| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2018/00915/И |
| Дугаар | 1402 |
| Огноо | 2018-04-24 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 1402
| 2018 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 101/ШШ2018/01402 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, * хороо, * хороолол, * байр, * тоот А Ж РД:*********/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, * хороо, * хороолол, * байр, * тоотод оршин суух, Ч М /РД:**********/-д холбогдох,
орон сууц захиалан бариулах гэрээний төлбөрт илүү шилжүүлсэн 8,482,000 төгрөг, тус мөнгөнд төлсөн хүү 1,250,000 төгрөг нийт 9,732,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, гэрч Р.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Ж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн А.Ж миний бие Ч.Мтай 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр /гэрээнд 2015 он гэж алдаатай бичигдсэн/ Орон сууц захиалан бариулах гэрээ 33 тоот гэрээ байгуулсан ба тус гэрээгээр Сүхбаатар дүүргийн * хороонд баригдаж ашиглалтад орсон 45 айлын орон сууцнаас 43,66 метр квадрат талбай бүхий 7 давхар Е сууцны * тоот орон сууцыг 1 метр квадрат 2,000,000 төгрөгөөр тооцон нийт 87,320,000 төгрөгт тооцон худалдсан авсан билээ.
Ийнхүү тус гэрээг нотариатаар баталгаажуулан Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлэн Ш овгийн Аын Ж миний нэр дээр Сүхбаатар дүүргийн * хороо, 7-р хороолол /14181/ * байр, * тоот хаягт байрлах 43,66 метр квадрат талбай бүхий хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өмчлөгчөөр баталгаажуулж Ү-* тоот, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан билээ.
Дээрх Ү-* тоот үл хөдлөх хөрөнгийн дугаар бүхий орон сууцыг худалдан авахын тулд А.Ж би урьдчилгаа мөнгийг цуглуулан банкны бусад шалгуурыг хангасны үндсэн дээр К банк ХХК-тай 2016 оны 03 сарын 15-ны өдрийн ЗГ-121 тоот, жилийн 8 хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулсан. Тус зээлийг хүсэхдээ зээлийн үйлчилгээний хураамж, холбогдох даатгалын зардлуудыг тооцон мөн байрандаа тавилга авах зорилгоор зээлийн үнийн дүнг 96,000,000 төгрөгөөр тооцон зээл авсан болно.
Ингэхдээ зээлийн материалд зориулж Ч.Мтай харилцан тохиролцож 96,052,000 төгрөгөөр орон сууц худалдаж авсан маягаар гэрээг дахин байгуулж материал бүрдүүлж өгсөн ба зөрүү төлбөрийг Ч.М нь надад буцаан өгөхөөр тохиролцсон.
Ипотекийн зээлийн гэрээний дагуу К банк ХХК-иас 2016 оны 03 дугаар сарын *-ны өдөр 96,000,000 төгрөг миний дансанд орж ирсэн ба мөн тэр дариудаа автоматаар худалдагч Ч.Мгийн К банк ХХК-ний ********* тоот дансанд 96,052,000 төгрөг шилжин орсон болно.
Ч.М нь 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ 33 тоот гэрээний дагуу 87,320,000 төгрөгийг л авах ёстой байсан ба 2016 оны 03 дугаар сарын *-ны өдөр 96,052,000 төгрөгний зөрүү 8,732,000 төгрөгийг надад буцааж өгөхөөр тохиролцсон боловч буцаан өгөөгүй болно. Ч.Мгийн дансанд мөнгө шилжүүлснээс хойш өнөөдрийг хүртэл удаа дараа мөнгөө авахыг шаардсан боловч 2017 оны хавар 250.000 төгрөг өгсөн ба үлдсэн 8,482,000 төгрөгийг удахгүй өгнө гэж аргацаан төлөхөөс зайлсхийсээр өдий хүрлээ.
Мөн А.Ж би К банк ХХК-тай байгуулсан 2016 оны 03 сарын 15-ны өдрийн ЗГ-121 тоот Орон сууцны ипотекийн зээлийн гэрээний дагуу дээрх 8,482,000 төгрөгийн зээлийн хүүнд сарын 0.67 хувь буюу жилийн 8 хувийн хүүнд 2016 оны 03 дугаар сарын *-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 22 сарын турш 1,250,000 төгрөг төлсөн болно.
Иймд Орон сууц захиалан бариулах гэрээний төлбөрт илүү шилжүүлсэн 8,482,000 төгрөг, тус мөнгөнд төлсөн хүү 1,250,000 төгрөг нийт 9,732,000 төгрөгийг хариуцагч Ч.Мгаас гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Ч.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ч. М миний бие, А. Жтай 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 33 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулсан. Уг гэрээ ёсоор Сүхбаатар дүүрэг, * хороо, Үйлчилгээтэй 45-н айлын орон сууцнаас 43.66 талбай бүхий 7 дугаар давхрын “Е” сууц буюу * тоот байрыг метр квадрат нь 2,200,000 төгрөгөөр бодож нийт 96,052,000 худалдсан. А.Ж нь уг орон сууцыг худалдан авахдаа К банк ХХК-иас 8 хувийн хүүтэй авч, авсан бөгөөд 2015 оны 7 дугаар сараас эхлэн зээлээ хөөцөлдөөд 2016 оны 3 дугаар сард нь бүтэж, улмаар орон сууц худалдан авсны төлбөр нь орж ирсэн. Бид А.Жгийн төлбөрийг орж ирэхийг, 8 сарын хугацаанд хүлээж цаанаа хүү, төлсөөр л байсан бөгөөд байрыг нь өөр хүнд заралгүй хүлээж байсан болно.
Иймд Орон сууц захиалан бариулсан төлбөрт илүү шилжүүлсэн гэх 8,482,000 төгрөг тус мөнгөнд төлсөн хүү 1,250,000 төгрөг буюу нийт 9,732,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гэрч Р.З шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ:
Би нэхэмжлэгч А.Жтай хойно цуг сурч байсан бараг хуурай ах нь гэж явдаг, Ч.Мтай гэрээ хийж байр захиалахад би цуг очсон.
Тухайн үед энэ хоёрын хооронд 1мкв 2,000,000 төгрөгөөр тооцож байраа захиалж авна. Банкнаас зээл авахдаа 2,200,000 гэрээ хийж илүү мөнгөөр нь байраа тохижуулмаар байна гэх саналыг А.Жг тавихад Ч.М зөвшөөрч тохиролцон илүү мөнгийг нь А.Жд буцаан өгөхөөр тохирч байсан.
Сүүлд А.Ж ярихдаа Ч.Мг мөнгөө өгөхгүй байна, К банк ХХК-ийн зээлээр уг орон сууцыг барьсан тул түүний дансанд орсон мөнгийг нь К банк ХХК зээлэндээ татаад авсан миний мөнгийг буцааж өгөөгүй нэхээд байгаа гэж ярьж байсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Ж нь хариуцагч Ч.Мд холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээний төлбөрт илүү шилжүүлсэн 8,482,000 төгрөг, тус мөнгөнд төлсөн хүү 1,250,000 төгрөг, нийт 9,732,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ч.М нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, 1мкв 2,200,000 төгрөгөөр тооцохоор тохирч гэрээ хийсэн, 1 метр квадрат 2,000,000 төгрөгөөр тохиролцон хийсэн гэрээ нь татвар бага төлөх зорилгоор хийсэн гэрээ гэж маргасан.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчид Сүхбаатар дүүргийн * хороонд баригдаж буй иргэн Ч.Мгийн үйлчилгээний 45-н айлын орон сууцнаас 43,66 метр квадрат талбай бүхий 7-р давхрын “Е” сууц буюу * тоот байрыг 1 метр квадратын үнийг 2,000,000 төгрөгөөр тооцон 87,320,000 төгрөгөөр авахаар 2015 оны 03 дугаар сарын 03-ний өдөр “орон сууц захиалан бариулах гэрээ”-г,
мөн 1 метр квадратын үнийг 2,200,000 төгрөгөөр тооцон 96,052,000 төгрөгт авахаар тохиролцон 2015 оны 07 дугаар сарын 03-ний өдөр “орон сууц захиалан бариулах гэрээ”-г тус тус байгуулжээ.
Нэхэмжлэгч нь дээрхи орон сууцыг захиалахдаа 1 метр квадратын үнийг 2,000,000 төгрөгөөр тооцон Ч.Мтай гэрээ байгуулж, К банк ХХК-ийн 8%-ийн орон сууцны зээлийн материал бүрдүүлэн өгөхдөө Ч.Мтай тохиролцон /байрандаа тавилга авах зорилгоор/ 1 мерт квадартын үнийг 2,200,000 төгрөгөөр тооцон дахин гэрээ хийж уг гэрээг үндэслэн К банк ХХК-иас 96,000,000 төгрөгийн зээлийг надад олгож, уг зээлийг Ч.Мгийн дансанд шилжүүлэхэд бүхэлд нь К банк ХХК түүний зээлийн төлбөрт татаж авсан, миний тавилга авах зорилготой зээлсэн 8,482,000 төгрөгийг буцаан Ч.М өгөөгүй, би удаа дараа нэхэж байж 250,000 төгрөг нэг удаа шилжүүлсэн, банкны хүүг сар бүр би төлж байгаа гэх тайлбар нь үнэн зөв үндэслэлтэй тайлбар гэж үзэхээр байна.
Хариуцагч Ч.Мгийн “2015 оны 03 дугаар сарын 03-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээг 1 метр квадратын үнийг 2,000,000 төгрөгөөр тооцон хийсэн нь үл хөдлөх хөрөнгийн татвар бага төлөх зорилгоор хийгдсэн гэж тайлбарласан” боловч нэхэмжлэгч А.Ж нь дээрх орон сууц захиалан бариулах гэрээний дагуу Нийслэлийн улсын бүртгэлийн газарт 2016 оны 03 дугаар сарын 10-ний өдөр 8732 төгрөгийн тэмдэгтийн хураамжид төлсөн нь хавтас хэрэгт авагдсан Улаанбаатар хотын банк ХХК-ний орлогын баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэв. /х.х-ийн 7,10 хуу/
Зохигчдын хооронд дээр орон сууцыг 1 метр квадратын үнийг 2,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч Ч.Мгийн “Барилга.мн” “сэтгүүлд 1 метр квадратын үнийг 1,900,000 төгрөгөөр захиалга авахаар ханшийн мэдээлэл өгч байсан нь” 2016 оны 3 сарын 70 дугаартай сэтгүүл, Ч.М нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр А.Жд 250,000 төгрөг /* тоот байрны зөрүү Мгаас/ шилжүүлсэн банкны баримт,
гэрч Р.Згийн “банкнаас зээл авахдаа 2,200,000 гэрээ хийж илүү мөнгөөр нь байраа тохижуулмаар байна гэх саналыг А.Жг тавихад Ч.М зөвшөөрч тохиролцон илүү мөнгийг нь А.Жд буцаан өгөхөөр тохирч байсан.” гэх мэдүүлэг зэргээр нотлогдов.
Нэхэмжлэгч А.Ж хариуцагч Ч.М нарын хооронд байгуулсан 1 метр квадратын үнийг 2,200,000 төгрөгөөр тооцсон 2015 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн “орон сууц захиалан бариулах гэрээ”-г үндэслэн А.Ж, К банк ХХК нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 15-ний өдөр “орон сууцны ипотекийн зээлийн гэрээг” байгуулагдан, 96,000,000 төгрөг, жилийн 8%-ийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар хийгджээ.
Зээлийн гэрээний дагуу 2016 оны 03 дугаар сарын *-ний өдөр 96,000,000 төгрөг, А.Жгийн К банк ХХК-ний дансанд орж, 2016 оны 03 дугаар сарын *-ний өдөр А.Ж Ч.Мгийн К банк ХХК-ийн дансанд 96,052,000 төгрөг шилжүүлсэн болох нь дансны хуулгаар нотлогдсон хариуцагч маргаагүй болно. /х.х-ийн 63 хуу/
Сүхбаатар дүүрэг * хороо 7-р хороолол /14181/ * байр * тоот 43.66 мкв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр А.Ж бүртгэгдэн Ү-* дугаарт гэрчилгээ авсан бөгөөд уг үл хөдлөх хөрөнгө нь К банк ХХК-нд барьцаалагдан А.Ж нь зээлийн гэрээний дагуу зээл төлдөг болох нь тогтоогдсон.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй.” мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д “бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж авч чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцаан өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ” гэж тус тус хуульчилсан.
Хариуцагч Ч.М нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул нэхэмжлэгч А.Ж нь шаардах эрхтэй гэж үзэв.
Иймд хариуцагч Ч.Мгаас орон сууц захиалан бариулах гэрээний зөрүү 8,680,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 250,000 төгрөгийг хасаж, 8,4*,000 төгрөг, К банк ХХК-нд төлсөн сар бүрийн хүү 56,481 төгрөг, 21 сарын 1,186,101 төгрөг, нийт 9,616,101 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Жд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 115,899 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6-д зааснаар хариуцагч Ч.Мгаас 9,616,101 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Жд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 115,899 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Жгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170,570 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ч.Мгаас 168,807 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Жд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ