Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 153/ШШ2018/00179

 

 

      2018 оны 04 сарын 06 өдөр

         Дугаар 153/ШШ2018/00179

                      Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Т.Ө-ний хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Т.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.Ө нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1977 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал эцэг эхийн хамт хоньчноор ажиллаж байгаад 1980 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. Миний бие 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд хоньчноор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэсэн боловч миний ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэтэр байхгүй, архивын лавлагаа байхгүй байна. Иймд намайг 1977 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Т.Ө-ний 1977 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Т.Ө нь 1977 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 541 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын 3 дугаар бригадын 1977 оноос 1979 он, 1985 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

- Хүсэлт гаргагчийн 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Хүсэлт гаргагчийн цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Хүсэлт гаргагч Т.Ө-ний 0704008 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Хүсэлт гаргагчийн 1991 оноос 2000 оныг хүртлэх мал тооллогын лавлагаа,

-Гэрч С.К-ийн ....Би 1956 онд Ховд аймгийн Ховд сумын Улаан харгана бригадад төрсөн. 1964 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж, 1977 онд төгссөн. 1977 оны 06 дугаар сард цэргийн татагдаж, 1980 онд цэргээс халагдсан. 1980 оны 06 дугаар сараас 1994 оны 06 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд жолоочоор ажиллаж байсан. Т.Ө нь 1980 оныг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Улаан харгана бригадад эцэг эхийн хамт амьдарч байгаад 1980 оны 06 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1983 оны 08 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг бригадад шилжээд 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Одоо ч гэсэн тус сумандаа малчнаар ажиллаж байна. Бид хамтдаа нэг сум нэгдэлд олон жил ажиллаж байгаа хүний хувьд Т.Ө-ний ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна... гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч Х.Ш-ийн ..Би 1943 онд төрсөн. 1972 оноос 1975 оныг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын сум дундын мал эмнэлэгийн оношлох кабинетийн эрхлэгч эмчээр, 1975 оноос 1981 оныг хүртэл Ховд аймгийн Дуут сумын мал эмнэлэгийн тасгийн эрхлэгчээр, 1981 оноос 1986 оныг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын сум дундын мал эмнэлэгийн оношлох кабинетийн эрхлэгч эмчээр, 1986 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын мал эмнэлэгийн тасгийн даргаар, 1991 оноос 1997 оныг хүртэл Ховд аймгийн мал эмнэлэгийн ариун цэврийн станцын эрхлэгчээр, 1997 оноос 1999 оныг хүртэл Ховд аймгийн Ховд сумын мал эмнэлэгийн улсын байцаагчаар тус тус ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Т.Ө нь 1977 оны 6 дугаар сард Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд аав Тогторхан болон ээжийнхээ хамт Ховд аймгийн Ховд сумын 4 дүгээр бригадад буюу Тариа бригадад малчин болж байсан. Эцэг эхийнхээ хамт малчнаар ажиллаж байгаад 1980 оны 06 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1983 оны 08 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн Ховд сумын 1 дүгээр бригад буюу Баянбулаг багт шилжээд 1990 оныг дуустал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Одоо ч гэсэн тус сумандаа малчнаар ажиллаж байна.... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т.Ө-ний ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т.Ө-г 1977 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Т.Ө-ний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ