Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 153/ШШ2018/00286

 

     2018 оны 05 сарын 14 өдөр

         Дугаар 153/ШШ2018/00286

                     Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ц.Я-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 153/2018/00250/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.Я

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Я нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1968 онд Ховд аймагт төрсөн. Ам бүл 3. Ээж охин хоёрын хамт амьдардаг. Анх 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдөр яслид туслах ажилчнаар ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн. 1993 онд Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгийн халтвартын төвд асрагчаар ажиллаж байсан. Улмаар 2001 оноос өвчний улмаас группд орсон учир ажлаасаа чөлөөлөгдсөн. 2002 оны 04 дүгээр сараас Ховд аймгийн эмнэлэгийн Халдвартын тасагтаа асрагчаар ажиллаж эхэлсэн. Миний 2002 оноос эхлэн ажиллаж эхэлсэн тухай даргын тушаал нийгмийн даатгалын дэвтэрт бичигдээгүй хэрнээ нийгмийн даатгалын шимтгэл нь бүрэн бичигдэн баталгаажсан байна. Ховд аймгийн Архивын газраас шүүлгэхэд миний ажилд орсон тушаал олдохгүй байна. Иймд намайг 2002 оноос 2007 оныг хүртэл Ховд аймгийн Нэгдсэн хүн эмнэлэгийн Халдвартын тасагт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Ц.Я нь 2002 оны 04 дүгээр сараас 2007 оныг хүртэл Ховд аймгийн Нэгдсэн хүн эмнэлэгийн Халдвартын тасагт асрагчаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ц.Я нь 2002 оны 04 дүгээр сараас 2007 оныг хүртэл Ховд аймгийн Нэгдсэн хүн эмнэлэгийн Халдвартын тасагт асрагчаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн 2003 оны 01 дүгээр сарын цалинийн карт /хх-ийн 5 дугаар хуудас/,

- Ховд аймгийн Халдвартын төвийн захирлын 1993 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 28 дугаар ажилд томилох тухай тушаал /хх-ийн 6 дугаар хуудас/,

Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн захирлын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 153 дугаар ажилд томилох тухай тушаал /хх-ийн 7 дугаар хуудас/

- Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгийн даргын 2001 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 69 дүгээр ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-ийн 8 дугаар хуудас/,

- Хүсэлт гаргагчийн 1995 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нээлгэсэн 296048 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

- Хүсэлт гаргагчийн 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нээлгэсэн 0155823 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 12 дугаар хуудас/,

- Хүсэлт гаргагчийн Ховд аймгийн Нэгдсэн хүн эмнэлэгийн Халдвартын тасагт асрагчаар ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зургууд,

- Хүсэлт гаргагчийн 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн яамны Жуух бичиг-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Б.Х-ийн .... Би 1976 онд Улаанбаатар хотын Анагаах ухааны сургуулийг эрүүл ахуйн ангиар суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд Өвөрхангай аймгийн Ариун цэврийн станцад 1976 оноос 1977 оны хооронд эрүүл ахуйч, бага эмчээр ажиллаж байсан. 1978 оноос Ховд аймгийн Ариун цэвэр, халдвар судлалын станцад халдвар судлагчаар 1990 оныг хүртэл ажиллаж байсан. 1990 оноос өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Ахуйн хортон шавьж, мэрэгч устгалын газарт даргаар ажиллаж байна. Ц.Я нь 2002 оноос 2007 оныг хүртэл Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгийн халдвартын тасагт асрагчаар ажиллаж байсан. Ховд аймгийн Ахуйн хортон шавьж, мэрэгч устгалын газар нь Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Халдвартын тасагт харъяалагддаг. Нэг үгээр хэлбэл бид хоёрын ажлын байр нэг газарт байдаг. Тухайн үед Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгийн халдвартын тасгийн эрхлэгч эмчээр Г.Оюунцэцэг, сувилагчаар П.Оюунаа, Ц.Оюундулам, асрагчаар Ш.Туяа, Ү.Дариймаа зэрэг 25 гаруй ажилтантай байсан. Ц.Я нь одоо Ховд аймгийн БОЭТ-ийн төрөх тасагт ээлжийн асрагчаар ажиллаж байна. Ц.Я нь асрагчаас өөр ажил хийж байгаагүй. Бид хамтдаа нэг эмнэлэгт олон жил ажиллаж байсан хүний хувьд Ц.Я-ийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна.... гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч Ш.Т-ийн ...Би 1987 онд Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр дунд сургуулийг төгссөн. Улмаар 1987 оны 07 дугаар сараас 1988 оныг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын Нэгдсэн эмнэлэгт мэс заслын тасагт асрагчаар ажиллаж байсан. 1988 оноос 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгийн Халдвартын тасагт асрагчаар ажиллаж байгаад 2011 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэд Ховд аймгийн БОЭТ-ийн төрөх, эмэгтэйчүүдийн тасагт асрагчаар ажиллаж байна. Ц.Я бид хоёр 2002 оноос 2007 оныг хүртэл Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгийн халдвартын тасагт асрагчаар хамтдаа ажиллаж байсан. Тухайн үед Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгийн халдвартын тасгийн эрхлэгч эмчээр Г.Оюунцэцэг, менежер сувилагчаас Ц.Тошилхүү, сувилагчаар П.Оюунаа, Ц.Оюундулам, асрагчаар Ц.Ягаанцэцэг, Ү.Дариймаа, Дүүмээ зэрэг 30 гаруй ажилтантай байсан. Ц.Я нь 2002 оноос 2007 оны хооронд ажиллаж байх хугацаандаа Эрүүл мэндийн яамны жуух бичиг авч байсан. Бид хамтдаа нэг эмнэлэгт олон жил ажиллаж байсан хүний хувьд Ц.Я-ийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна.... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц.Я-ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц.Я-г 2002 оны 04 дүгээр сараас 2007 оныг хүртэл Ховд аймгийн Нэгдсэн хүн эмнэлэгийн Халдвартын тасагт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Ц.Я-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ