Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 627

 

МАГАДЛАЛ

 

2017.03.06                                                  Дугаар 627                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Ориент инвест ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2017/00003 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ориент инвест ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Лэндс” ХХК-д холбогдох,

Гэм хорын хохиролд 501 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Б.Түвшинтөрд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байгаа бөгөөд, барьцаа хөрөнгүүдийн үнэлгээн дээр төлбөр авагч, төлбөр төлөгч нар тохиролцоогүй учраас шийдвэр гүйцэтгэлийн албанаас “Лэндс” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ гаргуулсан. Энэ үнэлгээг хийхдээ “Лэндс” ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, үнэлгээ хийх эрхгүй, зөвшөөрөлгүй Д.Чимэдсайхан, Д.Отгон нар үнэлгээг хийсэн болохыг тогтоож Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 04495 дугаартай шийдвэрээр үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Тус ББСБ нь 2016 оны 6 дугаар сарын 10-нд үнэлгээний хөлсөнд төлсөн 495 000 төгрөгийг буцааж олгуулахаар тус компанид хүсэлт гаргасан боловч өдийг хүртэл өгөхгүй байгаа тул нэхэмжлэл гаргасан. Бид энэ үнэлгээг хүчингүй болгосноор манай байгууллагад 495 000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж нэхэмжилж байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3., 15 дугаар зүйлийн 15.1.3.-д заасныг зөрчсөн үйлдлийн улмаас хохирол учирсан гэж үзэж байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., 9 дүгээр зүйлийн 9.3.5.-д заасныг зөрчин шинжээчийн дүгнэлт гаргасан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6.-д эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгох зохицуулалт нь “Лэндс” ХХК ба Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хооронд үүссэн харьцааг зохицуулсан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4.-д зааснаар татгалзах ёстой байтал зөвшөөрөлгүй этгээд үнэлгээ хийсэн. Тус ББСБ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 220 000 төгрөгийг төлж байсан. Шинжээч “Лэндс” ХХК нь үнэлгээгээ гаргаж өгөхгүй, төлбөрөө төл гэсэн шаардлага тавьсны дагуу бид төлсөн байгаа. Иймд нэхэмжлэгч үнэлгээний хөлсөнд төлсөн 495 000 төгрөг, нотариатын зардалд 6 000 төгрөг, бүгд 501 000 төгрөг гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 114 тоот тогтоолоор төлбөр төлөгч Б.Түвшинтөрийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн       Ү-2203005162 дугаартай, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 3 дугаар байр, 60 тоотын 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Царцааны аж ахуйн замын урд байрлах, нэгж талбарын 18622307686041 дугаартай, 14 155 м.кв талбайтай, эзэмшлийн газрыг тус тус үнэлүүлэхээр шинжээчээр томилсны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 08-ны байдлаар үнэлж дүгнэлтээ хүргүүлсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4.-т үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээ хийхэд бусад үнэлгээчин болон мэргэжилтнийг гэрээний үндсэн дээр татан оролцуулах эрхтэй гэсний дагуу Д.Отгон, Д.Чимэдсайхан бид нарыг оролцуулж, тухайн эд хөрөнгийн байршлын дагуу очиж, өмчлөгч Б.Төвшинтөртэй уулзаж ярилцаж үнэлгээг гаргасан. Манай компанийн захирал Д.Ганхуяг нь үнэлгээчин ба туслах үнэлгээчин Д.Отгон, Д.Чимэдсайхан бид нар тухайн газарт очиж үзлэг хийсэн. Үзлэг хийхэд шийдвэр гүйцэтгэгч П.Уранбилэг яваагүй бөгөөд энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5.-д хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардлагатай үнэ зөв баримт, мэдээллээр үнэлгээчнийг хангах гэсэн заалтыг зөрчсөн. Үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг үнэлгээчин хариуцахгүй гэсэн байдаг. Бид нар хуульд заасан журмын дагуу хөрөнгүүдийн үнэ цэнийн хувьд чөлөөт зах зээл дээр худалдаалагддаг тул байршил, чанар байдал, хийц бүтээцийн хувьд ижил хөрөнгийн нэгжийн үнээр үнэлэгдсэн байгааг үнэлгэний тайландаа дэлгэрэнгүйгээр тусгасан. “Ориент инвест ББСБ” ХХК нь үнэлгээг гаргахад тухайн үед гомдол гаргаагүй, зөвшөөрч байсан атлаа одоо үнэлгээний хөлсөнд төлсөн 495 000 төгрөгөө нэхэж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Лэндс” ХХК-иас гэм хорын хохиролд 501 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Ориент инвест ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн   15 680 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: "Лэндс" ХХК нь гэм буруутай болохыг шүүхийн 101/ШШ32016/04495 тоот шийдвэрээр тогтоосон бөгөөд өөрийн компаний дансаар 495 000 төгрөгийг тус ББСБ-аас Б.Түвшинтөрийн барьцаа хөрөнгийн үнэлгээний төлбөрт тооцон авсан болохыг нотлох баримтаар шүүх бүрэлдэхүүн тогтоож мөн энэ төлбөрийн талаар хариуцагч нь маргаагүй байхад гэм хорын хохирол учруулсан гэх үндэслэл тогтоогдоогүй хэмээн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд тус ББСБ нь гомдолтой байна.

Дээрх хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлан нь хүчин төгөлдөр бус болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон болно. Тус ББСБ нь "Лэндс" ХХК-ийн өмнө хүлээсэн ямар нэг үүрэггүй, хоорондын байгуулсан гэрээгүй байтал тус ББСБ-аас хөрөнгийн үнэлгээний төлбөрийг төл гэж удаа дараа шаардан нэхэж 495 000 төгрөгийг авсан. Гэтэл хууль зөрчин, чанаргүй буюу хүчин төгөлдөр бус үнэлгээг гаргасны хөлсөнд авсан мөнгийг тус ББСБ-д буцаан олгохгүй байгаад гомдолтой байна. Тус ББСБ нь "Лэндс" ХХК-ийн үнэлгээний хөлсөнд төлсөн 495 000 төгрөгийг Иргэний хуулийн 512 дугаар зүйлийн 512.1 дэх хэсэгт заасны дагуу өөрт учирсан гэм хор хэмээн үзэж байна Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Ориент инвест ББСБ” ХХК нь хариуцагч “Лэндс” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 501 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Б.Түвшинтөрд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахад барьцаа хөрөнгүүдийн үнэлгээн дээр төлбөр авагч, төлбөр төлөгч нар тохиролцоогүйгээс шийдвэр гүйцэтгэлийн албанаас “Лэндс”  ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ гаргуулсан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 04495 дугаартай шийдвэрээр үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн тул хариуцагчид төлсөн 495 000 төгрөг, нотариатын зардалд 6 000 төгрөг, бүгд 501 000 төгрөгийн хохирлыг гаргуулах” гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 114 тоот тогтоолоор төлбөр төлөгч Б.Түвшинтөрийн барьцаа хөрөнгийг үнэлэх шинжээчээр томилогдон дүгнэлтээ хүргүүлсэн, нэхэмжлэгч нь үнэлгээг гаргахад тухайн үед гомдол гаргаагүй, зөвшөөрч байсан атлаа одоо үнэлгээний хөлсөнд төлсөн 495 000 төгрөгөө нэхэж байгаа нь үндэслэлгүй” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5423 тоот захирамж гарч, нэхэмжлэгч “Ориент инвест ББСБ“ ХХК нь зээлийн төлбөрт 317 280 840 төгрөгийг Б.Түвшинтөрөөс нэхэмжилснийг зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгчийн дээрх захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч компанийг хөрөнгийн үнэлгээ хийх шинжээчээр томилсон, шинжээчийн ажлын хөлс гэж 495 000 төгрөгийг хариуцагч дансаар хүлээн авсан, хариуцагчийн гаргасан үнэлгээ нь Баянзүрх, Сүрбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/04495 дугаар шийдвэрээр хүчингүй болсон үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. Учир нь “Ориент инвест ББСБ” ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай гэрээ байгуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах асуудлыг тохиролцохдоо уг ажиллагааны зардлыг урьдчилан гаргуулсан хэмжээгээр төлбөр төлөгчөөс гаргуулан төлбөр авагчид олгоно гэж гэрээний 2.4-т заажээ.

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг гаргуулах талаар шийдвэрлүүлэх боломжтойгоос гадна “Лэндс” ХХК нь эрх бүхий этгээдээс томилогдон дүгнэлт гаргасныг ажил, үйлчилгээний дутагдал гарган нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд “...“Лэндс” ХХК-ийн үнэлгээний хөлсөнд 495 000 төгрөгийг Иргэний хуулийн 512 дугаар зүйлийн 512.1 дэх хэсэгт заасны дагуу учирсан гэм хор гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хангах...” тухай нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2017/00003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 15 680 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

 

   ШҮҮГЧИД                                               Ш.ОЮУНХАНД

 

                                                                      М.НАРАНЦЭЦЭГ