Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/195

 

2022        06        15                                             2022/ШЦТ/195

                                   

                                

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Ч.Мөнхзул

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Батболд

Хохирогч *******

Гэрч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Уламбаярын *******т холбогдох эрүүгийн 2221000550165 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,1988 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамтаар Дорнод аймаг ******* сумын 4 дүгээр баг ******* тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ........... ******* /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчимд   *******тэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар толгойн ар дагз хэсэгт нэг удаа цохиж *******ийн биед тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би өнөөдөр шүүгдэгч гэж энд зогсож байгаадаа харамсаж, эмзэглэж байна. Таны өгсөн мэдүүлэг анхнаасаа худлаа байсан гэдгийг хэлмээр байна. ...Энэхүү асуудал нь 2022 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө болсон. Тухайн үед манай эгч Улаанбаатар хотоос аав ээждээ золгох гээд хоёр хүүхэдтэйгээ ирсэн. Цагаан сараас 2-3 хоногийн дараа эгчийн хүүхэд нь шингэн алдаад байна гэж над руу ярьсан. ...эхний ээлжинд вирусын эсрэг эмчилгээ хийх нь зүйтэй гэж зөвлөж байсан. Энэхүү эмчилгээ нь манай хүүхдэд тохирч байсан учир тухайн орой 12 цагийн үед нөхөртэйгээ хамт анаферон гэх вирусны эсрэг эм, церукал буюу бөөлжилтийн эсрэг эм авч очсон. Нөхөр бид хоёрыг очиход хүүхдийн нүд нь гархилж бие нь сулбайсан, мээмнээс өөр зүйл идэхгүй, идсэн сүүгээрээ  бөөлжсөн, олон удаа суулгаж шингэн алдсан  байсан. Очоод хросолыг халбаганы үзүүр дээр дусааж бага багаар өгсөн боловч 2 цагийн хугацаанд хүүхэд төлийлөн сайжрахгүй, улам их бөөлжиж сульдаж, дуу нь гарахгүй болсон. Тэгээд сандраад шөнийн 3 цагт эмнэлэг рүү манай аав, эгч, эгчийн хүүхэд бид хэд явцгаасан бөгөөд манай нөхөр гэртээ хариад унтаж байсан. Эгч маргааш нь Улаанбаатар хот руу буцах гэж байсан учир бид нар эмнэлэгт хүүхэддээ дусал хийлгэж, хордлогыг нь тайлах зорилготой очсон юм. Ер нь эмч нар шууд дусал хийхийг зөвшөөрдөггүй, нилээн хүнд болсон хүүхдэд болон хэвтсэн хүүхдүүдэд дусал хийдэг. Тэгээд нөхрийн таньдаг эмч нь байж магадгүй гэж бодоод нөхрөө сэрээгээд эмнэлэг рүү авч очсон. Биднийг эмнэлэг рүү ороход сувилагч эгч, нэг эмэгтэйтэй хамт байхаар нь мэндлээд хэн гэдэг эмч гарч байгааг асуухад ******* эмч байгаа гэхээр нь танихгүй эмч байгаа юм байна гэж бодтол манай нөхөр Батболд танина гэж хэлсэн. Ингээд ******* эмч орж ирэх үеэсээ л нойрмог, унтаа, нүдээ арчсан, ууртай  байдалтай байсан. Тэгээд орж ирэнгүүтээ шууд яацан хүүхэд юм бэ гэж асуусан. Би өөрөө сэтгүүлч мэргэжилтэй учир үгний утгыг маш сайн ойлгодог. Яацан гэдэг нь хар ярианы үг. Хүүхэд нь яасан бэ, ямар хүүхэд ирсэн бэ гэж асууж болох байтал анхаасаа хар яр гэж харьцсан. ...Тухайн үед эмч хүүхдэд ямар ч онош тавиагүй гэдгийг хэлмээр байна. Тэр үед коронавирус маш элбэг байсан. Яацан хүүхэд юм гэж эмчийг асуухад манай эгч хиам идсэн юм аа гэхэд тэгвэл хордлого болсон байна гэсэн. Тэгээд хросол, церукал хоёрыг бичиж өгсөн. ... миний зүгээс эмчид хандан эмчээ энэ хүүхэд маргааш Улаанбаатар хот явах юм, та дусал хийгээд өгөх боломж байна уу, бид нар хросол, церукал эмийг өгсөн ч тусыг эс олоод ирлээ гэж хэлсэн. ...эмчид манай хүүхэд татдаг байсан юм аа, энэ хүүхэд маргааш Улаанбаатар хот руу явах гэж байгаа, шингэн залгавал хордлого нь тайлагдах юм болов уу, өнөөдөр шингэн хийлгэвэл маргааш хувийн эмнэлэг ороод шингэн хийлгэж болно гэж хэлсэн. Тэр үг маань алдаа болсон юм уу мэдэхгүй байна. ******* нь миний хэлсэн үг болгон дээр дөрөөлж, ямар нэгэн хэрүүлийн шинжтэй зүйл яриад байсан. Тэгэээд эмч надад хандаж чи тийм сайн юм бол гэртээ дуслаа залгаад ирэхэд яасан юм гэсэн. ...Миний зүгээс эгчийнхээ хүүхдийн 10 хурууг ардын уламжлалт эмчилгээгээр хатгаад ирсэн. Одоо ч хүртэл ардын уламжлалт эмчилгээнд 10 хурууг нь хатгахад цус гарч, хар хөлс нь цуваад хордлого нь тайлагддаг болохоор эмчид хүүхдийнхээ 10 хурууг хатгасан, ам нь хөхөрсөн тул айгаад аваад ирлээ гэхэд чи чинь ямар сүрхий хүн эмчилдэг амьтан бэ гэж хэлсэн. Хүн бэ гээгүй амьтан бэ гэсэн. Тэгэнгүүт нь би та хүнтэй ямар сонин харьцдаг юм бэ, орж ирсэн цагаас хойш дээрэлхлээ, шингэн хийх боломж байна уу гэж асууж байна. Хэрвээ хувийн эмнэлэг нээлттэй байсан бол хувийн эмнэлэгт очих байлаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хэрэлдээд хохирогч намайг сүүлдээ чи чинь Батболдын балай авгай биз дээ гэж хэлэнгүүт нь миний дургүй хүрсэн. Хохирогч нь тухайн үед намайг банзал, янхан гэж зөндөө хэлсэн ч би тэр үгнүүдийг нь мэдүүлэгтээ хэлээгүй, тэр үгнүүдийг ярихаас ичсэн. Би тухайн орой төрийн үйлчилгээ авах гэж гуйж очиход эмч өөдөөс хувийн харилцаа ярихад нь гайхсан. Тэр өдөр эмч хүүхдэд эмчилгээ хийгээгүйн зэрэгцээ намайг элдвээр хэлсэн. Би амьдралдаа утсаар хүний өөдөөс харж бичлэг хийж байгаагүй. Тэр үед үнэхээр тэвчээрийг минь барсан учир бичлэг хийсэн. Намайг бичлэг хийж эхлэнгүүт дуугүй болоод та түрүүн хэлсэн үгээ яриач гэхэд ярихгүй байсан. Тухайн бичлэг дээр би БОЭТөвийн хүүхдийн эмч гэх эмч ийм даам гарсан хүн байдаг юм байна гэж хэлсэн байгаа. Миний толгойд даам гарсан гэдэг үг л орж ирсэн. Бичлэгээ зогсоосны дараа намайг тэнэг хүүхэн, янхан, банзал, гичий, Батболдын балай авгай гэж хэлээд, бичлэг хийнгүүт болиод сүүлдээ миний барьж байсан утсыг тас хийтэл нь савж унагаасан. Эмч бид хоёр өөд өөдөөсөө хараад суусан байсан. Гэтэл хохирогч намайг ар дагзнаас нь цохисон гээд байгаа. Миний утсыг унагаахаар нь би эмчийн мөр рүү  цохисон нь үнэн. Гэхдээ чамаас үнэтэй утас гэж хэлээгүй. Намайг мөр рүү нь цохисны дараа тайвшраад инээд алдаад суугаад байсан. ...эмч хүнийг шүүхийн шинжилгээний байгууллагаар яваад барахгүй юм байна. Тухайн орой ч гэсэн чи намайг Дорнодод барахгүй шүү гэж хэлээд хаалгаа тас савж байсан.  Нэгдүгээрт эмчийн урдаас нь хараад зогсож байсан хүн хэзээ нь эмчийн араас нь очоод цохих вэ, та логиктой зүйл ярина уу. Хоёрдугаарт хохирогч үсний хавчаартай байсан ба тархи хөдөлтөл цохисон гэж байна. Тэгвэл таны хавчаар яагаад бүтэн байсан бэ. Би зөндөө цагдаа найзтай. Ямар тохиолдолд хөнгөн гэмтэл гарах вэ гэдгийг мэднэ. Тухайн үед шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч нь байсан эсэх нь тодорхойгүй байна. Эгч бид хоёр шинжээч эмчээс юуг үндэслэн ийм дүгнэлт гаргасан бэ гэж асуух гэж очиход эмч Улаанбаатар хотод байгаа гэж жижүүр нь хэлсэн. Тэгэхээр нь Улаанбаатар хотод байгаа хүн яаж дүгнэлт гаргадаг юм бэ гэхэд  жижүүр нь сандраад өнөөдөр явна гэл үү гэж байсан. Намайг  хохирогчийн толгой руу цохиогүй байхад ямар учраас хөнгөн гэмтэл гэж дүгнэлт гаргасан нь тодорхой байна. Эмч эмчээрээ ийм дүгнэлт гаргуулдаг юм байна. Тэгээд тэр орой хүүхдээ эмчлүүлээгүй, доромжлуулсандаа шар хөдлөөд цагдаад гомдол гаргасан. Миний утасны дэлгэцийг Вендо ХХК-р үнэлүүлээд 340,000 төгрөгийн хохирол учирсан гэж гарсан. Энэ үнийг сонсоод хохирогч сонин болсон байх гэж бодож байна. Би энэ хүний эсрэг юм хийхгүй бол ажилгүй болох юм байна гэсэн ойлголтыг авсан байх. Тэгээд л гэнэт шүүхийн шинжилгээний байгууллага дээр очиж ийм дүгнэлт гаргуулсан байх, толгой нь өмнө нь гэмтэлтэй байсан эсэхийг мэдэх боломжгүй, өөр хүнд цохиулсан ч юм уу мэдэхгүй байна. Хохирогч өөрийнхөө биед хөнгөн гэмтэл учирсан гэж дүгнэлт гаргуулаад өнөөдөр ийм зүйл болоод явж байна...” гэв.

 

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед манай өрөөнд камер байсан бол ийм худлаа зүйл сонсохгүй байсан. Гэхдээ өрөөнд камер байхгүй байсан ч гэрчүүд байсан. Хэрвээ гэрчүүд *******ийн мэдүүлгийг сонссон бол энэ хүний ярьж байгаа зүйлийн 80-90% нь худал болох талаар надтай санал нийлэх байсан байх. Би тухайн болсон бодит байдлыг үнэн бодитоор нь олон газарт ярьсан. ******* нь миний нэр дээр 6 газарт өргөдөл өгсөн байдаг. Энэ болгон дээр миний зүгээс тайлбар хийж, хамгийн сүүлд Эрүүл мэндийн яамны сайдад 8 хуудас тайлбарыг хүргүүлсэн. Шүүгдэгчийн үг өгүүлбэр болгон худлаа байна. Намайг Дорнодод барахгүй шүү гэж хашхирсан гэж байна. Ийм зүйл болоогүй. Намайг компьютер дээр юм бичиж байхад шүүгдэгч энэ тэрүүгээр явж хогны сав өшиглөөд байсан. Би тухайн үед  шүүгдэгчийг гар ариутгагчийг шүүрч авахыг хараагүй. ******* намайг цохих гээд гар ариутгагчийг авахад хоолой нь салж унасан талаар сувилагч дараа нь надад хэлсэн. Сувилагчийн ширээ, эмчийн ширээ хоёр өөд өөдөөсөө харсан байрлалтай байсан ба миний ширээний араар хүн явах зайтай байсан. Коронавирустэй холбоотойгоор хүүхдийн хүлээн авах өөр өрөөнд орсон ба тухайн өрөө камергүй байсан. Камергүй байснаас энэ бүх асуудал үүсэж энэ хүний худал ярихыг сонсох хэмжээний эмгэнэлтэй байдалд хүрээд байна. Мөн намайг ажлын байрны дарамт үзүүлж гэрчүүдээр худал мэдүүлэг өгсөн гэж хэлсэн байсан. Би 20 гаруй жил ажиллахдаа хэнийг ч дарамталж үзээгүй. Сонин сонин зүйлүүд их яригдаж байна, үүнтэй холбоотойгоор надад хэлэх зүйл байхгүй. Мөн тухайн орой тэр хүүхдийг яачихсан яацан хүүхэд вэ гэж асуугаагүй. Би хүүхдийг тэгж асууж ч үзээгүй. Надтай ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ. Шүүгдэгчийн мэдүүлгээр банзал, янхан, гичий гэсэн хараалын үгнүүдийг би хэлсэн болж таарлаа. Та нар намайг барахгүй шүү гэж хашхирч хаалгаа савсан гэж байна. Би тухайн орой энэ хүмүүсийг өрөөнөөс гарахаас өмнө тэр өрөөнөөс гараагүй. Асрагч хүүхэд үзэх үед оролцдоггүй тул энэ үйл явдлыг хараад сууж байсан. Тухайн үед шүүгдэгч намайг манартал цохисон нь үнэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд ёворсон гэж яагаад худал яриад байна вэ. Энэ хүн намайг цохисон нь үнэн. Тухайн үед болсон үйл явдлын талаарх мэдүүлгүүдийг улсын яллагч сая уншсан тул тэр болгоныг дахин давтан ярихыг хүсэхгүй байна. Шүүгдэгчийн өнөөдрийн шүүх хуралдаанд ярьсан зүйл 100% худлаа байлаа гэдгийг хэлмээр байна...” гэв.

 

Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тэр орой үйлчлүүлэгч болон түүний эгч нь хүүхэдтэйгээ хамт шөнийн 02 цаг өнгөрч байхад орж ирсэн. Тухайн үед би асрагчтайгаа хамт байсан. Үйлчлүүлэгч орж ирээд дүүгээ үзүүлэх гэсэн юм гэхэд нь хүүхдийг бүртгэж аваад эмчийг дуудсан. Эмч тухайн үед сэхээнд хүүхэд үзэж байсан. Тэгээд хүүхдийн бүртгэлийг хийгээд эмчийг дуудахад эмч удалгүй орж ирсэн. Тэр өрөөнд би болон үйлчлүүлэгч, үйлчлүүлэгчийн нөхөр, үйлчлүүлэгчийн эгч, хүүхэд, асрагч нар байсан. Эмч орж ирээд “за яасан бэ” гэхэд тухайн хүүхэд шингэн алдсан гэх өгүүлэмжтэй орж ирж байсан. Эмч үзэж хүүхдэд эм бичиж, амаар нь шингэн сайн уулгах талаар зөвлөгөө өгөхөд үйлчлүүлэгчийн зүгээс дусал хийлгэмээр байна гэсэн. Би тэр үед ширээнийхээ ард сууж байсан. Тэгэхэд эмч одоогийн байдлаар шингэн залгах шаардлага байхгүй байна. Амаар нь сайн шингэн зүйл өгөөд энэ эмийг уулга гэхэд энэ эмийг уулгасан, би дусал залгуулах гэж танайд ирсэн болохоос эм бичүүлж авах гэж  ирээгүй гэсэн. Мөн үйлчлүүлэгч эмчийг чамайг хэн гэдэг вэ гэж ууртай ширүүн асууж босч ирсэн. Тэр үед үйлчлүүлэгчийн нөхөр, эгч, асрагч нар бүгд байсан. Тэгэхэд эмч нэрээ хэлж маргалдаан үүссэн. Үйлчлүүлэгчийн хувьд эмчийг маш ихээр доромжилсон. Өглөө байсан бол хувийн эмнэлэгт дусал хийлгэж болох байсан, одоо шөнө болж байгаа тул танайд дусал хийлгэх гэж л орж ирсэн гэсэн. Эмч, үйлчлүүлэгч нарын хооронд маргаан үүсэхэд үйлчлүүлэгч утсаа гаргаж ирээд эмчийн нүүрэнд тулгаад бичлэг хийхэд нь эмч үйлчлүүлэгчийг чи наад утсаа холдуул гээд гараараа хүрэхэд утас нь газар унахад чи миний утсыг унагаадаг хэн бэ гэсэн. Би тэр үед хүүхдэд ренгир дусал хийх гээд дуслаа бэлдээд уян зүү тавих гэж байсан. Тэгэхэд үйлчлүүлэгчийн эгч нь дүүдээ чи болиоч ээ хүүхэд өвдчихөөд байхад хэрүүл хийлээ, би ер нь болилоо гэсэн.  Мөн өрөөнд 1,5 литрийн савтай гар ариутгагч байсан ба үйлчлүүлэгч тэрийг авч эмчийг цохих гэсэн чинь гар ариутгагчийн хоолой нь мултраад унасан. Тэгээд үйлчлүүлэгч эмч рүү  очоод толгойг нь доош нь болтол цохисон. Эмч цохиулаад нилээн удаан тийм байдалтай байсан. Тэр үед нөхөр нь орж ирээд боль гээд салгасан. Үйлчлүүлэгчийн эгч ч мөн адил дусал хийлгэхээ болилоо гээд гараад явсан...” гэв.

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ******* гэх хүүхэн  нь эмчийн толгой хэсэгт нэг удаа гараараа цохисон. эмчийн нүүрэн  дээр нь бичлэг хийгээд хүүхэд яагаад үзсэнгүй, эмчилгээ хийхгүй байгаа талаараа ярь гээд бичлэг хийгээд байхаар нь эмч утсыг нь холдуулах гээд гар руу цохисон чинь утас нь газарт унахад миний үнэтэй утсыг минь хагалчихлаа гээд толгой руу нь цохисон. Уг нь эмч хүүхдийг үзээд картад үзлэг хийсэн. ...заавал дусал хийлгэнэ гээд уурлаад байсан. ******* гэх хүүхэн  нь ууртай орж ирсэн цагаасаа эмчийг доромжлоод чанга, чанга бусдыг байнга дорд үгээр харьцсан, доромжилсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-64/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 02 дугаар сарын 10-ны орой эхнэрийн хамт ...хүүхдийн хүлээн авахад хадам эгч, хүүхэдтэйгээ, манай эхнэр үлдсэн.  Тэгэхэд дотор болсон асуудал сонсогдож байсан. Эмч нь хүүхдийн ээжээс болсон зүйлийг асууж тодруулаад гүйлгэлтийн эсрэг эм уу гэж эмчилгээ хэлж байгаа нь сонсогдсон. Эгч вакода гээд хорсол байгаа ууж болох уу гэж асуухад эмч байгаагаа л уулга гэж хэлсэн. Манай эхнэр түргэн дуудаад энэ эмчилгээнүүдийг хийсэн. Бид дусал хийлгэмээр байна хагас сайнд хот руу явна. Би хурууг нь хатгаад цусыг нь гаргасан гэж эмчид хэлэхэд эмч чи чинь ямар сайн мундаг эмч вэ, ямар сайн эмчилгээ хийдэг юм бэ, чи өөрөө гэрээрээ дуслаа хийхгүй юу, тийм сайн юм бол гэж хэлж байгаа нь сонсогдсон. Тэгэхэд манай эхнэр би чаддаг бол өөрөө хийнэ, чи ямар сонин эмч вэ гэж хэлэхэд нөгөө эмч чи гар зайл, балай хүүхэн бэ гэх мэтээр хэлсэн. Тэгээд манай аав дотогш ороод энэ хүүхэд олон удаа бөөлжсөн, эмчилгээ хийхгүй бол болохгүй. Ямар нэгэн эмчилгээ хийж өг. Төлбөр мөнгийг нь өгье гэж хэлсэн. Тэгэхэд дусал хийлгэх чинь эмчилгээ биш, хорсол уухтай адилхан шүү дээ гэж хэлсэн. Тэгээд аав ямар нэгэн эмчилгээ хийж өг эмчилгээ хийлгэхгүй бол болохгүй гэж хэлээд өрөөнөөс гарч ирсэн. Эмч, эхнэр 2 маргалдаад байхаар нь өрөө рүү нь ороход манай эхнэр газраас утсаа авч байсан. Тэгээд энэ эмч миний утсыг шиддэг байна ш дээ ийм болгочихлоо гээд надад харуулсан. Тэгээд эд нар ийм  даам байхгүй юу, хэн ч намайг яаж ч чадахгүй гэсэн аястай даам болсон энэ эмч гэж хэлсэн. Тэгэхэд би эхнэрээ тайвшруулах санаатай авч гарах гэхэд эгч маань за за явъя гээд хүүхдээ хувцаслаад надад өгөхөөр нь би хүүхдийг нь аваад гарч ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128 тоот дүгнэлтэд:

1. *******ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 88-89/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 274 тоот дүгнэлтэд:

1. Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч Н.Уянгын гаргасан 2022 оны 128 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. *******д тархи доргилт гэмтэл үүссэн байна” гэжээ. /хх-ийн 83-84/

 

- Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харьяаллын дагуу шилжүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны санал /хх-ийн 09/

- *******ийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 11/

- Гэрч Ц.******* мэдүүлэг /хх-ийн 26-27/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 28-30/

- Хохирогч *******ийн мэдүүлэг /хх-ийн 52-54/

- Гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 57-59/

- Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 39-44/

- *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан баримт /хх-ийн 95-99/

- мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан баримт /хх-ийн 101-104/

- Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 116-117/

- *******ийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд /хх-ийн 121-124/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 125/ болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч *******ийн гаргасан эм авсан 2 ширхэг E-баримт /задгай/  болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчимд БОЭТөвийн хүүхдийн хүлээн авах тасагт жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан *******тэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар толгой хэсэгт нэг удаа цохиж *******ийн эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн мэдүүлсэн “...эмч бид хоёр өөд өөдөөсөө хараад суусан байсан. Гэтэл хохирогч намайг ар дагзнаас нь цохисон гээд байгаа. Миний утсыг унагаахаар нь би эмчийн мөр рүү  цохисон нь үнэн. Намайг мөр рүү нь цохисны дараа тайвшраад инээд алдаад суугаад байсан...” гэх мэдүүлэг, хохирогч *******ийн “...тухайн үед шүүгдэгч намайг манартал цохисон нь үнэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд мөрийг нь ёворсон гэж худал яриад байна...” гэх мэдүүлэг,  гэрч *******гийн “...өрөөнд 1,5 литрийн савтай гар ариутгагч байсан ба үйлчлүүлэгч тэрийг авч эмчийг цохих гэсэн чинь гар ариутгагчийн хоолой нь мултраад унасан. Тэгээд үйлчлүүлэгч эмч рүү очоод толгойг нь доош нь болтол цохисон. Эмч цохиулаад нилээн удаан тийм байдалтай байсан...” гэх мэдүүлэг, гэрч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...******* гэх хүүхэн ******* эмчийн нүүрэн дээр нь утсаа бариад бичлэг хийгээд хүүхэд яагаад үзсэнгүй вэ, эмчилгээ хийхгүй байгаа талаараа ярь гээд байхаар нь эмч утсыг нь холдуулах гээд гар руу нь цохисон чинь утас нь газарт унахад миний үнэтэй утсыг хагалчихлаа гээд эмчийн толгой хэсэгт нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч “...аав маань эмчид хандаж та нар ямар нэгэн арга хэмжээ авахгүй хүүхдийн амь нас эрсдэлд орвол яах юм, төлбөр мөнгө өгдөг юм байвал өгье гэхэд эмч аавыг маань эргүү юм байна гэж хэлсэн. Тэгээд гаднаас ******* орж ирээд утсаараа бичлэг хийхэд эмч гар руу нь цохиод утсыг нь унагаахад ******* газраас утсаа аваад эмчийн мөр хэсэгт түлхсэн...” гэх мэдүүлэг, гэрч “...10 орчим минутын дараа дуу нь өндөрсөөд хэрүүл маргаан болоод байх шиг байхаар нь өрөөнд орсон чинь эхнэр ******* ******* эмчийн мөрний ар хэсэгт түлхэж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128 тоот “... *******ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 274 тоот “... Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч Н.Уянгын гаргасан 2022 оны 128 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. *******д тархи доргилт гэмтэл үүссэн байна...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128 тоот “...*******ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 274 тоот “...Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч Н.Уянгын гаргасан 2022 оны 128 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. *******д тархи доргилт гэмтэл үүссэн байна...” гэх дүгнэлт зэргээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг дүгнэлтийг  гаргасан байна.

 

            Шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

 

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

 

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж  дүгнэлээ.

 

            Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Хохирогч ******* эмчилгээний зардлын 35,400 төгрөгийн баримтыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн байх тул шүүгдэгч *******ээс 35,400 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******ээс 35,400 /гучин таван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгосугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА