Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 548

 

 

 

 

 

 

 

2019           6              4                                              2019/ДШМ/548

 

 

Э.З-, Л.А- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч, хохирогч Э.З-гийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, П.Сарантуяа,

шүүгдэгч, хохирогч Л.А-ын өмгөөлөгч Л.Баттогтох,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 623 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.А-ын өмгөөлөгч Л.Баттогтохын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.З-, Л.А- нарт холбогдох эрүүгийн 1809008660017 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Цэрэндаш овгийн Э.З-, 1982 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эмэг эхийн хамт ....... дүүргийн ...... дугаар хороо, ...... дугаар хорооллын ......... дугаар барын ..... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .........../;

Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан.

2. Гөрөөчин овгийн Л.А, 1994 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .......... дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн ...... дүгээр хороо, .......... дугаар хорооллын ............... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........../;

Э.З- нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 03 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Миний маркет” дэлгүүрийн замд “Hyundai Sonata-6” маркийн 18-19 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4-т “Эсрэг хөдөлгөөнтэй 4 буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас эсрэг урсгалд Л.А-ын жолоодон явсан “Toyota Corolla Axio” маркийн 13-44 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Л.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Ц.Алтангэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр, Ц.Баянмөнхийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт,

Л.А- нь  2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 03 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Миний маркет” дэлгүүрийн зүүн замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дахь заалт “Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин, согтуурсан үедээ явсан “Toyota Corolla Axio” маркийн 13-44 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад, мөн дүрмийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Э.З-гийн жолоодож явсан “Hyundai Sonata-6” маркийн 18-19 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Э.З-гийн эрүүл мэндэд хүнд, зорчигч Ц.Алтангэрэл, Ц.Баянмөнх нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Э.З-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Л.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.З-г автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.А-ыг согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Э.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нгэж буюу 1.000.000 төгрөгрөөр торгох ялаар, Л.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т тус тус зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Э.З- нь шүүхээс оногдуулсан 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар тутам хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.З-д сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар Л.А-од оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Л.А-од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Э.З-гээс нийт 11.512.000 төгрөгийг гаргуулж, 3.022.900 төгрөгийг Л.А-од, 8.490.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч М.Лут-Очир нарт, Л.А-оос нийт 19.728.700 төгрөгийг гаргуулж, Э.З-д 8.7747.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Төмөрт 10.987.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэж, хохирогч Ц.Алтангэрэл нь гэм буруутай этгээдээс гэм хорын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Л.А-ын В ангиллын 1016780 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, 2 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, Э.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, Л.А-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг тухайн өдрөөс нь эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.А-ын өмгөөлөгч Л.Баттогтох гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч, хохирогч Л.А- нь тухайн осолд орсноор зүүн өвдөгний урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдалт, зүүн дунд чөмөг, шаант ясны дотор булууны шахагдсан хугарал, зүүн шаант ясны ташуу зөрөөтэй хугарал гэмтэл үүсч Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 1321 тоот шинжилгээгээр хүндэвтэр зэргийн гэмтэл гэж тогтоосон бөгөөд энэхүү гэмтлээс улбаалан 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Гэмтэл, Согог судлалын үндэсний төвд зүүн хөлний шилбэний шаант ясны дээгүүр яс таслан, хөлийн чиг засах мэс засалд орж биеийн байдал хүнд, хэвтрийн дэглэм сахих шаардлагатай баримтыг шүүх хуралдаанд нотлох баримтаар гарган өгч, анх удаа хөнгөн, болгоомжгүй гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хорих ялаар шийтгэсэнд гомдолтой байна. Шүүгдэгч нь эмнэлгээс хэвтрийн дэглэмд орж мэс заслын дараах эмчилгээ хийлгэж байсан боловч шүүхийн үйл ажиллагааг хүндэтгэж шүүх хуралдаанд хүрэлцэн ирж, шүүх хуралдаан дээрээс цагдан хорьсон тул тэр өдрөө цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хүргэгдсэн болно. Шүүгдэгч, хохирогч Л.А- нь шүүхийн шийтгэх тогтоолд заасан шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарт төлөх 19.728.000 төгрөгөөс өөрийн эмчилгээний зардал болох иргэний нэхэмжлэгч, хариуцагч эцэг М.Лут-Очирт олгох нийт 11.512.000 төгрөгийг Э.З-гээс Иргэний хуульд зааснаар гаргуулсан бөгөөд талуудын төлбөрийн зөрүү болох 8.216.000 төгрөгийг төлж барагдуулсан болно. Иймд Л.А-од оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж, цаашид эмчилгээ хийлгэх боломж олгож өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч, хохирогч Э.З-гийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Л.А- нь гэм буруугийн хувьд маргаагүй боловч амаар бол гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн талаар илэрхийлээгүй. Хохирлоо нөхөн төлөхөө амаар илэрхийлээгүй гэх үндэслэлээр цагдан хоригдсон. Давж заалдах шатны шүүх рүү хэрэг шилжсэний дараа Л.А-ын ар гэрээс хохирлын зөрүү мөнгийг төлсөн. Түүнд оногдуулсан ялыг тэнсэж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. ...” гэв.

Шүүгдэгч, хохирогч Э.З-гийн өмгөөлөгч П.Сарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Л.А- өөрөө гэмтсэн байсан. Э.З-гийн хувьд гомдол саналгүй. ...” гэв.

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 623 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй. Учир нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал гэх зэргийг харгалзан дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөртэй байсан. Дээрх нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол, төлбөр болон эрүүл мэндтэй холбоотой баримтыг гаргаж өгч байна. Энэ талаар тусгайлан хэлэх саналгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Э.З-, Л.А- нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тодруулсан, мөрдөн шалгах болон анхан шатны шүүхийн шатанд хэргийн оролцогчдын хуульд заасан эрхийг хасч хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Э.З- нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны  03 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Миний маркет дэлгүүрийн замд Хьюндэй соната /Hyundai sonata/-6 маркийн 18-19 УНМ улсын дугаартай автомашиныг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4-т “Эсрэг хөдөлгөөнтэй 4 буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчиж, эсрэг урсгалд орж, шүүгдэгч Л.А-ын жолоодон явсан Тоёота королла аксио /Toyota Corolla Axio/ маркийн 13-44 УНР улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, тус автомашины жолооч Л.А-, зорчигч Ц.Алтангэрэл, Ц.Баянмөнх нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан;

Шүүгдэгч Л.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дахь хэсгийн а/-д заасан “жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон” заалтыг зөрчин, согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ Тоёота корролла аксио /Toyota corolla axio/ маркийн 13-44 УНР улсын дугаартай автомашиныг жолоодон яваад, мөн дүрмийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Э.З-гийн жолоодож явсан автомашинтай мөргөлдөж, тус автомашины жолооч Э.З-гийн эрүүл мэндэд хүнд, зорчигч Ц.Алтангэрэл, Ц.Баянмөнх нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутай болох нь:

гэмт хэрэг гарсан байдлыг бэхжүүлж авсан Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг /хх 9-17/,

“Э.З- нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.4, 9.2-д тус тус заасныг зөрчсөн, Л.А- нь мөн дүрмийн 2.5 а, 2.7 а, 8.11-т тус тус заасныг тус тус зөрчсөн”-ийг тогтоосон Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 43 дугаар дүгнэлт /хх 181-182/,

“...авга ах Алтангэрэлтэй хамт ажлаас гараад явж байхад нэг залуу “машин асаагаад өгөөч” гээд байхаар нь бид хоёр асааж өгөхөд тэр жолооч “та хоёр хаашаа явах юм бэ” гээд асуухаар нь “Шархад явна” гэсэн чинь “дөхөөд буучих” гээд бид хоёр машинд нь суугаад “Нарантуулын урд уулзвар дээр бууна шүү” гээд суусан. Тэгээд Нарантуулын урд уулзвар дээр баруун эргээд нөгөө жолооч шууд зах руу явдаг чиглэл рүү урсгал сөрөөд явсан. Би “урсгал сөрөөд байна” гэхэд жолооч юу ч дуугараагүй явж байгаад урдаас ирж байсан машинтай мөргөлдсөн” гэх гэрч Ц.Баянмөнхийн мэдүүлэг /хх 35-39/,

“...Баянмөнх бид хоёр гэртээ харих санаатай хотхон дотор явж байсан чинь нэг ах машин асаагаад өг гээд бид хоёр түрж асааж өгчихөөд дөхөөд буучихъя гээд машинд нь суугаад явсан. Тэгээд бид гурав хотхоноос гараад 4 замын уулзвараар зүүн эргээд Нарантуул захын уулзвар ирээд баруун эргэх гэж байсан чинь жолооч ах хэтрээд явчихсан болохоор замын урд талаар урсгал сөрөөд явсан. Би тухайн үед жолоочид урсгал сөрж яваад байна гэж хэлэхэд зүгээрээ гээд явсан. Би урдаас машин ирж байна шүү дээ, та зогсоочээ гэсэн чинь шууд л урдаас нь очиж мөргөсөн” гэх гэрч Ц.Алтангэрэлийн мэдүүлэг /хх 65-66/,

“Л.А-, Ц.Алтангэрэл, Ц.Баянмөнх, нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл,  Э.З-гийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан” болохыг тус тус тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 12568, 12630, 12631, 102 дугаар дүгнэлтүүд /хх 140-149/ болон шүүгдэгч Э.З-, Л.А- нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогджээ.

          Анхан шатны шүүх шүүгдэгч Э.З-, Л.А- нарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Э.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.0 сая төгрөгөөр торгох ял, Л.А-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээнд тохирчээ.

          Хэдийгээр, шүүгдэгч Э.З-гийн урсгал сөрж орсноос уг осол хэрэг үүдэгдэн гарах нөхцлийг бүрдүүлсэн гол буруу боловч шүүгдэгч Л.А-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодон явсан нь уг осол гаргахад нөлөөлсөн байна.

          Текникийн шинжээчийн дүгнэлтэд шүүгдэгч нарын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн зарим заалтыг прокурор яллах дүгнэлтэндээ дурьдаагүй, энэ талаар анхан шатны шүүх зохих хууль зүйн дүгнэлт хийгээгүй боловч нэг талаас шинжээчийн дүгнэлтийг прокурор, шүүх заавал баримтлах үүрэггүйг, нөгөө талаас шүүх хэргийг хэлэлцэх хэмжээ хязгаарыг харгалзаж, хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруутгах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

          Шүүгдэгч Л.А-ын өмгөөлөгч Л.Баттогтохоос “Л.А-ын биеийн эрүүл мэндийн байдал хүнд байгааг харгалзан, анх удаа болгоомжгүй хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн барагдуулсан зэргийг харгалзаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Л.А- нь тухайн осолд орсноор зүүн өвдөгний урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдалт, зүүн дунд чөмөг, шаант ясны дотор булууны шахагдсан хугарал, зүүн шаант ясны ташуу зөрөөтэй хугарал гэмтэл авч, мэс заслын дараах байдалтай, биеийн эрүүл мэндийн байдал муу байгаа, цаашид гэмтлийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн хяналтанд байх шаардлагатай болох нь Цагдан хорих 461 дүгээр ангийн Нэгдсэн эмнэлгийн эмчийн 2019 оны 134 дүгээр тодорхойлолт, түүний өвчний түүхийн хуулбар зэргээр тогтоогдож байгаагаас гадна анхан шатны шүүхийн шийдвэрт түүнээс гаргуулахаар заасан хохирлыг Э.З-д төлж барагдуулсан нь байх тул өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авч, түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/623 дугаартай шийтгэх тогтоолын:

- тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Э.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, Л.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.А-од тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж,

- 6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.А-од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгосгуай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.А- нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурьдсугай” гэсэн заалт нэмсүгэй.

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.А-ыг нэн даруй сулласугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ