Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 153/ШШ2018/00178

 

 

    2018 оны 04 сарын 06 өдөр

       Дугаар 153/ШШ2018/00178

                        Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ч.Г-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Г нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1967 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. 1974 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн сургуульд орж суралцаад, 1981 онд илгээлтээр хөдөө гарч аав Ч, ээж Х, эгч Г нарын хамт туслах малчнаар ажилласан.

Тухай үед ажиллаж байсан Зэрэг сумын Эхэн багийн дарга, нябо нар миний малчин, саалчнаар ажиллаж байсан тухай хөдөлмөрийн дэвтэр нээлгүй орхиж миний цалин хөлсийг эцэг, эх, эгчийн цалин хөлстэй хамтруулан бодож олгож байсан тул тэр үеийн дарга нягтлан бодогч нарын хариуцлагагүйгээс миний бие нь 1981 оны 01 сарын 01-нээс 1982 оны 01 сарын 01-ны Хөдөлмөр нэгдэлд ажилласан жилээрээ хохирч тэтгэвэрт гарч чадахгүй нөхцөл байдал бий болоод байна.

Иймд миний 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1982 оны 01 сарын 01-ныг хүртэл хугацаанд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Г нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд туслах малчнаар ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Ч.Г нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд туслах малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ч.Г нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд туслах малчнаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1568 тоот албан бичиг, 70 дугаар дансны хуулбарын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Д.Б-ны ...Би 1938 онд төрсөн. 1970 оноос 1986 оныг хүртэл буюу 16 жил Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуульд хөдөлмөрийн багшаар ажиллаж байсан. Ч.Г нь 1971 онд эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн бригадад малчин болж байсан. Би Ч.Г-ийн анги удирдсан багш байсан учраас сайн мэдэж байна. Ч.Г-ийн аав нь Ч гэж хүн байсан. Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд ажиллаж амьдардаг байсан. Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд Ч Г-ээс өөр ийм нэртэй ажиллаж байгаагүй нь үнэн.... гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч Н.Ч-ын ...Би 1949 онд төрсөн. 1958 оноос 1962 оныг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуульд сурсан. 1962 оноос 1992 оныг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. Ч.Г нь Ховд аймгийн Зэрэг суманд 8 жилийн дунд сургуулийг төгсөж Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Ч.Г нь 1981 оноос эхлэн эцэг эхийн хамт малчнаар 1987 оныг хүртэл ажиллаж байсан. Ч.Г-ийн эцгийг Ч, ээжийг нь Х гэдэг байсан. Ховд аймгийн Зэрэг суманд насаараа мал маллаж байсан хүмүүс байгаа юм. Бид хамтдаа олон жил айл хөрш, нэг сум, нэгдэлд малчнаар ажиллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ч.Г-ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ч.Г нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд туслах малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Ч.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЮУН-ЭРДЭНЭ