| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2021/0081/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/206 |
| Огноо | 2022-07-06 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Э.Уламбаяр,
Шүүгдэгч Л.Б-, Д.Т- нарын өмгөөлөгч Т.Долгорсүрэн,
Шүүгдэгч Л.Д-ийн өмгөөлөгч Д.Буяндалай,
Шүүгдэгч Д.Т-, Л.Б-, Л.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Т-, Л.Б-, Л.Д- нарт холбогдох эрүүгийн 2038006030009 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Б- нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөх гол” гэх газраас 2019 оны 09 дүгээр сард Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайг тусгай зөвшөөрөлгүй агнасан, эд эрхтэн болох 4 ширхэг сарвууг 2019 оны 09 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл хадгалсан, хүрэн баавгайн 4 ширхэг сарвууг 2019 оны 10 дугаар сард шүүгдэгч Л.Д-т худалдсан,
Шүүгдэгч Л.Д- нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд 2019 оны 10 дугаар сард Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн эд эрхтэн буюу 4 ширхэг сарвуу болох түүхий эдийг шүүгдэгч Л.Б-өөс худалдан авсан, 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 10 дугаар сар хүртэл хадгалсан, 2020 оны 10 дугаар сард хүрэн баавгайн 4 ширхэг сарвууг шүүгдэгч Д.Т-д худалдсан,
Шүүгдэгч Д.Т- нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн эд эрхтэн буюу 4 ширхэг сарвууг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч Л.Д-ээс худалдан авсан, хүрэн баавгайн түүхий эд болох 4 ширхэг сарвууг хадгалсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Б- нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөх гол” гэх газраас 2019 оны 09 дүгээр сард Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны хүрэн баавгайг тусгай зөвшөөрөлгүй агнаж, амьтны аймагт 6.500.000 төгрөгийн шууд хохирол учруулсан, хүрэн баавгайн эд эрхтэн болох 4 ширхэг сарвууг 2019 оны 09 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл хадгалж, 2019 оны 10 дугаар сард шүүгдэгч Л.Д-т 600.000 төгрөгөөр худалдсан,
Шүүгдэгч Л.Д- нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд 2019 оны 10 дугаар сард Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн эд эрхтэн буюу 4 ширхэг сарвуу болох түүхий эдийг шүүгдэгч Л.Б-өөс худалдан авч, 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 10 дугаар сар хүртэл хадгалж, 2020 оны 10 дугаар сард шүүгдэгч Д.Т-д 500.000 төгрөгөөр худалдсан,
Шүүгдэгч Д.Т- нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн эд эрхтэн буюу 4 ширхэг сарвууг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч Л.Д-ээс худалдан авч, хадгалан “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг тус тус үйлдсэн байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох нь:
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Т-гийн хувийн байдлыг тогтоосон:
Шүүгдэгч Д.Т-гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-153х), шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-155-160х), Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нисэх багийн Засаг даргын тодорхойлолт (1-р хх-183х), шүүгдэгч Д.Т-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хх-184х) зэргийг,
Шүүгдэгч Л.Б-ийн хувийн байдлыг тогтоосон:
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-161х), шүүгдэгч Л.Б-ийн гэрлэлтийг бүртгэлийн лавлагаа (1-р хх-196х), Л.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хх-197х), шүүгдэгч Л.Б-ийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (1-р хх-198х) зэргийг,
Шүүгдэгч Л.Д-ийн хувийн байдлыг тогтоосон:
Шүүгдэгч Л.Д-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-163х), Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн засаг даргын тодорхойлолт (1-р хх-186х), шүүгдэгч Л.Д-ийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-187х), Л.Д-ийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (1-р хх-190х), Л.Д-ийн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа (1-р хх-192х) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын экологи, байгаль орчин, хууль зүйн мэдлэг дутмаг байдлын улмаас “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Л.Б- нь ховор амьтан болох 1 тооны хүрэн баавгайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, экологийн тэнцвэрт байдалд хор хохирол учруулсан байна.
Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, ...тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан...” байх шинжээр илрэх бөгөөд ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаснаас бусад тохиолдолд заавал хохирол, хор уршиг учруулсан байхыг шаардахгүй юм.
Шүүгдэгч Д.Т-, Л.Б-, Л.Д- нар нь Монгол улсын Үндсэн хууль, Амьтны тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Жагсаалт журам батлах тухай (ховор амьтны) тогтоолын нэгдүгээр хавсралтын 6-д заасан хөхтөн амьтан болох хүрэн баавгайг агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан нь Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Л.Б- нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөх гол” гэх газраас 2019 оны 09 дүгээр сард Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны хүрэн баавгайг тусгай зөвшөөрөлгүй агнаж, амьтны аймагт 6.500.000 төгрөгийн хохирол учруулсан, хүрэн баавгайн эд эрхтэн болох 4 ширхэг сарвууг 2019 оны 09 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл хадгалж, 2019 оны 10 дугаар сард шүүгдэгч Л.Д-т 600.000 төгрөгөөр худалдсан,
Шүүгдэгч Л.Д- нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд 2019 оны 10 дугаар сард Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн эд эрхтэн буюу 4 ширхэг сарвуу болох түүхий эдийг шүүгдэгч Л.Б-өөс худалдан авч, 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 10 дугаар сар хүртэл хадгалж, 2020 оны 10 дугаар сард шүүгдэгч Д.Т-д 500.000 төгрөгөөр худалдсан,
Шүүгдэгч Д.Т- нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн эд эрхтэн буюу 4 ширхэг сарвууг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч Л.Д-ээс худалдан авч, хадгалан “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-н 6, 70х), 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-н 72-75х), хохирогч Ж.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (1-р хх-н 89-90х), шүүгдэгч Л.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (1-р хх-н 20-21, 91-92, 93х), шүүгдэгч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (1-р хх-н 94-95, 96х), шүүгдэгч Д.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (1-р хх-н 97х), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-н 80-81х), 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн эд мөрийн баримт хураан авах санал (1-р хх-н 82х), 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 143 дугаартай эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (1-р хх-н 83х), Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Даваадоржийн 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дүгнэлт (1-р хх-н 101-103х) болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын: “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Т-, Л.Б-, Л.Д- нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэнээр Монгол улсад ховордсон ан амьтныг цаашид хадгалан үржүүлэх боломжийг хангах, тоо толгойг хамгаалах, устаж үгүй болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн эрх барих дээд байгууллагаас ховор амьтны жагсаалтад хамруулсан хөхтөн амьтан болох хүрэн баавгайг агнасан, түүнээс гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан нь Амьтны тухай хууль болон хуульд нийцүүлэн гаргасан тогтоомжуудыг зөрчиж, Монгол улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан үндэсний ашиг сонирхлыг зөрчсөн гэмт халдлагыг үйлдсэн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хавтаст хэрэгт 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн: “...Хүрэн баавгайн эд эрхтэн 4 ширхэг сарвууны хэмжээ, чанар байдал, үсний өнгө хэлбэрээс үзвэл 1 зүйлийн 1 тооны хүрэн баавгай байна гэж үзэж байна. Хүрэн баавгай нэртэй амьтныг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Ховор амьтан”-ы жагсаалтад авсан. Хүрэн баавгай нэртэй амьтны 4 ширхэг сарвуугаар эр, эм-ийг тогтоох боломжгүй. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны экологи- эдийн засгийн үнэлгээнд эр хүрэн баавгай 6.500.000, эм хүрэн баавгай 7.500.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байдаг” гэх дүгнэлт (хх-ийн 101-103-р тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 792 дугаартай: ...Шинжилгээнд ирүүлсэн хүрэн баавгайн 4 ширхэг савраар эр, эм хүйсийг тогтоох боломжгүй, хүрэн баавгайн 1 толгойд эр бодьгальд 6.500.000 төгрөг, эм бодьгаль буюу 7500.000 төгрөгөөр үнэлсэн байна” гэх дүгнэлт (2-р хх-ийн 162-164-р тал), Биологийн хүрээлэнгийн Хөхтний Экологийн Лабораторийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн: “Шинжилгээнд ирүүлсэн Хүрэн баавгайн 4 ширхэг сарвуу нь нэг бие гүйцсэн бодьгал амьтанд хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн баавгайн савар нь өмхийрч муудсан байх тул хүйс тодорхойлох генетикийн шинжилгээгээр хүйсийг тодорхойлох боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн амьтны саврууд нь өмхийрч муудсан байх тул агнасан хугацааг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 203-р тал), “...13.000.000 төгрөгийн хохирол учруулсан байна” гэх улсын яллагчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 170 дугаартай яллах дүгнэлтийн хавсралт (2-р хх-ийн 242-р тал) авагдсан, шүүгдэгч Л.Б-ийн тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэх хүрэн баавгайн хүйсийг тогтоох боломжгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд шүүгдэгч Л.Б- нь 13.000.000 төгрөг нөхөн төлөхөө илэрхийлж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос эрүүгийн 2038006030009 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Л.Б-ийн ховор амьтан болох хүрэн баавгайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан үйлдлийн улмаас Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тооцохоор заасны дагуу эр хүрэн баавгайн экологи-эдийн засгийн үнэлгээ болох 6.500.000 төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлж, 13.000.000 төгрөгийн хохирол учруулсан байна гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч Л.Б- нь амьтны аймагт учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж Цагаан-Үүр сумын Засаг даргын тамгын газартай эвлэрлийн гэрээ байгуулан морь барьдаг талбайг тохижуулахаар харилцан тохиролцсон” (2-р хх-н 52х) байх боловч тухайн байгууламжийн үнэлгээг тооцох, тодорхойлох боломжгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.Б-өөс 13.000.000 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг даргын Тамгын газарт олгохоор шийдвэрлэв.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж зааснаар шүүгдэгч Л.Б-өөс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх 13.000.000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд шилжүүлэх нь зүйтэй байна.
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас “албан бланк, бичгийн цаас, хэвлэмэл хуудас”-ны үнэ 14.000 төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож /1-р хх-н 221х/ шүүгдэгч нараас гаргуулахаар ирүүлсэн байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4 1.5-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал”-ыг хуульчилсан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдох гарах бусад зардлыг Монгол улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.7-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардалд хэргийн газар, орон байр, хүний бие, цогцост үзлэг, нэгжлэг, шинжилгээ хийх, цогцсыг оршуулсан газраас нь гаргаж шинжлэх, мөрдөн шалгах туршилт хийх, мэдүүлгийг газар дээр нь шалгах, таньж олуулах ажиллагаа явуулах, ялтныг хорих ангид очиж байцаах, дуудлагаар явахад гарсан болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны үр дүнд үүссэн ажил гүйцэтгэсний хөлс, зардал багтана” гэж зааснаас үзэхэд дээрх 14.000 төгрөгийн баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, /бусад зардал/-д тооцох үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Т-, Л.Б-, Л.Д- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч тус бүрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэнээ шүүгдэгч тус бүр хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг тус тус харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч нар нь хууль эрх зүйн мэдлэг дутмагийн улмаас дээрх гэмт хэргийг үйлдсэн байх тул шүүгдэгч тус бүрийн хувьд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж, мөн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Т- нь урьд гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-н 153х), шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-155-160х), шүүгдэгч Л.Б-, Л.Д- нар нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-н 161, 163х)-аар тогтоогдож байна.
Шүүх шүүгдэгч Д.Т-, Л.Б-, Л.Д- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан (2-р хх-н 234-236х), прокуророос сонсгосон “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “... оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах” саналыг яллагдагч нар хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Т-, Л.Б-, Л.Д- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.Т-, Л.Б-, Л.Д- нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “... оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-, Л.Б-, Л.Д- нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж байна.
Шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-өөс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 600.000 төгрөгийг, шүүгдэгч Л.Д-ээс 500.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сангийн анги хэсэгтээ ... дугаартай буу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн байгууллагад шилжүүлж, хандгайн 2 ширхэг эвэр, хүрэн баавгайн савар 4 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Д.Т-, Л.Д- нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан,
Шүүгдэгч Д.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтны түүхий эдийн зүйлийг худалдан авсан, хадгалсан,
Шүүгдэгч Л.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтны түүхий эдийн зүйлийг худалдан авсан, хадгалсан, худалдаж, “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.Т-, Л.Б-, Л.Д- нарыг тус бүр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Д.Т-, Л.Б-, Л.Д- нарт “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Т-, Л.Б-, Л.Д- нарт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-, Л.Б-, Л.Д- нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.Б-өөс 13.000.000 (арван гурван сая) төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг даргын Тамгын газарт олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-өөс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 600.000 (зургаан зуун мянга) төгрөгийг, шүүгдэгч Л.Д-ээс 500.000 (таван зуун мянга) төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... дугаартай буу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн байгууллагад шилжүүлж, хандгайн 2 ширхэг эвэр, хүрэн баавгайн савар 4 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
9. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-, Л.Б-, Л.Д- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР