Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/135

 

 

 

 

2022       04         18                                             2022/ШЦТ/135

                                   

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Сарантуяагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000075 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт аймгийн сумын 4 дүгээр баг ******* 7-02 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл:

аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 41 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг мөн хойшлуулсан,

аймгийн сумын шүүхийн 1999 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулаад өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор хойшлуулсан 2 жилийн хорих ялаас 6 сарыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хорих ялаар,

аймгийн сумын шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар,

аймгийн сумын шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас 1 жил 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,

аймгийн сумын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт тус тус зааснаар 7 жил 9 сарын хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар,

аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 сарын 09 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 05 сар 09 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж, Хэнтий  аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 102 дугаар шүүгчийн захирамжаар 3 жил 08 сар 19 хоногийн хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар хамруулж зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон,  ******* овогт ******* /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр аймгийн сумын 4 дүгээр баг ******* 6-9а тоотод байх ******* гэрийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “... Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн ээж гэрт буюу сумын 2 дугаар баг Хашаат гэх газар руу золгохоор явахдаа төрсөн дүү “нэг галлачихаарай” гэж хэлээд гэрийн түлхүүрээ орхисон. Тэгээд манай дүү 18 цагийн орчимд над руу утасдаад “ахаа танай гэр рүү танихгүй хүн орсон байна, би нөхрийн хамт бариад цагдаа дуудаад хүлээж байна, та ирэх үү” гэхээр нь би шууд хөдөө ээжийн гэрээс яваад очсон. Ингээд гэртээ очиход манай гэрийн үүдний цоож байхгүй, цүү нь эвдэрсэн байдалтай байсан ба гэрт орж эд зүйлээ бүртгэхэд алдагдсан зүйл байгаагүй. Харин зуухны хажууд номин гэх гялгар уутанд манай гэрийн ширээн дээр байсан махыг дотор нь хийчихсэн байдалтай байхаар нь гаргаж ширээн дээрээ тавьчихсан. Би гэх хүнийг танихгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн орчим манай төрсөн ах орж ирээд “хөдөө ээжийн гэр рүү явах гэж байна, манай гэрийг нэг галлачихаарай”  гэж хэлээд түлхүүрээ үлдээгээд явсан. Тэгээд би нөхөр хамт 18 цагийн орчим төрсөн ахын гэрт очиход гэрийнх нь үүдний пингийн хаалга цоожгүй, цүү нь хугарчихсан байдалтай байхаар нь гайхаад ороход танихгүй хүн ахын ширээн дээр байсан махыг номин нэртэй гялгар уутанд хийж байснаа намайг хараад орхиод шууд гарах гэхэд нь манай нөхөр барьж цагдаагийн газарт дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай эхнэр төрсөн ах 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ээжтэйгээ золгоод ирье, манай гэрийн галыг түлчихээрэй гэж хэлсэн учир галыг нь түлэх гээд эхнэрийн хамт 18 цагийн орчимд ахын гэрт ирэхэд монгол гэрийн үүдний пингийн хаалга онгорхой байсан. Манай эхнэр Эрдэнэдэлэг гэрт нь орж хараад гэрт нэг хүн  эд зүйл савлаад уутанд хийгээд зогсож байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрт ороод юун хүн бэ гэж асуухад тэр хүн ямар ч үг хэлэлгүй надтай зөрж гараад зугтаах оролдлого хийхэд нь түүнийг барьж авсан бөгөөд зууралдаж байгаад гадаа гарсан. Ингээд гадаа гарсны дараа эхнэр Эрдэнэдэлэгт цагдаа дууд гэж хэлсэн. Тэр үед танихгүй хүн надад хандаж ахыгаа битгий цагдаад өгөөрэй авсан юмаа бүгдийг нь эргүүлээд байранд нь тавья гэж хэлж байсан.  Ингээд тэр хүнийг цагдаа нарт хүлээлгэж өгөөд, үүнээс цааш өөрөө учраа олоорой гэж хэлсэн. Би тэр хүнийг анх удаа харсан, манай ахын найз нөхдийн нэг бол биш. ахын хэлж байгаагаар гэрээс нь алдагдсан эд зүйл байхгүй байна гэсэн. Харин гэрийнх нь цоож тухайн үедээ олдохгүй байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жоохон хэрүүл хийх гээд байдаг. Түүнээс биш надад гарч хүрч байсан тохиолдол байхгүй. Хувийн зан байдлын хувьд элдвийн муу зан араншин байхгүй бөгөөд бид хоёр 13 настай нэг хүүхэдтэй. Ямар хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсныг би мэдэхгүй байна. Ямартай ч шалгагдаж байгаад хорих ял авч, хоригдож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн орчимд гэрээсээ гараад явж байхдаа таарч аймгийн хойно байдаг эр хүний овооны доор байрлах шил авдаг найзынхаа гэрт очиж даам тоглож хэсэг сууж байгаад сумын 4 дүгээр баг Зангиат хороололд гэрт очсон. Тэднийд очиход гэрт нь хүн байхгүй байхаар нь эгчийнх гэрт очиход мөн хүнгүй байсан. Тэгээд буцаад явж байх замдаа манай нэг танил зүс таних хүний  хашааны хаалга онгорхой байхаар нь цуг явсан Эрдэнэхуягт хандаж энэ миний зүс таних хүний гэр, би эднийх руу орлоо чи цуг орох уу гэж асуухад  Эрдэнэхуяг үгүй ээ би явлаа гэж хэлээд явсан. Намайг хашаа руу ороход монгол гэрийн үүдний пингийн хаалга онгорхой,  гэрийнх нь хаалга хаалттай байхаар нь татаад гэрт орсон. Гэрт ороход хүнгүй байсан бөгөөд би ойрхон гарсан юм байх гэж бодоод ойролцоогоор 10-20 минут гэрийн баруун орон дээр нь сууж хүлээсэн. Тэгээд хүн орж ирэхгүй байхаар нь ширээн дээр байсан тавагтай махнаас нэг хавирга авч мөлжөөд, хажууд нь байсан савтай ундаанаас аяганд хийж уусан.  Ингээд мөлжсөн хавиргаа гялгар уутанд хийж тавих гээд доошоо тонгойгоод байж байх үед гаднаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирсэн. Эрэгтэй нь надад хандаж юун хүн бэ гэж асуухаар нь ахтай чинь уулзах гэж ирсэн юм гэж хэлээд ойр зуур юм яриад суусан. Тэгээд бид 2 гадагш гарч тамхи татаад буцаад гэрт нь орж ирээд сууж байх үед гаднаас 2 цагдаагийн алба хаагч орж ирээд намайг авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/

                                                              

 -Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/

 -Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 05-07/

 - сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 16/

 - Иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх-ийн 33/

 - аймгийн сумын багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 34/

 - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/

 - Таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогоолуудын хуулбар /хх-ийн 40-60/

 - аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ялын тооцоо хийсэн албан бичиг /задгай/ 1 хуудас баримт болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр аймгийн сумын 4 дүгээр баг ******* 6-9а тоотод байх ******* гэрийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан  болох нь шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э., гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Завдалт гэдэг нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд халдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл /эс үйлдэхүй/ хийсэн боловч гэмт этгээдийн хүсэл зоригоос хамаарахгүй нөхцөл байдлын улмаас уг үйлдэл /эс үйлдэхүй/ туйлдаа хүрч, гэмт хэрэг төгс үйлдэгдээгүй байхыг эрүүгийн эрх зүйд ойлгодог. Гэмт хэрэг үйлдэхээр завдах нь хэдийгээр эрүүгийн хуульд тухайн төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид заасан хохирол учруулаагүй байх боловч эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд халдаж байгаа шинжээрээ эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн шаардлагатай байдаг.

 

Шүүгдэгч *******гийн хохирогч ******* гэрийн хаалганы цоожийг эвдэн гэрт нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж эхэлсэн буюу гэмт халдлага явагдаж эхэлсэн байна. Шүүгдэгчийг бусдын өмчлөлийн эд зүйлийг авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдэхээс өмнө хохирогчийн дүү Б.Эрдэнэдэлэг, нар ирж таараад түүний үйлдлийг таслан зогсоосон. Ийнхүү таслан зогсоосон нь *******гийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй байх тул *******гийн үйлдлийг ******* гэрийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэж хэргийг зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн прокурорын зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нар нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч *******г хүн байнга амьдрах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заажээ.

 

Шүүгдэгчийн гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ******* ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж  дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд улсын яллагч нь шүүгдэгчийг зорчих эрхийг хязгаарлах ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч *******г хүн байнга амьдрах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсон тул түүний эдлээгүй үлдсэн 1055 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж ялыг нэмж нэгтгэх санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******д аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 05 сар 09 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 05 сар 09 хоногийн  хорих ялаар тогтоож  шийдвэрлэсэн байх бөгөөд ******* нь уг хорих ялыг эдэлж байсан байна.  

 

Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан  Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 102 дугаар шүүгчийн захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар *******гийн эдлээгүй үлдсэн 3 жил 08 сар 19 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн байх тул *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 05 сар 09 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 08 сар 19 хоногийн хорих ялыг өршөөлийн хуульд хамруулан зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсноос үлдсэн 1055 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 1055 хоногийн  хорих ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь аймгийн сумын 4 дүгээр баг ******* 6-9а тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч эд зүйл хулгайлахаар завдсан боловч үйлдэл дээрээ баригдсан, гэмт үйлдлээ туйлд нь хүргэж хулгайлах гэмт хэргийг төгс үйлдэж чадаагүй, хулгайлахаар бэлтгэсэн эд зүйлсийг хохирогчид эргүүлэн өгсөн байх тул бусдад төлөх төлбөргүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг   аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурьдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* *******  1 /нэг/ жилийн  хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, шүүгдэгч *******д  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 05 сар 09 хоногийн  хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 08 сар 19 хоногийн хорих ялыг өршөөлийн хуульд хамруулан зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсноос үлдсэн 1055 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 1055 хоногийн  хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******  оногдуулсан 1 /нэг/ жил 1055 /нэг мянга тавин тав/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.                      

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА