Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 153/ШШ2018/00263

 

    2018 оны 05 сарын 07 өдөр

       Дугаар 153/ШШ2018/00263

                      Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Я.Л-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 153/2018/00201/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Я.Л нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1986 оны 10 дугаар сарыг дуустал хоньчноор, 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарыг дуустал эмчилгээ тэжээлийн цэгийн туслах малчнаар, 1989 оноос 1990 оныг дуустал хоньчноор тус тус ажиллаж байсан. Миний бие 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй хохироход хүрээд байна. Иймд намайг 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1986 оны 10 дугаар сарыг дуустал, 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Я.Л нь 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1986 оны 10 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Эмчилгээ тэжээлийн цэгт туслах малчнаар тус тус ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Я.Л нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1986 оны 10 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Эмчилгээ тэжээлийн цэгт туслах малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Я.Л-ийн 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1986 оны 10 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Эмчилгээ тэжээлийн цэгт туслах малчнаар тус тус ажиллаж байсан болох нь

- Монгол улсын Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 704 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа /хх-ийн 6 дугаар хуудас/,

- итгэмжлэл /хх-ийн 7 дугаар хуудас/,

- Хүсэлт гаргагчийн 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нээлгэсэн 000239367 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 9-15 дугаар хуудас/

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 661 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын 2 дугаар бригадын 1985 он, 1989, 1990 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс, /хх-ийн 20-23 дугаар хуудас/

-Гэрч Б.Зуноровын ...Би 1978 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сээр бригадад бригадын тоо бүртгэгч, хэсгийн ахлагч зэрэг ажлуудыг тасралтгүй хийж байсан. Я.Л нь 1978 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөж Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчин болж байсан. 1978 оноос 1981 оны 06 дугаар сарыг хүртэл эцэг эхийн хамт малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж, 1984 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. 1984 оноос 1986 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад эх мал маллаж байсан. 1986 оноос 1988 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сээр бригадын Ёлын эмчилгээ тэжээлийн цэгт туслах малчнаар, 1988 оноос 1990 оныг хүртэл Сээр бригадад эх мал маллаж байсан. Я.Л бид хоёр тухайн үедээ Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад хамтдаа ажиллаж байсан. Тийм учраас Я.Л-ийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна. Я.Л-ийн аав нь Я гээд Ховд аймгийн Дөргөн сумын аж ахуйн няраваар ажиллаж байсан. Ээж нь С гээд малчин хүн байсан... гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч А.Цэрэнжавын ...Би 1956 онд төрсөн. 1986 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зэм нэгдлийн Эмчилгээ тэжээлийн цэгт малын эмчээр, 1990 оноос 1997 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын мал эмнэлэгт малын эмчээр тус тус ажиллаж байсан. Я.Л нь 1986 оны 11 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадын Эмчилгээ тэжээлийн цэгийн малын эмчээр ажиллаж байсан. Я.Л бид хоёр тухайн үедээ Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт хамтдаа ажиллаж байсан. Я.Л-ээс өөр ийм нэртэй хүн Ховд аймгийн Дөргөн сумын Сээр бригадад ажиллаж байгаагүй нь үнэн.... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Я.Л-ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Я.Л-г 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1986 оны 10 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Эмчилгээ тэжээлийн цэгт туслах малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Я.Л-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЮУН-ЭРДЭНЭ