Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/160

 

 

2022        05         16                                             2022/ШЦТ/160

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Мөнхзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000170 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Дорнод аймгийн сумын 2 дугаар баг ******* ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, ******* овогт ******* *******.*******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуугаар Дорнод аймгийн сумын 2 дугаар баг ******* ******* тоотод буюу гэртээ 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчим хохирогч ******* машины түлхүүр аваад өгсөнгүй гэх шалтгааны улмаас цээж рүү нь өшиглөж улмаар “зүүн уушгины урагдсан шарх, цээжний зүүн хөндийн хий хуралдалт” буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2022 оны 04 дүгээр сарын 18-ны шөнө 02 цаг 30 минутын орчим найз ******* зодуулсан. Шалтгаан нь би түүнтэй хамт 4 ширхэг том пиво уусан. Тэгээд гэртээ харих гээд гарсан боловч хэтэрхий согтсон байсан болохоор буцаад орсон. Гэрт нь ороход ******* машинаа бариад гарах гээд байхад нь би түүний машины түлхүүрийг булааж аваад шидсэнээс болж ******* намайг газарт унагааж зүүн хавирга хэсэгт 2 удаа хөлийнхөө хоншоор хэсгээр өшиглөх шиг болсон, мөн нүүр хэсэгт нь  2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...манай нөхөр орой гарч яваад өглөө 07 цаг өнгөрч байхад гэртээ ирэхдээ хүнд зодуулсан байдалтай бөгтийгөөд нүүр нь хөхөрчихсөн *******тай хамт ирсэн. ...би юу болсон талаар асуухад манай нөхөр намайг ******* эхнэртэйгээ хардаж зодсон гэж хэлсэн. Ингээд манай нөхрийн бие нэг л биш болохоор нь түүнийг дагуулаад ******* бид З эмнэлэгт үзүүлэхэд гэмтлийн эмч үзээд зургийг авахуулахад 8, 9 дүгээр үеийн хавирганууд нь хугарч уушги нь цоорсон гэх онош хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би орой 23 цаг болж байхад хүүхдүүдтэйгээ унтсан. Тэр хоёр пиво уугаад сууж байсан. Шөнө хүн муудалцах чимээ гараад байхаар нь гадагш гарахад манай нөхөр ******* найз тай маргалдаад зууралдаад байж байхад нь би тэр хоёрыг салгаад гэрт оруулсан бөгөөд тэр хоёр амарсан. Харин өглөө босоход амьсгалахад хэцүү байна гээд байхаар нь манай нөхөр түүнийг гэрт нь хүргэж өгье гээд гарахад бөгтийсөн байдалтай гэрээс гарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

 

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би тай 2021 оны 11 дүгээр сараас хойш найз нөхрийн дотно холбооттой болсон. 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ай хамт гэрийнхээ болон түүний  хашааны хог хаягдлыг цэвэрлээд 18 цагийн орчимд дууссан. Тэгээд тэднийд 2 том пиво хувааж уусан. Дараа нь манайд очоод 1 том пиво хувааж ууж дуусахад шөнийн 01 цаг болж байсан. гэртээ харилаа гэж гараад удалгүй буцаж орж ирээд би хэтэрхий их согтсон учраас гэртээ харьж чадахгүй юм байна гэсэн. Би  нэмж архи авна гэж хэлээд согтуу машин барина гэхэд намайг болиулж, миний машины түлхүүрийг авч шидсэн. Түүнээс болж бид 2 маргалдаж, зууралдаж газарт унагааж өнхөрсөн. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн учраас болсон асуудлыг сайн санахгүй байна. Ямартай ч би түүний цээж болон гэдэс хэсэгт өшиглөж байсан шиг санагдаж байна. Ингээд удалгүй манай эхнэр гарч ирээд бид хоёрыг салгасан. Би тай урд нь нэг ч удаа маргалдаж муудалцаж байгаагүй. Бид хоёрт маргалдаад байх шалтгаан байхгүй. ...Тухайн өдөр архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж түрхэн зуурын уурандаа биед нь халдаж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33/

 

   Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 316 тоот дүгнэлтэд:

- биед зүүн уушгины урагдсан шарх, цээжний зүүн хөндийн хий хуралдалт 8, 9 дүгээр хавирганы зөрөөтэй хугарал, зүүн нүд, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байх ба эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр үүссэн байх боломжтой байна.

 - Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар тогтоогдсон зүүн уушгины урагдсан шарх, цээжний зүүн хөндийн хий хуралдалт гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд, 2.3.1-д зааснаар 8, 9-р хавирганы зөрөөтэй хугарал нь гэмтлийн хүндэвтэр, 2.4,1-д зааснаар зүүн нүд, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 25-26/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 19/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 21/

- Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд /хх-ийн 34-43/

- ХААН банкны дансны хуулга /хх-ийн 44-56/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 60-61/

- Шүүгдэгч *******ын Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 66/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч ******* нь согтуугаар Дорнод аймгийн сумын 2 дугаар баг ******* ******* тоотод буюу гэртээ 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчим хохирогч ******* машины түлхүүр аваад өгсөнгүй гэх шалтгааны улмаас цээж рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь зүүн уушгины урагдсан шарх, цээжний зүүн хөндийн хий хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч О., гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 316 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  Шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******ыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жил 4 сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ыг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жил /нэг/ 4 сарын /дөрөв/  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА