Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/682

 

                             

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Н.Ундрах (томилолтоор), шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00788 0670 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С овгийн Т.Э, *** оны ** дугаар сарын **-ний өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 39 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд:

-2003 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 6 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ял шийтгүүлж, 2003 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

-2004 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 80 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2005 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

-2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 119 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэснийг Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 73 дугаар магадлалаар нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 89 дугаар шийтгэх тогтоолоор эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Т.Энь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо ** тоот хашаанд иргэн О.Г-тай “агсан тавилаа” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар гэрээс гаргах зорилгоор заамдаж чирэх, хүзүүг нь боох, толгой болон нүүрэн тус газар нь гараараа олон удаа цохиж, хэвлий болон хөл рүү нь өшиглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун хөлийн чигчий хурууны шивнүүр ясны жижиг сэлтэрсэн хугарал, тархи доргилт, дагзны хуйх, хүзүүний цус хуралт, хэвлийн зулгаралт, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, С овгийн Т.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо ** тоот хашаанд иргэн О.Г-тай “агсан тавилаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гэрээс гаргах зорилгоор заамдаж чирэх, хүзүүг нь боох, толгой болон нүүрэн тус газар нь гараараа олон удаа цохих, хэвлий болон хөл рүү нь өшиглөх зэргээр зодсоны улмаас түүний биед “баруун хөлийн чигчий хурууны шивнүүр ясны жижиг сэлтэрсэн хугарал, тархи доргилт, дагзны хуйх, хүзүүний цус хуралт, хэвлийн зулгаралт, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, цагдаагийн байгууллагад 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 20 цаг 20 минутад гаргасан “урьд айлындаа архи уусан чинь намайг зодоод байна” гэсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 8 дахь тал), хохирогч О.Г-ын: “...Би тус өдрийн 16 цагийн үед гэрээсээ гараад хөрш айлын Э-ын хашаа руу нь орсон. Э болон зүс таних О нарын хамт гурвуулаа хонины толгой хуйхалж дуусаад Э, О нар дэлгүүр орж 0.75 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи авчраад бид гурав Э-ын гэрт хувааж уугаад байж байтал Э-ын хадам аав, хүргэнтэйгээ хамт орж ирээд бид хэд архи хувааж уунгаа хөзөр тоглосон. Архиа ууж дууссаны дараа би гэр лүүгээ харилаа гээд гарсан. Гэртээ ирээд цаг орчим хэвтэж байтал 21 цагийн орчимд Э над руу залгаад “хүрээд ир хөзөр тоглоё” гэхээр нь би гэр лүү нь явж ороод тоглох гэтэл нэрийг нь мэдэхгүй үл таних хөгшин “хүмүүс нь бүрдчихлээ, чамайг тоглуулахгүй” гэхээр нь би тэгвэл яах гэж намайг дуудсан юм бэ гэтэл Э тэр хөгшнийг өмөөрөөд "чи хөгшин хүнтэй хэрэлдлээ” гэж хэлээд намайг заамдаж боогоод байшингийн хаалгаар чирээд гаргах үед би хэсэг хугацаанд ухаан балартсан байсан. Э-ын хашаан дотор газар уначихсан байдалтай сэрэх үед Э миний баруун хөлийн чигчий хуруу луу нэг удаа өшиглөсөн, нуруу луу 1-2 удаа, толгой дагз хэсэг рүү нэг удаа өшиглөсөн тэгэхээр нь би босоод шууд гэр лүүгээ явж байтал эхнэр урдаас гарч ирээд юу болов гэж асуухаар нь би “Э-т зодуулчихлаа” гэж хэлтэл эхнэр А цагдаа дууд гээд би цагдаа дуудсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал), гэрч Ж.А-ийн өгсөн: “...Манай нөхөр Э-ын хашааны үүднээс гэр лүүгээ орилоод ирж байхаар нь би урдаас нь гүйж очоод юу болов гэж асуухад “Э намайг зодчихлоо” гэж хэлэхээр нь би нөхрөө дагуулаад гэр лүүгээ орсон. Нөхөр хүзүү нь улайсан, хувцас хунар нь шороо тоос болсон, баруун хөл нь бага зэрэг доголсон байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дэх тал), гэрч С.Д-ын өгсөн: “...Г манай гэрт буцаж орж ирээд дахин “би хөзөр тоглоё” гэж хэлтэл Б ах “согтуу хүнтэй тоглохгүй гээд байхад яах гээд байгаа юм бэ, яв яв” гэж хэлтэл Г уурлаад Б ахыг “муу өвгөн” гэж хэл амаар доромжлох үед манай нөхөр Э уурлаад “чи яахаараа хөгшин настай миний ахыг доромжилдог” юм бэ гэж хэлээд Г-ыг сууж байх үед нь заамдаад гэрээс чирээд гаргасан. Удалгүй О бид хоёр араас нь гартал Э, Г нар нь бие биеэ заамдаж ноцолдсон байдалтай байхаар нь би тэр хоёрыг салгаад Г-ын эхнэр лүү залгаж О.Г-ыг хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2804 дугаартай: “...О.Г-ын биед баруун хөлийн чигчий хурууны шивнүүр ясны жижиг сэлтэрсэн хугарал, тархи доргилт, дагзны хуйх, хүзүүний цус хуралт, хэвлийн зулгаралт, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун хөлийн чигчий хурууны шивнүүр ясны жижиг сэлтэрсэн хугарал, тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дагзны хуйх, хүзүүний цус хуралт, хэвлийн зулгаралт, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь 1-2 хоногийн дотор үүссэн гэмтэл байна. Уг гэмтлийг өөрөө өөртөө учруулсан эсэхийг тогтоох боломжгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 67-68 дугаар тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Т.Э нь яллагдагчаар: “....Би 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 16 цагийн үед хашаандаа хөрш айлын залуу О-ын хамт толгой шийр хуйхлаад байж байтал гаднаас найз Г лаазтай “касс” нэртэй пиво барьж орж ирэхээр нь бид гурав хоорондоо юм ярьж сууж байгаад тухайн пивыг уусан. Дараа нь би дэлгүүрээс 0.75 литрийн Хараа нэртэй архи авчраад Г, О бид гурав хуваагаад ууж байтал манай хадам аав, баз хүргэн нар ирсэн. Тэр үед хадам аавын найз Б хөзөр тоглоё гэхэд Г би “цуг тоглоё” гэж хэлтэл Б ах Г-ыг “согтуу хүнтэй хөзөр тоглохгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Г-ыг “за миний найз гэр лүүгээ явчих, манай гэрт хүмүүс хүрээд ирлээ" гэж хэлтэл Г манайхаас гараад яваад өгсөн. Тэгтэл 21 цагийн үед Г манай гэрт буцаж орж ирээд “хөзөр тоглоё” гэж хэлтэл Б ах “төрөл садан хамаатнаараа хөзөр тоглож байна, чи согтуу байна, баг бүрдчихлээ чамайг тоглуулахгүй” гэж хэлтэл Г уурлаад Б ахыг хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрээд “чи яагаад хөгшин хүнтэй хэрэлдээд байгаа юм бэ “гэхэд хажуугаас манай эхнэр Д “чи болиоч хэрүүл хийгээд байх юм гэрээс гараач” гэсэн. Тэгэхээр нь би цамцнаас нь заамдаж байгаад байшингаас чирээд гаргах үед амбаарын үүдэнд миний толгой руу 2-3 удаа цохихоор нь миний уур хүрээд заамдаж аваад нүүр лүү нь 2 удаа цохих үед намайг боосон. Тэр үед О, эхнэр Д нар гарч ирээд Г бид хоёрыг салгаад эхнэр Д Г-ын эхнэр лүү залгаж “нөхрийгөө ирж аваа” гэж хэлтэл А ирээд нөхрөө аваад явсан. Би Г-ыг агсан согтуу тавиад байхаар нь уурлаад гэрээс чирч гаргах үед хөлөөрөө үүдний амбаарын хаалга, босго зэргийг цохисны улмаас баруун хөлийн чигчий хурууны шивнүүр ясны жижиг сэлтэрсэн хугарал гэмтэл учирсан. Харин тархи доргилт, дагзны хуйх, хүзүүний цус хуралт, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг заамдаж, дараа нь би Г-ын толгой руу нь 2 удаа цохиж, ноцолдож байх үед үүссэн юм...” гэж (хавтаст хэргийн 133 дэх тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Э нь бага боловсролтой боловч монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2804 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Т.Э-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч О.Г-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Т.Э-ын хохирогчийг чирсэн, заамдсан, цохисон, өшиглөсөн үйлдлүүд болон хохирогчийн биед учирсан баруун хөлийн чигчий хурууны шивнүүр ясны жижиг сэлтэрсэн хугарал, тархи доргилт, дагзны хуйх, хүзүүний цус хуралт, хэвлийн зулгаралт, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч О.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед баримтаар 23,000 төгрөг нэхэмжилж байсан ба шүүх хуралдааны тов мэдэгдэх үед “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч Т.Э-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Т.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаатай хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна...” гэв.

Шүүгдэгч: “...тусгайлан хэлэх зүйлгүй...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Т.Э-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 82 дахь тал), эд хөрөнгийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 83 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 84 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 97 дахь тал), шийтгэх тогтоол, магадлалын хуулбарууд (хавтаст хэргийн 101-124 дахь тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 85 дахь тал), хуулийн этгээд бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 86 дахь тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 87-89 дэх тал), Хаан банкны депозит дансны хуулбар (хавтаст хэргийн 90-96 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 Анхан шатны шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх хийгээд цээрлүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Харин шүүгдэгч Т.Э-т оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг түүний орлогын хэмжээг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн үндсэн хугацааг нэмэгдүүлж, дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.

    1. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Э нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.С овгийн Т.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-т оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай. 

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Э-т сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Э нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА