Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 153/ШШ2018/00264

 

     2018 оны 05 сарын 07 өдөр

      Дугаар 153/ШШ2018/00264

                       Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Н.О-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 153/2018/00224/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.О нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1976 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан. 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг дуустал цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй хохироход хүрээд байна. Иймд намайг 1976 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч Н.О нь 1976 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1981 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж хүсэлтийн шаардлагаа тодруулжээ.

Хүсэлт гаргагч Н.О нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1976 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1981 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Н.О нь 1976 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1981 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

- Хүсэлт гаргагчийн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нээлгэсэн 0703888 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, /хх-ийн 5 дугаар хуудас/

- Хүсэлт гаргагчид 1978 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгий АДХГ-ын Захиргааны цэргийн хэлтсээс олгосон цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6-7 дугаар хуудас/

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 739 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Баянгол бригадын 1978 он, 1983 оноос 1990 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс, /хх-ийн 8-16, 34-35 дугаар хуудас/

- Хүсэлт гаргагчийн 2012 онд Аймгийн аварга малчин цол тэмдэгээр шагнагдаж байх үедээ авахуулав гэх тайлбар бүхий гэрэл зураг /хх-ийн 32 дугаар хуудас/,

- Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 02/3665 дугаар лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 33 дугаар хуудас/,

-Гэрч С.П-ийн ...Би 1965 онд Ховд аймгийн Манхан суманд төрсөн. 1973 онд Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуульд элсэн орж 1983 онд төгссөн. Улмаар 1983 оны 06 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1986 оны 06 дугаар сард цэргээс халагдсан. 1986 оны 06 дугаар сараас 1990 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Түүнээс хойш буюу 1990 оноос 2005 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баянгол багт мал маллаж байсан. Н.О нь намайг 1986 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж эхлэхэд тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Бид хамтдаа 1986 оноос 2005 оныг хүртэл тасралтгүй мал маллаж байсан. Н.О-ын хөдөлмөрийн гараа нь 1983 оноос эхэлсэн. Би тухайн үед 10 дугаар ангийн сурагч байсан. Гэхдээ Н.О-г нэгдлийн гишүүн малчнаар ажиллаж байсан гэдгийг сайн мэдэж байна. Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэл 1990 онд тарсан. Баясгалант амьдрал хувьцаат компани болсон. Н.О нь нэгдэл тарсан үеэс хойш буюу 1990 оноос өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баянгол багт мал маллаж амьдарч байсан. Н.О-ын аавыг нь Н гэдэг байсан. Ээжийнх нь нэрийг санахгүй байна. Аав ээж нь нэгдэлд насаараа малчин хийсэн хүмүүс байсан. Н.О-ын эхнэрийг М.Ц гэдэг хүн байдаг. Бид хамтдаа нэг сум нэгдэлд олон жил ажиллаж байгаа хүний хувьд Н.О-ын ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна... гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч Э.Явуусүрэнгийн ...Би 1985 оны 11 дүгээр сараас 1993 оныг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадад малчнаар ажиллаж байсан. Н.О нь намайг 1985 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэр бүлтэй болж Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж эхлэхэд тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Бид хамтдаа 1985 оны 11 дүгээр сараас 1993 оныг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Н.О нь одоо ч гэсэн Манхан сумын Баянгол багт мал маллаж амьдарч байна... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Н.О-ын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Н.О-г 1976 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1981 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Н.О-ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ