Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00601

 

А.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 131/ШШ2019/00852 дугаар шийдвэр,

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 213/МА2020/00002 дугаар

магадлалтай,

А.Ц-ын хүсэлттэй,

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн хүүхдэд нөхөх олговор 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хүсэлт гаргагч А.Ц-ын ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттогоогийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Төрийг төлөөлж прокурор Д.Сарантуяа, хүсэлт гаргагч А.Ц-ын ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Хүсэлт гаргагч А.Ц шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний эцэг С.Г нь 1949.05.03-ны өдрийн 33 дугаар тогтоолоор улс төрийн хилс хэрэгт хилсээр ял шийтгүүлснийг Монгол Улсын Дээд шүүхийн 1998.10.12-ны өдрийн 341 дүгээр тогтоолоор цагаатгасан. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.1 зааснаар нэхэмжлэл гаргаж байна. 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг хуульд заасны дагуу гаргуулж өгнө үү” гэжээ. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттогоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эх А.Ц нь 80 настай, Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4-р багт оршин суудаг. Түүний эцэг С.Г нь улс төрийн хилс хэргээр хорих ял шийтгүүлж, 1998 онд цагаатгагдсан юм. Иймд хуульд заасан нөхөх олговор гаргуулахаар шүүхэд хандсан. А.Ц-аас өөр төрсөн ах, эгч, дүү байхгүй тул миний ээж энэ мөнгийг нэхэмжилж байгаа юм. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

Төрийн нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй прокурор тайлбартаа: Иргэн А.Ц нь хэлмэгдэгч С.Г-ийн төрсөн охин болох нь шүүхийн шийдвэр, хавтаст хэрэгт авагдсан архивын лавлагаа, Улсын Дээд шүүхийн магадлал, цагаатгалын үнэмлэх, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар нөхөх олговор 40,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэжээ.

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 131/ШШ2019/00852 дугаар шийдвэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн тасгаас 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг гаргуулан нэхэмжлэгч А.Ц-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 213/МА2020/00002 дугаар магадлалаар Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 131/ШШ2019/00852 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн хүүхдэд нөхөх олговор 40,000,000 төгрөг гаргуулах тухай А.Ц-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  прокурор нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагч А.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттогоо хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Хэлмэгдэгч С.Г-ийн үр хүүхэд, хамаатан садан нь төрөөс үнэ төлбөргүй байр орон сууц авч байгаагүй. Харин хэлмэгдэгч С.Г нь байр орон сууцаа хураалгаж байсныг бид мэдэхгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, иргэн А.Ц-ын нөхөх олговор авах эрхийг зөрчиж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хүсэлт гаргагч А.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүхбат хэлсэн саналдаа: “Хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.

Прокурор хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэлмэгдэгч С.Г нь улсын хилс хэрэгт хэлмэгдэн Дээд шүүхийн тогтоолоор цагаатгагдсан бөгөөд С.Г-ийн охин А.Ц болохыг тогтоосон баримтууд хэрэгт авагдсан. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “орон сууц түүний оронд мөнгө авсан бол дахин нөхөх олговор олгохгүй” гэсэн хориглосон зохицуулалттай. Хуулийн энэ заалт нь улс төрийн хэлмэгдүүлэлтээс үүссэн бусад үр дагаврыг арилгахтай холбоотой заалт юм. Хүсэлт гаргагчийн хувьд дээрх хуульд заасан орон сууц, гэр эсхүл түүний оронд нөхөх олговор авахыг шаардах субьектэд хамаарагдахгүй, өмнө нь орон сууц, гэр эсхүл түүнийг орлох нөхөх олговор авсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ХЯНАВАЛ:

Хүсэлт гаргагч А.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлдээ “эцэг С.Г нь 1949.05.03-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлийн 1-д зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлснийг Монгол Улсын Дээд шүүхийн 1998.10.12-ны өдрийн 341 дүгээр тогтоолоор цагаатгасан. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд зааснаар нөхөх олговорт 40,000,000 төгрөг гаргаж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Хоёр шатны шүүх “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн хүүхдэд нөхөх олговор 40,000,000 төгрөг гаргуулах” талаар хууль зүйн хувьд өөр өөр дүгнэлт хийж, зөрүүтэй шийдвэрийг гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...Улс төрийн хилс хэрэгт  хэлмэгдэгчийн хүүхдэд нөхөх олговор 40,000,000  төгрөгийг авах эрх үүсэх үндэслэл нь хэлмэгдэгч болон түүний үлдэж байгаа ар гэр нь  хэлмэгдүүлэлтийн явцад  эзэмшиж байсан гэр, орон сууцаа хураалгуулж,  одоо хүртэл төрөөс болон орон нутгийн засаг даргаас гэр, орон сууц аваагүй нөхцөлд хэрэгжих хуулийн зохицуулалт...” гэсэн дүгнэлт хийсэн нь уг хуулийн үзэл баримтлалаас зөрүүтэй гэж үзнэ.

Учир нь, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар “..13.2..”  гэсэн хэсэг нэмсэн бөгөөд уг хэсэгт зааснаар “...хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид... нөхөх олговор...”  олгохоор хуульчилсан ба мөн хуулийн 23.1-д “...орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол... дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно...” гэжээ.

Гэтэл давж заалдах шатны шүүх, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй” гэсэн нөхцөлийг “хэлмэгдүүлэлтийн явцад эзэмшиж байсан гэр, орон сууцаа хураалгуулж, одоо хүртэл төрөөс болон  орон нутгийн засаг даргаас гэр, орон сууц аваагүй  нөхцөлд хэрэгжих хуулийн зохицуулалт” гэж буруу ойлгож хэрэглэсэн байна.

Дээр дурдсан 13 дугаар зүйл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн “...нөхөх олговор...” олгох тухай Гуравдугаар бүлэгт, харин 23 дугаар зүйл нь “...үр дагаврыг арилгах...” талаар зохицуулсан Дөрөвдүгээр бүлэгт багтсан байх бөгөөд нөхөх олговор олгох, хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг арилгах нь хоорондоо ялгаатай, өөр өөр ойлголт юм.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан зохицуулалтаас үзвэл уг хууль   “...хэлмэгдэгчдийг цагаатгах... нэр төрийг нь сэргээх... нөхөх олговор олгох... хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах...” асуудлыг зохицуулах зорилгыг агуулжээ. 

Түүнчлэн, хууль анх батлагдахад хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд 1,000,000 төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500,000 төгрөгийн нөхөх олговор олгохоор, ингэхдээ хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т нөхөх олговрыг нэг удаа олгоно гэж заасан байжээ.   

Харин хууль тогтоогчоос хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан “нөхөх олговрыг нэг удаа олгох” гэснийг хассан байх тул нөхөх олговрыг дахин олгох буюу энэ нь 13 дугаар зүйлийн 13.2-т ...40,000,000 төгрөг болон 80,000,000 төгрөгийн нөхөх олговор олгох нэмэлт өөрчлөлттэй уялдаатай гэж үзэхээр байна. Иймээс хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.1, 13.2.2 гэсэн заалтууд нь “нөхөх олговор”-ын талаарх зохицуулалт байхын зэрэгцээ “гэр, орон сууцаа хураалгаж, түүний оронд орон сууц, эсхүл орлох мөнгө аваагүй байх“ нөхцөл шаардаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд С.Г-ийг “…нам засгийн удирдагч нар Тариалан нэгдлийг бүрмөсөн мартсан учир нэгдлийн ажил унаж байна.  Таван жилийн төлөвлөгөө нь  хэцүү бөгөөд энэ нь Оросын заавар учир бид зовно. Мөн энэ нь эв хамтад орж бидний өмч хөрөнгийг үгүй болгох төлөвлөгөө юм. Автономитын үед торго эдэлж байсан бол одоо цоохор даавуунаас өөр зүйл олдохгүй байна…”  гэж  цуурхан нам засгийн ажил явуулгын эсрэг үг яриа ярьж байсан хэрэгт холбогдуулж,  Баянхонгор аймгийн шүүхийн 1949.05.03-ны өдрийн 33 дугаар тогтоолоор түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлийн 1-д зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгэжээ. Улмаар Монгол Улсын Дээд шүүхийн 1998.10.12-ны өдрийн 341 дүгээр цагаатгах тухай тогтоолоор  С.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч С.Г-ийн төрсөн охин А.Ц болохыг Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 131/ШШ2019/00637 дугаар шийдвэрээр тогтоосон байх бөгөөд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн охин мөн болох талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болно.

Монгол Улсын Дээд шүүхийн 1998.10.12-ны өдрийн 341 дүгээр цагаатгах тухай тогтоолд С.Г Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар багийн харъяат, ам бүл 3, эхнэр Дашцэвэл, хүүхэд А.Ц нарын хамт амьдардаг, тэмээ 18, адуу 3, хонь 41, ямаа 75, гэр 1-ийн хөрөнгөтэй гэж бичигдсэн байна.

А.Ц хэлмэгдэгч С.Г-ийн ганц охин бөгөөд хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан хүрээнд орон сууц, гэр шаардах эрхтэй субъектэд хамаарахгүйгээс гадна өмнө нь орон сууц, гэр, эдгээрийг орлох мөнгөн олговор авч байсан нь тогтоогдоогүй байна.

Дурдсан үндэслэлээр хүсэлт гаргагчийн гомдлыг хангаж, хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2-т зааснаар А.Ц-д нөхөх олговорт 40,000,000 төгрөг гаргуулж олгох нь үндэслэлтэй бөгөөд анхан шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Харин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-д нөхөх олговрыг улсын төсвөөс олгохоор тодорхой заасан байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад “...Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн тасгаас 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг гаргуулан...” гэж гэснийг зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 213/МА2020/00002 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 131/ШШ2019/00852 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн тасгаас...” гэснийг “...Улсын төсвөөс...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т тус тус зааснаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттогоо хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгосугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ                                         Г.БАНЗРАГЧ

                       ШҮҮГЧ                                                  Г.АЛТАНЧИМЭГ

                                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                      Х.СОНИНБАЯР

                                                                                       Г.ЦАГААНЦООЖ