| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2022/0164/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/165 |
| Огноо | 2022-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сарантуяа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/165
2022 05 18 2022/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ
Улсын яллагч Б.Сарантуяа
Шүүгдэгч Н.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Сарантуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатигин овогт Нарантуяагийн Оюун-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2221001040144 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, номын санч мэргэжилтэй, Хэрлэн сумын 1 дүгээр сургуульд номын санчаар ажилладаг, ам бүл З, ээж охины хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 11-07 тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хатигин овогт Нарантуяагийн Оюун-Эрдэнэ. /РД: ЖЭ88072067/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Оюун-Эрдэнэ нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 09 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаагаа явуулдаг 3 дугаар цэцэрлэгийн коридорт С.Үднарантай үл ялих шалтгааны улмаас маргалдаж биед нь баруун чамархай, хацарт зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, баруун хөмсөг орчим, хүзүү эрүүний зурагдсан зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:Шүүгдэгч Н.Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... Тухайн үед хүүхдүүдийг маань зөвшөөрөлгүй авч явснаас болж маргаан болсон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч С.Үднарангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ажил дэрээ байж байхад 09 цагийн үед манай нөхрийн өмнөх эхнэр Оюун-Эрдэнэ гэх хүн манай өрөөнд орж ирээд надад хандаж чи муу яахаараа өчигдөр орой Майдарыг /9 настай хүү нь/ гэрт авчирч өгдөггүй юм бэ, хөгшин янхан чинь гэж орилж бахираад, дайрч давшлаад байсан. Тэгэхээр нь би түүнд хандаж өчигдөр орой гэрт асуудал гараад хүргэж өгч чадсангүй, чи өөрөө ирээд авахгүй яасан юм, авахыг чинь хориглоогүй гэж хэлэхэд тэр битгий хуцаад бай, п..... минь гээд хараалыг үг хэлээд миний гэдэс рүү түлхээд байсан. ...Тэгээд Оюун-Эрдэний араас гарахад тэр анги ангийн хаалгыг нүдэж байгаад хүүхдүүдийнхээ хувцсыг өмсүүлээд гарах гэж байх үед нь би дэргэд нь очиход хүүхдүүдийнхээ дэргэд намайг дахин хараалын үгээр хэлж бахираад байсан. Тэр үед нярав Мөнхцэцэг дуугаа намсага, энд хүүхдүүд байна гэж хэлж байсан. Би Оюун-Эрдэнэд хандаж чи хүүхдийн байгууллагад орж ирчихээд арай ингэж болохгүй, чи бас багш хүн шүү дээ гэж хэлсэн чинь намайг цохиж, маажихаар нь би үснээс нь зулгааж доош нь дарсан. Миний баруун хөмсөгт зулгаралт үүссэн, эрүү болон хүзүү хэсэгт мөн зулгарч улайсан байсан... Цаашид сорив арилгах эмчилгээ хийлгэх бодолтой байна. Би Оюун-Эрдэнэд гомдолтой байна, миний ажил дээр ирж намайг болон хамт олныг минь доромжилсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-13/
Гэрч Б.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Эрхлэгчийн өрөөнд ороход үл таних эмэгтэй хүн ташаагаа тулчихсан эрхлэгч Үднаранг хүүхдийн хичээл хийлгэсэнгүй, хүүхэд авч яваад хүргэж өгсөнгүй гээд бахираад байж байсан. Би түүнд хандаж та чимээгүй бай, хүүхдийн байгууллагад байна, дуугаа намсага гэж удаа дараа хэлсэн боловч намайг үл тоон, эрхлэгч Үднаранг хөгшин янхан гэх мэтээр хэлээд байсан. ...хүүхдээ аваад ангиас гарч ирэхдээ нөгөө муухай хараалын үгээ хэлээд байхаар нь эрхлэгч чи хүүхдийн байгууллагад орж ирчихээд ингэж болохгүй гэж хэлэхэд тэр эмэгтэй эрхлэгч Үднаранг самардаад маажих шиг болсон. Тэгсэн чинь нь Үднаран тэр эмэгтэйг яаж байгаа юм бэ гээд үснээс нь зулгаахаар нь би очоод салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/
Шүүгдэгч Н.Оюун-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Үднаран манай гэрээс миний зөвшөөрөлгүй хүүхдүүдийг минь авч явсан... Ингээд охиноо авах гээд очихдоо С.Үднарантай миний хүүхдүүдийг зөвшөөрөлгүй авч явсан гэх шалтгаанаар маргалдсан. Маргалдаж байхдаа би Үднарангийн зүүн хацар хэсэгт нь нэг удаа алгадсан чинь миний үснээс зулгааж бид хоёрыг зууралдаж байхад тухайн цэцэрлэгийн ажилчид салгасан. Би С.Үднарангийн биед халдсан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 266 тоот дүгнэлтэд:
1. С.Үднарангийн биед баруун чамархай, хацарт зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, баруун хөмсөг орчим, хүзүү, эрүүний зурагдсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.
З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэжээ. /хх-ийн 27-28/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07/
- Гэрч Д.Энхжаргалын мэдүүлэг /хх-ийн 17-18/
- Гэрч Б.Санчирцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 22/
- мөГэрч Д.Баярмаагийн мэдүүлэг /хх-ийн 25/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/
- Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 31, 37-41/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Н.Оюун-Эрдэнэ нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Шүүгдэгч Н.Оюун-Эрдэнэ нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 09 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаагаа явуулдаг 3 дугаар цэцэрлэгийн коридорт С.Үднарантай үл ялих шалтгааны улмаас маргалдаж эрүүл мэндэд нь баруун чамархай, хацарт зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, баруун хөмсөг орчим, хүзүү эрүүний зурагдсан зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Н.Оюун-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Үднаран, гэрч Б.Мөнхцэцэг, Д.Энхжаргал нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 266 тоот “С.Үднарангийн биед баруун чамархай, хацарт зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, баруун хөмсөг орчим, хүзүү, эрүүний зурагдсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Хатигин овогт Нарантуяагийн Оюун-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Н.Оюун-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Н.Оюун-Эрдэнэ нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.
Шүүгдэгч Н.Оюун-Эрдэний үйлдлийн улмаас хохирогч С.Үднарангийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч Н.Оюун-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Хатигин овогт Нарантуяагийн Оюун-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хатигин овогт Нарантуяагийн Оюун-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нарантуяагийн Оюун-Эрдэнийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оюун-Эрдэнэ нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Оюун-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА