| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2018/01220/И |
| Дугаар | 1414 |
| Огноо | 2018-04-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 1414
| 2018 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 101/ШШ2018/01414 | Улаанбаатар хот |
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн * хороо, Нисэх * тоотод оршин суух, Т овогт Г М /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн * хороо, * тоотод оршин суух, Б овогт Д С /РД:*********/,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн * хороо, * тоотод оршин суух, Б овогт Н С /РД:*********/ нарт холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М, хариуцагч Д.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2017 оны 08 сарын 28-ний өдөр Н.Стай аман хэлцэлийн үндсэн дээр 4,500,000 төгрөгийг 10%-ийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлүүлэхээр болж түүний эхнэр Д.Сгийн дансанд 2,600,000 төгрөг, 1,900,000 төгрөгийг шилжүүлсэн.
Зээл төлөх хугацаандаа Д.С, Н.С нар мөнгөө төлөөгүй, 11 сард 2 сарын хүү гэж 1,000,000 төгрөг шилжүүлээд дахиж мөнгөө өгөөгүй. Үүнээс хойш мөнгөө төлөхгүй байсан тул би хүү авахгүй, үндсэн мөнгөө төл гэж шаардахад 2018 оны 02 сарын 01-нд 1,500,000 төгрөг өгсөн.
Иймд Н.С, Д.С нараас үлдэх 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан өмнө нь авсан мөнгийг хасаж тооцоод 2,000,000 төгрөг авахад татгалзах зүйлгүй гэв.
Хариуцагч Н.С, Д.С нар шүүхэд гаргасан бичгийн тайлбар, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Моос 2017 оны 08 сарын 29-ний өдөр 2,600,000 төгрөг 2017 оны 08 сарын 31-ний өдөр 1,900,000 төгрөг зээлсэн нь үнэн. Анх манай нөхөр Н.Сд 10%-ийн хүүтэй гэж хэлсэн боловч Д.С надтай уулзаад хүүгээ болъё та нар авсан мөнгөө өгчих гэж хэлээд надаар гараар бичүүлж авч явсан.
Дээрх 4,500,000 төгрөгөөс 1,000,000 төгрөг дансаар төлсөн. Сүүлд эгч Саранцэцэгийн данснаас 1,500,000 төгрөг шилжүүлсэн.
Би лангуугаа ажлуулахгүй байгаа ээжийн бие муу зэргээс мөнгийг төлж чадаагүй хүү төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.
Н.С Д.С нар нь гэр бүлийн хүмүүс мөнгө авснаа хүлээн зөвшөөрдөг, гэхдээ хариуцагч нь Н.С биш мөнгийг Д.Сгийн данс руу 2 удаа шилжүүлсэн тул Н.Сд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Н.С, Д.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.С нь хүү төлөхийг зөвшөөрөхгүй үлдсэн 2,000,000 төгрөгийг төлнө мөнгө миний дансанд орж, би баримтыг бичиж өгсөн, Н.С хариуцагч биш гэж маргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй” мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д ”хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй,” 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна.” гэж тус тус хуульчилсан.
Нэхэмжлэгч Г.Мын нэхэмжлэлд дурдсан энэ хэрэгт хариуцагчаар татагдсан Н.С нь тухайн шаардлагыг хариуцах этгээд биш тул түүнд холбогдох нэхэмжлэлийг үндэсгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Харин Г.М Д.С нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн тул нэхэмжлэгч Г.М нь шаардах эрхтэй байна.
Г.М нь 2017 оны 08 дугаар сарын 29,31-ний өдрүүдэд Д.Сгийн 5081041082 дугаарын дансанд 2,600,000 төгрөг, 1,900,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөгийг шилжүүлсэн нь зохигчдын тайлбар, Хаан банкны баримтаар нотлогдсон.
Хариуцагч Д.С нь “ 2017 оны 08 дугаар сарын 28-нд иргэн Г.Моос 4,500,000 төгрөг 1 сарын хугацаатай зээлж авсан нь үнэн болно. Энэ хугацаанд 11 сард 1,000,000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн бөгөөд үлдэх мөнгийг төлж хийгээгүй байгаа.” гэж бичиж өгчээ.
Д.С нь 2017 оны 11 сард 1,000,000 төгрөг, 2018 оны 2 сарын 01-нд 1,500,000 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбар, Хаан банкны дансны хуулгаар тогтоогдсон нэхэмжлэгч маргаагүй.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж заасан.
Зохигчдын хооронд зээлийн гэрээ бичгээр хийгдээгүй бөгөөд нэхэмжлэгч Г.М нь хүү нэхэмжлэхгүй үндсэн мөнгөө авахад татгалзах зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Иймд хариуцагч Д.Сгаас 2,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Мод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөг болон хариуцагч Н.Сд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч Н.С нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн бичгийн хүсэлт шүүхэд ирүүлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Д.Сгаас 2,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Мод олгож, хариуцагч Н.С болон нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Мын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Сгаас 46,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ