Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 629

 

МАГАДЛАЛ

 

2017.03.06                                                  Дугаар 629                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Эко цонх” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/00095 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Эко цонх” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Комплант” ХХК-д холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 983 470 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 6 800 650 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Б.Отгонбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: “Эко цонх” ХХК нь “Комплант” ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан тус компанийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд шинээр баригдаж байсан ажилчдын байрны метал хаалга, хуванцар цонх, шилэн хаалт, шилэн хаалга зэрэг ажлыг нийт 8 988 980 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцож ажлаа хийж гүйцэтгэсэн. Гэрээний дагуу урьдчилгаа 2 000 000 төгрөг өгсөн. Ажил гүйцэтгэж дуусаад үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардахад нэг сар гаруйн дараа 3 000 000 төгрөг дансаар шилжүүлсэн. Үүнээс хойш удаа дараа захирал О.Баяртай уулзахад манайх одоохон мөнгөтэй болно, 7 хоногийн дараа өгье гэж хойшлуулсаар 2 жил гаруй өнгөрсөн боловч төлбөрөө барагдуулахгүй байх тул үндсэн төлбөр 3 988 980 төгрөг, алданги 1 994 490 төгрөг нийт 5 983 470 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Тус    байр нь ажилчдын хооллох, амрах, усанд орох зориулалттай жилийн 4 улиралд ашиглах байшин юм. Уг гэрээгээр “Эко цонх” ХХК нь 1 хаалга /2200x1700/, 27ш Р\/С вакум цонх, 1 ширхэг шилэн хаалт, 1 ширхэг шилэн хаалгыг хийж гүйцэтгэх байсан юм. “Эко цонх” ХХК байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2-т заасан гэрээний хугацаанд заасны дагуу уг ажлыг 2014 оны 8 дугаар сарын 12-ноос 19-ний хооронд хийж гүйцэтгэхээр заасан байсан юм. Гэтэл “Эко цонх” ХХК нь гэрээнд заасан хугацаандаа ажлаа эхлэлгүй ажил эхлэх хоног хугацаа алдаж, өөрсдийн буруугаас муу материал авчирч, буруу, дутуу хийж гүйцэтгэх зэргээр гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэлгүй 9 сарын сүүлээр чанарын шаардпага хангаагүй хаалга, цонх хийсэн байсан юм. Мөн хийж буй цонх нь буруу байрлалтай болж, цонхны жийргэвч резин, түгжээ чанар муутай, хаалганы түгжээ нь гацаж, гажиж онгойдоггүй, дулаан алдалт ихтэй, ашиглах боломжгүй цонх, хаалга хийж өгсөн юм. Ингээд 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээний 9-т заасны дагуу 40 хувийн төлбөрийг төлж барагдуулж үлдсэн төлбөрийг нь ажил дуусч, цонх хаалганы резин, түгжээг бүтэн солих, хаалганы гажилтыг янзалж өгсөний дараа ажил хүлээлцэж, төлбөрөө гүйцэтгэхээр тохиролцсон юм. Гэтэл “Эко цонх” ХХК нь цонх хаалганы резин, түгжээг бүтэн солих, хаалганы гажилтыг янзлах үүргээ гүйцэтгэлгүй, шаардлага хангахгүй цонх хийж, дулаан алдагдал их байснаас 2014-2015 оныг шилжих өвөл уурын зуухаас дулаан авч чадалгүй, хүйтэн өвөлжиж, ажилчдаа өөр газар усанд оруулах, ажилчид байрлах гэр түрээслэх зэрэг хохирол учраад байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т болон 9 дүгээр зүйлд заасны дагуу гүйцэтгээгүй үүрэг болох        3 988 980 төгрөг, алданги 1 994 490 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу 817 180 төгрөг, нийт 6 800 650 төгрөгийг “Эко цонх” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл нь ойлгомжгүй байна. Доголдолтой гүйцэтгэсэн гээд нэг цонхны зураг гаргаад өгсөн байдаг, тэр зураг нь хэний, юуны цонх юм бүү мэд. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “Эко цонх” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч “Комплант” ХХК-иас 5 983 470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Эко цонх” ХХК-д олгож, хариуцагч “Комплант” ХХК-ийн нэхэмжлэгч “Эко цонх” ХХК-д холбогдуулан гаргасан 6 800 650 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Эко цонх” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр урьдчилан төлсөн 110 700 төгрөгийн 110 685 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 15 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч “Комплант” ХХК-иас 110 685 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Эко цонх” ХХК-д олгож, хариуцагч “Комплант” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 123 770 төгрөгийн 123 760 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 10 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж хариуцагч “Комплант” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Гэрээнд заасан хугацааны дагуу "Эко цонх" ХХК-д урьдчилгаа төлбөр болох       2 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд түүнчлэн ажил гүйцэтгэх явцад "Эко цонх" ХХК-ийн хүсэлтээр 40 хувийн төлбөр болох 3 000 000 төгрөгийг өгсөн юм. Энэ бүх үйл явдал гэрээнд заасны дагуу болсон бөгөөд харамсалтай нь өнөөдрийг хүртэл "Эко цонх" ХХК гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд цаг хугацаа алдаж, удаа дараа шаардлага тавьж албан бичиг өгсөн боловч чанар муутай цонх, хаалга хийж гүйцэтгэсэн юм. Гэтэл "Эко цонх" ХХК нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т заасан хугацаанд гэрээт ажлаа хийж гүйцэтгээгүй бөгөөд удаа дараа шаардуулж, чанар муутай, буруу гүйцэтгэлтэй цонх хийж, дахин угсрах зэргээр цаг хугацаа алдаж удалгүй хийж гүйцэтгэсэн гэх цонхоо хүлээлгэн өгөлгүй алга болж, гэрээнд заасан баталгаат хугацаа дууссны дараа төлбөрөө авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн "ажил хүлээлцсэн акт" нь хууль бус хаанаас авсан нь тодорхойгүй, уг актаар юу хүлээлгэн өгсөн зэрэг нь баримтаар бүртгэгдээгүй байна. Мөн 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн үнийн санал, 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд тус тус НӨАТ ороогүй үнийг бичиж, баталгаат хугацааг зааж өгсөн юм. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Эко цонх" ХХК-ийг гэрээний үүргээ актаар хүлээлгэн өгсөн гэж үзэж төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнг тогтоохдоо "Эко цонх" ХХК-ийн дутуу хийж гүйцэтгэсэн ажлыг бусад ижил төрлийн цонх угсардаг байгууллагаар хийлгэхээр газар дээр нь үзүүлэхэд "уг цонхыг дахиж шинээр хийх болно. Энэ нь "Эко цонх" ХХК-ийн үлдэгдэл төлбөр 3 988 980 төгрөгөөс илүү гарах тул та бүхэн "Эко цонх" ХХК-иар уг цонхоо янзлуулах хэрэгтэй" гэж зөвөлснийг буруугаар тайлбарлаж бичиж шийдвэрлэсэн байна. "Комплант" ХХК нь цаг тухай бүрд нь "Эко цонх" ХХК-иас чанарын шаардлага хангасан хаалга, цонх хийлгэхээр гуйж, хүсэлт бичиж байсан юм. Гэтэл "Эко цонх" ХХК нь хүсэлтэд хариу өгөлгүй, баталгаат хугацаандаа нэг ч удаа засвар үйлчилгээ хийлгүй хугацааг нь дуусгасан байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т "Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна."гэж заасан бөгөөд "Эко цонх" ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байсан юм. Гэтэл шүүхийн шийдвэр нь "Комплант" ХХК-иас гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлэхгүй үлдээж, "Эко цонх" ХХК-ийн ямар ажил хүлээлцсэн нь зургаар нотлогдохгүй тамга тэмдэггүй баримтыг үнэлж, гэрээгээр НӨАТ-ын үнэ шингэсэн ажил үйлчилгээ үзүүлсэн ч үүний баримтыг хуулиар гаргуулах шийдвэрийг хэлэлцэлгүй үлдээж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар бараа, ажил үйлчилгээ худалдан   авсан нь баримтаар тогтоогдвол тухайн компани улсад төлөх татвараас хасуулж тооцуулах эрхтэй байдаг. Гэтэл "Эко цонх" ХХК нь НӨАТ шингэсэн ажил үйлчилгээ үзүүлсэн ч үүнийхээ баримтыг "Комплант" ХХК-д өгөхгүй байснаас 817 180 төгрөгний хохирол учраад байна. Иймд “Эко цонх” ХХК-иас "Ажил гүйцэтгэх гэрээ"-ний 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т болон 9 дүгээр зүйлд заасны дагуу гүйцэтгээгүй үүрэг болох 3 988 980 төгрөг, алданги 1 994 490 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу 817 180 төгрөг нийт 6 800 650 төгрөгийн "Эко цонх" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Эко цонх” ХХК нь хариуцагч “Комплант” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 983 470 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 6 800 650 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...ажил гүйцэтгэх гэрээгээр хийсэн ажлын хөлсний дутууг гэрээнд заасан алдангийн хамт гаргуулах...” гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...гүйцэтгэсэн ажил нь доголдолтой, ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй...” гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч нь 8 170 800 төгрөгийн хөлсөөр металл вакум хаалга, нэг онгойлттой цонх, шилэн хаалт, шилэн хаалга, татуурга хийх зэрэг ажлыг 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөрт багтаан гүйцэтгэхээр тохиролцсон байна.

Талууд гэрээндээ ажил гүйцэтгэх газрын хаягийг тодорхой заагаагүй ч хариуцагчид урьдчилан хүргүүлсэн үнийн саналд заасан ажлыг нэхэмжлэгч хийж, ажлын хөлсний урьдчилгаанд 5 000 000 төгрөгийг хүлээн авсан талаар зохигч маргаагүй.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг, гэрээгээр тохиролцсон алдангийн хамт шаардах эрхтэй, энэ талаар шүүх зөв дүгнэсэн байна.

Хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн аваагүй, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил нь доголдолтой байснаас ашиглах боломжгүй гэж тайлбарласнаа баримтаар нотолж чадаагүй байна.

Захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авч, гэрээгээр тохиролцсон хөлсийг төлөх үүрэгтэй бөгөөд ажлын үр дүнгийн доголдлын талаар хууль буюу гэрээнд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргах эрхтэй ч ажлын гүйцэтгэлтэй холбоотой доголдлын талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагчаас 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчид хүргүүлсэн гэх 2/73 тоот албан бичгийг нэхэмжлэгч хүлээн авсан эсэх нь тодорхойгүй байна.

Дээрх албан бичигт “...зарим цонх болон хаалгаар дулааны алдагдал их байгаа, цонх, хаалганы зарим материал захиалснаас өөр байгаа...” гэснээр ажлын үр дүнгийн доголдлын хэмжээг тодорхойлох боломжгүй юм.

Түүнчлэн ажлын үр дүнгийн доголдлыг нотлохоор хариуцагчаас гаргасан гэрэл зургуудыг хуульд заасан журмаар бүрдүүлсэн нотлох баримт гэж үнэлэх үндэслэлгүй болно.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...сөрөг нэхэмжлэлийг хангах...” гэж давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/00095 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 123 770 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

 

  ШҮҮГЧИД                                               Ш.ОЮУНХАНД

 

                                                                      М.НАРАНЦЭЦЭГ