бичиг техникийн алдааг дахин гаргасан мэтээр бичсэн. Мөн Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолоор батлагдсан “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-ын 2.8-д “Шийтгэлийн хуудсыг зохих журмын дагуу хэрэглэх, түүнтэй холбогдох тооцоог үнэн зөв тайлагнах, зарцуулалтад тавих хяналтыг сайжруулах зорилгоор шийтгэлийн хуудсанд дараах индексийг заавал хэрэглэнэ”, 2.9-д “Аймаг, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын санхүү, төрийн сан хариуцсан нэгж нь өөрийн сум, дүүрэг, шийтгэл оногдуулах эрх бүхий байгууллагад шийтгэлийн хуудас олгохдоо энэ журмын 2.8-д заасан ерөнхий индексээс гадна дотоодын индекс хэрэглэж болно. Дотоодын индексийг тухайн байгууллагын санхүү, төрийн сан хариуцсан нэгжийн дарга батална” гэсэн заалтын дагуу Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс шийтгэлийн хуудас зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад олгохдоо өгсөн 20 дугаартай ерөнхий индексийг шийтгэлийн дугаарын ард үргэлжлүүлэн улаан өнгөөр дарсан байхад прокурор шийтгэлийн хуудасны дугаар буруу бичсэн гэх дүгнэлтийг хийсэн нь шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэлээс зөрүүтэй бичигдэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

 

Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 114/ШШ2023/0029 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.17, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэг, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын гомдол гаргав” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар гомдлыг хянаад анхан шатны шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

2.1. Дархан-Уул аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Ууганбаатарын баталсан 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Хяналтын харъяа эрх бүхий байгууллагын албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгах тухай” удирдамжийн дагуу хийгдсэн хяналт шалгалтын хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас хүргүүлсэн материалыг хүлээн авч, тус аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Э гаас “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг бичиж шүүхэд ирүүлжээ.

2.2. Анхан шатны шүүх дээрх дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзах хуулийн үндэслэлийг анхааралгүй, дүгнэлтийг хүлээн авч, зөрчлийн хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

2.3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д “Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна” гээд 1.1-д “хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн” гэж зааснаар улсын байцаагчид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрхийг, мөн хуулийн 1.12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан, эсхүл прокурорын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг энэ зүйлийн 3, 5 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч хянасан прокурор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гээд 8.1-д “шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох” гэж, 9 дэх хэсэгт “Прокурор энэ зүйлийн 8.1, 8.2 дахь заалтад заасан шийдвэр гаргахдаа гомдол гаргагчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээг даруй авч болно” гэж, 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 1.1-д зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Прокурор энэ зүйлд заасан гомдлыг шийдвэрлэхэд энэ хуулийн 1.12 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэгт заасан журмыг баримтална” гэж зааснаар прокурорт эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хянах эрхийг тус тус олгосон байна.

2.4. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Б гаас “ЮБДСЦИ” ХХК-ийн нягтлан бодогч Д.Д  нь тус компанийн 2022 оны жилийн санхүүгийн тайланг хуульд заасан хугацаанд цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.25-д “ерөнхий нягтлан бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэн №**** дугаар шийтгэлийн хуудсаар 400,000 төгрөгийн торгууль оногдуулж шийдвэрлэжээ.

2.5. Эрх бүхий албан тушаалтан нь холбогдох зөрчлийн материалыг прокурорын нэгдсэн системд бүртгүүлэхээр 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “Darkhan_prokurur” цахим хаягаар “2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 1 компанийн нягтлан бодогчид хялбаршуулсан журмаар оногдуулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны мэдээг хүргүүлж байна. Гомдол мэдээллийн дугаар 2023368 торгуулийн төлбөр төлөгдсөн. Хүндэтгэсэн ... байцаагч Б.Б ” гэх захидал илгээсэн баримт хавтас хэрэгт авагдсан, мөн уг хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 2023/38 тоот албан бичгээр Аймгийн Прокурорын газарт хүргүүлснийг бичиг хэргийн ажилтан хүлээн авсан талаар ахлах прокурор Д.Э  давж заалдах шатны шүүх хурал дээр мэдүүлсэн. Гэхдээ нэгдсэн бүртгэлд ороогүй болохоор уг материалыг прокурор хүлээн авах боломжгүй, бичиг хэрэг дээр хадгалагдсан байх” гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.

2.6. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтаар Прокурор нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих эрх, үүргийг олгосон ба зөвхөн нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн зөрчлийн хэрэгт хяналт тавих биш, харин прокурорын хяналтгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа эсэхэд ч хяналт тавих үүргээ хэрэгжүүлэх ёстой. Өөрийн байгууллагын хаягаар хүргэгдэж ирсэн зөрчлийн хэргийн материалыг хүлээж авсан боловч энэ үүргээ хэрэгжүүлэлгүйгээр хяналтаас гадуур орхиж, хуульд заасан хугацаа өнгөрсөний дараа хяналт шалгалтын үр дүнд илэрсний дагуу уг зөрчлийн хэрэгт ногдуулсан шийтгэх хуудсыг хүчингүй болгох, иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх үндэслэлээр дүгнэлт бичиж ирүүлснийг шүүх хүлээн авч, хянах боломжгүй.

2.7. Түүнчлэн тухайн үед Дархан-Уул аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Энэрэлээс баталсан 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “Цагдаагийн газраас бусад зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагын албан тушаалтнаас шийтгэл оногдуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгах тухай” удирдамжийн дагуу дээрх зөрчлийн хэргээс өмнөх хугацаанд үйлдэгдсэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж байсныг дурьдах нь зүйтэй.

2.8. Харин маргаан бүхий дээрх шийтгэлийн хуудастай материалыг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 7-10/1422 дугаар албан бичгээр аймгийн Прокурорын газарт хүргүүлснийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч мөн өдөр ахлах прокурор Д.Э д хуваарилагдснаар дээрх дүгнэлт үйлдэгдсэн.

2.9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:”, 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.”, 3 дугаар зүйлийн 3.1.11-д ““гомдол” гэж ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг” гэж шүүхэд нэхэмжлэл гаргах буюу прокурор дүгнэлт гарган маргах хугацааг хуульд тусгайлан тодорхой заасан байна.

2.10. Хэдийгээр анхан шатны шүүх “...Холбогдогч Д.Д нь дээрхи хуульд заасан зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрч эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг биелүүлж 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр торгуулийн мөнгөө төлснөөр уг шийдвэрийн биелэлт хэрэгжиж дууссан байхад прокуророос 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэлгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар дүгнэлт ирүүлж байгаа нь үндэслэлгүй...” гэж дүгнэсэн байгаа нь үндэслэлтэй боловч дүгнэлт гаргагч энэхүү эрхээ туйлын байдлаар эдлэх боломжгүй. 

2.11. Гэтэл дүгнэлт гаргагч нь 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №**** дугаар шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргасан байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

2.12. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Э гаас Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Б-дхолбогдуулан гаргасан “2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай **** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлтийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.8-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

2.13. Ийнхүү нэгэнт хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа тохиолдолд дүгнэлт гаргагчийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлын бусад үндэслэлд тайлбар хийх шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Э-гийн Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Б-гийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай **** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар ирүүлсэн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, дүгнэлт гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан дүгнэлт гаргагч нь дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА