| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2018/00131/и |
| Дугаар | 344 |
| Огноо | 2018-05-09 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 344
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Завхан сумын 4 дүгээр баг, 1-16 тоотод оршин суух, 1970 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОГ70052512, Т овогт М.Ц-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Завхан сумын Засаг даргын тамгын газарт холбогдох,
Ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжээс суутгасан 2.593.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ц, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2012-2016 онуудад Увс аймгийн Завхан сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. 2015 оноос 2016 онд манай суманд байгаль цаг уур хүндэрч малын гарз хохирол гарсантай холбоотойгоор Онцгой байдлын газраас өвс тэжээл татан авч малчид иргэдэд тарааснаас 3.113.600 төгрөгийн өр малчдын гар дээр болон Тамгын газраас гарч уг өр төлөгдөх ёстойг гар бичмэлээр Тамгын газраас холбогдох хүмүүст ажил хүлээлцсэний дараа үлдээсэн боловч төрийн албаны залгамж халааг үл умартан миний улс төрийн албанаас чөлөөлөгдсөний нэг удаагийн тэтгэмжээс 2.593.600 төгрөгийг суутган авсан. Хариуцагчийн тайлбартай холбогдуулан хэлэхэд миний бие малчдад тараасан өвс тэжээлийн өрийг хариуцаж төлүүлнэ гэж яриагүй. Ажлаа авч байгаа няравт малчдын нэрийг өгөөд өөрсдөө өр төлбөрийг барагдуулж дуусгана биз гэдэг утгаар хэлээд өгсөн. Төрийн алба залгамж халаагаараа үргэлжилдэг. Би өөрийн хүсэлтээр өвс тэжээлийн бичиг хийж өгөөгүй, Засаг даргын үүрэг даалгаврын дагуу өвч тарааасан. Иймд төрийн албанаас чөлөөлөгдсөний нэг удаагийн тэтгэмжээс суутгасан 2.593.600 төгрөгийг Увс аймгийн Завхан сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2012-2016 онд тус сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан М.Ц нь Увс аймгийн Онцгой байдлын газартай гэрээ хийж Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор хөнгөлөлт үзүүлсэн өвс тэжээлийг татан авчирч ард иргэдэд өөрийн бичгээр болон өөрөө бэлэн мөнгөө хурааж тараасан. Уг тооцоог Засаг даргын орлогч М.Ц өөрөө бүрэн хариуцаж иргэдээс авсан өвс, тэжээлийн үнийг өөрийн дансаар дамжуулан авч иргэдэд өвс, тэжээл олгох бичгийг хийж өгч байсан ба тухайн үед сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар хөнгөлөлттэй өвс тэжээлийг иргэдэд зээлээр олгохгүй байх тухай хэлэлцэж бэлэн мөнгөөр нь олгох бодлогыг баримталж байсан. Шүүхэд өгсөн иргэдийн зээлтэй танилцахад зарим иргэд өвс, тэжэлийн үнийг төлсөн, зарим иргэд нь өрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Энэ нь онцгой шугамаар ирсэн Засгийн газрын хөнгөлөлттэй өвс, тэжээлийг Засаг даргын Тамгын газрын санхүү болон няраваар дамжуулаагүй өөрөө хариуцаж тараасан байдаг. 2016 оны 11 дүгээр сарын 28-нд Засаг даргын орлогч М.Ц нь сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдөж ажил хүлээлцэхдээ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн онцгойд 3.113.000 төгрөгийн өвс, тэжээлийн тооцоо байгаа холбогдох зарим хүмүүстэй тооцоо хийж өөрөө тооцоог хийж дуусгана гэж хэлэн протоколд тэмдэглүүлсэн байдаг. Засаг даргын орлогч М.Ц нь өөрийн албан тушаалын эрх мэдлээ ашиглан өөрийн гарын үсгээр зээл өгсөн байх боловч төрийн зүгээс тэр хүнд зээл олгох эрх олгоогүй, зээл олгож болохгүй гэсэн бодлогыг барьж ажиллаж байсан болно. Нэхэмжлэлд дурдсанаар ажлаас гарахдаа зээлтэй хүмүүсийн гар бичмэлийг холбогдох хүмүүст өгсөн гэж дурдсан ч энэ зээлийн жагсаалтыг харсан, мэдсэн хүн байгаагүй өөрөө хариуцна гэж албан ёсоор тэмдэглүүлсэн байна. Төрийн залгамж халааг үл умартсан гэж энэ хүн үзэж байгаа ч аливаа хөрөнгө, мөнгөтэй холбоотой асуудлыг санхүү бүртгэл, няраваар дамжуулаагүй өөрийн хувь дансаар мөнгөө хурааж, өөрөө бичиг хийж тараасан учир Засаг даргын Тамгын газрын тооцоо хийх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа болон тооцоогоо өөрөө хийж дуусгана гэж ажил хүлээлцэхэд хэлсэн учраас өөрт нь даатгасан болно. Гэвч шүүхэд хандаад Засаг даргын Тамгын газраас тээврийн зардал нэхсэн учир аймгийн Онцгой байдлын газраас дээрх өвс, тэжээлийн падаан мөн иргэдэд тараасан бичгийг цуглуулж тооцоо бодоход нийт 12.053.600 төгрөгийн өвс, тэжээлийг татан авсан ба тээврийн зардалд 3.182.000 төгрөг төлсөн байна. Энэ татан авсан өвс, тэжээлийг иргэдэд зарж 15.135.000 төгрөгийн орлого орсон байна. Засаг даргын Тамгын газраас өвс, тэжээлийг татан авах тээврийн зардалд дэмжлэг үзүүлж 1.406.000 төгрөгийг гаргаж өгсөн. 2016 оны Засгийн газрын тогтоолоор хөнгөлөлттэй олгосон өвс, тэжээлийн үнийн дутуу болох 3.113.000 төгрөгийг Увс аймгийн улсын нөөцийн газар нэхэмжлэн сумын Засаг даргын Тамгын газрыг 2017 онд шүүхэд өгсөн бөгөөд Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 376 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Засаг даргын орлогч М.Цг тооцоо хийж дуусгахыг удаа дараа мэдэгдсэн боловч өр зээлээ барагдуулж тооцоо хийгээгүй, 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1/486 тоот Шүүхийн шйидвэр гүйцэтгэх албаны мэдэгдэл ирсний дагуу сумын Засаг даргын Тамгын газрын Мал хамгаалах сангаас 3.113.000 төгрөгийг Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 160000082539 тоот дансанд шилжүүлсэн бөгөөд уг алба нь 8.5 хувь болох 264.654 төгрөгийг суутган авч үлдэгдэл 2.848.946 төгрөгийн Увс аймаг дахь Улсын нөөцийн салбарт өгсөн байдаг. Тус сумын Засаг даргын тамгын газар нь Засаг даргын орлогч асан М.Ц-гийн өмнөөс Улсын нөөцийн салбарын өрийг барагдуулсан бөгөөд сумын Засаг даргын тамгын газарт учирсан хохирол болох 3.113.000 төгрөгийг хууль эрх зүйн хүрээнд М.Цгийн сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдсөний тэтгэмжээс суутгаж авсан болно. Иймд Засаг даргын орлогчоор ажиллаж байсан М.Ц-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Ц нь хариуцагч Увс аймгийн Завхан сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжээс суутгасан 2.593.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь Тус сумын Засаг даргын тамгын газар нь Засаг даргын орлогч асан М.Ц-гийн өмнөөс Улсын нөөцийн салбарын өрийг барагдуулсан бөгөөд сумын Засаг даргын тамгын газарт учирсан хохирол болох 3.113.000 төгрөгийг хууль, эрх зүйн хүрээнд М.Ц-гийн сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдсөний тэтгэмжээс суутгаж авсан болно. Иймд М.Ц-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Увс аймгийн Завхан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/35 дугаар Тэтгэмж олгох тухай тушаалаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасныг баримтлан Засаг даргын орлогчоор ажиллаж байсан М.Ц-д ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн хэмээн 4.416.000 төгрөгийн тэтгэмж олгожээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 63 дугаар зүйлд цалин хөлснөөс ямар тохиолдолд суутгал хийж болох талаар зохицуулсан байна.
Ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж нь тухайн ажилтныг ямар нэгэн шалтгаанаар эрхэлж байсан ажлаас нь чөлөөлснөөс тодорхой хугацаагаар орлогогүй болох эрсдлийг бууруулах, мөн ажилгүй байх хугацаанд зохих мөнгөн эх үүсвэр олгох зорилготой юм.
Ийм ч учраас Хөдөлмөрийн тухай хуулинд ямарваа нэгэн төрлийн тэтгэмжээс суутгал хийхийг хориглосон тул Увс аймгийн Завхан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/35 дугаар Тэтгэмж олгох тухай тушаалын дагуу олгогдсон М.Ц-гийн ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжээс 2.593.000 төгрөг суутгасан нь хуулинд нийцээгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т зааснаар хариуцагч Увс аймгийн Завхан сумын Засаг даргын тамгын газраас 2.593.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Ц-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56.448 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Завхан сумын Засаг даргын тамгын газраас 56.448 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М.Ц-д олгох нь зүйтэй.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаандхүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т зааснаар хариуцагч Увс аймгийн Завхан сумын Засаг даргын тамгын газраас 2.593.600 /хоёр сая таван зуун ерэн гурван мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Ц-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56.448 /тавин зургаан мянга дөрвөн зуун дөчин найм/ төгрөгийг улсын орлогодхэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Завхан сумын Засаг даргын тамгын газраас 56.448 /тавин зургаан мянга дөрвөн зуун дөчин найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ц-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ