Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/187

 

 

2022         06        02                                             2022/ШЦТ/187                             

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Ч.Мөнхзул

Хохирогчийн өмгөөлөгч Д.Ганхуяг

Хохирогч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

                 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Мөнхзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000182 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл З, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын З дугаар багт оршин суух,  гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* Зоригтбаатар. /РД: *******/

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 14 цагийн орчим Toyota Prius маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газарт замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.З-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх, мөн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх, мөн дүрмийн 3.4.б-д заасан “Хамгаалах бүсээр тоноглосон машин жолоодохдоо, хамгаалах бүс  хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож хохирогч , ******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

           

 

            Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би сумаас гараад ХХК руу ороод аваад наашаа 50 орчим км яваад машины урд талын дугуй хагараад нэг мэдэхэд дээшээ харсан байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

            Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:  “...Миний биеийн байдал муу сууж болохгүй, хэвтрийн байдалтай байна. Энэ хүн намайг эрүүл саруул болгоно гэж хэлээд алга болсон. Эмнэлгийн зүгээс намайг хэвтрийн дэглэм барь, одоохондоо эмчилгээ хийхгүй, хэсэг хугацааны дараа физик эмчилгээ хийлгээрэй гэж хэлсэн. Би өөрөө сайн хөдөлж чадахгүй, байнга хэвтрийн байдалтай хүний асаргаанд байгаа учир хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай байдаг учраас хар чавга, жүүс гэх мэт хүнсний зүйлийг авсан. Мөн аймагт таньж мэдэх хүнгүй учир айлын гэр сарын 250,000 төгрөгөөр түрээслээд ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Зайлшгүй хэрэгтэй ахуйн хэрэглээний зүйл авч хэрэглэсэн. Би осолд ороогүй байсан бол ийм зардал гаргахгүй, ажлаа хийгээд цалингаа авах боломжтой байсан учир миний хохирлыг барагдуулж өгнө үү. Цаашид эмнэлэгт үзүүлэх, эмчилгээ хийлгэх зардлыг гаргуулах хүсэлтэй байна...” гэв.

 

            Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... тухайн өдөр 13 цаг өнгөрч байхад жолооч ирж намайг ажил дээрээс авсан.  Надтай хамт 4 хүн болсон. Би машины арын суудалд сууж явсан. Сумаас 50 орчим км газарт явж байсан гэсэн. Би тухайн үед унтаж байсан болохоор машин осолд орохыг мэдээгүй. Нэг мэдэхэд намайг машинаас гаргаж байсан. Машинаас гарахад зүүн мөр хөдлөхгүй их хөндүүр өвдөөд байсан. Харин зам хэсэг газар ховилтой байсан. Машины арын шил хагарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

 

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр сумын иргэн *******ай түүний эзэмшлийн Toyota Prius-11 маркийн тээврийн хэрэгсэлтэй дөрвүүлээ гарсан. Би жолоочийн хажуу талд сууж явсан. Сумаас гараад 50 орчим км ******* сумын 1 дүгээр багт байх хар зам орохоос 10-д км дутуу байхад машин гэнэт хөндөлсөөд шарваад өнхрөөд дугуй нь дээшээ хараад зогссон...”  гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/

 

            Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Би 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 12 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн ДОР улсын дугаартай Toyota Prius-11 маркийн машиндаа өөрөөсөө гадна 3 хүн суулгаад, өөрөө жолоо бариад явсан.  Сумаас гараад 50 орчим км газарт явж байхад замын ховил таарч жолоочийн эсрэг талын урд дугуйгаар дайраад цохигдсон. Тэгээд машин нэг өнхрөөд зогссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/

 

            Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн магадлагаанд:

            Дорнод аймгийн ******* сумын З дугаар багийн нутаг гэх газарт иргэн нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр 14 цагийн орчимд дор улсын дугаартай Toyota Prius-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 3.4.Б-д ”Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо, хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна“ гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна гэжээ. /хх-ийн 69/

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 302 тоот дүгнэлтэд:

            1. *******ийн биед бүсэлхий нурууны 3-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна... гэжээ. /хх-ийн 59-60/

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 13 тоот нэмэлт шинжээчийн дүгнэлтэд:

            1. *******ийн биед сээрний 12, бүсэлхий нурууны 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо.

            2. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна... гэжээ. /хх-ийн 34-35/

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 303 тоот дүгнэлтэд:

            1. ын биед зүүн эгэм ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..."

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна... гэжээ. /хх-ийн 55-56/

 

            -Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/

            -Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-10/

            -Зам тээврийн осол дээр тогтоосон акт  /хх-ийн 11/

            -Зам тээврийн осолд холбогдсон Toyota Prius-11 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12/

            -Гэрч мэдүүлэг /хх-ийн 25-26/

            -Гэрч мэдүүлэг /хх-ийн 29-30/

            -Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 36-40/

            -Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 41/

            -Гранд мед эмнэлгийн рентген зураг /хх-ийн 42-45/

            -Иргэний болон жолооны үнэмлэхний хуулбар /хх-ийн 78, 80/

            -Шүүгдэгч *******ын хувийн байдлын талаарх баримтууд, ХААН банкны дансны хуулга /хх-ийн 82-86/

            -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87/

            -Хохирлын талаарх баримтууд /хх-ийн 89-92, 94-96/

            - Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарын гаргаж өгсөн хохирлын талаарх 6 хуудас баримт /1 хуудсанд 24 ширхэг E-баримт наасан/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

            Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 14 цагийн орчим Toyota Prius маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газарт замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.З-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх, мөн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх, мөн дүрмийн 3.4.б-д заасан ”Хамгаалах бүсээр тоноглосон машин жолоодохдоо, хамгаалах бүс  хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож хохирогч , ******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч , *******, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн магадлагаа, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 302 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 13 тоот нэмэлт дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 302 тоот дүгнэлт, шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, зам тээврийн осолд холбогдсон Toyota prius-11 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осол тогтоосон акт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч , ******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь хохирогч д 2,133,220 төгрөг, хохирогч *******т 1,312,260 төгрөгийн эмчилгээний зардлуудыг тус тус төлж барагдуулжээ.

 

            Хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “гомдол, санал байхгүй, хохирлоо бүрэн авсан тул цаашид нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогч д төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Харин хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлөгдсөн 1,312,260 төгрөгөөс гадна ажилгүй байсан хугацааны цалин, өмгөөлөгчийн хөлс, эмчилгээний болон бусад зардалд нийт 5,840,451 төгрөгийг шүүгдэгч *******аас нэхэмжилсэн бөгөөд тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “...Эмнэлгийн зүгээс намайг хэвтрийн дэглэм барь, одоохондоо эмчилгээ хийхгүй, хэсэг хугацааны дараа физик эмчилгээ хийлгээрэй гэж хэлсэн. Би өөрөө сайн хөдөлж чадахгүй, байнга хэвтрийн байдалтай хүний асаргаанд байгаа учир хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай байдаг учраас хар чавга, жүүс гэх мэт зүйлийг авсан. Мөн аймагт таньж мэдэх хүнгүй учир айлын гэр сарын 250,000 төгрөгөөр түрээслээд ээжтэйгээ хамт амьдарч байна. Удаан хугацаагаар аймагт байгаа тул ахуйн хэрэглээний зүйл авч хэрэглэсэн. Би осолд ороогүй байсан бол ийм зардал гаргахгүй, ажлаа хийгээд цалингаа авах боломжтой байсан учир миний хохирлыг барагдуулж өгнө үү...” гэж мэдүүлдэг.

 

            Хохирогч *******ийн шүүхэд ирүүлсэн хохирлын баримтуудыг шинжлэн үзвэл:

            Хохирогчийн өмгөөлөгч байгуулсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний дагуу төлсөн 600,000 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцоогүй болно. Өөрөөр хэлбэл хохирогч *******ийн өмгөөлөгч авч эрх ашгаа хамгаалуулсан нь хуульд заасан заавал өмгөөлөгч авах үндэслэлд хамаарахгүй байх тул өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 600,000 төгрөгийг шүүгдэгчээр төлүүлэх үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Түүнчлэн хохирогч нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эмнэлгийн магадлагаатай байгаа бөгөөд “ ” ХХК-ний 21-р талбайн Үйлдвэрлэлийн баазад нэг сарын 380 ам.долларын цалин хөлстэй ажилладаг талаарх тодорхойлолтоос өөр баримт ирүүлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хохирогч ажилгүй байсан хугацааны цалинг шийдвэрлэх боломжгүй байна.

 

******* нь эмийн сангаас эм авсан болон ахуйн хэрэглээтэй холбоотой зардалд нийт 3,540,451 төгрөг нэхэмжилснээс 148,280 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч *******т олгуулахаар шийдвэрлэлээ.

 

/24 хүртэл дугаарласан E-баримтаас гаргуулсан зардлыг хүснэгтээр задалж харуулвал/

Баримтын дугаар

Тайлбар

Үнийн дүн

Эм, бараа авсан газар

Сар өдөр

1

Эм

28,000

Шингүнэ-1 эмийн сан

2022.05.14

2

Эм

12,500

Мянган сарнай эмийн сан

2022.05.22

3

Эм

44,800

Шингүнэ-1 эмийн сан

2022.05.25

5

Эм

15,300

Мянган сарнай эмийн сан

2022.05.17

6

Хар чавга

9,000

Хүнсний дэлгүүр

2022.05.02

7

Эм

2,000

Буйр эм тан ХХК

2022.05.18

8

Эм

8,880

Буйр эм тан ХХК

2022.05.26

13

Хар чавга

10,800

Хүнсний дэлгүүр

2022.05.25

14

Хар чавга

17,000

Хүнсний дэлгүүр

2022.05.05

Нийт

148,280

 

 

 

             Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хорыг хариуцан арилгахаас гадна мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг төлөх үүрэгтэй.   

 

Иймд хохирогч *******ийн эмчилгээ болон бусад зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч *******аас хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

            Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,  баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг дурдах зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч *******ийн нэхэмжилсэн 5,840,451 төгрөгнөөс өмгөөлөгчийн зардалд төлсөн 600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******аас 148,280 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгосугай.

 

5. Хохирогч ******* нь эмчилгээний  болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА