Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/153

 

 

2022       05          02                                            2022/ШЦТ/153

                                   

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгч И.Билгүүн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Сарантуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ашавгад овогт Иваны Билгүүнд холбогдох эрүүгийн 2121002500157 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2001 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монгол Улсын Их Сургуулийн программ хангамжийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо 6 дугаар байр 87 тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Ашавгад овогт Иваны Билгүүн.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч И.Билгүүн нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багт байрлах ахынхаа гар утас засварын газар ажиллаж байхдаа хохирогч Х.Урантогосын 5421344878 дугаартай данснаас түүний интернэт банкны нэвтрэх нэр, гүйлгээний нууц үгийг ашиглан 1,100,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч И.Билгүүн шүүх хуралдаанд: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Х.Урантогосын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Найз Халиунаатай 2021 оны 07 дугаар сарын 15-ны орой 22 цагийн орчимд Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалт хорооллын ойролцоо уулзахад тэрээр надад хандаж чиний данснаас 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн орчимд 1,100,000 төгрөгийн зарлага гарсан байна гэхээр нь наадах чинь миний дансанд үлдсэн мөнгө юм гэж хэлсэн. Тэгээд гэртээ хариад унтахаасаа өмнө шөнө 01 цагийн орчимд интернэт банкаа ашиглан өөрийн дансны үлдэгдлийг шалгаж үзэхэд тухайн өдрийн 15 цаг 24 минутад миний данснаас 5075427202 дугаарын данс руу 1,100,000 төгрөг шилжүүлж гүйлгээний утга дээр нь баярлалаа гэж бичсэн байсан. Би өмнө нь гар утсаа люкс баарны хажуу талын засварын газарт засуулаад авч байсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 22-24/

Гэрч Ч.Хилчингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 01 цагийн үед манай охин Х.Урантогос намайг гэртээ байхад аав миний данснаас мөнгө алга болчихож гэхээр нь лавлаад асуусан чинь миний охины гар утас авах гэж цуглуулж байсан 1,100,000 төгрөг байхгүй болсон байсан ба дансыг нь шалгатал 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 24 минутын үед ХААН банкны 5075427202 дугаартай А.Тулга гэх нэртэй хүний данс руу манай охинд мэдэгдэлгүйгээр 1,100,000 төгрөгийг шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

Гэрч А.Тулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг Путник гэх нэртэй хүнсний дэлгүүрийн орчимд байхад 20 гаран насны нэг залуу над дээр ирээд ахаа цалингаа авч чаддаггүй, та картаа өгч байгаач дэлгүүрийн АТМ-ээс цалингаа авчихаад картыг чинь өгье, барьцаанд нь миний гар утсыг аваад байж бай би удахгүй гээд саарал өнгийн I phone маркийн гар утсаа өгөхөөр нь юм бодолгүй картаа өгч явуулсан. Тэр залуу удалгүй миний картыг 5000 төгрөгийн хамт өгөөд утсаа аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

Гэрч Д.Наранбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цогоо надад тэр хүний интернэт банканд нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үгийг хэлж өгөөд I phone-4  маркийн гар утас өгөөд энэ утсаар ороод аваарай гэсэн. Тэгээд би гараад Баянзүрх дүүргийн монелын пунтик нэртэй дэлгүүр орж дэлгүүрийн гадаа нэг танихгүй ах байхаар нь данс руу нь мөнгө хийгээд авчихъя гэж гуйхад, зөвшөөрсөн. Би нөгөө хүний интернэт банк руу нөгөө утсаар ороод тэр ахын ХААН банкны данс руу 1,000,000 төгрөг шилжүүлж пунтик дэлгүүрт байрладаг АТМ-с бэлнээр гаргаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35/

Гэрч А.Цогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр би Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 25 дугаар гудамжны 372 тоот гэртээ байхад найз Билгүүн Facebook chat-аар залгаад ойр зуурын юм яриад Дорнод аймагт ахынхаа утас засвар дээр ажиллаж байгаа талаар ярьсан. Тэгээд андаа би эгчийнхээ данснаас мөнгө авах хэрэгтэй байна, энд карт олдохгүй хэцүү байна. Би интернэт банкны нэвтрэх эрхийг өгье, чи ороод мөнгө аваад өг гэж хэлсэн... би Билгүүнээс интернэт банкных нь нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үгийг авч Наранбаатарт Төгөлдөрийн I phone-4 маркийн гар утастай нь өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37/

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09/

-Гэрч Х.Анхбаярын мэдүүлэг /хх-ийн 14-15/

-Гэрч Ц.Базархандын мэдүүлэг /хх-ийн 28-29/

-Х.Урантогосын эзэмшлийн ХААН банкны  дансны хуулга /хх-ийн 46-48/

-Х.Урантогосын нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 52/

-Шүүгдэгч И.Билгүүний хувийн байдлын талаарх нотлох баримтууд /хх-ийн 76-79

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80/

-Хохирогч Х.Урантогосын Дорнод аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 85/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч И.Билгүүн нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч И.Билгүүнд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч И.Билгүүн нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багт байрлах ахынхаа гар утас засварын газар ажиллаж байхдаа хохирогч Х.Урантогосын 5421344878 дугаартай данснаас түүний интернэт банкны нэвтрэх нэр, гүйлгээний нууц үгийг ашиглан 1,100,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч И.Билгүүний мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Урантогос, гэрч Ч.Хилчин, А.Тулга, Д.Наранбаатар, А.Цог  нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Х.Урантогосын эзэмшлийн ХААН банкны дансны хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүх хуралдаанд шүүгдэгч И.Билгүүн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч И.Билгүүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч И.Билгүүн нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч И.Билгүүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгч И.Билгүүний гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс Ашавгад овогт Иваны Билгүүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Х.Урантогост 1,100,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “хохирлоо буцаан авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч И.Билгүүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч Ашавгад овогт Иваны Билгүүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

             2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Иваны Билгүүнийг 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч И.Билгүүнд тэнссэн 6 /зургаа/ сарын хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч И.Билгүүнд мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 

             5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч И.Билгүүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.          

             8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА