| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2017/04918/И |
| Дугаар | 1128 |
| Огноо | 2018-03-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 1128
| 2018 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 101/ШШ2018/01128 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, * хороо, * тоотод байрлах “АТУ” ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,* хороо, гудамж * тоотод оршин суух, Д овогт Э Ч /РД:*****1/-д холбогдох,
7,759,280 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нй, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Э.Ч нь АТУ ХХК-д худалдааны менежерийн ажил үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд ажиллах хугацаандаа нийт 7.759.280 төгрөгний төлбөрийг компанид тушаалгүй өөрөө ашигласан нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байхдаа Шүүхийн шинжилгээний дүгнэлт, бусад нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд Э.Чээс нийт 7.759.280 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Ч шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа:
Энэ компанид анх ажилд орохдоо оператор гэдэг ажлын байранд орж байсан. Нэхэмжлэлд дурдсан шиг худалдааны менежер гэсэн ажлын байранд гэрээ хийн, эд хөрөнгө бүрэн хариуцаж ажиллаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй, шаардлагатай бол сөрөг нэхэмжлэл гаргах болно гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй. Эрүүгийн хэрэг тогтоогдсон гэж байгаа н үндэсгүй, эрүүгийн хэрэг үүсээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хаагдсан болохоос Э.Ч хэдэн төгрөг авсан талаар ганц шинжээчийн дүгнэлт, хэдэн удаагийн мөрдөн байцаалт байдаг. Э.Чүлуунпүрэв дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулахаар бичиж өгсөн хүсэлт нь шүүхэд ирсэн. “Нью дийл аудит”-ын “А трейд” ХХК-ийн анхан шатны санхүүгийн баримтад хийсэн дүгнэлтийг үндэслэсэн гэх боловч нэхэмжлэгч анхан шатны баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байхгүй гэдэг тайлбарыг өмнөх шүүх хуралдаанд “Нью дийл аудит”-д анхан шатны санхүүгийн баримт байгаа гэсэн шүүгчийн захирамж гарч “Нью дийл аудит” ХХК-аас шаардахад манайх анхан шатны дүгнэлт хийсэн баримтаа “А трейд” ХХК-д хүлээлгэж өгсөн гэсэн хариуг албан бичгээр шүүхэд ирүүлсэн.
Хариуцагч Э.Чт ийм хэмжээний хохирол гаргаж байгаа нь тодорхойгүй, уг дүгнэлтийг зөвшөөрөхгүй иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад гарсан дүгнэлт биш. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч нь “А трейд” ХК-ийн гаргасан гомдлын дагуу цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өөрийн хариуцаж байсан хөрөнгөнөөс 2,000,000 орчим төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Нэхэмжилж байгаа үнийн дүнгээс 2,000,000 төгрөгийг хариуцаж, 5,700,000 төгрөгийн хүлээн зөвшөөрөхгүй дараах үндэслэлүүд байна.
1. Хавтаст хэргийн 52-р хуудсанд авагдсан сэжигтнээр байцаасан тэмдэглэлд “байцаагч та уг байгууллагатай хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн хариуцлагын гэрээ хийсэн үү? гэхэд хариуцагч надад танилцуулсан гэрээ байхгүй. Албан ёсны худалдааны менежерийн тушаал танилцуулаагүй гэж хариулсан” нь тусгагдсан байдаг.
2. “А трейд” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийг байцаасан тэмдэглэлд “байцаагч яагаад Э.Чийн гарын үсэг гэрээнд байхгүй байгаа вэ? гэхэд сайн мэдэхгүй гэж байна” хариулсан нь хэрэгт авагдсан байна.
Э.Ч нь 2015 онд гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцаад 2015 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дүгнэлт учир дутагдалтай гарсан байна. Бүрэлдэхүүнтэй шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Цагдаагийн байгууллагын гаргасан дүгнэлтийг “Нью дийл аудит” ХХК гаргасан. Энэ дүгнэлтийг Э.Ч өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрдөггүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнөх хуралдаанд анхан шатны баримт манайд байхгүй гэж байсан. Э.Ч анхан шатны шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тайлбар гаргасан. Энэ тайлбартаа худалдааны менежер гэсэн ажлын байранд гэрээ хийж, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ хийж, хариуцаж ажиллаж байгаагүй гэдэг. Хариуцагч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, хөдөлмөрийн гэрээнд байгуулаагүй тус гэрээнүүдэд байгаа гарын үсэг нь фотошоп, канон ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа тул дахин шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Үүнийг шүүх хүлээж аваагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5,700,000 төгрөгийн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “АТУ” ХХК нь хариуцагч Э.Чт холбогдуулан хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэх явцдаа учруулсан хохиролд 7,759,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь 2014 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ” болон “Эд материалын бүрэн хариуцлага хүлээх гэрээ”-г байгуулан ажиллаж байхдаа байгууллагад 7,759,280 төгрөгийн хохирол учруулсан гэж нэхэмжлэлээ дэмжсэн.
Хариуцагч Э.Ч нь би “АТУ” ХХК-нд оператор гэдэг ажлын байранд орж ажиллаж байсан. Нэхэмжлэлд дурдсан шиг худалдааны менежер гэсэн ажлын байранд гэрээ хийж, эд хөрөнгө бүрэн хариуцаж ажиллаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлзэх эрхтэй.” Мөн хуулийн 38.1-д”хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй,” 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна.” гэж тус тус заажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлзэх эрхтэй” мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д ”хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй,” 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна.” гэж тус тус хуульчилсан.
“АТУ” ХХК нь 2014 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн 33 тоот ерөнхий захирлын тушаалаар Э.Чийг 2 сарын туршилтын хугацаатай оператороор томилж, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 103 тоот тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан үндэслэлээр Э.Чийг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, энэ хугацаанд өөр ажил албан тушаалд томилоогүй байна.
Нэхэмжлэгч “АТУ” ХХК нь цагдаагийн газарт гомдол гаргаснаар Э.Чт эрүүгийн хэрэг үүсгэн шалган Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан үндэслээр 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 372 тоот Прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон.
“АТУ” ХХК-ний нягтлан Д.Ууганжаргалыг хохирогчоор байцаасан тэмдэглэлд ”2014.06.25-ний өдрийн хөдөлмөрийн гэрээн дээр гарын үсэг байхгүй байна энэ учрыг хэлнэ үү гэхэд “би тэр учрыг мэдэхгүй манай хүний нөөцийн ажилтан мэдэх байхаа” гэх тайлбар, Э.Чийн “шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй, дахин шинжээч гарган үнэн зөвийг тогтоож өгнө үү” гэх тайлбар, хавтас хэрэгт авагдсан 2014 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн “хөдөлмөрийн гэрээний “ажилтан нь худалдааны менежер” гэх, “эд материалын бүрэн хариуцлага хүлээх гэрээний “ажилтан нь “,менежер” гэх үгнүүдийг өөр цэнхэр өнгийн балаар нэмж бичсэн нь энгийн нүдээр харахад тодорхой бөгөөд хариуцагч Э.Чийг эд хөрөнгийн хариуцлага хүлээх субект гэж үзэх боломжгүй.
Хөдөлмөрийн хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т “ажил олгогч нь ажилтанд хариуцуулсан эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах шаардлагатай нөхцөлийг бүрдүүлээгүйгээс учирсан хохирлыг ажилтнаар төлүүлж болохгүй” гэж заажээ.
Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажилтны үндсэн үүрэг нь тодорхой эд хөрөнгө, мөнгө, үнэ бүхий бусад зүйлийн бүрэн бүтэн байдал зөв ашиглалт, зарцуулалтыг хариуцдаг.
Өөрөөр хэлбэл тодорхой мөнгө, үнэ бүхий бусад зүйлийг гардан хариуцаж бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажилтан байдаг.
Гэтэл хариуцагч Э.Ч нь “АТУ” ХХК-нд оператороор ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн болох нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн ерөнхий захирлын тушаалууд, хариуцагчийн тайлбар болон эрүүгийн хэрэгт хохирогчоор байцаагдсан нягтлан Д.Ууганжаргалын тайлбар зэргээр тогтоогдов.
Иймд хариуцагч Э.Чийг эд хөрөнгийн хариуцлага хүлээх субект гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгч “АТУ” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар “АТУ” ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Э.Чт холбогдох 7,759,280 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “АТУ” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 139,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ