Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
Хэргийн индекс | 168/2022/0154/Э |
Дугаар | 2022/ШЦТ/137 |
Огноо | 2022-04-20 |
Зүйл хэсэг | 17.7.1., |
Улсын яллагч | Б.Сарантуяа |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/137
2022 04 20 2022/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням
Улсын яллагч Б.Сарантуяа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Сарантуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000096 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг 3-******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 119 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* . /РД: ЖЭ82**************61/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тээврийн бирж” гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 10-ны шөнийн 05 цагийн орчим эзэмшлийн Toyota Prius-20 маркийн *******-73 улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг журмын хашаан дээр очиход найз болон цагдаа нарын хамт байсан бөгөөд ганцаараа миний машинд суугаад бусад нь цагдаагийн машинд суусан. Тэгээд бид хоёр хөдлөөд явж байхад би өглөө ажилтай гэртээ бэлэн хоол, ундаа аваад оръё гэсэн. Тэгэхээр нь Ивээл хорооллын ТҮЦ-ны зах талаас нь ороод очиход ТҮЦ нь хаалттай байхаар нь буцаад машинаа бариад хөдөлхөд манай найз над руу автобус ороод ирчихлээ гэж хэлэхээр нь би бирж руу шууд очсон. Бирж дээр очоод машинаа асаалттай нь үлдээгээд буусан. Тухайн үед машины арын суудал дээр сууж байсан бөгөөд би машинаас буугаад урд талд нь зогсож байсан. Тэгсэн хамт зогсож байсан машины чинь жолоон дээр хүн суучихлаа гэсэн. Намайг гүйгээд очиход миний машиныг унаад хажуугаар зөрөөд явсан. Тэгэхээр нь хамт байсан гэх ахын хамт араас хөдөлсөн. миний машинтай төв замаар зүүн тийшээ эргэхээр нь араас нь хөөж байгаад Бунхны зүүн талын зам дээр шахаж зогсоогоод цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Улаанбаатар хотоос ирж байгаа автобус тосохоор 2022 оны 02 дугаар сарын 10-ны шөнө 05 цагийн үед байх тээврийн бирж дээр байж байсан юм. Тухайн үед хүмүүстэй юм яриад сууж байхад миний машинд орж ирж суусан. орж ирээд миний машинд согтуу хүүхэн байгаа, шөнөжингөө архи уугаад машин нь журамлагдсан, тэгээд намайг ирээд аваач гэхээр нь би очиж авсан гэж хэлж байсан. Бид хэд юм ярьж байгаад автобус ирэх үед сууж байсан хүмүүс машинаас буусан. Тэгсэн чинь ын Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл нь хөдлөөд явчихсан. Би автобус ирж байхад ыг яагаад хөдөлж байгаа юм бол гээд бодоод байж байсан чинь машиныхаа араас гүйж байсан. намайг гараараа даллаад ахаа гээд бархирахаар нь би очсон. Намайг очиход нөгөө хүүхэн чинь машин унаад явчихлаа араас нь явъя гэсэн. Тэгээд бид хоёр төв замаар биржээс зүүн тийш араас нь явсан бөгөөд нээх хөөгөөгүй, нэлээн алсаас хараад дагаад явсан. Гэтэл зүүн тийш чигээрээ зүүн цементэн гүүрний хойгуур шороон замаар хуучин 28-ын чигтээ явсан. Тэгэхээр нь би араас нь гүйцэж замын ховил гайгүй болохоор нь замынхаа хойд талаар зүүн гар тал руу буугаад гүйцэж түрүүлээд нилээн тасрахаар нь эргээд өөдөөс нь явсан. Харин нөгөө хүүхэн нь эргэж явах гээд зам дээр эргэхээр нь би баруун гар тал руу нь дараад тухайн машины урдуур ороод зогсоосон. Тэгээд цагдаа дуудаад, удалгүй цагдаа нар ирээд аваад явсан. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/
*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 09-ний орой 18 цагийн орчим найз намайг ажил дээрээ байхад ирж авсан. Тэгэхээр нь би ганц пиво уучихъя гээд дэлгүүрээс нэг том савтай пиво аваад бид хоёр манай гэрт очиж уусан. Бид хоёр пиво ууж дуусчихаад Силкатын дэлгүүр ороод пиво авах гэсэн чинь дэлгүүр хаасан байсан. Тухайн үед 23 цаг болж байсан байх, бид хоёр 24 дүгээр байшин орж пиво авчихаад буцаад машинаа бариад 327-ын хойд зам дээр Силкат руу эргэх гэж байгаад цагдаад баригдсан. Тэгээд бид хоёрыг журмын хашаа руу авч яваад машиныг минь журамласан. Тэгсэн ах над руу утсаар залгаад журмын хашаанд орчихсон уу, одоо эрүүлжүүлэхэд орох гэж байна уу хохь чинь гэсэн. Тэгэхээр нь та яаж мэдсэн юм бэ гэхэд би бүгдийг мэддэг гээд байсан. Би ахад та ирээд намайг авчих гэхэд угаасаа бараг очиж байна, би дагаад явж байсан гэх утгатай юм ярьсан. Тэгээд удаагүй журмын хашааны гадаа ах машинтайгаа ганцаараа ирсэн. Би гэртээ хүргүүлж байхдаа та яаж мэдсэн юм бэ гэхэд би цагдаа дуудсан гэх зэргээр яриад бид хоёр хэрэлдсэн. ах чи нөгөө авсан пивоо яасан гэхээр нь би машинд нь үлдээсэн гэхэд надад пиво байна, хоёулаа ийшээ гарч ууя гэсэн. Тэгээд тээврийн бирж дээр очиж зогсоод дэлгүүр рүү ороод ундаа аваад ирье гээд буусан. Тухайн үед 05 цаг өнгөрч байсан байх, би жолоочийн хажуу талын суудал дээр сууж байсан. ах буухдаа машинаа асаалттай үлдээхээр нь би машиныг нь бариад биржээс гараад төв замаар зүүн тийш чигээрээ яваад зүүн цементэн гүүрийн хойд талын шороон замаар явж байхад ах араас хөөж байсан машинтайгаа гүйцэж түрүүлээд эргээд миний өөдөөс ирж намайг зогсоосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/
- Гэрч мэдүүлэг /хх-ийн 13/
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 23-26, 29-30/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/
- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 33-34/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 05 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг тээврийн биржийн гаднаас иргэн эзэмшлийн Toyota Prius-20 маркийн *******-73 улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х., гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, ******* аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА