Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/193

 

 

2022        06         06                                             2022/ШЦТ/193

                                   

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням

Улсын яллагч Д.Бамбадорж

Хохирогч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Гэрч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2121002430347 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг ******* тоотод оршин суух хаягтай, гавъяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 200 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 5 сарын баривчлах ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 86 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас биелүүлээгүй үлдсэн 108 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж байсан, ******* овогт ******* /РД: /

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг Захиргааны байрны хойд талд байрлах иргэн *******н эзэмшлийн байрны цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч монетон бөгж, монетон ээмэг, хар өнгөтэй индукцэн плитка, хөөрөг, виза карт зэрэг эд зүйлс хулгайлж 5,682,000 /таван сая зургаан зуун наян хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан, мөн байшингаас 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий саарал өнгийн 2 хаалгатай, 160 см өндөртэй хөргөгчийг хулгайлахыг завдсан,

-2021 оны 08 дугаар сарын 10-ны орой 19 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлах “” худалдааны төвийн хойно үйл ажиллагаа явуулах авто машины дугуйн худалдааны газраас хохирогч “Huawei P-40” маркийн гар утсыг хулгайлж 900,000 /есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би хөөргийг нь хараагүй. Ямар ч хөөрөг байсныг мэдэхгүй. Тэр хөөргийг дахин үнэлүүлэх хүсэлтэй байна. Үнэлгээ нь өндөр гарсан учир хөөргийг зөвшөөрөхгүй, бусад эд зүйлийг авсан гэдгээ зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч өөрөө сая хэлсэн. Хөргөгчин дээр хоёр индукцийн плитка байсан. Бусад зүйлсийн талаар яригдсан учир хөөрөгний талаар яръя. Шүүгдэгч өөрөө ээмэг, бөгж авсан гэж хэлж байна. Тухайн үед хөөрөг авдар дотор ээмэг, бөгжний хажууд байсан. Манай нөхрийн гурван үе дамжсан хөөрөг байсан. Индукцийн плитка аваагүй гэж ярьж байна. Хэрэв хөөрөгний хохирлыг барагдуулахгүй бол үнийг нь нэмэгдүүлнэ гэж бодож байгаа. Би өөрт учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулмаар байна...” гэв.

 

Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Энэ хөөрөг 3 үе дамжиж надад ирсэн миний аавын хөөрөг. Би тухайн үед би хадланд явчихсан байсан. Миний хөөрөг халтар манан шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөг байгаа. Хадланд явахын урд өдөр би барьж байгаад авдар доторх дамнуурган дээр тавьсан. Би өөрөө хаяа нэг барьдаг. Түүнээс биш зарна гэж хүнд үзүүлж байгаагүй...” гэв.

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ******* сум 6 дугаар багт байрлах захын баруун талын такси зогсоол дээр өөрийн Приус-20 маркийн цагаан өнгөтэй ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ таксинд зогсож байтал шар царайтай, туранхай, 170 см өндөртэй, хөх өнгийн цамцтай, хөх өнгийн өмдтэй, өнгийг нь санахгүй байна саравчтай малгайтай 40 орчим насны залуу миний машины жолоочийн хажуу талын суудал дээр суугаад "Ойрхон гэр рүүгээ хөргөгч ачаад буцаж ирэх юмаа" гэж хэлээд бид 2 хөдөлсөн.  Тэгээд   захын зүүн талд байх улаан тоосгон байшингийн зүүн талд нь хашаагүй ногоон алаг модон жижиг байшинд очсон. Тэгэхэд тэр байшингийн хаалга онгорхой байсан ба нөгөө залуу ороод саарал өнгийн 1.5 метр өндөртэй 2 хаалгатай хөргөгчийг миний машины арын хаалганд хийж байтал 50 орчим насны эмэгтэй ирэхэд нөгөө залуу манай эгч ирж байна гээд гүйсэн. Нөгөө ирж байсан эмэгтэй бас араас нь гүйгээд удалгүй цагдаа нар ирсэн. ...Тэр залуу миний машинд суухдаа ахаа хөргөгч ачаад ирнэ гэж хэлсэн. Би тэр айлыг мэдэхгүй, намайг машиндаа сууж байхад ...тэр хүн гэртээ орж байгаа юм шиг байсан болохоор би гэрийн эзэн нь юм байна гэж бодсон...” гэх мэдүүлэг  /хх-ийн 24-25/

 Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 10-ны орой 19 цагийн орчим ...би дугуйн худалдааны төв дээрээ ганцаараа сууж байхад манай дэлгүүрт гаднаас саравчтай малгайтай саарал өнгийн цамцтай бөлтгөр нүдтэй намхан бор залуугаас өөр хүн гаднаас орж ирээгүй. Би тухайн залууг дэлгүүрт орж ирэхээс өмнө хүн рүү мөнгө шилжүүлж байгаад цонхны тавцан дээр тавьсан гэдгээ сайн санаж байна. ...надаас дугуй асууж байгаад гараад явахдаа цонхны тавцан дээр үлдээсэн миний гар утсыг аваад явчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08, 91/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10/

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13, 95-97/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 33/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 34/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 46-47, 123/

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 48-51/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/

- Шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбарууд /хх-ийн 56-74, 132-134/

- Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 83-84/

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 92-94/

- Хохирогч тодорхойлолт /хх-ийн 143/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Эд мөрийн баримтаар:  “CD” 1 /нэг/ ширхэгийг шинжлэн судлав.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг Захиргааны байрны хойд талд байрлах хохирогч *******н эзэмшлийн байрны хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч монетон бөгж, ээмэг, хар өнгөтэй индукцэн плитка, хөөрөг, виза карт зэрэг эд зүйлс хулгайлж 5,682,000  төгрөгийн хохирол учруулсан, мөн байшингаас 1,200,000 төгрөгийн үнэ бүхий саарал өнгийн 2 хаалгатай, 160 см өндөртэй хөргөгчийг хулгайлахыг завдсан,  2021 оны 08 дугаар сарын 10-ны орой 19 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлах “” худалдааны төвийн хойно үйл ажиллагаа явуулах авто машины дугуйн худалдааны газраас хохирогч “Huawei P-40” маркийн гар утсыг хулгайлж 900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хохирогч *******, гэрч ******* нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогч , гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь “Би хөөргийг нь хараагүй. Ямар ч хөөрөг байсныг мэдэхгүй. Хөөрөг авсан гэдгээ зөвшөөрөхгүй, бусад эд зүйлийг авсан гэдгээ зөвшөөрч байна. Тэр хөөргийг дахин үнэлүүлэх хүсэлтэй байна” гэж мэдүүлж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэргээр үгүйсгэгдэж байх тул түүний гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Гэмт этгээд хоёр ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдэх нь гэмт хэргийн олонлогийн үндсэн шинж бөгөөд нэг төрлийн болон төсөөтэй гэмт хэргүүдийг үйлдсэн тохиолдолд олонлог нь давталтын хэлбэрээр илэрдэг. Нэг төрлийн эсхүл төсөөтэй гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа үйлдэхийг эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тусгай давталт гэж үздэг бөгөөд тэдгээр нь гол төлөв Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, хэсэг, заалтад тодорхойлсон, халдлагын объект, зүйл нэгтэй хэргүүд байдаг болно.

Шүүгдэгч *******ийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хохирогч *******н эзэмшлийн байрны хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч 5,682,000  төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг нь төгс үйлдэгдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан, мөн байшингаас 1,200,000 төгрөгийн үнэ бүхий саарал өнгийн 2 хаалгатай, 160 см өндөртэй хөргөгчийг хулгайлахыг завдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнийг тус тус агуулж байна. Харин 2021 оны 08 дугаар сарын 10-ны орой 19 цагийн орчим дугуй худалдааны газраас хохирогч “Huawei P-40” маркийн гар утсыг хулгайлж 900,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ердийн бүрэлдэхүүнээр зүйлчлэгдэнэ.

Бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт этгээдийн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд заасан хүндрүүлэх болон онц хүндрүүлэх бүрэлдэхүүнийг агуулаагүй бол түүний хэргийг ердийн бүрэлдэхүүнээр зүйлчлэх нь зөв юм. Харин аль нэгэн үйлдэл нь хүндрүүлэх эсхүл онц хүндрүүлэх бүрэлдэхүүнийг агуулж буй бол түүгээр нь хүндрүүлэн зүйлчилж, бусад үйлдлийг уг зүйлчлэлд багтаана.

Иймд Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар нэгтгэн зүйлчлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч *******ид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч д учирсан 900,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн, хохирогч *******д учирсан хохирлоос 620,000 төгрөгийг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Эрүүгийн хуулийн 6.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлын заримыг төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 185 /нэг зуун наян тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Хохирогч д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд өөрт учирсан хохирлыг бүрэн авсан тул шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогч  д төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч гэмт хэргийн улмаас нийт 5,682,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүдэгч нь хохирогч 620,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч *******оос 5,062,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгуулахаар шийдвэрлэв.  

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “CD” 1 /нэг/ ширхэгийг хэрэгт хавсарган, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Балдан доржийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар нэгтгэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* ийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

             5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 185 /нэг зуун наян тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 5,062,000 /таван сая жаран хоёр мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг ******* 10-12Б 2А тоотод оршин суух, Боржигон овогт Дэмбэрэлийн //-д олгосугай.

 

 7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй,  шүүгдэгч нь хохирогч төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “CD” 1 /нэг/ ширхэгийг хэрэгт хавсарган, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

             8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

             10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.НАМУУНТУЯА