| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2018/00871/И |
| Дугаар | 1484 |
| Огноо | 2018-05-01 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 1484
| 2018 оны 05 сарын 01 өдөр | Дугаар 101/ШШ2018/01484 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг * хороо, Тайм тауэр хүннү /13312/ гудамж *байр * тоотод оршин суух Б овогт Б Т /РД:****/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг * хороо Токиогийн гудамж * тоотод байрлах “С” ХХК /РД:********/-д холбогдох,
ажилласан хугацааны цалин, ээлжийн амралтын олговор 4,189,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Т, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Т миний бие “С” ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн контракт байгуулан компаний гүйцэтгэх захирлын албан тушаалд сарын үндсэн цалин 1,500,000 төгрөг байхаар тохиролцон ажилласан. Тус компанид ажиллах хугацаанд ажлын зөрчил дутагдал гаргаагүй гэрээгээр хүлээсэн ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан.
2017 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр өөрийн хүсэлтээр гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдөж, тус компанитай байгуулсан хөдөлмөрийн контракт дуусгавар болсон. Ажил олгогчоос 9,10 сарын цалин хөлснөөс тооцогдох шимтгэлийн бичилтийг Нийгмийн даатгалын дэвтэрт хийсэн боловч тэр хугацааны цалинг надад олгоогүй тул 9,10 сар болон 11 сарын ажилласан хугацааны цалин ээлжийн амралтын олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.
Нийгмийн даатгалын лавлагаагаар шимтгэл төлөөгүй болох нь гарсан, тус компани сар бүрийн цалингаа Хас банкны картаар олгодог байсан бөгөөд 9,10 сарын цалин 11 сард ажилласан 3 хоногийн цалин орж ирээгүй.
Иймд цалин 3,166,636 төгрөг, ээлжийн амралтын олговор 1,022,700 төгрөг, нийт 4,189,300 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч “С” ХХК-аас ажилласан хугацааны цалин хөлс 3,166,636 төгрөг, ээлжийн амралтын олговор 1,022,700 төгрөг, нийт 4,189,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч “С” ХХК-ний захирал Л.Э нь 2018 оны 03 дугаар сарын 15-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шүүхэд бичгийн тайлбар ирүүлээгүй.
“С” ХХК-ний захирлын 2017 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн 17/04 тоот тушаалаар Б.Тулгыг “С” ХХК-ний гүйцэтгэх захирлын албан тушаалд 2017 оны 07 сарын 16-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай томилжээ.
Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч “С” ХХК-ний ерөнхий захирал хувьцаа эзэмшигч Л.Э нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 15-ний өдрөөс эхлэн 6 сарын туршилтын хугацаатай, туршилтын хугацаанд контрактыг цуцлах тухай санал гаргаагүй тохиолдолд гэрээг 3 жилийн хугацаагаар сунгасанд тооцохоор, захирлын нэг сарын цалин 1,500,000 төгрөг байхаар тохиролцон контрактын гэрээ байгуулан хоёр тал гарын үсэг зурсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна.
Зохигчдын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан контрактийн гэрээ хийгдсэн гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Т нь 2017 оны 11 сарын 02-ний өдөр “С” ХХК-ний хувьцаа эзэмшигч Л.Эд “... Япон улсад амьдрах, суралцах төлөвлөгөөтэй тул өөрийн хүсэлтийн дагуу үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтэй байна.” гэсэн хүсэлт гаргасныг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн 23 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.
Нэхэмжлэгч Б.Тулгын нэг сарын үндсэн цалин 1,500,000 төгрөг болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Нийгмийн даатгалын дэвтэр, зохигчдын хооронд байгуулагдсан контрактын гэрээ зэргээр тогтоогдсон.
Нэхэмжлэгч нь сар бүрийн цалингаа Хас банкны ******* дугаарын дансаар авдаг бөгөөд түүний дансанд 2018 оны 09 сарын 14-ний өдөр “С” ХХК-аас 1,750,000 төгрөгийн цалинг шилжүүлсэн, 9,10 сарын цалин олгогдоогүй нь түүний дансны хуулга, Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрын лавлагаа, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдов.
Иймд хариуцагч “С” ХХК-аас 2018 оны 9,10 сарын цалин 3,000,000 төгрөг, 11 сарын 3 хоногийн цалин 209,301 төгрөг, ээлжийн амралтын олговор 784,878 төгрөг, нийт 3,994,179 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 195,121 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч “С” ХХК-нь өмгөөллийн “И Эл Би Партнерс” ХХН-д 2 жилийн хугацаатай итгэмжлэл олгож, “И Эл Би Партнерс” ХХН нь хуульч О.Цолмонд мөн хугацаагаар итгэмжлэл олгосон байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмонд 2018 оны 04-р сарын 24-ний өдөр шүүх хуралдааны мэдэгдлийг албан ёсоор мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүү нь түүний эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар хариуцагч “С” ХХК-иас 3,994,179 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 195,121 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Тулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-аас 78,856 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Тд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2-д зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ