Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 899

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:                                    

 Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энгельс гудамж, Алтай хотхон 25 дугаар байр, 152 тоотод оршин суух, Очир овогт Самандын Өлзийжаргал /РД:ДЮ90091641/-ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, замчид гудамж, 46 дугаар байрны 52 тоотод оршин суух Боржигон овогт Базарвааний Мөнхтуяа /РД:СЭ74011460/-д холбогдох,

 Зээлийн гэрээний үүрэгт 9.637.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Буянжаргал, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.Өлзийжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Өлзийжаргал миний бие Б.Мөнхтуяа 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 20.000.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүн 0.1 хувийн алдангитай байхаар гэрээнд тусгаж зээлдүүлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дуусахад 4.000.000 төгрөг, үндсэн зээлээс 2.400.000 төгрөг төлсөн байдаг. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2017 оны 02 дугаар сарны 26-ны өдөр 800.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 600.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 2.400.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 600.000 төгрөг нийт үндсэн зээлд 14.200.000 төгрөгийг төлсөн. Иймд хариуцагч Б.Мөнхтуяагаас үндсэн зээлийн үлдэгдэл 5.800.000 төгрөг, хугацаа хэтэрсний алданги 3.837.600 төгрөг, нийт 9.637.600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Иргэн С.Өлзийжаргал Б.Мөнхтуяад 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 20 сая төгрөгийг 2 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээнд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохоор тохирсон. Хариуцагч Б.Мөнхтуяа зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлийн хүү 4 сая төгрөг, үндсэн зээлд 2.400.000 төгрөг, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2017 оны оны 02 дугаар сарын 26-ны өдөр 800.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 600.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2.120.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 650.000 төгрөг тус тус төлж үндсэн зээлд нийт 14.200.000 төгрөг төлсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл 5.800.000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 3.837.600 төгрөг нийт 9.367.600 төгрөг нэхэмжилж байсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 20.700.000 төгрөгийг төлсөн байна. Иймд зээлийн хүү 4.000.000 төгрөгийг хасаад нийт 20 сая төгрөгийн зээлийн төлбөрт 16.700.000 төгрөг төлсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үндсэн зээлийн үлдэгдэл 3.300.000 төгрөгийг хугацаа хэтэрсэн алдангид 1.650.000 төгрөг, нийт 4.950.000 төгрөгийг хариуцагч Б.Мөнхтуяагаас нэхэмжилж байна.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Буянжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай талаас зээлийн гэрээ байгуулсан талаар маргаагүй. Зээл төлөлтийн үнийн дүн дээр маргаантай байна. Хариуцагчийн 2016 оны 07 дугаар сарын 29, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2.400.000 төгрөгийн төлөлтийг нэхэмжлэгч авчхаад өмнөх зээлийн төлбөрт тооцдог. Шүүхийн хэлэлцүүлэгт манай талаас гаргасан дансны хуулгаар 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 900.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1.400.000 төгрөг тооцогдоогүй үлдсэн болох нь тогтоогдож байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад хариуцагч нь нэхэмжлэгчид үндсэн зээлээс 3.300.000 төгрөгийг төлөөгүй байгааг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэгчид төлсөн 10 хувийн хүү буюу 4.000.000 төгрөгийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2.-т зааснаар шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд багасгаж, 5 хувь болгон нэхэмжлэлийн шаардлага болох 4.950.000 төгрөгөөс 2.000.000 төгрөг хасуулах саналтай байна гэв.

 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Өлзийжаргал зээлийн гэрээний үүрэгт Б.Мөнхтуяагаас 9.637.600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 4.687.600 төгрөгөөр багасгаж, зээлдэгчээс 4.950.000 төгрөгийг нэхэмжилжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Буянжаргал үндсэн зээлийн төлбөрт 3.300.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин 20 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлсэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2.-т зааснаар хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байгаа тул зээлийн хүүг багасгаж, нэхэмжлэлийн үнийн дүнгээс 2.000.000 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр С.Өлзийжаргал 20.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй Б.Мөнхтуяад зээлийн гэрээ байгуулан өгчээ. /хх-ийн 4 дүгээр тал/

Зээлдүүлэгч, зээлдэгч нар зээлийн гэрээний талаар маргаагүй, харин төлбөрийн талаар маргаантай байгаа ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсны үндсэн дээр Б.Мөнхтуяа, С.Өлзийжаргалд зээлийн гэрээ байгуулагдсан 2016.09.22-ны өдрөөс хойш нийт 20.700.000 төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна. /6-21, 51-63 дугаар тал/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад Б.Мөнхтуяа зээлийн үндсэн төлбөрөөс 3.300.000 төгрөг төлөөгүй, үүний алдангид 1.650.000 төгрөгийг, нийт 4.950.000 төгрөгийг шаарджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үндсэн зээлээс 3.300.000 төгрөг төлөөгүйг хүлээн зөвшөөрч байгаа ба харин 2 сарын хугацаанд хүүнд төлсөн 4.000.000 төгрөгөөс хүүг багасгаж, хасч тооцуулахаар тайлбар гаргаж байна.

Зээлсэн мөнгө харилцан тохиролцсон нөхцөлийн дагуу эргүүлэн төлөх нь зээлдэгчийн эрх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн дагуу Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар зээлийн хүүнээс 2.000.000 төгрөгийг багасгах боломжгүй юм.

Учир нь зохигчид 2016.09.22-ны өдөр зээлийн гэрээг 2 сарын хугацаатай байгуулсан бөгөөд уг 2 сарын хугацаандаа зээлээ эргэн төлөөгүй, тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлдүүлэгчийн эрхийг зөрчсөн байх тул хүүг багасгаж тооцох боломжгүй гэж шүүх үзэв.

Иймд Б.Мөнхтуяагаас 4.950.000 төгрөг гаргуулан С.Өлзийжаргалд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.4.-т зааснаар хариуцагч Б.Мөнхтуяагаас 4.950.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Өлзийжаргалд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169.155 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхтуяагаас 94.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Өлзийжаргалд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО