Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 71

 

Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг   Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярмагнай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,

Шүүгдэгч: Д.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийж, Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монголмууд овгийн Дашийн Бат-Эрдэнэд холбогдох 201620000215 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч - Монгол улсын иргэн, Увс аймгийн Малчин суманд 1967 оны 2 дугаар сарын 20-нд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Малчин сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОЖ67022019, Монголмууд овгийн Дашийн Бат-Эрдэнэ. 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь 2016 оны 08 дугаар сарын 31-ний шөнө Увс аймгийн Улаангом сумын 7-р багт байрлах авто засварын газарт өөрийн эзэмшлийн 12-37 УВХ улсын дугаартай, Пронтер маркийн автомашиныг засварлаж байх явцад уг автомашиныг асааж хөдөлгөхдөө хааз/пидал/огцом гишгэж автомашины урд зогсож байсан эхнэр Б.Туяаг мөргөж болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4, 5-11-р тал/,

2. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15, 16-21-р тал/,

3. Эд хөрөнгө битмүүмжлэх тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22, 23, 24-р тал/,

4. Хохирогч Б.Шинэбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 08 дугаар сарын 31-ний шөнө намайг гэртээ байж байтал Улаангом сумаас нагац ах Батаа гар утсаар ярьж “Энд хүн амины хэрэг гарлаа” гэж хэлэхээр нь би “Юу болсон юм, юу яриад байгаа юм” гэж асуухад “ Бат-Эрдэнэ машинаа засаж байгаад осол гаргаж эхнэрээ дайраад алчихсан байна ” гэж хэлсэн. Тэгээд би аав, ээж, ах, дүү нартаа мэдэгдэж өглөө нь Улаангом сум руу явсан. Бат-Эрдэнэ нь миний төрсөн эгчтэй гэр бүл болсон, миний хүргэн ах юм. 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Бат-Эрдэнэ ах, талийгаач эгч хоёр сургуулийн хүүхдийн хичээлийн бэлтгэл хангах, автомашинаа засуулах зэрэг ажлаар Улаангом сум явсан байсан юм. Бид Улаангомд ирээд юу болсон талаар Бат-Эрдэнэ ахаас асуухад “Би машинаа засварын газарт оруулаад засуулж байхад орой 22 цагийн үед талийгаач ганцаараа засварын газарт ирсэн. Тэгээд бид нарын хажууд чийдэнгийн гэрэл тусгаад зогсож байсан. Тэр үед засварчин намайг “Чи машинаа асаагаад хөдөлгөөд үз” гэхээр нь би машиндаа ороод асаахад  машин гэнэт огцом хөдлөөд ийм асуудал болчихлоо” гэж хэлсэн. Би Бат-Эрдэнэ ахыг машинаа асаагаад тормозоо гишгэх гэж байгаад хаазаа огцом гишгэж хөдөлсөн байх гэж бодож байна. Хүргэн ах Бат-Эрдэнэ нь миний талийгаач эгчийн үгээр байдаг бөгөөд талийгаач эгч маань ингэ, тэг гэж байнга зааж явдаг хүн байсан. Эгч маань ч тухайн үед “Машинаа асаагаад хөдөлгөөд үз” гэж хэлсэн гэдэг. Бат-Эрдэнэ ах хонь, мал гэж явдаг хүн бөгөөд гэр орны ажилд оролцоод байдаггүй юм. Эхнэр нь л гэр орны хамаг ажлыг амжуулдаг байсан. Бат-Эрдэнэ ах архи уугаад байдаггүй бөгөөд талийгаач эгч, Бат-Эрдэнэ ах хоёр хоорондоо их эв түнжинтэй гэр бүл байсан. Дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, 400 орчим малтай, нэг автомашинтай, өөр ямар нэгэн эд хөрөнгө гээд байх зүйл байдаггүй юм. Бат-Эрдэнэ ах машин гайгүй жолооддог бөгөөд машин жолоодоод 2 жил болж байгаа. Ард нь үлдсэн 4 нялх хүүхэд хэцүү байна. Нэгэнт ийм зүйл болсон тул бид нарын зүгээс гомдол тэмцэл байхгүй. Хурдан хугацаанд энэ хэргийг шийдэж өгөөч гэж хүсэх байна. Одоо Бат-Эрдэнэ ахын ар гэрийн амьдрал хэцүү байгаа бөгөөд 3 настай хүүхэд нь “Ааваа” гээд уйлаад хэцүү байгаа. Санамсар болгоомжгүй байдлаас болж ийм хэрэг гарсан. Бид нарт ямар нэгэн гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/,

5. Гэрч Б.Ганчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Намайг 2016 оны 08 дугаар сарын 31-ний шөнө 22 цагийн үед гэртээ байж байтал манай хүргэн ах Ганхуяг миний гар утас руу залгаад “Энхээ ахын засварын газар дээр асуудал гарлаа. Түргэн дуудаарай” гэж хэлээд утсаа тасалчихаар нь би өөрийнхөө машинаа асааж төрсөн ах Энхээгийн засварын газар луу явсан. Явах замдаа 103-уруу залгаж “Засварын газар дээр осол гарсан юм шиг байна. Хурдан очоорой” гэж хэлсэн. Ингээд засварын газар дээр очиход Энхээ ах миний өмнөөс гарч ирээд “Цагдаа дууд” гэхээр нь өөрийнхөө 99563205 гэсэн дугаараас цагдаагийн газрын 7045102 тоот утас руу залгаж дуудлага өгсөн. Тэгээд би засварын газар луу хальт ороод харахад цагаан өнгийн машин цаашаа харчихсан, жаахан хазайсан байдалтай зогсож байсан. Надад тухайн үед засварын газар дотор ямар осол болсон талаар харж үзсэн зүйл байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р тал/,

           6. Гэрч Б.Энхээгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би өнөөдөр өглөө ажилдаа очоод байж байгаад 10 цаг өнгөрч байх үед машины цахилгаан шалгадаг багаж авахаар гэртээ ирэхэд манай сэлбэгийн дэлгүүр дотор 50 орчим настай эрэгтэй хүн ирсэн байсан. Тэр хүн өөрийгөө Малчин сумын харьяат Бат-Эрдэнэ гэж танилцуулаад надад “Та миний “Пронтер” маркийн машины урд хоёр барваан тосолж, машины жолооны /руль/ чагтан гол сольж, мөн машины хоёр хаалганы дотно гадна байдаг түгжээ болон бариулуудыг сольж, засаж янзалж өгөөч” гэж гуйхаар нь “Надад өнөөдөр машин засаж, янзлах зав байхгүй” гэж хэлэхэд “Би танай коллежийн авто засварын ангийг өнгөрсөн жил буюу 2015 оны 12 дугаар сард төгссөн Амгаланбаатар гэдэг хүүхдийн аав нь байгаа юм” гэж хэлээд гуйгаад байсан. Тэгээд би  “Тэгвэл та үдээс хойш 14-15 цагийн үед хүрээд ир, таны машиныг засаж янзалж өгье” гэж хэлсэн. Үдээс хойш 15 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хашааны гадна Бат-Эрдэнэ гэдэг хүн цагаан өнгийн “Пронтер” маркийн 12-37 УВХ улсын дугаартай машинтайгаа зогсож байсан. Тэгээд бид хоёр манай гэрийн гаднаас хөдөлж миний хувиараа ажиллуулдаг засварын газарт очоод Бат-Эрдэний машиныг засварын газар дотор оруулаад би урдаас нь гараараа зааж өгөөд машин засах нүхэн суваг дээр машиныг зогсоосон юм. Ингээд би Бат-Эрдэнийн машины урд хоёр дугуйны барваан /цап/-ыг  гаргаж тосолж, хойд хоёр амортизаторын резин, хойд хагас голны сальник резин сольж, жолооны хүрдний /рульны/ чагтан голыг тайлж, хүрдний голыг солиод боолтыг нь боогоод цохиж оруулах гэж байхад Бат-Эрдэнэ автомашины зүүн талд газарт хэвтэж байсан. Би нүхэн суваг дотор байсан ба бид хоёр машин доороос харж байгаад “Жолооны хүрдийг машин дотор нь орж баруун тийш эргүүлж, машинаа бага зэрэг урагшаа хөдөлгөх шаардлагатай юм байна” гэж ярилцаж байсан. Гэтэл Бат- Эрдэнэ гэнэт машин руугаа ороод машинаа асааж урагшаа хөдөлж машины урд зогсож байсан эхнэр болох эмэгтэйг  машины урд хэсгээрээ байшингийн ханатай хавсарч мөргөсөн. Энэ үед машины зүүн урд дугуй нүхэн сувагруу хальт ороод зогссон юм. Тэгээд би машин засварын нүхэн суваг дотроос машины араар гарч жолооч талаар очиход эхнэр нь байшингийн хана, машин хоёрын дунд шахагдсан, хагас суусан байдалтай ямар нэг дуугүй байсан. Би Бат-Эрдэнэд “Чи яасан тэнэг амьтан бэ, машинаа хойшоо ухраагаач” гэж хэлэхэд Бат-Эрдэнэ “Энэ чинь ухрахгүй байна” гэж хэлээд машинаа хаазлаад байсан. Машины баруун хойд дугуй газраас хөндийрсэн байсан тул хөдлөөгүй юм. Тэгээд машины моторыг унтраагаад Бат-Эрдэнэ бид хоёр машинаа хойш түлхэхэд машин бага зэрэг хойшоо болж талийгаач машинаас хөндийрч газарт унасан юм. Бат-Эрдэнэ талийгаач дээр очиж барьж үзээд “Хөхөрсөн байна” гэж хэлсэн. Тэгээд би манай засварын газрын гадна хашаанд байдаг өөрийн хүргэн дүү болох Ганхуягийг дуудаж “Цагдаа, эмнэлэг рүү дуудлага өг” гэж хэлсэн юм. Бат-Эрдэнийн машиныг засаж байх үед Бат-Эрдэнэ, түүний эхнэр бид гураваас өөр хүн байгаагүй. Бат-Эрдэнэ тухайн үед “Өнөөдөртөө багтааж машинаа засаж авмаар байна. Гэрт ганц охин үлдсэн байгаа” гэж хэлж яарч байсан. Би Бат-Эрдэнэ болон талийгаачийн эхнэрийг нь танихгүй. Харин хүү Амгаланбаатарыг нь таньдаг байсан юм. Автомашины урд дугуй нүхэн сувгаас жаахан хол болоод юм хийж болохгүй байсан тул би Бат-Эрдэнэтэй “Машиныхаа урд дугуйг баруун тийш нь жаахан дараад машинаа жаахан урагшлуулах уу” гэж ярилцаж байсан. Түүнээс биш яг Бат-Эрдэнийг машинаа хөдөлгөөд урагшил гэж хэлээгүй. Нэг мэдэхэд Бат-Эрдэнэ машин дотор орчихсон байсан.

Бат-Эрдэнийн эхнэр Бат-Эрдэнэд “Машинаа хөдөлгөөд үз” гэж хэлсэн үгүйг би мэдэхгүй байна. Тухайн үед би машины доор нүхэн суваг дотор байсан. Бат-Эрдэнэ машиндаа суугаад машинаа асаасан. Тэгээд машинаа жаахан урагшаа хөдөлгөж байгаад огцом урагшаа явсан. Би бодохдоо Бат-Эрдэнэ машинаа асаахдаа араатай байхад нь астатер дарсан байж болзошгүй гэж бодож байгаа. Дизель хөдөлгүүртэй автомашин асалт сайтай. Астатер дарахад урагшаа хөдөлдөг юм. Мөн машиныг асаагаад араанд хийгээд урагшаа хөдлөхдөө тоормозыг гишгэх гээд андуурч юм уу сандарсаны улмаас хааз гишгэсэн байж болзошгүй байсан. Энэ бол үнэхээр санамсаргүй явдал болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33, 34-р тал/,

            7. Гэрч Х.Батаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн үед намайг гэртээ байхад Бат-Эрдэнэ над руу гар утсаар залгаж “Би хүн алчихлаа. Та хурдан коллежийн багш Энхээ гэх хүний засварын газар дээр хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараад Энхээгийн засварын газарт очиход цагдаа нар тухайн газарт оччихсон байсан. Миний хувьд юу болсон талаар үзэж харсан зүйл байхгүй. Хэрэг гараад хэд хоносоны дараа Бат-Эрдэнэтэй уулзаж юу болсон талаар асуухад ямар нэгэн зүйл ярихгүй дуугүй суугаад байсан юм. Бат-Эрдэнэ нь миний хүргэн болох залуу бөгөөд талийгаач нь миний төрсөн эгчийн охин байсан юм. Бат-Эрдэнэ нь Малчин сумын Баянмандал багт эхнэр, хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг, малчин хүн юм. Дөрвөн хүүхэдтэй бөгөөд том охин нь гэртээ, 2 дахь хүү нь Завхан аймагт цэргийн алба хааж байгаа, 3 дахь хүүхэд нь 11 дүгээр анги, бага нь 3 настай хүүхэд гэртээ байдаг. Бат-Эрдэнэ өөрийн гэсэн 300 орчим тооны малтай, хувьдаа ачааны автомашин, мотоцикльтой, амьдрал ахуйн хувьд боломжийн айл юм. Бат-Эрдэнэ нь зан аашийн хувьд төлөв даруу зантай, үг дуу, яриа хөөрөө цөөтэй, худал хэлдэггүй, архи дарс болон тамхи хэрэглэдэггүй, хүнтэй хэрэлдэж маргалдаад янз бүрийн асуудал гаргаад байдаггүй, муу зуршилгүй залуу юм. Ачааны автомашин худалдаж аваад 3 орчим жил болж байгаа юм” гэх мэдүүлэг/хх-ийн 35-р тал/, 

            8. Гэрч Б.Ганхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 08 дугаар сарын 31-ний шөнө 22 цагийн үед байх намайг гэртээ байж байхад хадам ах Энхээ гаднаас орж ирээд “Засварын газрын автомашины нүхэн сува груу машин орчихлоо. Гараад ир” гэж хэлсэн бөгөөд өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Манай гэр Энхээ ахын засварын газрын хашаан дотор байдаг юм. Тэгээд Энхээ ах бид хоёр хамт манай гэрээс гараад засварын байрлуу ороход баруун хойд буланд цагаан өнгийн тэвштэй “Пронтер” маркийн машины зүүн урд дугуй засварын нүхэн суваг руу орсон байдалтай, машины урд хэсэг, байшингийн хана хоёрын дунд нэг эмэгтэй зүүн хажуугаараа, толгой нь баруун тийш харчихсан хэвтэж байсан. Нэг эрэгтэй хүн машин тойроод “Би одоо яанаа” гэж хэлээд орилоод байсан. Би тухайн үед цочирдоод засварын газраас гараад дүү Ганчимэг рүү утсаар залгаж “Энхээ ахын засварын газарт машин доошоо унаж, аваар гарсан байна. Чи цагдаа дууд” гэж хэлсэн. Би буцаж засварын газарлуу ороогүй бөгөөд Энхээ ах гарч ирээд “Би одоо яанаа. Яахлаараа ийм юм болдог байна” гэж хэлээд их л сандарсан байдалтай байсан. Тэгээд би Энхээ ахаас юу болсон талаар асуухад “Бат-Эрдэнэ бид хоёр машин засаж байгаад машинаа жаахан урагшаа хөдөлгөх үү яах вэ гэж ярилцаж байтал Бат-Эрдэнэ гэнэт машин руу ороод машинаа асааж урагшаа хөдлөөд ийм зүйл боллоо” гэж хэлсэн. Намайг засварын газарт ороход Бат-Эрдэнийн машин унтраалттай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р тал/, 

            9. Гэрч Б.Энхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө Улаангомоос Батаа ах утсаар яриад “Ээжийн чинь бие муу байна” гэж хэлсэн тул Малчин сумаас ээжийн ах, дүү нартай хамт Улаангом сумруу явсан. Тэгээд Улаангомд очоод ээжийгээ нас барсан болохыг мэдсэн. Миний хувьд юу болсон талаар нарийн учрыг мэдэхгүй байна. Хүмүүсийн ярианаас аав маань машинаа засуулж байгаад асаахдаа санамсаргүй хааз гишгээд урд байсан ээжийг маань мөргөж амь насыг нь хохироосон гэж мэдсэн. Аав, ээж хоёр маань хоорондоо их эвтэй, аав маань ээжтэй муухай харьцаж байгаагүй юм. Аав маань уг машиныг 2012 онд худалдаж авч байсан. Аав, ээж хоёр маань тэр өдөр хүүхдийн хичээлийн бэлтгэл хангах болон машинаа засуулахаар Улаангом явсан юм. Цагдаагийн газарт хандаж хэлэхэд аавыг маань энэ хэргээс хурдан салгаж өгнө үү гэж хүсэх байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р тал/,   

            10. Гэрч А.Батчулууны мөрдөн байцаалтад өгсөн: “Бат-Эрдэнийн холбогдсон хэргийн талаар надад мэдэх зүйл байхгүй. Бат-Эрдэнэ нь миний хүргэн бөгөөд миний талийгаач охинтой гэр бүл болоод удаж байгаа. Тэдний дундаас 4 хүүхэд төрсөн. Тэдний том хүүхэд нь одоо цэргийн алба хааж байгаа, 2 дахь хүүхэд нь гэртээ мал малладаг, 3 дахь хүүхэд нь Улаангом коллежид сурдаг, 4 дэх нь 3 настай бөгөөд гэртээ байдаг юм. Бат-Эрдэнэ өөрийн гэсэн хэдэн тооны малтай, нэг муу машинтай юм. Уг машинаараа л ийм асуудал гаргасан байсан. Тэдний 4 хүүхэд нь ээжээсээ өнчирч байгаа бөгөөд одоо ааваас нь салгамааргүй байна. Санаатайгаар ийм асуудал гаргаагүй. Бат-Эрдэнэ нь хааяа архи уудаг юм. Зан аашийн хувьд төлөв даруу зантай хүн юм. Бат-Эрдэнэ эхнэртэйгээ энгийн харьцаатай байсан бөгөөд гэр бүл болсон хойно хааяа хэрэлдэж, муудалцах асуудал байсан байх. Санамсар, болгоомжгүй байдлаас болж ийм хэрэг гарсан тул Бат-Эрдэнийг ял зэмгүй салгаж өгөхийг бидний зүгээс хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/,

            11. Увс аймгийн Цагдаагийн газрын шинжээчийн  2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан 38 тоот Шинжээчийн дүгнэлтэд: “Уг зам нь нийтийн хэрэгцээний замд харьяалагдахгүй. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.4-д заасан “Зам” гэдэг нь: Тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар, зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна. Жолооч Д.Бат-Эрдэнэ нь замын хөдөлгөөнд оролцоогүй. Замын хөдөлгөөний дүрмийн 1.4-д заасан “Замын хөдөлгөөн” гэдэг нь: Нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагааг хэлнэ. Жолооч Д.Бат-Эрдэнэ нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. Замын хөдөлгөөний дүрмийн 1.4.-д заасан “Зам тээврийн осол” гэдэг нь: Зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал. Техникийн эвдрэл гэмтлийг Авто тээврийн Үндэсний төвийн Увс аймаг дахь салбарын шинжээч тогтооно. Жолооч Даш овогтой Бат-Эрдэнэ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. Д.Бат-Эрдэнэ нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Увс аймагт жолооны ГТЧ-Бугат дамжааг төгсөж 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “АВС” ангиллын 1012824 тоот жолооны үнэмлэх олгогдсон” гэжээ /хх-ийн 42-43-р тал/,  

            12. Монгол улс Шүүхийн шинжилгээний үндсэний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 25 тоот шинжээчийн дүгнэлт буюу шүүх эмнэлгийн шинжилгээний актад: “Талийгаач Б.Туяагийн биед гэмтэл учирсан байна. Суурь яс, баруун, зүүн чамархай, дагз ясны хугарал, тархины няцрал, зүүн чамархай хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, дагзны заадсын салалт, хамар, зүүн хацар, хошоор ясны хугарал, эрүүний мултрал, зүүн эгэм өвчүүтэй нийлэх үений салст, зүүн уушгинд цус хуралт, зүүн талын 1, 2, 3, 4, 5, 6, 7-р хавирга, баруун талын 2, 8-р хувирганы хугарал, аарцагны ясны цагираг тасарсан хугарал, дээд, доод уруулын салстад язарсан шарх, зүүн хацар, зүүн эгэмний урд доод хэсэг, зүүн бугалга, шуу, баруун мөр, далны дээд хэсэг, зүүн далны хэсэгт зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Б.Туяагийн биед учирсан гэмтлүүд нь үхэлд хүргэсэн байна. Талийгаач Б.Туяа нь дээрх гэмтлүүдийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдалаар нас барсан байна. Талийгаач Б.Туяагийн үхэлд нөлөөлөх архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. Дүгнэлтийн 6 дахь хэсэгт бичигдсэн байгаа. Талийгаач нас барах үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан байна” гэх дүгнэлт  /хх-ийн 47-48-р тал/,

            13. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн Автомашин үнэлсэн тухай үнэлгээний тайлан /хх-ийн 55-56-р тал/,  

14. Шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн ял шийтгэгдэж байгаагүй тухай  шалгах хуудас /хх-ийн 67-р тал/,

15. Шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн эзэмшлийн KIA FRONTIER маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Авто тээврийн хэрэгслийн техникийн дүгнэлтийн хуудас /хх-ийн 71, 83-р тал/,

16. Шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Эрдэнэцэцэгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 85-р тал/,

17. Шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “Би Увс аймгийн Малчин суманд эхнэр, 4 хүүхдийн хамтаар мал маллаж амьдардаг байсан. 2016 оны 08 дугаар сарын 30-нд Малчин сумаас Улаангомд сургуулийн охиныхоо хичээлийн бэлтгэлийг нь хангаж өгөхөөр өөрийн 12-37 УВХ улсын дугаартай цагаан өнгийн Пронтер маркийн ачааны машинаараа эхнэр Туяа болон хоёр охины хамт орж ирсэн юм. 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн үед Улаангомд Энхээ гэх хүнээр машиндаа засвар хийлгэхээр тэр хүний авто засварын газарт орж машинаа засуулсан юм. Намайг засварын газарт машинаа засаж байхад 22 цагийн үед манай эхнэр Туяа ирсэн. Би Энхээ гэх хүнээр машиныхаа урд хоёр дугуйны барваанууд болон рулийн чагтан голыг засуулж байсан ба Туяаг ирэхэд Энхээ бид хоёр урд хоёр дугуйны барваануудыг засчихаад рулийн чагтан голыг засаж байсан юм. Энхээг машины доор нүхэн суваг дотор орчихсон машины урд чагтан голыг сольж байхад би машины хажууд зогсож байсан. Харин талийгаач нүхэн суваг руу ордог шатан дээр гар чийдэнгийн гэрэл бариад зогсож байсан. Машины доор гэрэл сайн харагдахгүй байсан тул чийдэн бариулж байсан. Тэгээд Энхээ бид хоёр хоорондоо “Машиныг жаахан урагшлуулж дугуйгаа баруун тийш жаахан дармаар юм байна” гэж ярилцаж байхад эхнэр маань “Чи машинаа асаагаад рулээ хоёр тийш хөдөлгөөд, урагшаа яваад үзээч” гэж хэлсэн юм. Миний машин өмнө нь асаагаад рулээ хөдөлгөхөөр дуугараад байсан юм. Тэгээд би машин руу орж машинаа асаагаад рулээ хоёр тийш хөдөлгөж байгаад машинаа араанд хийгээд урагш хөдлөхөд машин гэнэт огцом хөдлөөд гэрэл бариад нүхэн сувагны шатан дээр зогсож байсан эхнэрээ мөргөсөн. Эхнэр маань машинд мөргүүлээд байшингийн хананд байсан толийг мөргөөд унасан бөгөөд машины доор ороод харагдахгүй байсан. Тухайн үед би сандраад машин дотор сууж байтал Энхээ машины араас гарч ирээд “Чи яаж байгаа юм вэ. Хүн алчихлаа ш дээ. Машинаа хойшоо ухраа л даа” гэхээр нь машинаа хойшоо ухраах гэхэд хөдлөхгүй байсан. Тэгээд би машинаас буугаад харахад машины зүүн урд талын дугуй нүхэн суваг руу орчихсон байсан. Эхнэрийнхээ хажууд очоод харахад эхнэр маань нас барчихсан байсан. Тэгээд би тухайн үед айж, сандраад “Хүн алчихлаа” гээд орилж байхад танихгүй хүмүүс орж ирээд “Эмнэлэг, цагдаа дууд” гэж байсан. Намайг машин асааж байхад эхнэр маань нүхэн суваг руу ордог шатны хоёр дахь шатан дээр зогсож байгаад цааш эргээд дээш гарч байсан. Яг мөргөх үед гартаа уртасгагчаар асаасан цахилгааны чийдэн барьчихсан байсан. Талийгаачийг хажуу талаас, машины урд хэсгээр нь очиж мөргөсөн байх. Талийгаач нүхэн сувгаас гараад явж байсан. Би тухайн үед яг хаанаас мөргөснөө санахгүй байна. Байшингийн хананд машин хүрээд зогссон. Машин доогуур орж дайруулаагүй. Би автомашин жолоодох жолооны ABC ангилалын үнэмлэхтэй. Санамсар, болгоомжгүй байдлаас ийм зүйл болсон. Би маш их харамсаж байна. 4 хүүхдээ л хүний зэрэгт хүргэхийн төлөө хичээх болно. Миний амьдрал байдлыг харгалзан үзэж надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь 2016 оны 08 дугаар сарын 31-ний шөнө Увс аймгийн Улаангом сумын 7-р багт байрлах авто засварын газарт өөрийн эзэмшлийн 12-37 УВХ улсын дугаартай Пронтер маркийн автомашиныг засварлаж байх явцад уг автомашиныг асааж хөдөлгөхдөө автомашины урд зогсож байсан эхнэр Б.Туяаг мөргөж, болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Шинэбаяр, гэрч Б.Энхээ, Б.Ганхуяг, Б.Ганчимэг, Х.Батаа нарын мэдүүлэг, Увс аймгийн Цагдаагийн газрын  2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 38 тоот шинжээчийн дүгнэлт, Монгол улс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 25 тоот задлан шинжилгээний акт буюу шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Энэхүү гэмт хэрэг нь авто засварын газар дотор үйлдэгдсэн, тухайн үед машиныг нүхэн  суваг дээр зогсоон байрлуулсан, засварчин нь  машины доор нүхэн сувган дотроос засвар хийж  байх явцад шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ машиныг асааж хөдөлгөөн хийхдээ бусдын амь нас хохироосон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Авто засварын газар нь нийтийн хэрэгцээний зам, талбайд хамаарахгүй буюу шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь замын хөдөлгөөнд оролцоогүй, Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй болох нь Увс аймгийн Цагдаагийн газрын  2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 38 тоот шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинж нь  гэм буруутай этгээд өөрийн үйлдэлдээ хайхрамжгүй хандсан буюу хөнгөмсгөөр найдсаны улмаас бусдын амь нас хохирсон  байхыг шаарддаг ба  шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн хайхрамжгүй үйлдийн улмаас энэ гэмт хэрэг гарсан, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн нь нотлогдсон, хэргийн бүрдэл хангагдсан, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул  шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

             Хохирогч Б.Шинэбаяр нь /талийгаач Б.Туяагийн төрсөн ах/ мөрдөн байцаалтад “...Санамсар болгоомжгүй байдлаас болж ийм хэрэг гарсан. Бид нарт ямар нэгэн гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Бат-Эрдэнээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй тул шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн эзэмшлийн 12-37 УВХ улсын дугаартай, цагаан өнгийн, KIA FRONTIER маркийн ачааны автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.  

            Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь энэ гэмт хэрэг гарахаас өмнө эхнэр, 4 хүүхдийн хамт амьдарч байсан байх ба түүний үйлдсэн  гэмт хэргийн улмаас эхнэр Б.Туяагийн амь нас хохирсон, шүүгдэгчийн хамгийн бага охин Б.Эрдэнэцэцэг 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, өнөөдрийн байдлаар 2 нас 10 сар 1 хоногтой буюу 3 нас хүрээгүй байх бөгөөд одоо эцэг Д.Бат-Эрдэнийн асрамжинд байгаа, тэрээр ганц бие эцэг болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хавтаст хэргийн 85-р талд авагдсан 8522000006 тоот бүртгэлийн дугаартай Б.Эрдэнэцэцэгийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож  байна.

           Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь анх удаа хүндэвтэр ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон бага насны буюу 3 нас хүрээгүй хүүхдээ асрамжилж байгаа зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Монголмууд овгийн Дашийн Бат-Эрдэнийг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд 2 жил хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулах хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд 2 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, ялтанд энэ хугацаанд хяналт тавихыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар энэ хэрэгт 12-37 УВХ улсын дугаартай, цагаан өнгийн, KIA FRONTIER маркийн ачааны автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

       ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.АЛТАН