Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 153/ШШ2018/00285

 

 

     2018 оны 05 сарын 14 өдөр

        Дугаар 153/ШШ2018/00285

                     Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: С.Д-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 153/2018/00251/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Д нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Сэлэнгэ аймгийн Мандал суманд амьдардаг. Би 1978 оноос 1981 оныг хүртэл цэргийн алба хаасан. Миний бие 1982 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Барилга угсралтын трестэд мужаанаар ажилд орж, 1991 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байсан. 1991 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд Өргөө пүүст нормчноор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний ажилд орсон, гарсан тушаал архиваас олдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг 1982 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестэд мужаанаар, 1991 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд Өргөө пүүст нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч С.Д нь 1982 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестэд мужаанаар, 1991 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд Өргөө пүүст нормчноор тус тус ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч С.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1982 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестэд мужаанаар, 1991 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд Өргөө пүүст нормчноор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч С.Д нь 1982 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестэд мужаанаар, 1991 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд Өргөө пүүст нормчноор тус тус ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 681 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Барилга угсралтын конторын даргын 1982 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 244 дүгээр ажилд томилох тухай тушаал, Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1990 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 145 дугаар ээлжийн амралт олгох тухай тушаал, Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 153 дугаар цомхотгол хийх тухай тушаал, Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1992 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 101 дүгээр шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, Ховд аймгийн Барилга угсралтын трестийн 1982 оноос 1989 онуудын цалингийн цэс /хх-ийн 3-15 дугаар хуудас/

- С.Д-ийн 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 21 дүгээр хуудас/

- Хүсэлт гаргагчийн 1982 оны 10 дугаар сард Ч.Сайнбаяртай хамт авахуулав гэх тайлбар бүхий гэрэл зураг /хх-ийн 29 дүгээр хуудас/

-Гэрч Ч.Сайнбаярын ...Би 1956 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Асгат гэх газар төрсөн. 1964 онд Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийн 1 дүгээр сургуульд элсэн орж 1972 онд 8 дугаар ангиа төгссөн. Улмаар 1972 оноос 1974 оны хооронд Баян-Өлгий аймгийн барилгын техник мэргэжлийн сургуульд суралцаж төгссөн. 1974 оноос 1975 оны хооронд Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт нормчноор, 1975 оноос 1978 оны хооронд ардын цэргийн алба хаасан. 1978 оноос 1992 оныг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестийн 4 дүгээр бригадад нормчоор тус тус ажиллаж байсан. 1992 оноос 1996 оныг хүртэл Ховд аймгийн Өргөө пүүст мужаанаар ажиллаж байсан. С.Д нь 1982 онд Ховд аймгийн Барилга угсралтын трестийн 4 дүгээр бригадад нормчоор ажилд орж байсан. Миний шавь байгаа юм. Бид хамтдаа 1982 оноос 1992 оныг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестэд нормчоор, 1992 оноос 1996 оныг хүртэл Өргөө пүүст барилгачинаар тус тус ажиллаж байсан. Ховд аймгийн Барилга угсралтын трест 1991 онд тарсан. Хаш түлхүүр компани болсон. Бид хамтдаа Ховд их сургуулийн урд талын 30 айлын байр, Захиргаааны байр, цэвэрлэх байгууламж, гурван цэнхэр зоогийн газар, 2 дугаар 10 жилийн сургуулийн дээд талын 60 айлын орон сууц, 72 айлын орон сууц зэрэг олон барилга дээр хамтдаа ажиллаж байсан. Барилга угсралтын трестийн даргаар Цогтдэлгэр, ерөнхий инженерээр Думбаа, ерөнхий нягтлан бодогч Батчулуун, гавъяат барилгачин Сандуйжав, Дүнгэнбай, Цэен-Ойдов, Цэдэнбал зэрэг олон хүн ажиллаж байсан. Нийт 1200 гаруй ажилтан байсан. С.Далхсүрэн нь ажиллаж байх хугацаандаа 1987 оны үед С.Д-ийн хийсэн ажил хөдөлмөрийг өндрөөр үнэлж Орос улс руу аялалаар явуулж байсан. Одоо ч гэсэн намайг багшаа гэж дууддаг. Ер нь бол анх мэргэжилгүй, дөнгөж цэргээс халагдаж ирээд миний шавь болж, ажилд орж байсан. Барилгачин, өрлөгчин, мужаан зэрэг даалгасан бүх ажлыг хийж гүйцэтгэж байсан. Бид хамтдаа нэг бригад, үйлдвэрт олон жил ажиллаж байсан хүний хувьд С.Д-ийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна. Бид 24 жилийн турш хамтарч ажилласан... гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч Д.Өөлдийн ...Би 1973 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн үйлдвэр бригадад туслах үйлдвэрийн ажилтнаар 1977 оныг хүртэл ажиллаж байсан. 1977 оны 06 дугаар сараас 1980 оны 08 дугаар сарыг хүртэл цэргийн алба хаасан. 1980 онд цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн Барилга угсралтын конторын 4 дүгээр бригадад мужаанаар ажилд орж 1993 оны 07 дугаар сарыг хүртэл ажиллаж байсан. 1993 оны 07 дугаар сараас 2003 оныг хүртэл Хас түлхүүр компанид мужаанаар ажиллаж байсан. С.Д нь 1982 онд Ховд аймгийн Барилга угсралтын конторын 4 дүгээр бригадад мужаанаар ажилд орж байсан. Бид хамтдаа 1982 оноос 1993 оныг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж байсан. Ховд аймгийн Барилга угсралтын трест 1993 онд тарсан. Хас түлхүүр компани болсон. Бид хамтдаа Ховд их сургуулийн урд талын 30 айлын байр, гурван цэнхэр зоогийн газар, 2 дугаар 10 жилийн сургуулийн дээд талын 60 айлын орон сууц, 72 айлын орон сууц зэрэг олон барилга дээр хамтдаа ажиллаж байсан. Барилга угсралтын трестэд гавъяат барилгачин Цэен-Ойдов, Гантулга, Чулуунбат, Гаанжуур, Ёндон-Од, Гаалиа, Хандсүрэн зэрэг олон хүн ажиллаж байсан. Ховд аймгийн Барилга угсралтын трестийн 4 дүгээр бригад нь 40-өөд ажилтантай байсан. С.Д нь 1986 онд аймгийн Залуучуудын аварга болж байсан. Нэртэй, төртэй сайн ажилтан байсан. Бид хамтдаа нэг бригад, үйлдвэрт олон жил ажиллаж байсан хүний хувьд С.Д-ийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна...., гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С.Д-ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

С.Д-ийн 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт “төрсөн он 1959” гэж бичилтийн алдаатай байх боловч уг хөдөлмөрийн дэвтэр дээр байгаа хүсэлт гаргагчийн зураг нь хавтаст хэргийн 16 дугаар хуудаст байх хүсэлт гаргагч С.Д-ийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар дээрх зураг болон холбогдох бусад нотлох баримттай тохирч байгааг тэмдэглэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С.Д-г 1982 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестэд мужаанаар, 1991 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд Өргөө пүүст нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар С.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ