Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар  2022/ШЦТ/173

 

 

 

2022        05         25                                             2022/ШЦТ/173

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000186 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, хүүгийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* гэх газарт оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. /РД: *******3/

           

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 13 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн ******* үл ялих зүйлээс болж маргалдан улмаар машины данхраад төмрөөр толгойн тус газарт нь цохиж биед дагз, духны язарсан шарх, баруун тохой, нуруу, зүүн бугалгын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Би 2022 оны 04 дүгээр сарын 09-ний бямба гарагт ...сунгаа үзсэн. Тэгээд нутгийн таньдаг найз нөхдийн хамт олуулаа 2-3 шил архи хувааж уусан. Тэнд явж байсан Istana маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлд уяачид сууж морь дагасан. Тэгэхэд нь би хамт сууж явсан. Тэр машинд нутгийн танидаг дүү ******* гэх залуу хамт байсан. Тухайн үед *******тэй ямар нэгэн асуудлаас болж муудаж, маргалдаагүй. Гэтэл намайг морь дагаж ирээд машинаас буугаад цааш явж байхад ******* миний араас толгойн тус газарт төмрөөр цохиж унагаад намайг цохисон. Хамт явж байсан Баясаа, Бямбаа нар *******г болиулсан гэсэн. Цохиулснаас болоод ухаан санаа манарсан. Нэг мэдсэн чинь эмнэлэг дээр очсон байсан. Миний толгойн ар дагз хэсэгт хоёр оёдол, баруун нүдний дээд талд хоёр оёдол тавьсан. Дараа нь тэнд байсан саарал Istana маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Баясаа ахаас асууж тодруулахад ******* машин дотроос данхраадны төмөр иш аваад түүгээрээ чиний толгойн тус газарт цохисон гэж хэлсэн. ...сумын төвөөс аймаг руу ирж очсон унааны зардал 40,000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, эмчилгээнд 30,000 төгрөг нийт 78,000 төгрөгийн хохирол учирсан. ...Гэхдээ энэ хохирлыг би заавал *******гөөс гаргуулах шаардлагагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 13 цагийн орчимд таньдаг дүү саарал өнгийн Istana маркийн тээврийн хэрэгслийг гуйж аваад сумын төвийн зүүн урд талд байдаг хурдан морь уралдааны газарт очсон. Тухайн үед сумын хэдэн уяачид нийлж 5 насны морины сунгаа хийсэн. Би ...машиндаа хэдэн уяачид суулгаж морь дагасан. Миний мэдэхээс сумын орлогч дарга , ******* болон өөр нутгийн хэдэн уяачид сууж соёолон насны морь дагасан. Энэ үед машинд сууж явсан хүмүүс хоорондоо юу ярьж явсныг сайн мэдэхгүй байна. .., ******* нар машинаас хамгийн сүүлд буусан. Би ч машинаас буугаад цаашаа гүйж түрүү морин дээр очих замдаа эргээд харахад машины наад талд доошоо тонгойн толгойгоо бариад өвдөглөөд сууж байсан. Харин ******* гартаа машин дотор байсан данхраадны төмөр иш бариад зогсож байсан. Харсан даруйдаа тэр хоёр руу буцаж очиход толгойн аль хэсгээс цус гараад байгаа нь мэдэгдэхгүй цусандаа хутгалдсан байсан. *******г холдуулаад ыг маш түргэн өргөж машинд суулгаад эмнэлэгт хүргэсэн. Би , ******* нарыг юунаас болж муудаж, маргалдсаныг нь мэдэхгүй. ... , ******* нар л машинаас хамгийн суулд буугаад ард үлдсэн. Өөр хэн нэгэн тэр хоёрын хажууд байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед ахтай морь дагаж байгаад уралдааны морьдыг арай ойроос эргүүлээд уралдуулчихгүй юу даа гэж хэлэхэд ах надад хандаж чиний мэддэг зүйл биш, чи дуугүй бай гэсэн. Тэгэхээр нь би тухайн үед дуугүй болоод өнгөрсөн. Тэгээд соёолон насны морьд эргээд бариандаа ороход машин дотор сууж байсан хүмүүс бүгд морь руу гүйлдээд, машин дотор ах бид хоёр үлдэж, хамгийн сүүлд буусан. Машинаас буугаад ахад олон хүний дэргэд намайг эвгүй байдалд орууллаа гэж хэлэхэд ах намайг заамдаж аваад чи муу юу гээд байгаа юм бэ гээд хойш түлхсэн. Арагш гараараа тулах үед Istana маркийн машины хаалга онгорхой шалан дээр нь нарийн төмөр байхаар нь гартаа бариад ахын толгойн тус газарт нь цохисон. ... ах намайг доромжилсон өнгө аястай, үл тоосон, дээрэнгүй харьцаад байсан. ...Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна. Мөн прокурорын тогтоолд дурдагдсан зүйл ангитай санал нийлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 305 тоот дүгнэлтэд:

1. биед дагз, духны язарсан шарх, дагз, баруун тохой, нуруу, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.

З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэжээ. /хх-ийн 22-23/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/

- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-09/

- Анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 24/

- Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх  баримтууд /хх-ийн 44-47/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 13 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн ******* үл ялих зүйлээс болж маргалдан улмаар машины данхраадны төмрөөр толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь дагз, духны язарсан шарх, баруун тохой, нуруу, зүүн бугалгын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Цэдэнбадрал, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 305 тоот “... биед дагз, духны язарсан шарх, дагз, баруун тохой, нуруу, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******д таван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 см диаметртэй 55 см урт голдоо нүхтэй данхраадны нарийн төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  ******* *******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 см диаметртэй 55 см урт голдоо нүхтэй данхраадны нарийн төмөр 1 ширхэгийг устгахыг Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА