Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00469

 

М.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2020/00121 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар  сарын 16-ны өдрийн 565 дугаар магадлалтай,

М.О-ын нэхэмжлэлтэй,

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т холбогдох

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/1349 тоот тушаалыг хүчингүй болгож, “Баруун түгээх төв”-ийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, албан тушаал бууруулсан үеийн цалингийн зөрүү, урамшуулал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.О, түүний өмгөөлөгч Т.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, нарийн бичгийн дарга Х.А  нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын даргын 2019.10.31-ний өдрийн Б/1349 тоот тушаалаар “Б т т”-ийн зоорийн давхарт “Б д м” ХХК-ийн төлбөр тооцоог удаан хугацаанд хийгээгүй, байгууллагын дотоод зохион байгуулалт, аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулж, зохицуулах үүргээ хэрэгжүүлээгүй, давуу байдал олгосон гэх үндэслэлийг зааж албан тушаал бууруулсныг хүлээн зөвшөөрөхгүй. 2014 оны 10 сард бүтэц өөрчлөгдөж “Б т т” болсноос хойш зоорийн давхар нь тус байгууллагын хяналтад байгаагүй бөгөөд ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй. “Б д м”  ХХК-ийн цахилгаан ус дулааныг хязгаарлах боломжгүй, нэгдсэн цогц системтэй бөгөөд “Б д м”  ХХК нь үйл ажиллагаа явуулж байгааг мэдээгүй. Мэдсэн даруйдаа шаардлага хүргүүлж ус, цахилгааны инженерүүддээ үүрэг өгөөд задгай тоолуураар нэхэмжлэл бичиж өг гэж хэлсэн. 2019.09.07-ны өдөр байрыг суллаж өгөх тухай албан бичиг өгсөн. Нягтлан бодогчид нэхэмжлэл өг гэж хэлсэн боловч хугацаа алдаж 2019.09.13-ны өдөр өгсөн байсан. 2019.10.07-ны өдөр манай байгууллагуудад шалгалт явуулж, ажлаас халах зорилготой байсан. Ч.М дарга намайг 2, 3 удаа дуудаж уулзаад өргөдлөө өгөөд ажлаас гар гэж хэлж байсан. “Х ү т-15”-ийн ашиглалтын инженер ажлыг хийгээгүй, мэс заслын дараа гам барих ёстой байсан. Би албан тушаал бууруулсан ажлыг хийгээгүй, цалин аваагүй тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарт: ...Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын даргын 2019.10.31-ний өдрийн тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. ““Б д м”  ХХК нь тус байранд 5 дугаар сард орсон, хэн оруулсан гэдгийг мэдээгүй гээд байдаг. 7, 8 сарын ашиглалтын зардлыг тэр хүнээс нэхсэн мөртлөө яагаад 5, 6 сарын төлбөрийг нэхээгүй нь тодорхойгүй. Авлигатай тэмцэх тухай хуулийн 7.1.3 дахь заалт, мөн хуулийн 33.1.2 дахь заалтуудыг баримтлаад албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, энэ хуулийн 8.1 мэдээлэл мэдээлэх үүргээ удаа дараа биелүүлээгүй. Мөн хуулийн 7.1-д заасныг зөрчсөн этгээдэд албан тушаал бууруулах гэж заасны дагуу М.О-ыг албан тушаал бууруулж “Х ү т-15” -ийн ашиглалтын инженерийн ажилд томилсон боловч ажил хийгээгүй. “Б т т”-ийн дарга нарт 40 хүртэлх хувийн үндсэн цалингийн урамшуулал олгоно гэсэн байдаг. Хамгийн сүүлд хэдэн хувийн урамшуулал авсан гэдгийг нь мэдэхгүй. Нэхэмжлэгч хэдэн төгрөгийн нэмэгдэл нэхээд байгаа нь тодорхойгүй байна. “Б д м”  ХХК нь 5 сард орсон гээд байхад 7, 8 саруудын төлбөрийг 10 сард нэхэмжлээд төлүүлсэн. Тушаалд заасан ус дулаанаар ханган, төлбөр тооцоог удаан хугацаанд хийгээгүй гэдэгт 7 хоногоос дээш хоногийг урт хугацаа гэж тооцдог учраас 4 сарыг урт хугацаа гэж үзсэн гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2020/00121 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/1349 тоот тушаалыг хүчингүй болгож, М.О-ыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын харьяа “Б т т”-ийн даргын ажилд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3,236,345 /гурван сая хоёр зуун гучин зургаан мянга гурван зуун дөчин тав/ төгрөгийг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч М.О-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 66,731 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар  сарын 16-ны өдрийн 565 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2020/00121 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.М-ын хяналтын журмаар гаргасан гомдолд:

...Тус газрын “Б т т”-ийн даргаар ажиллаж байсан М.О нь ажлын байр буюу конторын зоорийн давхарт “Б д м”  ХХК-нд үйл ажиллагаа явуулах боломж олгосон, мөн ус дулаанаар хангаж төлбөр тооцоог удаан хугацаанд хийгээгүй бусдад давуу байдал олгосон үйлдэлд газрын даргын 2019.10.31-ний өдрийн Б/1349 тоот тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтад “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах” зэргийг хориглосон.

Гэтэл М.О нь тухайн салбарын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, зохицуулах албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд газрын даргад энэ талаар ямар нэгэн танилцуулга хийгээгүй байгаа нь тус компанитай ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхээр байна. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйл, Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйл, тус газрын дүрмийн 8 дугаар заалтад заасан эрхийн хүрээнд “Б т т”-ийн даргаар ажиллаж байсан М.О-д албан тушаал бууруулах шийтгэл ногдуулсан 2019.10.31-ний өдрийн Б/1349 тоот тушаал нь хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байгаа учир анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байгааг хангаж шийдвэрлэн өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Маргаан бүхий тушаал болох Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны Б/1349 тоот тушаал нь хууль бус талаарх шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй.

Тодруулбал, ажил олгогч дээрх тушаалыг гаргахдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3.“албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”; 33 дугаар зүйлийн 33.1.2.“энэ хуулийн ... 7.1-д заасныг зөрчсөн этгээдэд албан тушаал бууруулах…; гэснийг үндэслэн “Б т т”-ийн дарга М.О нь тус төвийн зоорийн давхарт “Б д м”  ХХК-д үйл ажиллагаа явуулах боломж олгон, ус дулаанаар ханган, төлбөр тооцоог удаан хугацаанд хийгээгүй байгаа нь байгууллагын дотоод зохион байгуулалт, аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулж зохицуулах үүргээ хэрэгжүүлээгүй, хувь хүн хуулийн этгээдэд давуу байдал олгосон, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтад хамаарах албан тушаалтан тул 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс албан тушаал бууруулах сахилгын шийтгэл бууруулсугай” гэж заасан боловч нэхэмжлэгч нь ашиг сонирхлын зөрчил үүсгэх замаар буюу хууль зөрчиж эс үйлдэл гаргасан гэх нөхцөл байдал нь хэргийн баримтаар нотлогдоогүй /Авлигатай тэмцэх газрын 2019 оны 05/10739 тоот албан бичгээр үгүйсгэгдэж байгаа/ талаар шүүхүүд зөв дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл, тушаалд заасан хуулийн үндэслэл бодит байдалд бий болоогүй буюу зөрчил тогтоогдоогүй байхад ажил олгогч нь нэхэмжлэгчид албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль бус, иймд шүүхээс “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны Б/1349 тоот тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 Гэхдээ анхан шатны шүүх зарим нэг буруу дүгнэлт хийснийг анхаарвал зохино. Тодруулбал, нэхэмжлэгч М.О-д нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа “Б т т”-ийн даргаар ажиллаж байсан ба Авлигын эсрэг хуулийн 4.1.3-т заасан “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах ... албан тушаалтан”-д хамаарах тул тухайн хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй, хэрэв зөрчвөл эрх бүхий албан тушаалтнаас хуульд заасан /32 дугаар зүйлд/ хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй, иймд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцаа нь нийтийн болон хувийн эрх зүйн хэм хэмжээгээр давхар зохицуулагдах онцлогтой байна.

Гэтэл анхан шатны шүүх “...Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд албан тушаалыг бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулах зохицуулалт байхгүй, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа илүү нарийвчилсан Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй байна...” гэж ажил олгогчийг буруутгасан нь үндэслэлгүй, гэхдээ энэ нь “нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил тогтоогдоогүй” талаарх шүүхийн бусад дүгнэлтийг нь үгүйсгэхгүй учир “маргаан бүхий тушаал хууль ёсны” гэсэн утгатай хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Харин шүүхүүд нэхэмжлэгчийн “урьд эрхэлж байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах” шаардлагыг хангаж, хариуцагчаас 3,236,345 /гурван сая хоёр зуун гучин зургаан мянга гурван зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна.

 Учир нь, ажил олгогч маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийг огт ажилгүй болгоогүй, харин албан тушаал бууруулсан байх ба нэхэмжлэгч бууруулсан албан тушаалд ажиллаагүй шалтгаанаа “тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй, эрүүл мэндийн шалтгаантай байсан, хариуцагчийн зүгээс ажил олгохгүй, хийлгэхгүй зэргээр ямар нэгэн саад учруулсан зүйл байхгүй” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл /хяналтын шатны шүүх хуралдаанд/, нэхэмжлэгч өөрөөс хамаарах шалтгаанаар бууруулсан албан тушаалд ажиллаагүй, ийнхүү ажилгүй байсандаа хариуцагчийг бүрэн буруутгах үндэслэлгүй тул “урьд эрхэлж байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг бүхэлд нь шаардах” эрхгүй тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

Харин тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар “...бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох”-ыг шаардах эрхтэй байсан боловч цалингийн зөрүүг шаардаагүй, ямар албан тушаалд буурсан, тухайн албан тушаал нь ямар цалинтай байсан зэргээр шаардлагаа нотлоогүй тул шүүх шийдвэрлэх боломжгүй. Ийнхүү нэхэмжлэгч маргаан бүхий тушаал гарснаас хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалингийн зөрүүг шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан байна, гэхдээ уг тогтоол нь нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилогдох хүртэл хугацааны цалингийн зөрүүг шаардахад саад болохгүй юм.    

Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн төлөөлөгчийн шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гаргасан хяналтын гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2020/00121 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар  сарын 16-ны өдрийн 565 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч М.О-ын  гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/1349 тоот тушаалыг хүчингүй болгож, М.О-ыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын харьяа “Б т т”-ийн даргын ажилд эгүүлэн тогтоож, үлдэх шаардлага болох “ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах”  шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж  өөрчилж, 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3, 5 дахь заалтыг 4 гэж өөрчилж, шийдвэр болон магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         П.ЗОЛЗАЯА

                      ШҮҮГЧИД                                                           Г.БАНЗРАГЧ

                                                                                                  Б.МӨНХТУЯА

                                                                                                  Х.СОНИНБАЯР

                                                                                                                                           Б.УНДРАХ