| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2018/00332/и |
| Дугаар | 153/ШШ2018/00287 |
| Огноо | 2018-05-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 153/ШШ2018/00287
| 2018 оны 05 сарын 14 өдөр | Дугаар 153/ШШ2018/00287 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Д.Э-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 153/2018/00332/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Э нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1968 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төрсөн. Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн сургуулийг 1984 онд, Манхан сумын 10 жилийн дунд сургуулийг 1986 онд тус тус төгссөн. Сургуулиа төгсөөд эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн саальчнаар томилогдон 1986 оноос 1994 онд нэгдэл тартал ажиллаж байсан. Манай аав Д нь 1981 онд өвчний учир нас барж манай ээж Жимбээ нь өрх толгойлон үлдсэн. Тухайн үед миний бие гэр бүлтэй болоогүй байсан тул миний хөдөлмөр өдрийн хөлс ээжийн нэрээр бичигдэж байсан. 1991 онд миний бие Сүрэнгийн Мөнхдалайтай гэр бүл болж тусдаа гарсан юм. Намайг 1986 оноос 1990 оныг дуустал Мөнххайрхан сумын Оч нэгдэлд саальчнаар ажиллаж байсаныг гэрчлэх, тухайн үед малчнаар ажиллаж байсан Ц.Б, агентаар ажиллаж байсан Б.Ц нарын тодорхойлолт болон Ховд аймгийн Архивын тасгийн лавлагаа зэрэг баримтуудыг үндэслэн намайг 1986 оноос 1990 оныг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагч Д.Э нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “Миний бие тус шүүхэд хандаж ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан. Би Ховд аймгийн Мөнххайрхан суманд 32 жилийн турш мал маллаж амьдарч байна. Манай гэр бүлийн хүн нас барсан бөгөөд би нэг хүүхдийн хамт мал малладаг. Миний хувьд ар гэрийн бүл чадал муутай, дахин дахин аймгийн төвд хүрэлцэн ирэх боломжгүй. Иймд миний хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзээд хэргийг яаралтай шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Д.Э нь тус шүүхэд хандаж хэргийг яаралтай шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэснийг тэмдэглэв.
Хүсэлт гаргагч Д.Э нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1986 оноос 1990 оныг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Э нь 1986 оноос 1990 оныг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд саальчнаар ажиллаж байсан болох нь
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 105 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг бригадын 1986 оноос 1990 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс, /хх-ийн 9-14 дүгээр хуудас/
- Хүсэлт гаргагч Д.Э-ний Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтрийн эх хувь /хх-ийн 36-48 дүгээр хуудас/
-Гэрч Б.Ц-ийн ...Би 1985 оны 06 дугаар сараас 1988 оны 08 дугаар сарыг хүртэл цэргийн алба хаасан. 1988 оноос 1992 оныг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг бригадын Улиаст хэсэгт агентаар ажиллаж байсан. Д.Э нь 1986 онд Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуулийг төгссөн. 1986 оны 06 дугаар сараас Ховд аймгийн Мөнхайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадын Улиастын хэсэгт ээж Жимбээгийн хамт саальчнаар ажиллаж байсан. Д.Э нь 1990 оныг дуустал ажилласан. Ховд аймгийн Мөнххайрхан суманд Оч нэгдэл гэж байсан. Оч нэгдэл 1992 оны сүүлээр тарсан. Мөнх-Оргил хувьцаат компани болсон. Д.Э нэгдэл тарсан үеэс хойш буюу 1992 оноос өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг, Хаг багуудад мал маллаж амьдарч байна. Д.Э-ы аавыг нь Д, ээжийг нь Ж гэдэг байсан. Д.Э-ний эцэг эх нь Ховд аймгийн Мөнхайрхан сумын Оч нэгдэлд насаараа малчнаар ажиллаж байсан. Бид хамтдаа нэг сум нэгдэлд олон жил ажиллаж байсан хүний хувьд Д.Э-ний ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна... гэх гэрчийн мэдүүлэг,
-Гэрч Ц.Б ...Би 1988 онд Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуулийг төгссөн. Улмаар 1988 оны 06 дугаар сараас 1990 оныг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг бригадын Улиаст хэсэгт малчнаар ажиллаж байсан. Д.Э нь 1986 онд Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуулийг төгссөн. 1986 оны 06 дугаар сараас Ховд аймгийн Мөнхайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадын Улиастын хэсэгт ээжийн хамт саалчнаар ажиллаж байсан. Ховд аймгийн Мөнххайрхан суманд Оч нэгдэл гэж байсан. Оч нэгдэл 1992 онд тарсан. Мөнх-Оргил хувьцаат компани болсон. Д.Э нэгдэл тарсан үеэс хойш буюу 1992 оноос өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багт мал маллаж амьдарч байна. Бид хамтдаа нэг сум нэгдэлд олон жил ажиллаж байсан хүний хувьд Д.Э-ний ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Э-ний ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Э-г 1986 оноос 1990 оныг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ