Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
Хэргийн индекс | 129/2019/00866/И |
Дугаар | 001/ХТ2021/00612 |
Огноо | 2021-05-18 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2021/00612
Ж.Б-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 129/ШШ2020/00132 дугаар шийдвэртэй,
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаар магадлалтай,
Ж.Б-ын нэхэмжлэлтэй
Архангай аймгийн Биеийн тамир спортын газарт холбогдох
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, урамшуулал гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Ж.Бын хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Д.Батболд, А.Зоригтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын нягтлан бодогчийн албан тушаалд ажилладаг байсан. Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2019.10.30-ны өдрийн б/71 дүгээр тушаалаар намайг үндэслэлгүйгээр хууль бусаар ажлаас халсан. Учир нь Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын дарга 2019 онд надтай хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй ажлаас хууль бусаар халсан, намайг ажлаас халах тухай мэдэгдэл өгөөгүй бөгөөд халагдах хугацаанд би чөлөөтэй байсан, ажлаас халах үндэслэл болгосон ажлын байрандаа тэнцэхгүй гэсэн аймгийн Санхүүгийн албаны дүгнэлт гарсан эсэх нь тодорхойгүй бөгөөд өнөөдрийг хүртэл надад танилцуулаагүй, намайг удаа дараа хууль тогтоомж зөрчсөн мэтээр нотлох баримтгүйгээр гүтгэсэн шинжтэй үндэслэлийг тушаалдаа тусгажээ. Архангай аймгийн Биеийн тамир спортын газарт би 13 жил ажиллаж байгаа. Манай нөхөр хөлийн хугарлын улмаас остомлит болж Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан. Манай нөхөр хөлөө харуулах шаардлагатай гээд дахин би Улаанбаатар хот явсан. Тэгээд 10.30-ны өдөр манай нөхөр хөлөө харуулж, 10.31-ний өдөр би ажилдаа ирсэн. Намайг ажилдаа ирэхэд ямар нэгэн зүйл танилцуулаагүй, маргааш нь ажилчдын хурал ороод тарах үед дарга намайг өрөөнд хүлээж бай гэхээр нь хүлээж байсан чинь тушаал өгсөн. Тэгэхээр нь би тушаалаа хүлээж авлаа, би хуулийн байгууллагаар энэ асуудлыг шийдвэрлүүлнэ гэж хэлээд ажлаасаа гарсан. Намайг цэцэрлэгт ажиллаж байсан, алдаа дутагдал гаргасан гэж хэлж байна, би цэцэрлэгт ажиллаж байгаагүй. 01 дүгээр сард дарга намайг ажлаас хална гэж хэлсэн. Би ямар учраас халах гэж байгааг нь асуухад чамд холбогдуулан актууд гарсан байна гэж хэлэхэд би наадахыг чинь аваад идсэн зүйл байхгүй, хүмүүс гуйгаад байхаар нь олгосон, дарга намайг олго гэж хэлэхээр би үгүй гэж хэлж чадаагүй, хууль зүйн үндэслэлтэй сан нь байсан ба би сангийн дагуу өгсөн гэж хэлсэн. Хөдөлмөрийн гэрээг надтай байгуулалгүй байгууллагын бусад ажилчидтай гэрээ байгуулсан. Намайг ажлаас халахын тулд гэрээ байгуулаагүй байх. Би нөхрийгөө үзүүлэх гэж даргаас чөлөө аваад явсан. Гүйлгээ хийх гэхээр намайг олдохгүй алга болдог гэж хэлж байна. Харин би гүйлгээ хийх гээд даргыг хайгаад явж байдаг. Улаанбаатар хотод эхнэр, хүүхэд нь байдаг болохоор дарга Улаанбаатар хот явчихдаг. Надтай гэрээ байгуулсан, намайг аваад алга болгосон гэж ярьж байна. Надтай ямар гэрээ байгуулсан юм, би санахгүй байна. Ц.Нэргүйбаатар дарга байхдаа надтай гэрээ байгуулсан. Намайг гранд гольфийн тэмцээнд явсан гэж байна. Намайг тэмцээнд явсан хойгуур сар болоогүй Ц.Нэргүйбаатар даргыг буцаагаад ажлаас нь халсан. Ажилчдыг дарамталж ажлын баланк бичиг хэргээ авсан гэж байна. Би ажлаас халагдаж байгаа болохоор түүнийхээ дагуу бичиг баримтаа авах эрхтэй. Би хүнийг ямар нэгэн байдлаар дарамтлаагүй. Сүүлд нь ийм асуудал болно гэж бодоод би бичлэг хийсэн. Би “надад ийм бичиг баримтыг өгөөч” гэж хэлсэн бөгөөд надад тухайн бичиг баримтуудыг өгсөн. Тендерийн гүйлгээтэй холбоотой асуудал яриад байна. Би тендерийн гүйлгээг хийгээгүй. Тухайн үед би ажлаас халагдсан байсан. Би тендер зарлаагүй. Ямар хүн зарласан байсныг санхүүгийн аудитын газрын хүмүүс хараагүй. 20,000,000 төгрөг, 10,000,000 төгрөгийн хоёр өөр акт гэж ярьж байна. Энэ чинь тухайн үед шалгагдаж байсан нэг акт байгаа. Түүнээс 10,000,000 төгрөг нь байгууллагын тэмцээн уралдааны мөнгө бөгөөд бусдыг нь өөрсдөө төлж байгаа байх.
2019.01.04-ний өдөр даргын үүрэг гүйцэтгэх ажилд томилогдсон Р.Батболд бүтэц зохион байгуулалтын шинэчлэл хийж байгаа гээд чамайг ажлаас чинь хална гэхээр нь энэ асуудлыг аймгийн Засаг даргад хэлсэн. Би аймгийн Засаг даргад таныг намайг ажлаас хал гэж хэлсэн гэх юм гээд утсаар ярихад би хал гэж хэлээгүй, та хоёрыг хамтраад ажилла гэж хэлсэн гэсэн. Энэ үед манай ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан н.Бат-Өлзийг ажлаас нь чөлөөлж ажилгүй болгоод н.Дондов гэх хүнийг томилсон. н.Бат-Өлзий тухайн үед ажлаас халчихлаа гээд өөрт нь асуудал гаргаж байсан. Энэ хүн ямар зорилготой ирсэн юм. Зүгээр ажлаа хийж байсан хүнийг яагаад халаад байгаа юм. Хамтарч ажиллаж байх хугацаанд бид хоёрт маргаантай асуудал олон байсан. Тамирчдад хувцас Улаанбаатар хотоос өөрөө авчирсан. Мөн хувцасны гэрээгээ өөрөө баталсан. Интернет их дэлгүүрээс авсан байсан. Интернет дэлгүүр чинь үнэтэй байдаг учраас гүйлгээг хийхгүй гэсэн чинь чи тэгвэл ажлаа хүлээлгэж өгөөд яв гэхээр нь би ард нь тайлбар бичээд гүйлгээ хийж байсан. Хүүхдийн их наадамд 8,832,000 төгрөгийн гүйлгээ хийсэн. Нярав хувцас авчирч, дарга бид хоёр хянаж гарын үсэг зурж өгөх ёстой байтал дарга энэ хувцасыг байгууллагад шахсан. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн н.Баатарбилэгийн нэрэмжит тэмцээний төсөв 20,000,000 төгрөгөөс 12,000,000 төгрөг нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас орж ирсэн. Энд 400 ширхэг фудволк, 400 ширхэг малгайг авчирч манай байгууллагад шахаж байсан. Мөн өөрийн баз болох н.Бавуугарьдын ресторанд улсын аварга шалгаруулах тэмцээний тамирчдыг хооллож, буудалд нь байрлуулсан. Нөхрөө аваад Улаанбаатар хот явах гээд чөлөө гуйхад надад чөлөө өгөх сонирхолгүй байсан. Тэгээд намайг энэ гүйлгээг хийчихээд яваарай гэсэн. Би багш нарт энэ гүйлгээг хиймээргүй байна, дараа нь ашиг сонирхлын зөрчил гардаг гэж хэлсэн. Тэгсэн багш нар улсын аваргаар ийм зүйл болох нь болсон, гэхдээ хэдэн төгрөг гарсан гэдгийг бид нар мэдэхгүй байна гэж хэлсэн. Намайг Япон улс руу тухайн мөнгийг аваад явсан гэж яриад байх юм. Дарга өөрөө надад энэ мөнгийг гаргаж өгч байсан. Чөлөөт бөхийн тэмцээнд зардал гаргах тушаал надад өгөхөөр нь юун учиртай тушаал юм бэ гэхэд Хашаатад ахлах дасгалжуулагч н.Дондовын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би та энэ тушаалыг нийтийн арга зүйчид гаргаж болохгүй, үүнийг та ямар нэгэн дасгалжуулагчид гарга гэсэн чинь би юмаа мэдэж байна гэсэн. Намайг дарамталж олон гүйлгээ хийлгэж байсан. Сүүлдээ тендертэй холбоотой асуудал гарч ирээд намайг өөрийнх нь үгэнд орохгүй байсан болохоор намайг халсан байх. Миний хувьд хэн нэг даргын нөмөрт орж хууль шүүхийн байгууллагаар явмааргүй байна гэж хэлсэн” гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Биеийн тамир спортын газрын даргын 2019.10.30-ны өдрийн Ж.Б-ыг ажлаас халсан б/71 дүгээр тушаал нь дараах тайлбар, нотлох баримтаар хуулийн үндэслэлийг хангасан гэж үзэж байна. Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019.05.03-ны өдрийн Биеийн тамир спортын газрын нягтлан бодогч Ж.Б-ын үйл ажиллагаанд дүгнэлт өгөх тухай 17/02/01 дүгээр дүгнэлтээр ...нөхөн төлбөрийн 90,600,000 төгрөг буюу нийт төлбөрийн 65,7% нь нягтлан бодогч Ж.Б-тай холбоотой байна. Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм, Авлигын эсрэг хууль, Засгийн газрын 2014 оны Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай 147 дугаар тогтоолын холбогдох хэсгийг зөрчсөн тул нягтлан бодогч Ж.Б нь тухайн ажлын байрандаа тэнцэхгүй гэж дүгнэсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэх үндэслэлийг хангаж байна.
Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019.05.01-ний өдрийн 17/02/11, 17/02/15, 17/02/33, 17/02/17/03/20, 17/02/17/03/22, 17/02/17/03/23, 17/02/17/03/27, 17/02/17/03/28, 17/02/17/03/29, 17/02/17/04/13, 17/02/17/04/19, 17/02/17/04/25, 17/02/17/04/32 дугаар актуудаар Ж.Б нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэх үндэслэлийг хангаж байна. Мөн Ж.Б, Ц.Нэргүйбаатар нар нь бүлэглэн тус аймгийн Биеийн тамир спортын газрын 2011-2015 оны байгууллагын үйл ажиллагааны төсвийн хөрөнгөөс 10,330,108 төгрөгийг завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт өмнө нь холбогдож байсан. Уг хэрэгт Ж.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баримтлан түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Үүнтэй холбоотой Архангай аймгийн прокурорын 2017.01.25-ны өдрийн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг арилгуулах тухай 2 дугаар мэдэгдлийг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад уламжилсан байдаг.
Ажилтан Ж.Б нь 30 хоногийн өмнө мэдэгдээгүй ажлаас халсан гэх гомдлыг гаргажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр ажилтныг ажлаас халж байгаа бол 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу 1 сарын өмнө мэдэгдэх ёстой. Гэтэл ажилтан Ж.Б-ыг 40.1.5 буюу мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон учраас халж байгаа учраас энэ хуулийн шаардлага, зохицуулалтад хамрагдахгүй юм. Ажилтан Ж.Б-ыг халах хэд хэдэн үндэслэл байсан. Түүний зарим нь 30 хоногийн өмнө мэдэгдэх хуулийн шаардлагад хамрагдаж байгаа боловч зарим нь хамрагдахгүй байгаа учраас 30 хоногийн өмнө мэдэгдэхгүйгээр халсан нь хууль ёсны үйлдэл болсон. Түүнчлэн Ж.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.8-д санхүүгийн зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжпийн байгууллагын акт, дүгнэлтээр тогтоогдсон бол хөдөлмөрийн харилцааны ноцтой зөрчилд тооцно гэж заасан. Энэ зөрчлийг Ж.Б гаргасан тул ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдэхгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх нь ажил олгогчид байсан. Ж.Б нь түүнтэй 2019.02.15-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг байгууллагаас авч устгасан. Энэ хөдөлмөрийн гэрээнд ажилтан 14 хүртэлх хоногийн хугацаагаар чөлөө авах эрхтэй гэж заасан. 14 хоногоос дээш хугацаагаар албан үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ажлаас чөлөөлөгдөх зохицуулалт гэрээний 2.4, 2.5-д байсан. Ж.Б нь Солонгос улсад 3 сарын хугацаатай ажиллах сонирхолтой учраас энэ гэрээгээ өөрөө үгүй хийн устгаж, улмаар гэрээгээ 3 сарын хугацаанд сунгах эрхтэй байхаар өөрчлөх оролдлогыг өмнөх дарга Ц.Нэргүйбаатарын хамт хийхээр уг гэрээг устгасан байх талтай. Одоо өөрөө гэрээ огт байхгүй гэж ярьж байгаа. Энэ нь ор үндэсгүй юм. Архангай аймгийн Биеийн тамир спортын газар нь 2019.02.15-ны өдөр бүх ажилтантайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн дотоод журмыг бүгдэд нь танилцуулж гарын үсэг зуруулсан. Миний бие тухайн үед түүнтэй гэрээ байгуулснаа маш сайн санаж байна.
Мөн түүнчлэн нөхрөө харна гэсэн шалтгаанаар 3 хоногийн чөлөө авсан боловч чөлөөний хугацаагаа хэтрүүлж 3 хоног ажилдаа ирээгүй бөгөөд 4 дэх хоног дээрээ ирсэн. Ийм учраас түүнийг ажлаа тасалсан гэж үзсэн. Ажил тасалсан хугацаанд ажлаас халах тушаалыг бид гаргасан. Иймд Биеийн тамир спортын газрын даргын 2019.10.30-ны өдрийн Ж.Б-ыг ажлаас халсан б/71 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.5, 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 5.4, 5.5.4, 5.5.9, 11.1.2, 11.1.9, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.6, 6.2.8, 7.2 дахь заалт, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019.05.03-ны өдрийн Биеийн тамир спортын газрын нягтлан бодогч Ж.Б-ын үйл ажиллагаанд дүгнэлт өгөх тухай 17/02/01 дүгээр дүгнэлтийг тус тус үндэслэсэн хууль ёсны тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна” гэжээ.
Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 129/ШШ2020/00132 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ын Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин урамшуулал гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-т олгохоор шийдвэрлэжээ.
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаар магадлалаар Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 129/ШШ2020/00132 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгч Ж.Б-ын гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Ж.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Анхан шатны шүүх хуралдаанд зайлшгүй шаардлагатай нотлох баримт цуглуулах нөхцөл байдал үүссэн тухай хүсэлт гаргасан ч анхан шатны шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан нь “шүүх хэргийг хянан хэлэлцэж, бодит үнэнийг тогтоон шийдвэр гаргахад нөлөөлөх бүх төрлийн нотлох баримтууд хамаардаг” гэсэн журмыг зөрчсөн. Тухайн хэргийг хянан хэлэлцэх үед Ж.Б-ыг ажлаас халах тухай тушаалд байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5.4, 5.5.4, 5.5.9, 11.1.2, 11.1.9, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.6, 6.2.8, 7.2, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019.05.03-ны өдрийн “Биеийн тамир спортын газрын нягтлан бодогч Ж.Б-ын үйл ажиллагаанд дүгнэлт өгөх тухай” 17/02/01 дүгээр дүгнэлтийг үндэслэн Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019.05.03-ны өдрийн “Биеийн тамир, спортын газрын нягтлан бодогч Ж.Б-ын үйл ажиллагаанд дүгнэлт өгөх тухай” 17/02/01 дүгээр дүгнэлтээр нягтлан бодогч Ж.Б нь ажлын байрандаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарсан, мөн ажил албан үүргээ хэрэгжүүлэхдээ удаа дараа хууль тогтоомж зөрчсөн болох нь холбогдох байгууллагуудын шийдвэрээр тогтоогдож байх тул түүнийг ажлаас халсугай” гэсэн үндэслэлд тулгуурлаж нотлох баримтуудыг цуглуулсан. Гэвч шүүх хурлын явцад удаа дараа хууль тогтоомж зөрчсөнөө тушаалын 2 дахь хэсэгт дурдсан зөрчлүүдийг үндэслэсэн гэж маргасан учраас зайлшгүй шаардлагатай нотлох баримт цуглуулах нөхцөл байдал үүссэн. Мөн тухайн актуудыг Сангийн яамнаас хүчингүй болгосон, хүчингүй болгоогүй зарим нэг акт нь хуулийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэн. Мөн Ж.Б-ын үйл ажиллагаанд дүгнэлт өгсөн Санхүүгийн дотоод аудитын газрын дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгохоор Захиргааны хэргийн шүүхэд хандсан гэсэн Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.21-ний өдрийн 256 дугаар албан бичиг, санхүүгийн албаны хариу өгсөн албан бичгүүдийг хэрэгт нотлох баримтаар өгсөн.
Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны хэргийн шүүхэд хандсан талаар нотлох баримт байхгүй гэж шийдвэр, магадлалдаа тусгасан байна. Мөн анхан шатны шүүх хуралдаанд тухайн захиргааны актуудыг хүчингүй болгуулах талаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан талаар удаа дараа хэлэлцэгдсэн атлаа шүүх, намайг ажлаас халахдаа Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын байцаагчын актууд болон Ж.Б-ын үйл ажиллагаанд өгсөн дүгнэлтийг үндэслэж зөрчил гаргасан гэж дүгнэлтийг хийсэн. Хэрэв Ж.Б тухайн актуудад дурдагдсан зөрчлүүдийг гаргасан гэж үзсэн бол тухайн актууд нь Захиргааны хэргийн шүүхэд маргаантай талаар шүүхийн шатанд маргалдаж мэтгэлзээд байхад зайлшгүй шаардлагатай нотлох баримт гэж үзэн тухайн нөхцөл байдлуудыг тодруулаагүй ба нэмэлтээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулах боломж нөхцөлөөр хангаагүй. Тухайн Ж.Б-ын нэхэмжлэлтэй хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн дүгнээгүй ИХШХШТХуулийн 50.1, 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх заалтын “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай цугларсан гэж шүүгч үзсэн” гэх заалтуудаа зөрчсөн гэж үзэж байна.
Ажил олгогч нь ажилтан буюу Ж.Б надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэх үндэслэлээ хариуцагч тал нотолж чадаагүй. Ямар зөрчлийг удаа дараа ямар фактуудаар тогтоогдож байгаа талаар шүүх үнэн зөв дүгнэлтийг хийгээгүй. Ж.Б миний бие Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ-ын төлөөлөгч ба Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “засаг дарга, эрх бүхий албан тушаалтан хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, шилжүүлэх, өөрчлөх тохиолдолд саналаа тухайн шатны хурлын тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж зөвшилцсөн байна” гэж заасан байхад намайг ажлаас халахдаа Эрдэнэбулган сумын ИТХ-ын тэргүүлэгчдэд мэдэгдээгүй буюу зөвшилцөөгүй нь тухайн хурлын тэргүүлэгчдийн дарга Ш.Энхжаргалын тодорхойлолтоор нотлогдоно.
Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх уг хуулийг ялгамжтай, буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ж.Б миний бие болон өмгөөлөгчийн зүгээс Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Н.Саранцэцэг нь ажлын байрандаа тэнцэхгүй гэсэн дүгнэлтийг гаргасан. Тухайн дүгнэлт гарсан хугацаа нь 2019.05.03-ны өдөр байна. Надад сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан тушаал нь 2019.10.30-ны өдөр байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан ба ажил олгогч нь намайг ажлаас халахдаа 131 дүгээр зүйл буюу хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах зүйлийн 131.1.3 буюу ажлаас халах заалтыг үндэслэсэн тул 131.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолох” талаар анхан шатны шүүх хурал дээр тайлбар хийж маргасан боловч анхан шатны шүүх тухайн хөөн хэлэлцэх хугацаанд дүгнэлт өгөөгүй, шүүхийн шийдвэрт өмгөөлөгчийн хэлсэн тайлбараас хөөн хэлэлцэх хугацаатай хамааралтай хэлсэн тайлбарыг хүртэл хасч бичсэн. Энэ талаар давж заалдах шатны шүүхэд мөн тайлбар хийсэн ч давж заалдах шатны шүүх мөн хөөн хэлэлцэх хугацааны талаар талаар дүгнэлт хийгээгүй. Яагаад хөөн хэлэлцэх хугацаа Ж.Б гэдэг хүнд хэрэглэгдэхгүй хууль ялгамжтай хэрэглээд байгаа талаар дүгнэлт өгөөгүй.
Мөн удаа дараа зөрчил гаргасан гээд 2017 оны Прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болж байсан 2011-2012 оны БТСГ-ын санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж илэрсэн зөрчлийг хянан шалгаж шийдвэрлэсэн Прокурорын тогтоол, мэдэгдлийг нотлох баримтын хэмжээнд авч үзэн дахин зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэсэн. Гэтэл тухайн Прокурорт шалгагдаж байсан БТСГ-ын 2011-2012 оны үйл ажиллагаанд Санхүүгийн хяналт дотоод аудитын газраас хийсэн шалгалтаар тогтоогдсон акт, зөрчлүүдээр Ж.Б миний бие нь ажлаас халагдаж байсан. Ингээд тухайн 2019.10.30-ны өдрийн б/71 дүгээр Ж.Б-ыг ажлаас халах тушаалд удаа дараа зөрчил гаргасан гэж тайлбарлаад байгаа 2011-2015 оны БТСГ-ын санхүүгийн шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар 2015.11.09-ний өдрийн Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 695 дугаар шүүхийн шийдвэрээр Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2015.07.23-ны өдрийн Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгож Ж.Б-ыг нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох боломжтой гэж шийдвэрлэсэн. Гэтэл шүүх өмнө нь шийдвэрлэж дүгнэлт өгсөн хүчин төгөлдөр шийдвэрээ үгүйсгэж шийдвэрлчихсэн асуудалдаа дахин дүгнэлт өгөөд байгаа нь хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Мөн өмнөх ажлаас халагдсан одоо маргаад байгаа тушаалын үндэслэлд дурдагдаад байгаа удаа дараагийн зөрчил гэж тодорхойлоод байгаа зөрчлүүдийн талаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хариуцлага тооцож болохгүй гэж дүгнээд тухайн үеийн зөрчлүүдийг удаа дараагийн зөрчил болгож оруулж ирэхээр нь хариуцлага тооцож болно гэж дүгнэж болох уу. Мөн тухайн тушаалд дурдагдсан удаа дараагийн зөрчил гээд байгаа зөрчилтэй холбоотой Ж.Б-ыг ажлаас халсантай холбоотой маргааныг Д.Бямбасүрэн шүүгч нь анхан шатны шүүгч байхдаа шийдвэрлчихээд давж заалдах шатны шүүх дээр Ж.Б-ын нэхэмжлэлтэй хэргийн маргаанд Д.Бямбасүрэн шүүгч нь илтгэгчээр тухайн хурлыг бэлдэж орж давж заалдах шатны шүүхийн магадлал гаргаж байгаа үйлдэл нь ИХШХШТХ-ийн 84 дүгээр зүйл, иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шүүгч дахин оролцож болохгүй үндэслэлийг зөрчсөн гэж үзэж байна. 2015.11.09-ний өдрийн 695 дугаартай Архангай аймаг дахь сум дундын шүүхийн шийдвэр нь хавтаст хэргийн 106-108 хуудсанд авагдсан байгаа.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хэрэв хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл тухайн хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийн тулд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлдэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Архангай аймгийн Биеийн тамир спортын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, урамшуулал гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь “...нягтлан бодогч Ж.Б-ыг ажлын байрандаа тэнцэхгүй, мөн ажил, албан үүргээ хэрэгжүүлэхдээ удаа дараа хууль тогтоомж зөрчсөн тул ажлаас нь чөлөөлсөн...” гэсэн тайлбар гарган маргажээ.
Хоёр шатны шүүх талуудын тэгш эрхийн үндсэн дээр хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчимд тулгууран хэрэгжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан байх ёстой бөгөөд түүнд тулгуурлаж Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хуулийг баримталж шийдвэр гаргах учиртай.
Ажил олгогч Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2019.10.30-ны өдрийн б/71 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, 40.1.5, 131.1.3, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5.4, 5.5.4, 5.5.9, 11.1.2, 11.1.9, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.6, 6.2.8, 7.2, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019.05.03-ны өдрийн Ж.Б-ын үйл ажиллагаанд дүгнэлт өгөх тухай 17/02/01 дүгээр дүгнэлтийг тус тус баримтлан Биеийн тамир, спортын газрын нягтлан бодогч Ж.Б-ыг ажлын байрандаа тэнцэхгүй, мөн ажил, албан үүргээ хэрэгжүүлэхдээ удаа дараа хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019.10.30-ны өдрөөр тасалбар болгон цуцалжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “Ажилтан мэргэжил, ...албан тушаалдаа тэнцэхгүй болсон” гэдгийг салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэрээр, мөн хуулийн 40.1.5-д заасан “...ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй” нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байхыг тус тус хамааруулан авч үздэг.
Харин зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдгийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Ингэхдээ зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрт нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байх ёстой.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Хэрэгт авагдсан Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019.05.01-ний өдрийн 17/02/11, 17/02/15, 17/02/17/04/13, 17/02/17/04/19, 17/02/17/03/20, 17/02/17/03/22, 17/02/17/03/23, 17/02/17/04/25, 17/02/17/03/27, 17/02/17/03/28, 17/02/17/03/29, 17/02/17/04/32, 2019.05.07-ны өдрийн 17/02/17/02/33 дугаар актуудаас үзвэл Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын нягтлан бодогч Ж.Б-ын гаргасан хууль, санхүүгийн зөрчлүүдийг илрүүлж, тухайн зөрчил тус бүрт байгууллагад учруулсан хохирлын хэмжээг тогтоож нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Түүнчлэн Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019.05.03-ны өдрийн 17/02/01 дүгээр дүгнэлтээр Биеийн тамир, спортын газрын нягтлан бодогч Ж.Б-ыг ажлын байрандаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарсан байна.
Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын нягтлан бодогч Ж.Б-ын гаргасан зөрчлүүд нь мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэлд хамаарч байна.
Үүнээс гадна Ж.Б Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын хөдөлмөрийн дотоод журмын 5.4, 5.5.4, 5.5.9, 11.1.2, 11.1.9-д заасан байгууллагад хохирол учруулсан, дур мэдэн үрэгдүүлсэн, албан тушаалын эрхээ хэтрүүлсэн зэрэг зөрчил гаргасан байх бөгөөд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан тушаалыг буруутгах боломжгүй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэж ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдол нь мөн зүйлийн 40.5-д заасан ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгт хамаарахгүй.
Нэхэмжлэгч Ж.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо анхан болон давж заалдах шатны шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт үндэслэл бүхий болсон, хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.
Иймд нэхэмжлэгч Ж.Б хяналтын журмаар гаргасан “...шүүх тухайн хөөн хэлэлцэх хугацаанд дүгнэлт өгөөгүй, ...актуудыг Сангийн яамнаас хүчингүй болгосон, хүчингүй болгоогүй зарим нэг акт нь хуулийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэн. ...надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэх үндэслэлээ хариуцагч тал нотолж чадаагүй...” гэх утга бүхий гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 129/ШШ2020/00132 дугаар шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Б-ын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Г.ЦАГААНЦООЖ
Д.ЦОЛМОН