Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 539

 

                                                           

 

 

 

2019             6             04                                             2019/ДШМ/539

 

                                                М.Эад холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Л.Соёмбо,

шүүгдэгч М.Эын өмгөөлөгч Л.Намнансүрэн, Д.Түмэнжаргал,

хохирогч П.Одбаярын өмгөөлөгч М.Маам,

хохирогч Х.Цэрэнгомбын өмгөөлөгч Д.Очирваань,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Х.Цэрэнгомбо, шүүгдэгч М.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, Д.Түвшинжаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар М.Эад холбогдох эрүүгийн 1705009100087 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигин овгийн Маш-Эрдэнийн Эрдэнэсувд, 1985 оны 6 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ашиглалтын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4 дүгээр хорооллын /;

М.Э нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч мэхлэн, бодит байдлыг нуун 2017 оны 6 дугаар сарын 26-ны орой Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТБД Андууд” төвийн орчим иргэн Х.Цэрэнгомбод “би том зээл авах гэж байгаа нэг сарын дараа мөнгийг чинь буцаагаад өгнө” гэж итгүүлэн 10.000.000 төгрөг,

2016 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн орчим иргэн У.Маанийвадараас “Америкийн Нэгдсэн Улсын виз гаргаж өгнө” хэмээн хуурч нийт 3.850.150 төгрөг,

2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Отгонбаярт Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас “Хово шланз маркийн автомашиныг оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан нийт 11.875.000 төгрөг,

2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Нандинчимэгт Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас “Хово шланз маркийн машин оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан 10.000.000 төгрөг,

2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Энх-Отгонд Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас “Хово шланз маркийн машин оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан 10.000.000 сая төгрөг,

2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Энх-Одод Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас “Хово шланз маркийн машин оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан 10.000.000 төгрөг,

2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Одбаярт Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас “Хово шланз маркийн машин оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан нийт 24.000.000 төгрөг,

2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Отгонбаатарт Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас “Хово шланз маркийн машин оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан 20.000.000 сая төгрөг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: М.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Эад холбогдох хэргээс Х.Цэрэнгомбыг залилсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн прокурорын газраас М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж, Боржигон овгийн Маш-Эрдэнийн Эрдэнэсувдыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, М.Эад оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч М.Эаас нийт 50.225.150 төгрөг гаргуулж, хохирогч Маанийвадарт 3.850.150 төгрөг, хохирогч Б.Энх-Одод 5.000.000 төгрөг, Б.Энх- Отгонд 5.000.000 төгрөг, Н.Нандинчимэгт 5.000.000 төгрөг, С.Отгонбаярт 11.875.000 төгрөг, П.Одбаярт 17.500.000 төгрөг, Ж.Отгонбаатарт 7.000.000 төгрөг тус тус олгож, иргэн Х.Цэрэнгомбо иргэний нэхэмжлэлтэй холбогдох асуудлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг дурдаж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити 3/24 дүгээр байрны 2-4 тоот, Ү-2206027354 үл хөдлөх гэрчилгээний дугаартай орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгож, М.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Э гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие хохирогч нартай хамтран ажиллахаар тохиролцож, мөн автомашин худалдах гэрээ хийсэн. Гэрээгээ нотариатаар баталгаажуулсан. Автомашин нийлүүлж чадахгүй болсон учир тус бүрт нь зээлийн гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан. Гэвч хууль эрх зүйн мэдлэггүй улмаас гэрээний дагуу төлбөр төлж байна гэж эндүүрч эрүүгийн гэмт хэрэгт холбогдож бусдад хохирол учруулсандаа харамсаж байна. Энэ хэрэгт холбоотой хохирол төлбөрийг бүрэн барагдуулж дуусгах болно.

Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн шийтгэл оногдуулж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч М.Эын өмгөөлөгч Л.Намнансүрэн, Д.Түмэнжаргал нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Л.Намнансүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлийн тухайд:

“Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоол /1хх 1/ үйлдэхдээ М.Эын нэрийг шууд заан бичиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 3 дахь заалтад заасан “...Тогтоолд хүн, хуулийн этгээдийн нэрийг холбогдуулан бичихийг хориглоно” гэснийг зөрчсөн.

Мөрдөгч Н.Амарсанаа нь хохирогч Н.Нандинчимэг, С.Отгонбаяр нараас 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлэг авахдаа /1хх 17, 21/ “2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ... -д холбогдох эрүүгийн 170500910 дугаартай хэрэгт...” гэж хохирогчоос мэдүүлэг авсан. Гэтэл “2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан" зүйл огт байхгүй, ийм баримт байхгүй. 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөгч нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн атлаа “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан" хэрэгт хохирогчоор мэдүүлэг аваад байгаа нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Мөрдөгч Н.Амарсанаа нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр М.Эаар гараар “Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г бичүүлж авсан байх ба уг таслан сэргийлэх арга хэмжээг мөрдөгчийн тогтоол үйлдэж, түүнд мөрдөгч өөрөө болон М.Эаар гарын үсэг зуруулж авсан /1хх 33/, мөн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр уг арга хэмжээг дахин авч гараар бичүүлж авсан /1хх 45/, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “...дуудсан цагт ирэхгүй, утсаа авахгүй байвал хоригдоход бэлэн байна” гэж бичүүлж авсан /1хх 46/ зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 31.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Учир нь “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулаагүй” байж таслан сэргийлэх арга хэмжээг өөрийн дураар хууль зөрчиж авсан. Мөрдөгч нь сүүлд 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн саналаа үйлдсэн /1хх 131/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын 128 дугаар тогтоол 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр гарч /1хх 132/ М.Эад уг өдрөө танилцуулж, гарын үсэг зуруулсан. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй болохыг, хууль бусаар таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулсныг маш тодорхой харуулж байгаа болно.

Мөрдөгч Н.Амарсанаа нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр М.Эаас сэжигтнээр мэдүүлэг авсан. /1хх 40/ Мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийг удирдлага болгож, тус хуулийн 31.11 дүгээр зүйлд заасан эрхийг тайлбарлан өгсөн. Энэ нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын 128 дугаар тогтоол 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр гарахаас өмнө мөрдөгч өөрөө, өөрийн үзэмжээр М.Эыг сэжигтэнд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасныг ноцтойгоор зөрчсөн. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг ноцтойгоор зөрчсөн. Хавтаст хэргийн материалд М.Эад баривчлах арга хэмжээ авсан баримт огт байхгүй байхад мөрдөгч ийнхүү мэдүүлэг авч байгаа нь М.Эыг үндэслэлгүйгээр айлган, сүрдүүлж, түүнийг аль хэдийн өөрийн субъектив хандлагаар сэжигтэн, яллагдагчийн эрх зүйн байдлаар хэрэгт оролцуулж, мэдүүлэг авч, үндсэндээ хэргийг урьдчилан хүлээлгэх байдлаар мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Энэ нь мөрдөгчөөс М.Эад хүнлэг бус хандаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор гуйвуулан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь төсөөтэй хэрэглэхийг хатуу хориглох зарчимтай ба хуулийн зохицуулалт нь нэг мөр ойлгож хэрэглэгдэх ёстой. Гэтэл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулахаас өмнө буюу мөрдөн байцаалтын ажиллагаа эхлэхээс өмнөх шат нь хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах хуулийн зохицуулалттай бөгөөд энэ шатанд гомдолд холбогдогч нь баривчлагдах, цагдан хоригдохоос бусад тохиолдолд гэрчийн эрх зүйн байдлаар оролцох хуулийн үзэл баримтлалтай байхад М.Эад сэжигтэн, яллагдагчийн хандлагаар мөрдөн шалгах ажиллагааг явуулсан нь үндсэндээ эрүү шүүлтийн хэлбэрээр мөрдөн шалгах ажиллагааг явуулсан гэж үзэхээр байна.

Хохирогч Отгонбаяр, Нандинчимэг, Энх-Отгон, Энх-Од, Отгонбаатар, Эрдэнэсувд нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан /2хх 1-6/ дүгнэлтийг үйлдсэн байх ба “Шинжээч нараас дүгнэлт гаргах боломжгүйг мэдэгдсэн тайлбар, шинжээчээс авсан мэдүүлгийг танилцуулав” гэжээ. Гэтэл хэрэгт ийм “дүгнэлт гаргах боломжгүйг мэдэгдсэн тайлбар, шинжээчээс авсан мэдүүлэг” байхгүй байхад, хэрэгт байхгүй зүйлийг танилцуулсан гэж гарын үсэг зуруулсан. Мөн энэ байдал нь 10-16 дугаар хуудсанд давтагдсан байдалтайгаар хэргийн материалд авагдсан байна. Хэрэгт байхгүй материалыг танилцуулсан гэж тэмдэглэл үйлдсэн нь хууль бус бөгөөд хэрэгт хяналт тавьж буй прокурор, хэргийг хянан хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүн нь ийм зүйлийг харсан ч хараагүй мэтээр, үзсэн ч үзээгүй мэтээр хандаж байгааг үнэхээр ойлгох боломжгүй.

Мөн хохирогч П.Одбаярт шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан баримт хэрэгт авагдаагүй байгаагаас дүгнэвэл түүнд шинжээчийн дүгнэлтийг танилцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Мөрдөгч Б.Баярмаа, мөрдөн байцаах тасгийн дарга Б.Батзориг, прокурор Л.Соёмбо нар нь үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зөвшөөрлөө гаргалгүйгээр 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Эрдэнэсувдын үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж өгөх тухай албан бичгийг шууд Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт явуулсан. /2хх 43/ Үүний дараа 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр мөрдөгч Б.Баярмаа нь хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах саналаа үйлдсэн /2хх 51/, уг саналыг прокурор Л.Соёмбо нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 52 дугаар тогтоол гаргаж хэрэгсэхгүй болгосон /2хх 52/ байна.

Энэ бүхэн нь мөрдөн шалгах ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэж үзэх боломжгүй болохыг бүрэн дүүрэн харуулж байгаа юм. Мөрдөгч, хяналт тавьж буй прокурор нар нь хуулийг ийм байдлаар буюу өөрийн үзэмжээр хэрэглэж, тэнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нарын эрх зөрчигдөж байхад, анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн мэтээр хандаж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол гараагүй байхад баривчлагдсан сэжигтэн, яллагдагчийн эрх зүйн байдлаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж, таслан сэргийлэх арга хэмжээ болон хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг өөрсдийн үзэмжээр дураараа авч хэрэгжүүлсэн зэрэг зөвтгөх боломжгүй нөхцөл байдлууд тогтоогдож, тодорхой харагдаж байхад шүүх үүнийг нь ийм зүйл болоогүй мэтээр хэргийг шийдвэрлэж байгаад туйлын гомдолтой байна. Байж боломгүй зүйл нь шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс эдгээр асуудлуудыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хурал дээр тайлбарлаад байхад анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа эдгээр асуудлуудын талаар нэг өгүүлбэр, үсэг ч дурдаагүй, энэ талаар огт дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн. Шүүхийн энэ байдлыг хэрхэн хүлээн авч, юу гэж ойлгох нь үнэхээр ойлгомжгүй байдалтай байна. Нэгэнт энэ асуудлаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй учир давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байдлыг үүсгээд байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед дурдсан асуудлуудыг хэлэлцэхгүй орхиж, шүүх хурал дээр шийдвэрлэхээр захирамж гаргасан атлаа шүүхийн шийдвэртээ ч дүгнэлт хийхгүй орхиж байгаа нь уг асуудлуудын талаар дүгнэлт хийхээс зайлсхийсэн гэж анхан шатны шүүхийг буруутгах хангалттай үндэслэл болж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан  шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 1.2-д “Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” тус тус шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ гэж хуульчилсан.

Анхан шатны шүүхээс М.Э нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт У.Маанийвадараас “Америкийн Нэгдсэн улсын виз гаргаж өгнө” гэж хуурч 3.850.150 төгрөг авсан гэх үйлдлийг “хохирогч У.Маанийвадарын ...Эрдэнэсувдтай хамт 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын эсрэг талд байрлах байрны орчимд саарал өнгийн приус машинд 750 ам.доллар гадаад паспортын хамт цээж зурагтай өгсөн. ...би Сувдаад үлдэгдэл мөнгө хэд болсон бэ гэхэд 1.715.150 төгрөг болсон гэсэн. Тэгэхээр нь би хаан банкны данс руу шилжүүлсэн. ...Ариукаагаас чиний мөнгийг Global help center гэх Америк руу зуучилдаг газар луу шилжүүлсэн гэж надад хэлээд надаас дахиад 275.000 төгрөг сургалтад зориулж авсан. /2хх 202/ гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан энэ хэрэгт хамааралтай бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна гэж дүгнэсэн.

Анхан шатны шүүх М.Эын энэ үйлдэлд ингэж дүгнэлт өгсөн нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй юм. Өөрөөр хэлбэл, У.Маанийвадарын мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй байхад “мэдүүлгүүд болон хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан хамааралтай бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна'' гэж үзсэн нь үндэслэлгүй, мөн шүүх хуралдаанд хохирогч гэх У.Маанийвадар нь ирээгүй бөгөөд хэрэгт хамааралтай бичгийн бусад нотлох баримтууд гэж ямар баримтуудыг хэлээд байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь энэ үйлдлийн талаар мөрдөгчөөс явуулсан мөрдөн шалгах тодорхой ажиллагаа нь "У.Маанийвадараас гэрчийн болон хохирогчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, М.Эаас гэрчийн болон хууль зөрчиж сэжигтнээс мэдүүлэг авсан, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл”-ээс өөр зүйл байхгүй байна.

Түүнчлэн хохирогч гэх У.Маанийвадар, М.Э нарын мэдүүлэг дотор заавал шалган тогтоох шаардлагатай олон нөхцөл байдлууд гарч ирсэн байхад, тэдний хэнийх нь мэдүүлэг “бодит үнэн” болохыг бусад нотлох баримтуудаар давхар тогтоогоогүй байхад зөвхөн хохирогч гэх хүний мэдүүлэг туйлын үнэн гэсэн хандлагаар хэргийн бодит үнэнийг тогтоолгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, шүүхээс ял оногдуулсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчихөд хүргэсэн. Тухайлбал, тэдний мэдүүлэгт дурдагдаж байгаа “...Зуучлалын компани мөнгө авсан, гэрээ байгуулсан, Анхбаяр гэх хүнээс мөнгөө болон гадаад паспорт авсан гэх үйл баримт, ...Сувдаа миний өмнөөс болон Энхмаа гэх хүний өмнөөс өргөдөл бичиж өгсөн, уг асуудал нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа гэх үйл баримт, ...New global ХХК-ийг Эрүүгийн цагдаагийн газраас битүүмжилж шалгасан, Гаригсайхан 99035554 гэх хүн хүмүүс гомдол гаргаад бид шалгаж байгаа гэх үйл баримтууд, ...Би Маанийг дагуулаад Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2016 оны 10 дугаар сарын үед мөрдөн байцаагч Пүрэв гэх хүнтэй уулзахад өрөө дүүрэн хэрэг үзүүлээд “бид энэ хэргийг шалгаж байгаа, таныг би дуудна” гэж хэлсэн гэх нөхцөл байдал, ...Би 2016 оны 8 дугаар сард виз-нд орохоор Ганцоож гэх хүнд түүний гэрийн гадна машин дотор У.Маанийвадараас авсан 750 ам.доллар болон өөрөө 750 ам.доллар нийт 1.500 ам.долларыг өгсөн. Энэ үед Мааний бичлэг хийж байсан” зэрэг нөхцөл байдлуудыг тогтоох нэг ч ажиллагаа хийгээгүй байхад зөвхөн хохирогчийн эргэлзээтэй мэдүүлэгт үндэслэн яллаж, ял оногдуулж байгаа нь байж боломгүй ноцтой асуудал гэж үзэж байгааг давж заалдах шатны шүүхээс анхаач өгнө үү.

Шүүхээс хэт хөнгөн дүгнэлт хийж ял оногдуулсан энэ байдал буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дээрх нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Уг нь энэ талаар шүүх хуралд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс тайлбарлаж, Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн даргаас мөрдөгчид цохолт хийж М.Э нарын гомдол, зуучлалын гэрээ, мөнгө төлсөн баримтыг хуулбарлан өгөхийг зөвшөөрсөн баримтыг гаргаж өгсөн. Ийм байхад шүүхээс анхаарч үзэлгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч М.Эын өмгөөлөгч Д.Түмэнжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн дүүрэн нотлоогүй. Энэ нь өмгөөлөгч нарын гаргасан гомдлоос тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл, гэм буруугийн хурлаас өмнө урьдчилсан хэлэлүүлгийн хурал зарлагдахад нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлтүүдийг гаргаж байсан. Гэтэл гэм буруугийн хурлаар хэлэлцэнэ гээд хүсэлтийг хэлэлцэхгүйгээр орхигдуулсан. Энэ нь өөрөө буцаагаад хэрхэн залруулах ёстой вэ. Нэгэнт хуульд заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу явагдах ёстой. Прокурорын зүгээс гаргасан яллах дүгнэлт нь хохирогч, иргэний хариуцагч гэсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан иргэний хариуцагч нь хэн бэ гэдэг асуудал яригдана. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон эсэх их хэмжээний зээл аваад бизнесийн үйл ажилагаа явуулах гэж байсан гэж худлаа мэдүүлсэн. Монгол Улсад зээл авах нь амархан бүтэх асуудал биш. Түүнчлэн зээл нь бүтсэн тухай банкны талаар баримт хавтас хэрэгт авагдсан. Энэ нь бодит байдлыг нуун дарагдуулаад байсан. Үүнээс харахад амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь үгүйсгэгдэж байна. Анхаасаа тээврийн хэрэгсэл оруулж ирнэ гээд зээл хөөцөлдөж байсан. Хохирогч нарын зүгээс санал тавиад мөнгөө өгч байсан. Хэрвээ мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж, хязгаарлалт тогтоох арга хэмжээг аваагүй байсан бол үл хөдлөх хөрөнгийг нь худалдаж хохирогч нарын төлбөрийг төлж барагдуулах байсныг үгүйсгэхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн үед асуудлыг шийдвэрлэсэн бол бага насны хүүхэд эхийгээ хүлээсэн байдалтай байхгүй байсан...” гэв.

 

Хохирогч Х.Цэрэнгомбо гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хохирогч Х.Цэрэнгомбо би Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, давж заалдах журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

М.Э нь Б.Отгонжаргалыг гэрээгээр халхавчилж залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дахь хэсэгт заасан бүрэлдэхүүний шинжийг агуулсан байхад хэрэгсэхгүй болгож байгаа нь огт үндэслэлгүй юм.

М.Э гэх хүний зорилго нь гэрээ байгуулж итгэл төрүүлэн хохирогчийн мөнгийг авч буцааж өгөх ямар ч бодолгүй байсан нь тодорхой байна. Учир нь гэрээ байгуулаад нэг жил өнгөрч байхад нэг ч төгрөг төлөөгүй залилсан гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, Б.Отгонжаргалын мөнгийг өөрийн өмчлөлдөө авахын тулд бодит байдлыг нуух замаар гэрээгээр халхавчилж 10 сая төгрөгийн эд хөрөнгө шилжүүлэн аваад цаашид гэрээнд заасны дагуу төлбөр төлөх санаа зорилго огт байгаагүй болох нь хохирогч Отгонжаргалын мэдүүлэг, гэрч Эрдэнэбаяр, Отгонбаяр, Эрдэнэсувд нарын мэдүүлгээр тогтоогдсон.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирлыг барагдуулж өгнө үү...” гэжээ.

 

Хохирогч Х.Цэрэнгомбын өмгөөлөгч Д.Очирваань тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийг шинжгүй үндэслэлээр Х.Цэрэнгомбод холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Ингэж шийдвэрлэхдээ Х.Цэрэнгомбыг хохирогчоор тогтоогоогүй байх бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх хуульч Гал-Очирыг хохирогчоор тогтоосон нь буруу байна гэж шийтгэх тогтоолд дүгнэсэн. Гал-Очир нь хуульч биш Х.Цэрэнгомбын төрлийн хүн байдаг. Асуудал нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасны дагуу Х.Цэрэнгомбо, Отгонжаргал нар ирээд хохирогчоор тогтоогдоод мэдүүлэг өгөх ажиллагаа хийхээр мөрдөгчийг 14 хоног хүлээсэн. Мөрдөгч мэдүүлэг авах ажиллагаа хийхгүй байсан учраас  гэрч Эрдэнэбаярын мэдүүлэгт авагдснаар Х.Цэрэнгомбо, Отгонжаргал нар хилийн боомтод ажилладаг тул хилийн боомт руугаа явсан. Явахдаа төрлийн дүү Гал-Очирт итгэмжлэл өгч уг асуудлыг шийдвэрлэх талаар үлдээсэн байдаг. Шүүх үйлдлийг нарийн зааж дүгнэлт өгөөгүй байна гэж үзэж байна. Гэрч Эрдэнэбаяр нь Эрдэнэсувдтай Их сургуулийн нэг ангид хамт сурч байсан. Хилийн боомтод таарч “мөнгө зээлэх хүн байна уу, 5.000.000 төгрөг яаралтай хэрэгтэй байна” гээд М.Э надаас удаа дараа шаардаад байсан. Тэгэхээр нь хилийн боомтод цайны газар ажилуулдаг Гомбоо ах дээр очиж, 5.000.000 төгрөг зээлэхээр болж гэрээ хэлцэл хийсэн гэж тайлбарладаг. 5.000.000 төгрөгийн үйлдэлтэй. Мөн дахиад Эрдэнэбаярт хэлэхгүйгээр нэмж авсан үйлдэл байдаг. Шүүх үзэхдээ гэрээтэй байгаа учраас иргэний эрх зүйн харилцаа байна гэж үзсэн. Гэрээг 5.000.000 төгрөгийг авахдаа хийсэн байдаг. Эрдэнбаярт хэлэхгүйгээр автомашин оруулж ирэх гэж байна, урьдчилгаа болох 5.000.000 төгрөгийг өгөөч гэдэг байдлаар нэмж авсан. Дахиад 5.000.000 төгрөгийг Эрдэнэбаяртай хамт авсан. Үүнээс үзэхэд 2 тусдаа үйлдэл гэж үзэж байна. 10.000.000 төгрөгийг авахдаа 2 үйлдлийг хэрэгжүүлж 5.000.000 төгрөгөөр нь салгаж авсан байдаг. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж байна. Гэрээ байгаа хэдий ч хохирогчийн мөнгийг аваад дахиж төлөхгүй гэсэн санааг агуулж байсан нь харагддаг. Гэрээнд зааснаар нэг удаа хүү төлөөгүй байгаа зэргийг харгалзан шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж гэм буруутайд тооцож, хохирлыг гаргуулж өгнө үү...” гэв.

Хохирогч П.Одбаярын өмгөөлөгч М.Маам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тусгайлан гаргах санал байхгүй. Шинжээчийн дүгнэлттэй танилцаж гарын үсэг зураагүй гэдэгт 1 дүгээр хавтас хэргийн 9-13 дугаар талд холбогдогч, хэргийн оролцогч нар болон П.Одбаяр шинжээчийн дүгнэлттэй танилцаж гарын үсэг зурсан байдаг. 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр М.Эын нөхөр хохиролд 500.000 төгрөг төлсөн. Үлдсэн хохирол болох 17.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор Л.Соёмбо тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Эын давж заалдах гомдлоос харахад үйлдсэн гэм буруугийн хувьд маргахгүй байна. Харин боломж олгож хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гээд хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж, уучлал гуйж байна гэсэн байдлаар гомдол гаргасан байна. Үүнээс үзэхэд М.Э өөрийн үйлдсэн гэм бурууг ухамсарласан байна гэж үзэхээр байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдолд хууль зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлд тайлбар хийхэд, 2017 онд хохирогч нарыг тухайн өдрөө хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож гэмт хэргийн улмаас хохирол учирсан байдлыг тодруулахын тулд иргэний нэхэмжлэгчээр тооцсон.  Өмгөөлөгч хэлэхдээ иргэний хариуцагч давхар байх ёстой гэсэн байдлаар яриад байна. Үүнийг сайн ойлгохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэсэн. М.Эад гэмт хэргийн улмаас хохирол учирсан байдлыг өөрт нь ойлгуулсан байдлаар яллагдагчаар татсан. Заавал иргэний хариуцагчаар хэн байх ёстой вэ гэдгийг тодотгож, оруулах ёстой гэж үзвэл бүх хэргийн хувьд хохирогч, иргэний нэхэмжлэгч, яллагдагч, иргэний хариуцагч гэдэг байдлаар тогтооно гэвэл утгагүй гэж үзэж байна. Мөрдөгч М.Эад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэж гомдолд дурдсан байна. 2017 онд тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн байж магадгүй гэдэг байдлаар сэжигтнээр татаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр татснаар гэмт хэрэг үйлдсэн гэж ял тулгаж байгаа асуудал биш юм. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээж сэжигтнээр тооцож, таслан сэргийлэх арга хэмжээг өөрөөр нь гарын үсэг зуруулж авч байсан. Мөн Шүүх сэтгэц эмгэг судлалын үндэсний төвийн 410 дугаартай дүгнэлт гарсан. Хэргийн материалтай танилцсан бол энэ талаар мэдэх боломжтой. Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад хязгаарлалт тогтоох тухай тоот явуулсан. Энэ ажиллагаа болохгүй гэдгээр прокурорын зөвшөөрлөөр уг тоотыг хүчингүй болгосон. Хэдийгээр тогтоогдсон боловч хязгаарлалт тогтоосон байдлаар яригдаж байсан учраас шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн. М.Э нь бодит байдлыг нуух зорилгоор бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг  үйлдсэн болох нь М.Эын гаргасан давж заалдах гомдол болон түүний гэмт хэрэг үйлдсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон үйл баримтууд, хохирогч, гэрч нарын мэдүүлэг бусад бичгийн нотлох баримтаар хангалттай нотлон тогтоогдсон.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад М.Э нь:

2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт У.Маанийвадараас “Америкийн нэгдсэн улсын виза гаргаж өгнө” гэж хуурч 3850.150 төгрөг, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас “Хово шланз маркийн автомашиныг оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, С.Отгонбаяраас 11.875.000 төгрөг, Н.Нандинчимэгээс 10.000.000 төгрөг, Б.Энх-Отгоноос 10.000.000 төгрөг, Б.Энх-Одоос 10.000.000 төгрөг, П.Одбаяраас 24.000.000 төгрөг, Ж.Отгонбаатараас 20.000.000 төгрөгийг тус тус залилж, нийт 89.725.150 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийн үйл баримт тогтоогдлоо.

хохирогч Б.Энх-Одын “...Эрдэнэсувд "эхний 5 машинаас зарахгүй, 1 машиныг нь Отгонбаярт зарсан, өөрөө 4 машиныг нь авна. Дараагийн орж ирэх 5 машинаас өгөх эсэхийг нь мэдэхгүй байна, гэхдээ хурдан 10 саяын захиалгаа өгчихвөл хурдан орж ирнэ" гэж хэлсэн. Би ойлгохдоо Эрдэнэсувдыг машинуудыг тав таваар нь оруулж ирдэг, нэг удаадаа орж ирж байгаа 5 машиныхаа 3-4 машиныг нь өөрөө хэрэглэж үлдсэнийг зардаг гэж бодсон. Энэ нь надад Эрдэнэсувд нүүрсний тээвэр хийж мөнгө олох сонирхолтой байгаа итгэлийг төрүүлсэн. ...Тэгээд оффис дээр нь очиж уулзахад "өнөөдөр орой Отгонбаярын машин гаалиар ороод ирчихсэн болохоор машиныг нь өгөх гээд нөхөр Ууганбаяртай хамт явах гэж байна, мөнгөө авч ирсэн үү" гэсэн. Тэгээд гэрээ хийж мөнгөө өгөх гэтэл тэднийд огт бэлэн гэрээ байхгүй байхаар нь бас л гайхсан учраас бэлнээр мөнгөө өгөлгүйгээр "хүнээс зээлэх гэж байгаа, үдээс хойш өгнө" гээд гараараа гэрээ хийгээд гарсан. Эрдэнэсувд "орой Замын-Үүд явах гэж байгаа, банк руу явж байна, мөнгөө хийсэн үү" гэж асуусан. Тэгэхээр нь надад бас сэжигтэй санагдаад "Ууганбаярыг машинаа очиж авсны дараа мөнгөө өгье" гээд тухайн үед мөнгө шилжүүлэлгүйгээр тэд нарыг явсны дараа Ууганбаярын данс руу 2 машины урьдчилгаа 20 сая төгрөгийг шилжүүлсэн. Ууганбаяр машинаа харсны дараа Замын-Үүдэд байхдаа Нандинчимэг бид хоёрын мөнгийг Эрдэнэсувдад өгсөн. Дансаар өгсөн үү бэлэн өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд машин орж ирэх байх гээд хүлээж байгаад 9 сарын 12-ны өдөр оффис дээр нь очсон боловч Эрдэнэсувд байгаагүй. ...Эрдэнэсувд "Хятад Улсад нэг компаниас машин худалдаж авахаар гэрээ хийсэн байгаа, ямар нэгэн хүүгүйгээр үлдэгдэл 30 саяыг төлнө, энэ 40 саяд гаалийн төлбөр, бичиг баримтын төлбөр, дугаар авах зардал зэрэг бүгд багтсан байгаа, гаалиар хурдан оруулж ирэхэд мөнгө төлөхөөр болвол 1 сая орчим төгрөгийг хувааж төлнө шүү, тэр үед нь утсаар яръя" гэж хэлж байсан. Тэгээд машинаа оруулж ирээд машин ажлаа эхэлсэнээс хойш үлдсэн 30 саяыг 3-4 сарын хугацаанд машины олсон мөнгөөр төлж барагдуулахаар ярилцсан байсан. Эрдэнэсувдад итгэх болсон нэг шалтгаан нь уурхайд засварын бригад ажиллуулж байгаа, засварын сэлбэг материалаа худалдаж аваад эхний 5 машинд аччихсан байгаа, засварын бригадаа удирдаж ажиллах хүн гэж оффист байсан нэг хүнийг зааж өгөөд байсан. Мөн эхний 5 машинаа авахаар явахдаа жолооч нар авч явсанд итгэсэн...” /1хх 9-11/,

хохирогч Б.Энх-Отгоны “...2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Волл транспорт” ХХК-ийн захирал Эрдэнэсувд гэдэг эмэгтэй ирээд "манай компани Таван толгойд 5 машин нүүрсэнд явуулдаг туршлагатай компани байгаа юм. Удахгүй БНХАУ-аас хилээр орж ирэх 5 машинаа танай ажилд явуулъя, манай машин ирэх 7 хоногт хилээр орж ирнэ" гээд манай компанитай нүүрс тээвэрлэх хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Тэгэхээр нь би "манай дүү машин хайж байгаа юм, хилээр машин оруулж ирдэг юм чинь 1 машин олоод өгөөч" гээд Эрдэнэсувдыг дүү Отгонбаяртай утсаар холбож өгсөн. Тэгээд тэр хоёр ярилцаад Эрдэнэсувд одоо орж ирэх гэж байгаа 5 машинаасаа нэгийг нь Отгонбаярт урьдчилгаа 10 сая төгрөг авч 40 сая төгрөгөөр зарахаар болсон. Тэгээд удалгүй машин хилээр орж ирсэн гэхээр нь машинаа сонгох гээд Отгонбаярын нөхөр Ууганбаяр, Эрдэнэсувдыг дагаж Замын-Үүд явсан. Тэр үед Отгонбаяр намайг бас “машин авахгүй юм уу, би урьдчилаад таны өмнөөс 10 сая төгрөгийг чинь төлчихье” гэхээр нь би дахиж нэг машин хүнд зарсан гэдгийг сонссон. Тэгээд Эрдэнэсувд биднийг луйвардсан байна гэж мэдээд цагдаад хандсан...” /1хх 13-15/, “...Би Эрдэнэсувдын өөрийн санал болгосноор Хово маркийн нүүрс зөөдөг шланз машиныг худалдаж авах зорилгоор урьдчилгаанд нь 10.000.000 төгрөгийг манай нөхрийн дүүгийн нөхөр болох Ж.Ууганбаярын Хаан банкин дахь данс руу миний өмнөөс манай нөхрийн дүү болох С.Отгонбаяр 2017 оны 8 сард шилжүүлж Ууганбаяр цааш нь Эрдэнэсувдад миний өмнөөс шилжүүлсэн. Би тэгэхээр Отгонбаярт 10.000.000 төгрөгийн өртэй гэсэн үг...” /1хх 137/,

хохирогч Н.Нандинчимэгийн “...Тэгээд Эрдэнэсувдын утас руу залгаж яриад 9 дүгээр сарын 04-ний өдөр 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын урд талд байрлах Алтан жинлүүрийн 304 тоотод ажил дээр нь очиж уулзаж мөнгө өгөлгүйгээр гараар гэрээ байгуулсан. 9 дүгээр сарын 05-ны өглөө хамт машин захиалсан Отгонбаярын нөхөр Ууганбаяр Замын-Үүд дээр машинаа очиж сонгоод "Бичигтийн боомт руу явуулах гэж байна" гэхээр нь итгээд тухайн өдөр Ууганбаярын Хаан банкны 5029804312 данс руу Энх-Од бид хоёрын урьдчилгаа мөнгө болох 20 сая төгрөгийг шилжүүлсэн. ...Эрдэнэсувд утсаа авахгүй юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй болчихсон. 9 дүгээр сарын 22-ны өдөр Эрдэнэсувд Отгонбаяр бид хоёртой ажил дээрээ уулзъя гэж хэлчихээд ирээгүй, утсаа салгаад алга болсон. Тэгээд 9 дүгээр сарын 25-ны өдөр Эрдэнэсувдтай ажил дээр нь очиж уулзаад мөнгө өгсөн гэдгээ баталгаажуулах гээд нотариатаар 41.875.000 төгрөгийг зээлсэн. 10 хоногийн дотор буцаан төлнө гэсэн гэрээ хийж батлуулсан. ...Зээл авч машин оруулж ирж байгаа гэдгээ хэлээгүй бид нарыг хуурч мэхэлсэн байсан...” /1хх 17-19, 139/,

хохирогч С.Отгонбаярын “...Эрдэнэсувд “би Таван толгойд 5 машин явуулж байгаа, одоо дахиад 5 машин оруулж ирж байгаа. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд нүүрсний уурхайд явуулна, надад 5 машиныг оруулж ирэхэд гаалийн бүрдүүлэлт, замын зардал, бензин тосны мөнгө хэрэгтэй байгаа учир орж ирж байгаа 5 машиныхаа нэг машиныг 40 сая төгрөгөөр зарна гэж тохиролцоод урьдчилгаа эхлээд 10 хувь өгчих” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр Ууганбаяр бид хоёр 4 сая төгрөгийг Ууганбаярын Хаан банкны данснаас Эрдэнэсувдын Хаан банкны данс руу 2017 оны 8 дугаар сарын 30-нд шилжүүлсэн. Эрдэнэсувд 10 хувийг өгчихвөл үлдэгдлийг нь графикийн дагуу төлж болно гээд урьдчилгаа нь багадаад байна гээд 10 хувь байснаа 10 сая төгрөг болгочихоод машин ороод ирчихлээ гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр бид хоёрт Эрдэнэсувд эндээс явж байгаа жолооч нарын цалин, замын зардал, 5 машинаа уурхай руу явуулах шатахуун, машинд шаардлагатай багаж техник, гаалийн бүрдүүлэлт зэрэгт мөнгө хэрэгтэй гэж хэлэхээр 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 2 сая төгрөгийг Ууганбаярын Хаан банкны данснаас Эрдэнэсувдын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Мөн энэ өдрөө 4 сая төгрөгийг Ууганбаярын данснаас Эрдэнэсувдын данс руу шилжүүлж цувуулж бид хоёр нийт 10 сая төгрөгийг шилжүүлээд байж байтал сүүлд Эрдэнэсувд мөнгө дутчихлаа гээд манай нөхрөөс 1.875.000 төгрөгийг авахаар болж манай нөхрийн Хаан банкны данснаас нярав Бэрцэцэгийн данс руу ...шилжүүлсэн. Эрдэнэсувд Замын-Үүдэд очоод “5 машинаасаа нэгийг нь сонгоод ав” гэж хэлсэн. Тэгэхээр нь манай нөхөр Ууганбаяр 2017 оны 9 сарын 04-ний орой Эрдэнэсувд, механик Онон, менежер Бэрцэцэг, нярав Мөөгий, зээлийн зууч Эрхэмбаяр гэх хүмүүсийн хамт явцгаасан. Тэгээд 5 машин ороод ирлээ гэхээр нь бид нар итгээд Энх-Отгон, Энх-Од, Нандинчимэг гурав өөрсдийн 30.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Манай нөхөр Ууганбаяр бид хоёрын хувьд Эрдэнэсувдад нийт 11.875.000 төгрөг цувуулж дансаар шилжүүлсэн. Энх-Отгон, Энх-Од, Нандинчимэг бид 4 сүүлд Эрдэнэсувдтай уулзаж нийт өгсөн 41.875.000 төгрөгийн зээлийн гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан...” /1хх 21, 141-142/,

хохирогч П.Одбаярын “...2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр фэйсбүүк сайтын хүнд машин мехнизм сошиал сурталчилгаа гэсэн групп-т "машин яаралтай оруулж ирж хямд зарна, 50-60 хувийг нь төлөөд үлдсэн мөнгийг лизингээр төлж болно, ажил нь бэлэн байгаа" гэсэн зарын 88780097 дугаартай утсаар Онон гэдэг хүнтэй холбогдож “Волл транспорт” компанийн захирал Эрдэнэсувд гэдэг хүнтэй Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан жинлүүр төвийн 304 тоотод очиж уулзсан. Тэр үед Эрдэнэсувд "надад 5 ачааны машин байгаа, 2 машиныг нь зарж урьдчилгаа аваад үлдсэн машиныхаа гаалийн татварыг төлж оруулж ирэх гэж байгаа юм" гээд гар утсаараа 5 ачааны машины зураг үзүүлсэн. Би Замын-Үүдэд байдаг найзаараа дамжуулаад гаалийн хашаанд байгаа 5 ачааны машиныг нь гаднаас нь үзүүлж шалгасан. Тэгээд би 43 сая төгрөгөөр зарах ногоон өнгөтэй Хово шланз маркийн машиныг авахаар сонгож урьдчилгаа 24 сая төгрөг өгөхөөр болж 9 дүгээр сарын 13-ны өдөр Эрдэнэсувд бид хоёр техник худалдах худалдан авах гэрээ хийсэн. 9 дүгээр сарын 14-ний өдөр Эрдэнэсувдын 5015250823 гэсэн данс руу Ард кино театрын Хаан банкны салбараас шилжүүлсэн. Машины арлын дугаар, серийн дугаар, улсын дугаар байхгүй болохоор нотариат техник худалдах худалдан авах гэрээг батлахгүй байсан. Тийм болохоор мөнгө өгсөн гэдгээ баримтжуулахын тулд тухайн өдөр 24 сая төгрөгийг 14 хоногийн хугацаатай, өдрийн 0,5 хувийн алданги тооцно гэсэн нөхцөлтэй Эрдэнэсувдад мөнгө зээлсэн гэсэн гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан...” /1хх 25-27/,

хохирогч Ж.Отгонбаатарын “...Би ачааны том машин авах гээд сонирхож байгаад 2017 оны 9 дүгээр сарын 20-ны үед фэйсбүүк сайтаас "Хово шланз зарна, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нь төлөөд жолооч авна," гэсэн зар олж, 99025415 гэсэн дугаараар холбогдож Эрдэнэсувдтай ярихад "манайх 5 машин оруулаад ирчихсэн байгаа, одоо 15 машин орж ирнэ. Гэхдээ 2 машин зарна. Урьдчилгаа 25 саяыг төлж машинаа аваад үлдсэн 20 сая төгрөгийг хүүгүй лизенгээр төлөх боломжтой" гэхээр нь Баянгол 4-р хорооны Алтан жинлүүрийн 304 тоотод байрлах “Волл транспорт” ХХК-ийн байранд очиж уулзсан. Тэр үед Эрдэнэсувд 2 машинаа зарж урьдчилгааг нь аваад бусад машиныхаа биржийн бүрдүүлэлт, таван толгой, ганц мод руу явах зардлаа гарган авч байгаа юм" гэж ярьж байсан. Тэгээд надад боломжийн санагдаад ярилцаж байгаад урьдчилгаа 20 сая төгрөг өгч 45 саяын үнэтэй 2008 оны Хово шланз маркийн машин авахаар болсон. Тэгээд би 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 20 сая төгрөг олж, 100 айлын Хаан банкнаас 5 сая төгрөг, мөн гэрээсээ интернет банкаар 15 сая төгрөг, нийт 20 сая төгрөгийг Эрдэнэсувдын Хаан банкны 5015250823 тоот данс руу шилжүүлсэн...” /1хх 29-31, 144/,

хохирогч У.Маанийвадарын “...2016 оны 9 дүгээр сараас 2017 оны 3 дугаар сарын хооронд Эрдэнэсувд намайг “Америкийн Нэгдсэн Улс руу 1.500 ам.доллараар хамт бүртгүүлье” гээд Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн эсрэг талын 12 давхар байрны 10 давхарт очоод Марта гэдэг хүнтэй уулзаад Америкийн Нэгдсэн Улс руу явуулах гэрээ хийсэн. Тэгтэл Эрдэнэсувд надад энэ газар худлаа юм шиг байна гэж хэлээд гэрээгээ цуцлаад Ариука гэх Улсын Их Хурлын гишүүний хамаатан гэх хүнд Эрдэнэсувдтай хамт 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын эсрэг талд байрлах байрны орчимд саарал өнгийн приус машинд 750 ам.доллар, гадаад паспортын хамт цээж зурагтай өгсөн. Тэгтэл 2016 оны 11 дүгээр сарын үед Эрдэнэсувд надаас “Ариука үлдэгдэл 750 ам доллараа нэхээд байна” гэж байн байн хэлэхээр нь би Сувдаад хандаж “аав, ээж хоёроос мөнгө ирээгүй байна” гэхэд Сувдаа “би чиний өмнөөс түр өгчихье” гээд таг болчихсон. Тэгээд 2 хоногийн дараа би Сувдаад “үлдэгдэл мөнгө хэд болсон бэ” гэхэд “1.715.150 төгрөг болсон” гэсэн. Тэгэхээр нь би Хаан банкны данс руу нь шилжүүлсэн. Тэгтэл Сувдаа надад Ариука гэх хүн худлаа яриад алга болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би “одоо тэгвэл би мөнгөө аваад болимоор байна” гэхэд Сувдаа миний мөнгийг өгөлгүй 3 сар орчим алга болсон. Тэгээд Ариукагаас чиний мөнгийг Global help center гэх гэх Америк руу зуучилдаг газар луу шилжүүлсэн гэж надад хэлээд надаас дахиад 275.000 төгрөг сургалтад зориулж авсан. Тэгээд миний виз гарахгүй удаад байхаар нь би Global help center-ийн захирал Анхаатай UBH center-т очиж уулзахад “Эрдэнэсувд надад 1.500.000 төгрөг өгсөн, гэхдээ чиний нэр дээр ямар нэгэн гэрээ хийсэн зүйл байхгүй, Эрдэнэсувд надаас бага багаар буцааж авсан. Одоо мөнгө буцааж өгөхгүй” гэсэн. Би Сувдаад энэ талаар хэлэхэд Сувдаа надад “би энэ газрыг цагдаагийн байгууллагаар шалгуулна” гээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл бичээд очтол Сувдаа нэг байцаагчтай уулзаж гарч ирээд Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа учир өргөдлийг хүлээж авахгүй гээд аваагүй. Тэгтэл Сувдаа миний өмнөөс болон Энхмаа гэх хүний өмнөөс өргөдөл бичиж өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүлээж байсан ба надад Авлигатай тэмцэх газрын утасны дугаарыг өгөөд чи өөрөө яриарай гэсэн. ...би Сувдаагаас мөнгө нэхтэл өөрөөсөө түлхэж “чи өөрөө тэр газраасаа олж ав, эсвэл намайг хүлээж бай, энэ хэрэг шалгагдаж байгаа” гэж хэлсэн. 2016 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны орчимд Эрдэнэсувдад машин дотор 750 ам.доллар өгсөн. 2016 оны 10 дугаар сарын үед Эрдэнэсувдын данс руу 1.715.150 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Дараа нь 275.000 төгрөгийг дансаар өгсөн. Би Эрдэнэсувдад өгсөн нийт 3.850.150 төгрөгийг авмаар байна...” /2хх 201-203/,

гэрч Ж.Ууганбаярын “...2017 оны 8 сарын сүүлээр манай эхнэр Отгонбаяр "Энх-Отгон эгчтэй ярилаа, БНХАУ-аас Хово шланз маркийн 40 сая төгрөгийн үнэтэй машиныг 10 сая төгрөгийн урьдчилгаа аваад үлдэгдлийг нь хувааж төлөх нөхцөлтэй машин зарах хүн байна гэнээ. Тэгээд Энх-Отгон эгчийн компани дээр явуулж болохоор юм байна" гэсэн. Тэгээд Энх-Отгон эгчийн ажил дээр эхнэртэйгээ хамт очиход Эрдэнэсувд гэдэг машин оруулж ирж зарах гэж байгаа хүүхэн ирчихсэн байсан, тэр үед би эхнэрийг дагаад явж байсан болохоор түүнтэй янз бүрийн юм яриагүй. Энх-Отгон эгч манай эхнэр машин авахаар тохиролцчихсон байсан. Тэгээд 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 4 сая төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5029804312 данснаас Эрдэнэсувдын 5015250823 гэсэн Хаан банкны данс руу мобайл банкаар шилжүүлсэн. Яг хаанаас шилжүүлснийг нь санахгүй байна. 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 2 сая төгрөг, 4 сая төгрөг, нийт 6 сая төгрөгийг мөн данснаас Эрдэнэсувдын данс руу шилжүүлсэн. Яг юу гэж хэлж авсныг сайн санахгүй байна. Машин гаалиар оруулж ирэхэд мөнгө хэрэгтэй байна гэж авсан байх. Миний данснаас мөнгө шилжүүлж байсан боловч би нарийн зүйлийг сайн мэдэхгүй. 9 дүгээр сарын 04-ний өдөр Эрдэнэсувд, түүний хөдөлмөр хамгааллын инженер Онон, менежер Бэрцэцэг гурав манайд ирж машин үзэхээр Замын-Үүд рүү явахаар болсон. Тэгээд 25 дугаар эмийн сангийн урд талд байдаг Эрдэнэсувдын оффис дээр очсон. Тэгтэл Эрдэнэсувд "зээл гаргаж өгөх гэж байгаа хүн заавал урьдчилгаа мөнгө авч байж Замын-Үүд рүү явна гэж байна, мөнгөний хэрэгтэй байна, би бүх мөнгөө Хятад руу шилжүүлчихсэн" гэхээр нь би 1 сая төгрөгийг Эрдэнэсувдын ажил дээр байхдаа өөрийнхөө дансаас түүний данс руу мобайл банкаар шилжүүлсэн. Тэгтэл Эрдэнэсувд картнаасаа бэлнээр 3 сая төгрөг авч "Эрхэмбаярт хүргэж өгөөрэй" гээд Ононд өгсөн. Онон бид хоёр Эрхэмбаярын гэрийн гадна очиж уулзаад Эрдэнэсувдын машинд багтахгүй болохоор түүний машинтай Замын-Үүд рүү хамт явсан. Тэгээд 9 дүгээр сарын 05-ны өглөө Замын-Үүдэд очсоны дараа би Энх-Отгон эгчийн машины урьдчилгаа гэж 9 сая төгрөгийг мобайл банкаар Эрдэнэсувдын данс руу шилжүүлсэн. Тэгээд үдээс хойш болж байхад машинууд гаалиар орж ирэхээр нь би улаан өнгөтэй, цэнхэр чиргүүлтэй шланз хово маркийн машиныг авахаар сонгоод, тухайн өдөртөө багтаад Энх-Од, Нандинчимэг нарын машины урьдчилгаа 20 сая төгрөгийг мөн мобайл банкаар Эрдэнэсувдын данс руу шилжүүлж, нийт 40 сая төгрөг өгсөн. Намайг Замын-Үүд рүү явж машинуудыг үзсэн болохоор Энх-Од, Нандинчимэг Энх-Отгон эгч нар миний данс руу мөнгөө шилжүүлж, Эрдэнэсувдад өгсөн. Тэгтэл 9 дүгээр сарын 05-ны орой нь Эрдэнэсувд, Бэрцэцэг, Онон гурав Хятад Улс руу хилээр гарч машинууддаа багаж авахаар яваад хилээр гарсаны дараа Эрдэнэсувд над руу утсаар холбогдож “юм авах гэсэн мөнгө дутчихлаа, мөнгө шилжүүл” гэхээр нь би Замын-Үүдийн Хаан банк орж 1.875.000 төгрөгийг 5378061003 гэсэн Бэрцэцэгийн Хаан банкны данс руу нэмж шилжүүлсэн. Тэгээд маргааш өдөр нь Эрдэнэсувд, Онон, Бэрцэцэг гурав Хятадаас ирээд "машины бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай байна" гээд гаалийн хашаанаас машинуудаа авалгүйгээр Улаанбаатар хот руу явахаар болсон. Уг нь машинуудаа гаалийн хашаанаас гаргаж аваад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уурхай руу явна гэж байсан юм. Мөн Эрдэнэсувд тухайн 5 машины 200 сая төгрөгийг 100 хувь төлсөн, 7 хоногийн дараа дахиж машинууд орж ирэхээр нь бусад хүмүүсээр машиныг нь сонгуулна гэхээр нь би итгээд Улаанбаатар хот руу хамт ирсэн. Тэгээд би хотод ирээд ногоогоо хураах гээд Төв аймгийн Жаргалант сум руу явчихсан болохоор тэрнээс хойш яагаад мөнгийг минь авчихаад машиныг минь өгөхгүй байгааг мэдэхгүй байна. Машин авах бүтэхгүй болсон гэсэн. Надад мэдэх өөр зүйл байхгүй. Хэргийг хурдан шийдэж хохирлыг минь барагдуулж өгнө үү...” /1хх 109-112/, “...Тэгээд тэр 5 машинаас улаан өнгийн толгойтой, цэнхэр чиргүүлтэй Хова машиныг сонгоод авахаар тохиролцсон. Тэгээд гаалийн бүрдүүлэлт бичиг баримтыг нь хөөцөлдөнө удах юм шиг байна гэхээр нь би хот руу буцаад цуг ирсэн. Ер нь Энх-Од, Энх-Отгон, Нандинчимэг болон манай эхнэр Отгонбаяр нарын хувьд Эрдэнэсувдтай намайг машин очиж үзэхээс өмнө уулзаж худалдаж авахаар тохиролцсон байсан. Намайг ер нь ямархуу машин байгааг үзүүлж харуулах гэж л хамт Замын-Үүд рүү явуулсан. ...Эрдэнэсувд нь анхнаасаа зохион байгуулалттай хүмүүсийг луйвардсан, Таван толгойд машин явуулдаг, тэрнээс 10 машиныг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаанд явуулна гэж худал хэлсэн байгаа юм...” /2хх 17/,

гэрчээр Г.Бэрцэцэгийн “...Эрдэнэсувдтай би 2014 онд танилцсан. Ер нь нэг их ойр дотно байж байгаагүй. Тэгээд 2017 оны 5 дугаар сард Эрдэнэсувд над руу утасдаад “би нэг компани нээгээд ажиллаж байгаа энэ компани нь Хятадын Чалкогийн охин компани байгаа юм, надад ажлаад өгөөч, өөр итгэх хүн олдсонгүй” гэсэн. Тэгсэн сүүлдээ над руу чат бичээд гуйгаад байхаар нь Эрдэнэсувдын 25 дугаар эмийн сангийн замын урд талд Алтан жинлүүр гэдэг оффиссын 3 давхарт байдаг нэг өрөөнд очиж уулзсан. Тэгсэн Эрдэнэсувд “Нью Глобал Майнинг” ХХК нь нүүрс тээврийн компани байгаа юм. Би Өмнөговь явж явдал суудал ихтэй ажилтай байдаг учир оффис дээр суудаг бичиг цаасны ажил хийдэг хүн хэрэгтэй байна гэж хэлсэн. ...Тэгээд ажилд орсоноос хойш 1.800.000 төгрөгийн цалин нэг ч удаа авч байгаагүй. ...2017 оны 6 дугаар сард “Нью Глобал Майнинг” ХХК болиод “Волл транспорт” ХХК-ийг Эрдэнэсувд үүсгэн байгуулж, 100 хувь өөрийнх нь эзэмшлийн компани болгосон. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 8 сарын дундуур хүртэл оффис дээр хэн ч ажиллаагүй “амар” гээд амраачихсан. Би болохоор зар тавьж жолооч нарыг ажилд авдаг байсан. Жолооч нарынхаа нэрсийг бүрдүүлээд 10 гаруй хүн болохоор Өмнөговь руу явуулдаг байсан. Өмнөговиос Эрдэнэсувд өөрөө тосож авдаг байсан. Тосож авсан жолооч нараа хил гаргаад Хятадуудын машинаас нэг нэгийг авч өгөөд нүүрс зөөлгөдөг гэж надад Эрдэнэсувд хэлж байсан. Ер нь бол энэ ажил нь ингэж л эхэлдэг байсан. ...“Мөнгө босгох хэрэгтэй байна, би хүмүүстэй уулзаж байгаа” гэж хэлсэн. Тэгээд манай оффис дээр 2 эмэгтэй Ууганаа гэх ахын эхнэр нь болох нь Оогоо гэж дууддаг эмэгтэй ирсэн. ...тэр эмэгтэй гэрээ хийх гэж ирсэн. ...Одбаяр гэх залуутай Эрдэнэсувд Өмнөговь явдаг өдрөө уулзаж намайг “хамт нотариат ороодохьё” гэж хэлээд Одбаяр, Эрдэнэсувд бид гурав явж 25 дугаар эмийн сангийн хажууханд байдаг нотариатын газарт очиж мөнгө зээлэх гэрээ хоорондоо байгуулсан. ...Эхний 20 сая төгрөгийг дансаар Замын-Үүдэд байхад шилжүүлсэнийг мэдэж байна. ...Түүнээс яг хэн, хэн нь хэдэн төгрөгийг шилжүүлснийг мэдэхгүй. Байгууллагын данс гэж нээж байсан боловч тэр дансыг ашигладаггүй зөвхөн өөрийнхөө дансыг л ашигладаг байсан юм байна. Хүмүүсээс “машин зарна” гэж зар тавьж мөнгө босгосон...” /1хх 149-151/,

гэрч Н.Эрхэмбаярын “...Эрдэнэсувд анх 2017 оны 8 дугаар сард “БНХАУ-аас машин оруулж ирнэ, зээл авмаар байна” гэж надтай уулзсан. Тэгээд бид нар компанийн зүгээс зээл авахад зөвлөх үйлчилгээ үзүүлсэн. Судалгааны явцад Замын-Үүд рүү нэг удаа явсан. ...9 дүгээр сараас эхлэн би харилцдаг Банк бус санхүүгийн байгууллагуудтай танилцуулж зээлийн щаардлага хангахгүй учраас зээл олгохгүй гэсэн шийдвэрүүд гарсан. 2017 оны 8 дугаар сарын сүүлээр би урагшаа Эрээн рүү явж байхад манай машинд Ууганбаяр, манай нэг ажилтан залуу, нэрийг нь мэдэхгүй нэг жолооч хамт явсан. Эрдэнэсувд бас өөр машинтай хамт явсан. Тэнд машин орж ирдэг үгүйг би шалгах гэж л очсон боловч “машин нь хил дээр ирчихсэн гээд 2 цаг гаруй хүлээнэ” гэхээр нь би хүлээж чадаагүй явсан. Дээрх хүмүүсийг би сайн мэдэхгүй байна. Ууганбаяр гэх хүн л хамт явж байсан болохоос Эрдэнэсувд надад хүмүүст машин зарж байгаа гэж тэр үед огт хэлээгүй. Сүүлд Ууганбаярын эхнэр нь гэх эмэгтэй ирж надтай уулзаж “Эрдэнэсувд зээл хөөцөлдөж байгаа юм уу” гэж асуусан. Хил дээр машинууд орж ирж байна гэж Эрдэнэсувд хэлсэн, бид нар өглөө Замын-Үүд дээр очсон боловч 15 цаг хүртэл хүлээгээд машин нь орж ирэхгүй болохоор нь би буцсан. Түүнээс би 5 автомашин орж ирснийг нь хараагүй. “Волл транспорт” ХХК дээрээ Эрдэнэсувд зээл авъя гэж надтай уулзаж байсан...” /1хх 152-153/,

гэрч Б.Ононгийн “...Би хөдөлмөр зуучлалын газарт бүртгүүлсэн байсныг 2017 оны 5 дугаар сард намайг “Волл транспорт” ХХК-д жолооч авна гэж байна та яваад оч гэж хэлсний дагуу очиж Эрдэнэсувдтай уулзаж 2017 оны 6 дугаар сараас 8 дугаар сар хүртэл жолоочоор ажилласан. Эрдэнэсувдтай ямар нэгэн холбоо байхгүй. “Волл транспорт” ХХК нь намайг анх ажилд ороход хятадын шланз машин дээр монгол жолооч нарыг Таван толгойд ажиллуулдаг байсан. ...2017 оны 8 дугаар сарын сүүлээр Эрдэнэсувд, Бэрцэцэг, Мөнхцэцэг, бас нэг машин худалдаж авах гэж байсан ах, улаан Приус-20 машинтай банкны гэх залуу хамт явсан. Эрдэнэсувд нь нөгөө хэдтэй тусдаа машинтай хамт явсан. Тэгээд Замын-Үүд дээр өглөө очиход 5 машинаас 2 машин түрүүлж орж ирсэн байсан. Дахиад 2 машин нь орж ирээд хамгийн сүүлд нэг ногоон өнгийн Хова машин орж ирсэн. Эрдэнэсувд намайг энэ машинуудыг авах гэж байгаа энэ машинуудыг үзэж хар юу хэрэгтэй байна гэхээр нь би 5 машиныг нь үзээд солих ёстой зүйлүүдийг нь хэлж өгсөн. Тэгээд уг автомашинуудаа аваад явна гэж байгаад сүүлдээ больсон. Тэгээд цаашаа Бэрцэцэг, Эрдэнэсувд нартай Эрээн явж машины багажууд авсан. Машин авах гэж ирсэн ах ногоон Хова машиныг гайгүй юм байна гэж хэлж байсан. Яагаад машин авч явахаа больсныг ч би мэдэхгүй. Буцаад бид нар Улаанбаатар явсан. Тэгээд ирчихээд удаагүй Замын-Үүд рүү Эрдэнэсувд, Мөөгий бас 5 жолооч нэг засварчин ах бид нар явж би цаашаа Эрдэнэсувдтай явж багаж тоног төхөөрөмжүүд авсан. Над руу сүүлд Одбаяр бас нэг эгч залгаад Эрдэнэсувдтай холбоо барих арга байна уу гэж асуудаг байсан. Би Эрдэнэсувдаас цалин гэж цувуулж 2-3 сая төгрөг авч байсан...” /1хх 154-155/,

гэрч Б.Шинэбаярын “...2017 оны 8 дугаар сард Эрдэнэсувд гэх эмэгтэй Замын-Үүдэд өөрийн биеэр ирээд надтай уулзаж "5 ширхэг хүнд даацийн автомашин Хово 3 ширхэг, Саншин 2 ширхэг БНХАУ-аас оруулж ирж өгнө үү, Би Таван толгойд тээврийн байгууллагын автомашинууд хариуцсан менежер ажилтай, хувийн тээврийн компанитай” гэж хэлээд захиалга өгч захиалах үедээ ямар нэгэн гэрээ хийгээгүй, төлбөр мөнгө өгөөгүй тохирч явж байсан. Ингээд би 2017 оны 8 дугаар сарын дундуур иргэн Эрдэнэсувдын захиалгын дагуу БНХАУ-аас дээрх автомашинуудыг оруулж ирээд Монгол Улсын хил дээр авч ирээд Эрдэнэсувдыг дуудсан. Эрдэнэсувд нь өөрийн биеэр Замын-Үүдэд ирээд “тус машинуудыг авах мөнгө байхгүй байна, банкны зээл хөөцөлдөж байна” гэсэн ба би өөрөөсөө 200.000.000 сая төгрөг гаргаж автомашинуудыг оруулж ирсэн болохоор Эрдэнэсувдад өгөөгүй ба Эрдэнэсувдаас мөнгө нэхэх үед “банкны зээлээ хөөцөлдөж байна” гэж хэлээд 1 сар хүлээлгэсэн. Автомашинуудыг гаалийн талбайд хүлээлгэх, бензин тос, жолоочийн хөлс, хашааны хөлс, засвар үйлчилгээ зэрэгт надад 15.000.000 төгрөг өгч хүлээлгэсэн. Тэгээд автомашинуудыг авахгүй болохоор нь би өөрөө нэг сар гаруй хугацаанд хүлээж байгаад өөртөө их алдагдалд орохгүйн тулд бусдад худалдаалсан. Ингээд алга болж байж байгаад Эрдэнэсувд 2018 оны 1 дүгээр сард шиг санаж байна 2 ширхэг хүнд даацийн автомашин урьдчилгаагүй надаас авна гэж хэлэхээр нь би өгөөгүй. Эрдэнэсувдад нэг ч автомашин өгч байгаагүй...” /1хх 156-157/,

гэрч Э.Эрдэнэбаярын “...2017 оны 5 дугаар сарын сүүлээр Эрдэнэсувд миний ажилладаг “Ганц мод” боомтон дээр ганцаараа явж байхад нь би таарсан. Тэгээд их сургуульд хамт сурч байсан болохоор хамт хоол идэж юу хийж байгаа талаар ярилцсан. “Омогт цагаан шонхор” ХХК гэж байдаг ба уг компани нь БНХАУ-ын монгол талынх нь компани байгаа юм. Уг компани нь Хятадын нүүрсний машинуудыг Монгол талд нь хариуцан ажилладаг. Эрдэнэсувд захирал Мөнхбатыг нь таньдаг ба “Омогт цагаан шонхор” компани нь 400 гаруй машины 600 гаруй жолоочийн нийгмийн даатгал жолооч нарыг хариуцан ажиллах ажлаар ирсэн гэж надад хэлсэн. Ингээд Эрдэнэсувд 2-3 хоног байсан буудлаасаа гарчихсан “хонох газар байхгүй байна, танайд нэг хоночихоё” гэхээр нь би гэртээ авч ирсэн юм. Ингээд манайд байж байх хугацаандаа “5 сая төгрөг олоод өгчих, мөнгөний хэрэг байна, Цагаан хаданд байгаа кэмпийн жолооч, тогооч нарын цалин тавих хэрэгтэй байна” гэж байсан. Энэ байдлаараа манайд 2 хоноод байнга л мөнгө олоод өгчих гээд байхаар нь би ганц таньдаг хоолны газар ажиллуулдаг ах байдаг өөр таних хүн байхгүй гэхэд тэр хүнээсээ асуугаад өгөөч гээд байсан. Тэгээд би Эрдэнэсувдыг “Ганц мод”-нд Гомбоо ахын ажиллуулдаг хоолны газарт нь Эрдэнэсувдыг дагуулж очоод хоолных нь газар хоол идэж Гомбоо ахад “энэ манай их сургуулийн ангийн эгч байгаа юм, энд жолооч явуулж байгаа юм, ажилчдынхаа цалинг тавих хэрэгтэй болчихоод яаралтай 5 сая төгрөг зээлээч гэж байна танд боломж байна уу” гэхэд чамайг хэлж байгаа бол зээлүүлж болно, өөр хүн бол зээлүүлэхгүй, танай эгч юм бол итгээд өгнө” гэж байсан. Тухайн үед Эрдэнэсувд босч ирээд Гомбоо ахтай ярилцаж гэрээ маягийн юм байгуулж, 5 сая төгрөгийг 5.500.000 төгрөг болгож өгөхөөр болж өөрсдөө гараар гэрээ байгуулж бичиг баримтаа канондож өгсөн байгаа. ...Мөнгөө Гашуун сухайтын Хаан банкин дээрээс Эрдэнэсувд руу 3 сая төгрөг дансаар шилжүүлсэн, 2 сая төгрөг бэлнээр өгсөн. ...над руу Гомбоо ахын эхнэр Отгоо эгч залгаад “танай эгч чинь 10 сая төгрөг аваад явсан, мөнгөө өгөхгүй байна” гэхээр нь би “юун 10 сая төгрөг вэ, 5 сая төгрөг зээлээ биз дээ” гэхэд Отгоо эгч “нэмж 5 сая төгрөг авсан, хугацаандаа мөнгөө өгөхгүй байна” гэж хэлсэн. ...Тэгэхээр нь би Эрдэнэсувд эгч рүү залгасан чинь “харин тийм, нэмээд 5 сая төгрөг авсан” гэж хэлсэн. Тэгээд “банкны зээл бүтчих юм, удаахгүй яаралтай өгчихнө” гэж хэлсэн. ...Гомбоо ах над руу байнга залгаж “эгч чинь яачихав” гээд над руу дайраад байхаар нь би Эрдэнэсувд руу л залгахаар нь утас нь холбогдохгүй, дугаараа байнга сольдог байсан. ...Одоогийн байдлаар Эрдэнэсувд нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Гомбо ах над руу байн байн залгаад байхаар нь асуудлыг намжаах үүднээс би хувиасаа 1 сая төгрөг өгсөн байгаа...” /1хх 234-235/ гэх мэдүүлгүүд болон зээлийн гэрээнүүд, мөнгө шилжүүлсэн баримтууд зэргээр нотлогджээ.

Эдгээр хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаас үзэхэд М.Эын гэмт хэрэг үйлдсэн байдал, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн тогтоогдсон гэж үнэ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Эын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч М.Эыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх “нэг цаг хугацаанд нэр бүхий дөрвөн хохирогчийн мөнгийг өөрийн дансанд шилжүүлэн авсныг гэмт хэргийг байнга үйлдсэн шинжид шууд хамааруулан дүгнэх хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Шүүгдэгч М.Э нь 2016 оны 9 дүгээр сарын 1-нээс 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нийт 7 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

            Харин шүүгдэгч М.Эыг залилах гэмт хэргийг “...амьдралын эх үүсвэр болгосон” гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй, уг үйл баримтыг бүрэн тогтоосон нотлох баримт хэрэгт алга. Энэ талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн бодит байдлыг зөв тогтоожээ.

 

            Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гэм буруугүйд тооцох зарчимд нийцсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч М.Эын гаргасан “...хорихоос өөр төрлийн шийтгэл оногдуулж өгнө үү...”, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, Д.Түмэнжаргал нарын гаргасан “...анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү...”, хохирогч Х.Цэрэнгомбын гаргасан “...М.Э нь Б.Отгонжаргалыг гэрээгээр халхавчилж залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дахь хэсэгт заасан бүрэлдэхүүний шинжийг агуулсан байхад хэрэгсэхгүй болгож байгаа нь огт үндэслэлгүй юм. ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирлыг барагдуулж өгнө үү” гэх утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй.

 

Учир нь, шүүгдэгч М.Эын үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

 

Дээрх байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж  заасантай нийцэж байгаа болно.

Анхан шатны шүүх иргэн Х.Цэрэнгомбоос 10.000.000 төгрөг авсан гэх үйлдлийг ямар нэг байдлаар хуурч, залилан мэхэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож, иргэн Х.Цэрэнгомбо энэ талаарх нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Иргэний эрх зүйн дэх гэрээгээр халхавчлан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа

биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй гэсэн субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон байх явдал юм.

           

            Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээс дүгнэвэл шүүгдэгч М.Э Х.Цэрэнгомбоос 10.000.000 төгрөг авсан гэх үйлдэлд зээлийн гэрээг хүсэл зоригоо бодитой илэрхийлэх замаар үнэнч шударгаар байгуулаагүй, тухайн гэрээнд заасан үүргээ биелээгүй нь түүнийг мөнгийг буцааж өгөх ямарч бодолгүй байсан, гэрээгээр халхавчилж залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх боломжгүй байна. /2хх 162-174/

 

            Үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж зөвхөн хохирогчийн эрхийг эдэлж болохоор зохицуулан

хуульчилжээ.

 

Гэтэл Г.Гал-Очирын “...2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр иргэн Б.Отгонжаргал, Х.Цэрэнгомбо нар нь манай хуулийн фермд ирж, залилуулсан талаар зөвлөгөө авч уг ажлыг манайхаар хөөцөлдүүлэхээр болж, үүний дагуу итгэмжлэл олгосон...” гэсэн гэрчийн мэдүүлэг, итгэмжлэлийг үндэслэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Гал-Очирыг Х.Цэрэнгомбын өмнөөс хохирогчоор тогтоож, хохирогчийн эрхээс гадна үүрэг хүлээлгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд хуульд нийцэхгүй. /2хх 168/

Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл хохирогч Х.Цэрэнгомбын гаргасан “...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Х.Цэрэнгомбо, шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, Д.Түвшинжаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.