| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2018/00376/И |
| Дугаар | 977 |
| Огноо | 2018-03-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 977
| 2018 оны 03 сарын 20 өдөр | Дугаар 101/ШШ2018/00977 | Улаанбаатар хот |
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Ганболд, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * хороо, * хороолол * байр * тоотод оршин суух С овогт Ч Б /РД:********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * хороо, Нарны зам * тоотод байрлах “Э” ХХК /**********/-д холбогдох,
гэм хорын хохиролд эмчилгээний зардал 1,721,300 төгрөг, сэтгэл санааны хохиролд 1,000,000 төгрөг, олох байсан орлого 1,100,000 төгрөг, нийт 3,821,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, иргэдийн төлөөлөгч Д.Мн, гэрч Б.Б, Б.У, Д.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ч.Б миний бие 2017.11.22-ны өдөр Баянзүрх дүүргийн * хорооны нутаг дэвсгэрт байдаг “Э-2” үйлчилгээний төв дээр * УБА Ланд круйзер Прадо автомашиныхаа моторын тосыг солиулах үйлчилгээ 108,000 төгрөгөөр хийлгэсэн юм. Энэ төвд урьд нь орж үзээгүй, ганцхан машин ордог гражтай, үйлчлүүлэгч суух сандал ч үгүй, зай талбай маш давчуу газар байсан. Тос солиулах явцад би машиныхаа хажууд зогсож байгаад засварчны мотор дээр асгасан тосыг арчих гэж байгаад тостой шалан дээр халтирсан уу хий гишгэсэн үү сайн мэдэхгүй, нэг мэдэхэд бетонон яаман дотор дээшээ харан унасан /ахар сүүлний хэсгээр шалан дээр, ар нуруугаараа яамны шатны доод гишгүүрүүдийн ирмэгийг цохиж/ байсан. Тэр нүх хэдий хэрийн гүнзгийг мэдэхгүй, би өөрөө 50 орчим насны, 100 гаруй кг жинтэй хүн болохоор яаж унасан нь ойлгомжтой бизээ. Гэнэтийн хүчтэй цохилт, доргилтын улмаас дотор муухайрч ухаан балартан хамаг бие шархиран өвдөж, хөдлөх чадваргүй нүхэн дотор 2-3 минут орчим хэвтсэн байх, тэгэж байгаад засварчин залуугаар татуулан нүхнээс арайхийн гарч ирсний дараа намайг дэлгүүр лүүгээ оруулсан боловч хэвтэх газар байгаагүй, бүтэн амьсгалж ч чадахгүй хамаг бие янгинан өвдөж хөдөлж чадахгүй байсан тул утсаар эхнэр хүүхэддээ дуулган арай чүү машиндаа сууж хөдөлсөн.
Гэвч машинаа барьж чадахгүй Нарантуулын хашаа руу орж зогссон. Удалгүй хүүхэд өөдөөс ирж машин бариад Гэмтэл, согогийн эмнэлэг дээр ирж нурууны рентген зураг авахуулахад ясны гэмтэлгүй боловч хүчтэй унаснаас дотор эрхтэн цочирч, булчин мэдрэлүүд агшиж зангирсан, нурууны зөөлөн эдийн гэмтэл учирсан байна, эхний ээлжинд 14 хоног хөдөлгөөн хязгаарлан булчин суллах физик эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн зөвлөгөө өгсөн. Эмнэлгээс гараад нуруу барьдаг хүн дээр очиж бариулахад нурууны булчин, мэдрэлийн судал, нурууны холбоос зөөлөн эд, 2 талын бөөр ноцтой гэмтсэн байна гэж хэлсэн. Ингээд Төмөр замын эмнэлэгт 11 сарын 23-аас 29 хүртэл 7 хоног физик эмчилгээ хийлгэсэн.
Мөн хажуугаар нь “Хаш чулуун төв” бариа заслын төвд хаш чулуун гудас, массажны орон дээр хэвтэх, нурууны шарлага зэрэг булчин суллах, мэдрэл сэргээх эмчилгээг 7 хоног давхар хийлгэсэн. Дагнасан нурууны эмнэлэгт үргэлжлүүлэн төгс эмчилгээ хийлгэх талаар эмч нар зөвлөсний дагуу нэгдсэн 3 дугаар эмнэлгийн урд байрлах “Долмалин” гэдэг нурууны эмнэлэгт 12-р сарын 06- -аас 2018 оны 01 дүгээр сарын 08 хүртэл бүтэн cap нуруу нугасны эмчилгээ хийлгэлээ.
Мөн унасны дараагаас даралт ихсэх, дотор муухайрах зэрэг өвчний шинж тэмдэгүүд илрэх болж, ялангуяа 2 бөөр өвдөн цус, шээсний шинжилгээний хариу муу гарсан тул өөрийн амдарьдаг БГД-ийн 5-р хорооны “Дэшиг-дун” өрхийн эмнэлэгт үзүүлж бөөрний эмчилгээ олон хоног хийлгэсэн. Эмчилгээний зардалд өнөөдрийн байдлаар нийтдээ 1,721,300 төгрөгийн зардал гарсан байна. Үүн дээр өвчтэй байсан хугацааны цалин, өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаанаас олох байсан орлого, сэтгэл санааны хохирол 2.100.000 төгрөгийг нэмээд нийт 3,821,300 төгрөгийн хохирол амсаад байна.
Уг нь надад “Э” ХХК-тай зарга үүсгэх, хохирол мөнгө нэхэмжпэх санаа байгаагүй юм. Би унаснаасаа 2 хоногийн дараа хүнтэй ярих тэнхэлтэй болоод интернэтээс “Э” ХХК-ны санал гомдол хүлээж авдаг менежер Б.У гэдэг хүний ******* дугаартай утсыг олоод ярьсан. Гэтэл тэр хүн ямар ч мэдээлэлгүй, Э-2” төвийн ажилчид нь намайг унаж гэмтсэн талаар дээшээ мэдэгдээгүй, нуун дарагдуулсан байсан. Болгоомж алдан нүх рүү халтирч унасан нь миний буруу боловч та нар хөдөлмөрийн аюулгүй ажиллагаандаа цаашдаа анхаараач, дахин хүн унаж гэмтэхгүй гэх баталгаа алга, ажил үйлчилгээнийхээ аюулгүй байдал ’’Э-2” төвийнхөө ажлын байрны нөхцлийг сайжруулаач, ах нь эрүүл мэндээрээ хохирлоо, эмчилгээнд ямар зардал чирэгдэл гарах, хэдий хугацаанд эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвараа алдахыг мэдэхгүй ч танай байгууллагатай хэрүүл зарга хиймээргүй байна, чи дарга захирлууддаа мэдэгдээд хүн ёсны үүднээс дэмжлэг туслалцаа үзүүлвэл баярлах байна” гэж хэлсэн.
Маргааш нь менежер залуу эргэж холбогдоод “Харамсалтай явдал болжээ, манай захирал танд 150,000 төгрөгийн үйлчилгээний урамшуулалын багц өгье гэж байна, энүүгээрээ зохицчихуу ахаа” гэхээр нь “За яах вэ буянаараа бол, би урамшууллын багцаар чинь яах вэ, чи мөнгө болгоод өгчих эмчилгээндээ нэмэрлье” гэж хэлсэн. Ингээд хэд хоногийн дараа 11 сарын 28-ний өглөө залгаад “Ах нь нурууны нарийвчилсан зураг авахуулах шаардлагатай байна, нөгөө 150.0 мянган төгрөгөө данс руу хийчих боломж байна уу” гэхэд “Одоо мөнгө өгч чадахгүй, ингэхэд та ер нь өөрөө хальтарч уначихаад юун олон юм яриад байгаа юм, явдаг газраараа явахгүй юу” гэж үгийн солиогүй өөдөөс загнаж басамжилахаар нь “Үйлчлүүлэгч чинь үхчихсэн бол чи ингэж хэлээд байж байх уу” гэж би хэлсэн.
Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан, тэндээс хяналт шалгалт хийгээд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сахиж ажиллаагүй гэсэн үндэслэлээр “Зөрчлийн тухай” хуулийн 10.15 д.гаар зүйлийн 1.1-д заасны дагуу торгуулийн арга хэмжээ авсан гэж бичгээр надад хариу ирүүлсэн.
Битүү гэмтлээс болж эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг төсөөлөх аргагүй. Тиймээс би удахгүй Солонгос явж нарийн оношлогоо, шинжилгээ хийлгэхээр бодож байгаа, нэлээдгүй зардал ч гарах байх. Эцэст нь хэлэхэд хэдий зөндөө эмчилгээ хийлгэсэн ч гэлээ өглөө, оройдоо нүүр, хөл гар хавагнаж бөөр өвдсөн хэвээр, сандал дээр удаан сууж чадахгүй, явганаар ч хол алхаж чадахгүй ууц нуруугаар хөшиж өвддөг байнгын зовиуртай болоод байна.
Иймд надад учирсан шууд болон шууд бус хохирол 3.821.300 төгрөгийг “Э” ХХК-аар нөхөн төлүүлж хохирлыг барагдуулж өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Ч.Б нь 2017 оны 11-р сарын 22-ны өдөр манай компанийн Баянзүрх дүүрэг дэх үйлчилгээний төв дээр * УБА улсын дугаартай Ланд Круйзер Прадо автомашиндаа үйлчилгээ хийлгэсэн. Тухайн өдөр худалдагч Д.Ч засварчин Б.Б нар ээлжтэй байсан бөгөөд нэхэмжлэгч Ч.Бт үйлчилгээ үзүүлсэн. Үйлчилгээ хийлгэсний дараа араас нь өөр автомашин орох гэж байсан.
Засварчин Б.Б та автомашинаа гаргана уу гэхэд нэхэмжлэгч Ч.Б ах нь автомашинаа жаахан арчаадхая гэж хэлээд хүнтэй яриж байсан яриандаа өөрөө нүхэн яамруу хий гишгэж унасан. Ингээд өөрөө босож ирээд өө ахынхан буруу гэж хэлээд уучлалт гуйгаад гарсан байдаг.
“Тос солиулах явцад би машиныхаа хажууд зогсож байгаад засварчны мотор дээр асгасан тосыг арчих гэж байгаад тостой шалан дээр халтирсан уу хий гишгэсэн үү сайн мэдэхгүй, нэг мэдэхэд бетонон яаман дотор дээшээ харан унасан. Гэнэтийн хүчтэй цохилт, доргилтын улмаас дотор муухайрч ухаан балартан хамаг бие шархиран өвдөж, хөдлөх чадваргүй 2-3 минут орчим хэвтсэн байх, тэгэж байгаад засварчин залуугаар татуулан нүхнээс арайхын гарч ирсэний дараа намайг дэлгүүр лүүгээ оруулсан боловч хэвтэх газар байгаагүйн улмаас, бүтэн амьсгалж ч чадахгүй хамаг бие янгинан өвдөж хөдөлж чадахгүй байсан тул утсаар эхнэр хүүхэддээ дуулган арай чүү машиндаа сууж хөдөлсөн” гэж худал зүйл бичсэн байсан. Нэхэмжлэгч Ч.Б тэгэж унаад 2-3 минут хэвтээчгүй, манай засварчинаар татуулан нүхнээс гараачгүй. Өөрөө босож ирээд уучилаарай ахын дүү гэж хэлээд л гарсан.
Ингээд 5 хоногын дараа менежер Б.У руу яриад би танай сервис дээр үйлчилгээ хийлгэж байгаад нүхэн яамруу уначихсан юмаа. Одоо тэгээд бариа засал хийлгээд мөн эмчилгээ эм тариа аваад 150,000 төгрөгний зардал гараад байна. Танайхан яаж шийдмээр байна гэхээр нь манай менежер Б.У захиралдаа танилцуулаад холбогдоё гэсэн.
Засварчин худалдагч хоёроос асуухад өө тийм зүйл огт болоогүй тэр хүн яамруу өөрөө хальтарч унаад гарч ирээд уучилаарай гэж хэлээд явсан. Өөр зүйл байхгүй ээ гэж хэлдэг. Маргааш нь менежер Б.У нэхэмжлэгч Ч.Бтай холбогдоод бэлгийн карт өгье гэсэн 150,000 төгрөгний үнэтэй. Гэтэл нэхэмжлэгч Ч.Б өө тэгье баярлалаа яасан сайн юм хүүхдийнхээ автомашины тос маслыг нь сольчоё. Ах нь тэгэж байгаад хүүхдээ явуулчихна гэсэн.
Маргааш нь нэхэмжлэгч Ч.Б дахин холбогдож ярьснаа ерөөсөө надад наад бэлэгийн картчин хэрэггүй ээ. Надад бэлэн мөнгө хэрэгтэй байна. Яг одоо миний дансруу шилжүүл гэж хэлсэн. Тэгэхээр нь манай менежер Б.У за ахаа би захиралдаа танилцуулая гэж хэлээд захиралд хэлсэн байдаг. Манай зүгээс 150,000 төгрөгний бэлэгийн картаа өгье гэж дахин хэлтэл нэхэмжлэгч Ч.Б өө юу яриад байна аа тэгвэл би явдаг газраар нь явнаа чимээгүй байгаад байхад юундаа давраад байна аа би хуульч хүн явах газраараа хөлөө хүрэх газраа хүртэл явна гэж хэлээд л утасаа тасалсан.
Нэхэмжлэгч Ч.Б 2017 оны 12-р сарын 19-ний өдөр манай компанид хандаж хүсэлт гаргасан. Хүсэлтэндээ: “Одоогоор өөрийн эмчилгээнд 1,170,000 төгрөг /Баримттай/, эрүүл мэнд, сэтгэл санааны бусад хохиролыг нэмж тооцоод хоёр сая төгрөгийн нөхөн төлбөр олгосон тохиолдолд энэ асуудлыг нэг мөр дуусгах саналыг тавьж байна” гэсэн хүсэлтийг манай компанид өгсөн байдаг. Тухайн хүсэлтэн /Баримттай/ гэж бичсэн хэрнээ тэрийгээ хавсаргаагүй, дээр нь манай ажилчид асуудлыг шийдээд өгье гэсэн сэтгэлээр хандаж байхад ор үндэсгүй худал зүйл яриад манай компаниас мөнгө гаргах гэж оролдож байгаа энэ уваагүй үйлдэлдээ биднийг буруутгаад байгаад үнэхээр гайхаж байна.Иймд нэхэмжлэгч Ч.Бын нэхэмжилж буй 3,821,300 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Шүүх хуралдааны шатанд гэрч Б.Б гаргасан тайлбартаа: Энэ хүнийг машиныхаа тос масло солиулах гэж ирэхэд харсан. Тос асгах асуудал байхгүй. Өдөр 10-20 машин орж ирдэг тул ямар ч асуудал байхгүй, машиныхаа хажууд хүнтэй юм ярьж байгаад унасан. Энэ хүн анхнаасаа орж ирэхдээ зандрангуй байсан, машинаа тойроод арчиж явж байгаад хажуудах хүнтэйгээ ярьж байгаад нүхэнд бөгсөөрөө нүх рүү ордог шатан дээр унасан. Хажуу талынхаа хүнтэй юм ярьж байгаад хөл алдаад унасан гэв.
Шүүх хуралдааны шатанд гэрч Д.Чимэдбалжирмаа гаргасан тайлбартаа: Би Э ХХК-нд худалдагч 16 жил ажиллаж байгаа энэ хүн дэлгүүрт орж ирээд тооцоогоо хийгээд ахынх нь буруу гээд гарсан. Манайд өдөрт 20-30 хүн үйлчлүүлдэг, энэ хүн үйлчлүүлсэн болохоор санаж бйна гэв .
Шүүх хуралдааны шатанд гэрч Б.Ундрах гаргасан тайлбартаа: Би Э ХХК-нд менежер хийдэг, 7 жил ажиллаж байгаа. Яаруу явж байгаад уначихлаа миний буруу гэсэн манай байнгын үйлчлүүлэгч болохоор шууд орхиогүй, 150,000 төгрөгийн урамшуулал өгөе 150,000 төгрөгийн бэлгийн карт авчих гэдэг маргааш нь хүүхдээ явуулъя тэгье гэсэн. Гэтэл маргааш нь утсаар яриад 150,000 төгрөгөө бэлнээр нь авъя гэхэд нь 150,000 төгрөг өгөх боломжгүй байна гэсэн. Тэгээд манай ажлын Быг 150,000 төгрөг байгаа газар нь аваачаад өгчих гэхэд хөдөө явж байна, шүүхээр асуудлаа шийдвэрлүүлнэ гэсэн.
Эмчилгээний зардал 1,000,000 төгрөг болсон, Солонгос явах зардлыг танайхаас нэхэмжилнэ гэсэн албан бичиг ирүүлсэн. Түүнээс хойш 20 хоногийн дараа нэхэмжлэл гаргаад шүүхэд дуудсан байсан гэв.
Зохигчдын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан эрүүл мэндэд учирсан хохиролд 1,721,300 төгрөг, сэтгэл санааны хохиролд 1,000,000 төгрөг, олох байсан орлого цалин хөлс 1,100,000 төгрөг, нийт 3,821,300 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Хариуцагч “Э” ХХК нь Ч.Б нь өөрийн буруугаас болж унасан, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хариуцагч “Э” ХХК нь автомашины засвар үйлчилгээ болон шатах тослох материалын худалдааны үйл ажиллагаа явуулдаг болох нь тус компаний улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдов.
Нэхэмжлэгч Ч.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус компаний Баянзүрх дүүрэг дэх үйлчилгээний төвд * УБА улсын дугаартай Ланд круйзер Прадо маркын авто машиндаа үйлчилгээ хийлгэсэн болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон.
Иргэн Ч.Б нь Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст гомдол гаргасны дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагаас “хариуцагч “Э” ХХК-ний Баянзүрх дүүрэг * хороонд байрлах “Э-2” төв нь “авто засварын ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмаа сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс” Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.1-д заасныг зөрчсөн тул торгуулийн арга хэмжээ авагдсан” болох нь Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2017.12.15-ний өдрийн 02-13/374 тоот албан бичгээр тогтоогдож байна гэж үзэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж зохицуулжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан агуулгаар эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл нь Зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаа.
Тодруулбал хэн нэгний гаргасан зөрчилтэй холбоотойгоор үүссэн гэм хорын үр дагаврыг арилгуулах үүргийн харилцаа юм.
Эрүүл мэндэд учирсан хохиролд 1,721,300 төгрөг гаргуулах талаар:
Нэхэмжлэгч Ч.Б нь эмчилгээний зардалд 1,721,300 төгрөг нэхэмжилсэнээс “Долмалин” нурууны эмнэлэгийн 1,259,500 төгрөгийн баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэж шүүх хуралдааны шатанд тайлбарлан 1,259,500 төгрөгт холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр эмчид үзүүлэн гар картандаа эмчилгээ бичүүлэн “Тансаг говь дэлгэрэх” ХХК-ний эмийн сангаас 202,800 төгрөгийн эм тариа худалдан авсан байх тул хариуцагч “Э” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Дурдсан хохирлыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан зохицуулалтын дагуу “эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардал” гэж үзэн ханган шийдвэрлэж, 259,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотой олох байсан орлого цалин хөлс сэтгэл санааны хохиролд 2,100,000 төгрөг гаргуулах талаар:
Ч.Б нь “Итгэлт хүлэг” ХХК-ний хуулийн зөвлөхөөр 2017 оны 03 сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээгээр ажилласан гэх боловч тус компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, 600,000 төгрөгийн цалин хөлс авч байсан зэргийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, харин 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Итгэлт хүлэг” ХХК-тай “хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулан ирүүлсэн, өмгөөлөлийн үйл ажиллагаанаас сард 500,000-1,000,000 төгрөг олдог гэх боловч нэхэмжлэгч Ч.Б түүнийгээ нотлоогүй.
Дээрхи нүхэнд унасан үйлдлээс хариуцагч Ч.Бын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд 1,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх боломжгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас 2,100,000 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.
Иргэний хуулиар тогтоосон хувийн нууцад хамааралтай мэдээ, иргэний дүрс, /зураг/ нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг эдийн бус гэм хорын хүрээнд хамааруулан Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.5, 511 дүгээр зүйлийн 511.1-д томьёолсон тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хуульд заасан үндэслэлээр хангах үндэслэлгүй гэж үзэв.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар зөрчигдсөн эрхийг сэргээхээр хохирол гаргуулахдаа, нэхэмжлэгчид “учирсан хохирол” бүрийг хариуцагч этгээдээс гаргуулах боломжгүй бөгөөд хуульд зааснаар хариуцагчийн ”учруулсан хохирол”-ыг л шүүх гаргуулах ёстой.
Зөрчигдсөн эрхийг сэргээх хуулийн зохицуулалтын энэ агуулгаар нэхэмжлэгчийн шаардлагад дурдагдсан төлбөрүүд нь нэхэмжлэгч талд учирсан хохирол байж болох хэдий ч хариуцагчийн гаргасан зөрчлийн улмаас нэхэмжлэгчид “учруулсан хохирол” гэж үзэх боломжгүй тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар “Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “Зохигч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” нэхэмжлэгч Ч.Б нь нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч “Э” ХХК-иас 202,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,359,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Б нь 1,259,500 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурьдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Бын урьдчилан төлсөн 76,100 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Э” ХХК-аас 6734 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бт олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Д.ГАНБОЛД
Л.ЭНХЖАРГАЛ