Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2019/0698/З |
Дугаар | 128/ШШ2020/0711 |
Огноо | 2020-11-02 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2020/0711
2020 оны 11 сарын 02 өдөр | Дугаар . 128/ШШ2020/0711 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар Б.Бгийн нэхэмжлэлтэй, Цегдад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Бовгийн Б-ийн Б, С
Хариуцагч: Цегда,
Нэхэмжлэлийн шаардлага:
“Цегдын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/******* дугаар сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халах тухай тушаалын хүчингүй болгуулж, цагдаагийн дэслэгч цолыг сэргээх, Хийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 8,084,112.2 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Бгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ажлаас үндэслэлгүй халагдсанаас хойш 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 16,596,187.4 төгрөг гаргуулах тухай шаардлагаар тодруулж ... Цалинтай тэнцэх олговрын тооцоог Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс хөлс тодорхойлох журамд заасны дагуу сүүлийн гурван сарын цалингийн дунджаас тооцов.
№ | Он | Сар | Ажлын өдөр |
1 | 2019 он | 8 сар | 22 өдөр |
2 | 9 сар | 21 өдөр | |
3 | 10 сар | 23 өдөр | |
4 | 11 сар | 19 өдөр | |
5 | 12 сар | 22 өдөр | |
6 | 2020 он | 1 сар | 22 өдөр |
7 | 2 сар | 17 өдөр | |
8 | 3 сар | 22 өдөр | |
9 | 4 сар | 22 өдөр | |
10 | 5 сар | 21 өдөр | |
11 | 6 сар | 19 өдөр | |
12 | 7 сар | 20 өдөр | |
13 | 8 сар | 21 өдөр | |
14 | 9 сар | 22 өдөр | |
15 | 10 сар | 22 өдөр | |
16 |
| 11 сар | 1өдөр |
Нийт | 16 сар | 316 өдөр |
Хоногийн тооцохдоо 2019.08.01-2020.09.25 хүртэл 7 хоногийн амралтын өдрүүд болон нийтээр амрах баярын өдрүүдийг хасаж тооцон ажпын өдрийг гаргасан болно.
2019 оны 5, 6, 7-р сарын цалин буюу 1,267,424+1,194,590+1,229,207=3,691,221/3= 1,230,407/21.5=57,228.2x316 хоног=18,084,111,2 төгрөгийн цалинтай тэнцэх олговор гаргуулж өгнө үү.
... Миний бие эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Анх 2003 онд цагдаагийн байгууллагад орж ажиллаад нийтдээ 13 жил ажиллаж байна. Нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь 2019 оны 6 дугаар сарын 26-наас 28-ны шилжих шөнө миний бие ахлагч н.Бын хамт зам тээврийн дуудлага хүлээн авч дуудлага бүртгэсэн. Дэслэгч Ё.Б, ахлах ахлагч н.Ц нар хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байсан. Уг шөнө ахлах ахлагч Ц нь иргэнээс хахууль авсан байсан. Тухайн өдөр би тусдаа чиглэлтэй үүрэг гүйцэтгэж байсан. Уг үйлдэл хуулийн дагуу Тээврийн цагдаагийн албаны зөвлөлийн хурлаар ороход нэхэмжлэгч намайг үндэслэлгүйгээр хээл, хахууль авсан хэрэгт холбогдуулаад ажлаас халах тушаал гаргасан. Уг үйлдэл нь эрүүгийн хэргээр шалгагдаж Авилгатай тэмцэх газарт очсон. Намайг уг хэрэгт Нийслэлийн прокурорын газраас холбогдолгүй болохыг тогтоосон.
Иймд Цегын 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/******* тушаалыг хүчингүй болгож эрхэлж байсан ажилд буцааж томилж, офицер цолыг сэргээж ажилгүй байх хугацааны нөхөн олговрыг гаргуулж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Бгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б овогтой Б нь 2003 оны 1 дүгээр сараас эхлэн Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын дэргэдэх дотоодын цэргийн тусгай салаанд харуулчин, дэд ахлагчаар, 2006 оны 5 дугаар сараас Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтэст зохицуулагчаар, 2013 оны 1 дүгээр сараас Нийслэлийн цагдаагийн замын цагдаагийн газрын хөдөлгөөн зохицуулах хэлтэст цагдаа, зохицуулагчаар, 2017 оны 1 дүгээр сараас Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтэст цагдаа, зохицуулагчаар, 2017 оны 4 дүгээр сараас Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт цагдаа, зохицуулагчаар, 2018 оны 5 дугаар сараас Хийн Замын цагдаагийн хэлтэст зохицуулагчаар 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 13 жил үр бүтээлтэй, сахилга хариуцлагатай, өндөр бүтээлтэй ажиллаж ирсэн билээ.
Ажиллах хугацаандаа 2006 онд Цагдаагийн газрын даргын баярын бичиг, 2013 онд Замын цагдаагийн газрын даргын баярын бичиг, 2015 онд Цегдын баярын бичиг, 2017 онд Цегдын тушаалаар цагдаагийн гавьяа тэмдэгээр, 2019 оны 7 дугаар сард Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хүндэт жуух бичгээр тус тус шагнуулж байсан.
Мөн 2016 онд цагдаагийн офицерийн нөөцөд орж, 2017 оны 4 дүгээр сард түүний ажилласан жил, ажпын үр дүнг үнэлэн цагдаагийн офицер цол хүртсэн болно.
Миний бие 2019 оны 06 дугаар сарын 27-ноос 28-ны өдөр шилжих шөнө Хийн Замын цагдаагийн хэлтэст хоногийн ээлжинд үүрэг гүйцэтгэсэн. Шөнийн ээлжинд 2 офицер, 2 цагдаа зохицуулагч үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тухайн өдрийн ээлжинд Ё.Б офицер, Ц цагдаа нар харьяа нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг зогсоож шалгах үүрэг, миний бие болон цагдаа Ц.Б бид осол, зөрчлийн дуудлаганд явах чиг үүрэгтэйгээр албан үүргээ гүйцэтгэсэн Тус өдөр надтай наст хамт үүрэг гүйцэтгэсэн дэслэгч Ё.Бийн ахалж ажилласан цагдаа н.Ц зөрчил гаргагч этгээдээс мөнгө нэхэж авсан асуудалтай холбогдуулан Цегын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс шалгаж, цалингийн хувь бууруулах сахилгын арга хэмжээ авах санал гаргасныг Тээврийн цагдаагийн албаны зөвлөлийн хурлаар хэлэлцэж, намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан явдалд гомдолтой байна.
Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа надад тушаал шийдвэр гардуулаагүй, 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдэх хуудас танилцуулсан юм. Тус мэдэгдэх хуудаст дурдсан хууль зүйн үндэслэл ямар зөрчилд хариуцлага хүлээлгэж байгаа нь тодорхойгүй, зөрчлийг шалгаж шийдвэрлэх ажиллагааны журам зөрсөн гэж дурдсан атлаа, журмын ямар заалтыг зөрчсөн, ямар үйлдэл гэдгийг тодорхой дурдаагүй үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж байна.
Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журмын 1.4 дүгээр зүйлийн 1.4.1, 1.4.2, 1.4.3, 1.4.4, 1.4.5 д тус тус заасан сахилгын шийтгэл ногдуулах зарчмыг зөрчсөн.
Мөн журмын 2.5, 2.6 д заасны дагуу шийтгэл ногдуулах үндэслэлийг танилцуулаагүй, шалгалтын материалтай холбоотой тайлбар гаргах, нэмэлт шалгалт хийлгэх талаар хүсэлт гаргах эрхийг хангаагүй юм.
Үүнээс гадна миний бие ямар зөрчил гаргаад сахилгын шийтгэл хүлээснээ одоог хүртэл тодорхой ойлгохгүй байгаагаас гадна цагдаа, зохицуулагч н.Цын гаргасан үйлдлийг Авлигатай тэмцэх газраас шалгаж, эцэслэн шийдвэрлээгүй байгаа болно.
Иймд Цегдын 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/******* дугаартай тушаалыг хүчингүй болгож, цагдаагийн офицер цолыг сэргээлгэж, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Тушаалын үндэслэлийг харахад Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн газрын зохицуулагч цагдаагийн дэслэгч Б.Б нь хуулиар харьяалсан гэмт хэрэг зөрчлийг шалгаж шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж зөрчлөө тодорхойлдог. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Б.Б нь авилгын гэмт хэрэг үйлдэх нөхцөл бүрдүүлсэн гэж үзэж байгаа. Тушаал анхнаасаа үндэслэл муутай гарсан гэж үзэж байна.
...2019 оны 6 дугаар сарын 26 наас 27-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэсэн Хийн Туул 15, 16 дугаар бүсэд үүрэг гүйцэтгэсэн үйл баримттай холбоотой тушаалыг гаргасан. Тушаал гарахдаа Цегаас 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Цегын хяналт шалгалт дотоод аудитын хэлтсээс хяналт шалгалт явуулаад зөрчил гаргасан тухайн шөнө үүрэг гүйцэтгэсэн 4 албан хаагчид тодорхой сахилгын шийтгэл ногдуулах саналыг 7 дугаар сарын 03-ны өдөр гаргаж Цегда буюу н.Баатаржавт танилцуулсан байдаг. Танилцуулахдаа нэхэмжлэгчийн 3 сарын цалинг 20 хүртэл хувиар бууруулах санал оруулсан. Гэтэл тушаал гаргах санал танилцуулагдсаны дараа 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны зөвлөлийн хурал дахиж хуралдахдаа нэхэмжлэгч рүү чиглэж ажлаас халсан. Ингээд 7 дугаар сарын 25-ны өдөр тушаал гардаг. Тушаал гарсан мөртлөө нэхэмжлэгчид гардуулж өгөхгүй зөвхөн мэдэгдэх хуудсаар 8 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдсэн.
...Тушаалын үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтыг барьдаг. Тус заалт нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх гэж заасан. Улмаар энэ заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Тушаалын тухайд ямар зөрчил гарсан талаар тодорхой бус байна. Төрийн албаны тухай хуулийн 37.1.7-д төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэж заасан. ... Төрийн албаны тухай хуулийн заалтууд нь зөрчлийн үйл баримттай холбогдохгүй байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.7-д бусдыг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг тулгах, уриалах, чиглүүлэх, шууд болон шууд бус хэлбэрээр өдөөн хатгах, оролцох гэж заасан. Тушаалын үндэслэл болж байгаа заалт нь Нийслэлийн прокурорын газрын 64 дугаартай 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолын 1 дэх заалтаар няцаагдаж байна.
Гэмт хэрэг зөрчлийг шалгаж байгаа үйлдэл нь өөрөө зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа буюу замын хөдөлгөөнийг журмыг зохицуулах, хяна шалгах журмын 4.2.1 дэх хэсэгт заасан зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шалгаж шийдвэрлэх заалтыг зөрчиж гэмт хэрэг үйлдсэн байна гэдэг нь тухайн тогтоолоор үгүйсгэгдэж байна. Тухайн сахилгын шийтгэл оногдуулж байгаа тушаалд зөрчлийг шалгаж шийдвэрлэх ажиллагааны аль заалтыг зөрчсөн талаар заагаагүй мөртлөө үндэслэл болгож тайлбараа хэлж байна. Энэ асуудал нь эрүүгийн хэргээр шалгагдаад хэрэгсэхгүй болсон. Энэ тушаалын үндэслэл болж байгаа асуудал нь шууд бусаар нөлөөлсөн гэдгээр няцаагдаж байна.
Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.2 дах заалтыг барьсан. Энэ заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Гэтэл Б.Б тухайн цаг үед нэр хүндийг өндөрт өргөж баттай сайн хамгаалж байсан. н.Б цагдаагаас 160,000 төгрөг өгнө гээд байна яах уу? гэхэд тийм зүйл байхгүй хэлтэс дээр авчраад зохих журмын дагуу шалгуул гэдэг шаардлагыг тухайн үе тавьж байсан. Зөрчлийг санаатай зөрчсөн бол тухайн хүний санал тавьж байгаа мөнгийг авах байсан. Цагдаагийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн гэх үйлдэл огт тогтоогдохгүй байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5 дах заалтыг мөн адил баримтлаад цагдаагийн албанд нэг жилийн хугацаатай орж ирэхгүйгээр халдаг. Гэтэл 81.4.5 дах заалт нь маш олон санкцтай заалт байдаг. Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 12.12 дах хэсгийг барьдаг. Хуулиар харьяалсан гэмт хэргийн журам зөрчсөн гэдэг нь яг ямар дүрэм журмын ямар заалтыг зөрчсөн гэдгийг хариуцагч тодорхойлж чадахгүй байна. Шалгаж тогтоох үүрэг бүхий этгээд гэж хариуцагч хэлж байна. Гэтэл тухайн 2019 оны 6 сарын 26-наас 27-нд шилжих шөнө Туул 15, 16 дугаар бүс дээр албаны чиг үүрэг гүйцэтгэх 4 этгээд байсан. Туул 15, 19 бүс дээр зөвхөн ослын дуудлага авах чиг үүрэгтэй ажилласан. 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шууд удирдлагтаа хандсан талаар тодорхой нотлогдож байгаа. 15, 16 бүсийн тогтоосон дүрэм журам байхгүй ч гэсэн Хээс дотоодоо хэрэгжүүлж байгаа дотоод дүрэм журмын асуудал байгаа талаар н.Дэнзэнноров гэдэг хүний илтгэх хуудсаар тодорхой харагдаж байна. Нэхэмжлэгч ямар хуулийн ямар заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа гэдэг нь тушаалаас харагдахгүй байна.
Сүүлд нотлох баримтаар гаргаж өгсөн замын хөдөлгөөний зохицуулах хяналт шалгах журам гэж байдаг. Журмын тухайн албан хаагчид мөрдөж ажилладаг. 2015 оны А/190 дугаартай журам 2019 оны 6 дугаар сар хүртэл мөрдөгдөж байсан. 7 дугаар сарын 03-ны өдөр явуулсан материал дотор хүчингүй болсон 2015 оны А/190 дугаартай тушаалыг барьж хяналт шалгалт явуулдаг. Зөрчил үйлдсэн үйл баримт нь 2019 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө юм. Хууль зүйн сайдын тушаал бол 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн хууль зүйн дотоод хэргийн сайдаар шинэчилж батлагдаад өмнөх 2015 оны А/190 дугаар тушаал хүчингүй болсон. Шинэ журам тушаал дээрээ захиргааны эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актад хэвлүүлсэн өдрөөс эхэлж хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэж байгаа. 6 дугаар сарын 07-ны өдөр тушаал гарч байгаа. Захиргааны актын хэм хэмжээний бүртгэлд 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр бүртгэгдэж байгаа. Хэзээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэвлэгдээд хэзээ газар дээр нь мөрдөж байгаа албан хаагчид танилцуулсан талаар тодорхойгүй юм. Нийслэлийн тээврийн албаны зөвлөлийн хүмүүс нь тушаал шийдвэрийг тухайн бүр нь танилцуулаагүй зөрчил харагдаж байгаа. Хариуцагчаас журмыг зөрчсөн юм шиг ярьж байна. Зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шалгах ёстой гэж байгаа боловч тус журам нь өөрөө хууль зөрчсөн. 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн журам байгаа. 4.2.1-д Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8.6.8 дах хэсэгт заасны дагуу илэрсэн зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэх гэж заасан. Газар дээр нь драгер багажаар шалгах ёстой гэж байгаа боловч өнөөдөр газар дээр нь шалгаж шийдвэрлэх зохицуулалт өөрөө Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6-д хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх журмыг хуулинд зохицуулсан байдаг. Хуулийн нэг дэх заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хуулиар нэмэлт өөрчлөлт орсон. Газар дээр нь шалгах зохицуулалт нь Зөрчил шалган шийдвэрлэх хуулиндаа анхнаасаа байгаагүй. Одоо бол нэмэлтээр дараах үндэслэлийн аль нэг тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр эсвэл хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ гэж байгаа. Зөрчил шалган шийдвэрлэхдээ хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх бол 6.1.2 дах хэсэгт 3 өдрийн дотор шалгаж шийдвэрлэнэ гэж байгаа. Тэр доор нь явуулсан гэж буруутгаж байна. Мөн газар дээр гэдэг үг 2020 оны 01 дүгээр сард нэмэлт өөрчлөлт орсон.
Зөрчил гэдгийг тогтоогоогүй гэж нэхэмжлэгч өөрөө тодорхой ярьсан. Албан үүрэг гүйцэтгэж байсан этгээд Ё.Б байсан. Замын хөдөлгөөний зохицуулах 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн журамд албан хаагч эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэхдээ дараах журмыг мөрдөж ажиллана гэж байгаа. Энэ журмын 2.7.7-д бусад байгууллагын албан хаагчийн ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах гэж заасан. Энэ үүргийн дагуу нэхэмжлэгч зам дээр зогсож үүрэг гүйцэтгээд ослынхоо дуудлагыг шивэхээр үлдээд бусад албан хаагчид зам руу гарсан. Ингээд даргын авто машиныг баазаас авах ачаалал ихтэй зам дээр зогсох ажил давхацсан байсан тул н.Быг авахаар тэдгээр албан хаагчийн бүс дээр очсон. Тэр үед тухайн албан хаагчид зөрчил үйлдэгдсэн байж болох этгээдийг зогсоосон байсан. Нэхэмжлэгчийг хэлтэс рүү явах юм чинь аваад явчих гэсэн гуйлга байсан. Драгер багажийг Ё.Б хүлээж авсан талаарх акт байдаг. Шууд нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэл муутай байна гэж үзэж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийг чи өөрөө шалгаж болох байсан гэж ярьдаг. Гэтэл энэ асуудлыг журмалсан журам хаана байгаа вэ? гэдэг асуудал байна. Ингээд тэр журмын заалт ч гэсэн байхгүй. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах журам гэж байдаг. Сахилгын шийтгэл оногдуулж байгаа бол сахилга шийтгэл гарцаагүй байх, шийтгэл давхардуулахгүй байх хууль зүйн үндэслэлтэй байх зарчимд тулгуурлаж тушаал шийдвэр гарах ёстой. Энэ зарчим зөрчигдөж байна гэж үзсэн.
Тушаалын үндэслэлийг харахад маш олон хуулийн заалтыг бичдэг. Гаргасан зөрчил нь заалтуудтай нийцэхгүй гэж харч байгаа. Зөрчлийн шинж чанартай тохирохгүй байгаа талаар шүүх анхаарч хараасай гэж хүсч байна. Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар зөрчил мөн эсэх талаар шалгаж шийдвэрлэх хугацаа 3 хоног байхад тэр доор нь тухайн хүн зугтаад явсан үйлдлийг шууд албан хаагчид буруутгаж байгаа нь төрийн албан хаагчийн баталгааг хангахгүй байна. 2019 оны 7 дугаар сарын 04-ны өдөр нэхэмжлэгчийн сайн ажилласан гэж шагнаж байсан мөртлөө Цегдад цалингийн арга хэмжээ авна гэж танилцуулсан мөртлөө 7 дугаар сарын 10-ны өдөр ажлаас халах талаар дахиж хуралдаад хурлын шийдвэрийг даргад танилцуулсан тэмдэглэл байхгүй. Удирдлагын түвшний хувийн сонирхол болоод н.Баатаржав даргыг төөрөгдүүлэх болоод өмнө нь гаргасан тушаалыг өөрчилж тушаал гаргаж байгаа талаар шүүх анхаараасай гэж хүсч байна.
Нэхэмжлэгчийн ямар зөрчилд сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь ойлгомжгүй байна. Ямар заалт зөрчсөн талаар тодорхой бус байна. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх гэж заасан. Мөн хуулийн зорилт төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан. 10 өдрийн өмнө шагнаад дараа нь халж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн зорилготой нийцэж байна уу гэдэг асуудал байна. 2003 оноос хойш ажиллаж байгаа хүнийг шууд ажлаас халж орхиж байгаа нь харамсалтай юм.
Төрийн албан хаагчийн тухай хуулийн 48 дугаар зүйлд жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай хуулийн зохицуулалт байдаг. Төрийн албан хаагчийн баталгаа хуулиар зохицуулж байгаа. Яагаад сахилгын шийтгэл оногдуулахдаа Төрийн албаны тухай хуулиас нэг ч заалт барихгүй байна вэ? гэж харагдаж байна. Сахилгын шийтгэл оногдуулж байгаа тушаалд зөрчлийн шинжтэй тодорхой нарийвчилсан заалтыг баримтлаагүй учир Цегдын 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/******* дугаартай тушаалын 2 дах хэсэг хэт үндэслэл муутай гарсан тул хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 40.2.3 дах заалтыг тус тус баримтлан тушаалын Б.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож түүнийг ажил албан тушаалд нь эргүүлэн тогтоож цагдаагийн офицер цолыг нь сэргээж өгнө үү. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан түүний ажилгүй байсан хугацааны 16 сар 1 өдөр буюу 316 өдрийн ажилгүй байсан хугацааны цалин олговор болох 18,840,112 төгрөгийг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж Цагдаагийн ерөнхий газарт даалгаж өгнө үү гэсэн шаардлагаа дэмжиж байна” гэв.
Хариуцагч Цегын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд шүүэд ирүүлсэн хариу тайлбартаа: Цегдын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Бд Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5-д заасан цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Б.Таас 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид манай нөхрийг тээврийн хэрэгсэл жолоодож явах үед нь бичиг баримтыг нь хураан авч, улмаар 500,000 төгрөг авсан” гэх гомдлыг Цагдаагийн ерөнхий газарт гаргасны дагуу мөн газрын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсээс албаны шалгалт явуулахад дараах нөхцөл байдал тогтоогдсон Үүнд:
Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Б, Ё.Б, цагдаа зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч Д.Ц, Ц.Б нар нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагаас 2019 оны 06 дугаар сарын 27-ны 08 цаг хүртэл Туул 15, 16 дугаар бүсэд эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ.
Үүрэг гүйцэтгэх хугацаандаа Нарны гүүрний орчим нэгдсэн хяналт шалгалт хийж байхад иргэн Ж.С нь 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн үүрээр 05.30 цагийн орчим 40-52 УБМ улсын дугаартай “Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодон хөдөлгөөнд оролцож явах үед цагдаа зохицуулагч Ц.Б зогсоон тандагч багажаар согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад Ж.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрчээ.
Тэрээр зөрчил гаргагчийг тандагч багажаар шалгахад улаан өнгийн гэрэл ассан /согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй/ тул зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Бд танилцуулан согтуурал хэмжигч багажаар шалгахаар зөрчил гаргагчийн тээврийн хэрэгслийг жолоодож, Ц.Б албаны автомашин жолоодон цагдаагийн хэлтэс дээр ирсэн байна.
Алба хаагчид зөрчил гаргасан иргэнийг хэлтэс дээр авч ирсний дараа зөрчлийг согтуурал хэмжигч багажаар шуурхай шалгаж тогтоон, баримтжуулах ажиллагаа хийлгүйгээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх, машины түлхүүрийг нь тэмдэглэл үйлдэлгүй хураан авч, зөрчил гаргагчийг явуулсан байна.
Улмаар тухайн өдөр нэхэмжлэгчтэй хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн цагдаа зохицуулагч Д.Ц зөрчил гаргагчаас 500,000 төгрөгийг авлигад авч, тээврийн хэрэгслийн бичиг баримтыг өгч явуулсан зөрчил үйлдэгдсэн. Албаны шалгалтын хүрээнд зөрчил гаргагчийг цагдаагийн хэлтэст ирүүлсэн атлаа тухайн үед зөрчлийг шийдвэрлээгүй талаар тодруулахад нэхэмжлэгч нь үндэслэл бүхий тайлбар гаргаагүй бөгөөд дээрх үйлдэл нь нэхэмжлэгчийн хувьд хуулиар харьяалуулсан хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэх журам зөрчсөн, бусдыг хууль бус үйлдэл хийхэд шууд бус хэлбэрээр оролцсон үйлдэл болсон гэж үзсэн.
Дээрх алба хаагчдын үйлдэлд Авлигатай тэмцэх газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Төрийн албаны тухай хууль суурь хууль юм. Үндсэн хуультай нийцэж байж хууль баталдаг. Цагдаагийн албаны хуулиар албан хаагчийн эрх зүйн байдал болоод үүрэг хариуцлагыг тогтоосон. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7-д Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг хүндэтгэн биелүүлэх, байгууллагаас тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг биелүүлэх гэж тус тус заасан байдаг. Нэхэмжлэгч нь энэ үүргээ биелүүлээгүй. Цагдаагийн албан хаагчийн сахилга болон ёс зүйн дүрэмд зааснаар сахилгын арга хэмжээ авах гэж заасан. Зөрчлийг шалгаж шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан байсан талаар Б.Бгийн өөрийнх нь мэдүүлэг тайлбарт дурдсан байдаг. Б.Б нь хүний өмнөөс шийдвэр гаргаж бичиг баримтыг өгч явуулсан. Хэрэв эрх бүхий албан тушаалтан биш байсан бол биш гэж хэлэх ёстой. Замын цагдаагийн зохицуулах журмын дагуу ажил явагдаж байгаа.
2019 оны 6 дугаар сард батлагдсан журам гэж нэхэмжлэгч тал яриад байна. Маргаан бүхий захиргааны актад хууль зүйн сайдын яг заасан тушаал бичигдээгүй. Үүн дээр ач холбогдол өгөөд байх шаардлага байхгүй байх. 2015 оны хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан журмын 4.1-д Б.Бгийн үүрэг байж байгаа. 2019 онд гэнэт журам шинээр гарч ирж байгаа зүйл биш юм. Мөн нэхэмжлэгчийн хувьд үлээгээгүй тул зөрчил болохгүй гэж байна. Гэтэл зөрчил шалгаж тогтоох үйл явцыг нэхэмжлэгч өөрөө хийж гүйцэтгэх ёстой. Нэхэмжлэгч нь зөрчил гаргагчийг саатуулаагүй байсан тул нөгөө хүн нь явж зугтсан. Олон нийтийн цагдааг сэрээж чадаагүй гэдэг үндэслэлгүй тайлбар хэлж байна. Цагдааг сэрээгээд үйл явцыг хэлээд явах ёстой байсан. Байгууллагаас гаргасан захиргааны актыг үндэслэлтэй гэж үзэж байна.
Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил тогтоогдсон учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ зөрчил дээр гарах үр дагавар маш том юм. Зөрчил дээр мөнгийг хувааж авах субъектив санаатай байсан гэж удирдлагын зүгээс үзсэн. Б.Бгийн хийх ажилд дүгнэлт хийж сахилгын зөрчил оногдуулсан. Ер нь бол энэ хүмүүс бүгдээрээ мөнгийг тодорхой хэмжээгээр хуваах сэдэл байсан гэж үзсэн.
...Маргаан бүхий захиргааны актад Цагдаагийн албаны тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх заалтыг барьсан. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй бол энэ хууль болон Цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Нэхэмжлэгч өөрөө халагдсан юм шиг яриад байна. Цагдаагийн албан тухай хуулийн 81 дүгээр зүйлд цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орохгүйгээр сахилгын шийтгэл оногдуулна гэж заасан. Албанаас халаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй байх” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд нэхэмжлэгч Б.Бгийн Цегдад холбогдуулан гаргасан “Цегдын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/******* дугаар сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулж, цагдаагийн дэслэгч цолыг сэргээх, Хийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 8,084,112.2 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Цегдын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/******* дугаар тушаалын 2 дахь заалтаар “Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Батаагийн Б нь хуулиар харъяалуулсан гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.7, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.2-т заасныг тус тус зөрчсөн тул Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт заасныг баримтлан цагдаагийн албанд 1/нэг/ жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, “цагдаагийн дэслэгч” цолыг хурааж” шийдвэрлэжээ[1].
Нэхэмжлэгч Б.Б нь ажлын байрны тодорхойлолтоор зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан мөн болохоо үгүйсгээгүй боловч дээрх Б/******* дугаар шийдвэрийн үндэслэлийг эс зөвшөөрч “иргэнээс авлига авсан үйлдэлд үндэслэлгүйгээр холбогдуулж, мөн гүйцэтгэж байсан албан үүрэгт хамааралгүй үүргийг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр гарсан тул маргаан бүхий тушаал нь хууль бус” гэж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “нэхэмжлэгч нь хуулиар харъяалуулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж шууд бус хэлбэрээр хуульд бус үйлдэлд оролцсон ёс зүйн зөрчил үйлдсэн нь албаны шалгалтын явцад тогтоогдсон тул маргаан бүхий тушаал хууль тогтоомжид нийцсэн ” гэж тус тус маргасан.
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын даргын баталсан “Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдын 2019 оны 06 дугаар сарын 24-өөс 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх ажлын хуваарь”[2]-ийн дагуу Б.Б нь Туул-15, 16 чиглэлд цагдаагийн дэслэгч Ё.Б, ахлах ахлагч Д.Ц, Ц.Б нарын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн байна.
Иргэн Б.Таас гаргасан “...миний 40-52УБМ улсын дугаартай машиныг нөхөр болох Ж.С унаж явах үед цагдаагийн албан хаагч зогсоож, бичиг баримтыг нь хурааж аваад бичиг баримтыг өгөхдөө 500,000 төгрөг авсан”[3] гэх гомдлыг шалгасан албаны шалгалтын явцад Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Б.Б, Ё.Б, ахлах ахлагч Д.Ц, Ц.Б нар нь 2019 оны 06 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Хийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэхдээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байж болзошгүй иргэн Ж.Сийн бичиг баримтыг тэмдэглэл үйлдэлгүй хурааж авсан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулалгүйгээр зөрчил гаргагчийг явуулсан, иргэн Б.Т, Ж.С нараас бэлэн мөнгө авсан зөрчил тогтоогджээ[4].
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчийн ажлын байрны тодорхойлолтод уг албан тушаалын зорилгыг “Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, замын хөдөлгөөнд хяналт тавих...” гэж тодорхойлсон байх ба уг зорилгыг хэрэгжүүлэх албан тушаалтын зорилтын 1-д “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд биечлэн хариуцах, хуулиар харъяалуулсан зөрчил шалган шийдвэрлэх”, 3-т “Хууль тогтоомж, дүрэм, журмаар хүлээлгэсэн ажлын байрны зорилгод нийцсэн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх” гэж тодорхойлсон байна[5].
2019 оны 06 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Хийн Туул-15 бүсэд эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн дэслэгч Б.Б, ахлах ахлагч Ц.Б нарын хоногийн рапортын тэмдэглэлд “97-н зөрчил/согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил/-өөр 5 жолоочийг илрүүлж ажиллалаа”[6] гэж тэмдэглэгдсэн байх ба тандагч багажаар согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй гэж гарсан иргэн дэслэгч Б.Б нь Ж.Сийн машиныг 27-ны өглөө дүүргийн Цагдаагийн хэлтсийн гадаа авчирсан боловч жолоочийн согтуурлыг драгер багажаар хэмжиж, тэмдэглэл үйлдэж баталгаажуулалгүй орхиж явсан болох нь түүний өөрийн нь “даргын машиныг баазаас авчрах ажилтай байсан тул орхиод явсан” гэсэн тайлбар, ахлах ахлагч Ц.Бын “... хэлтэс дээр аваачиж драгер үлээлгэе гээд ... хэлтэс дээр аваачсан. Тэгээд очоод машиныг нь унтраагаад түлхүүрийг нь аваад хаалгыг нь онгорхой орхиод ортол дэслэгч Б баазруу яваад тэрэг аваад ирье гээд явцгаасан...[7]” гэх тайлбар, Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн байрны гадна байрлах хяналтын камерийн бичлэгийн тайлбарт “...06 цаг 07минут 58секунд: ... хэлтсийн байрны гадаа үлдээгээд явсан”[8] гэж бичигдсэнээр тус тус тогтоогдож байна.
Энэ тохиолдолд Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Батаагийн Б нь хоногийн эргүүлийг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээтэйгээр гүйцэтгэхдээ Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын 2.7.11-т “илрүүлсэн зөрчил, зам тээврийн осол, түүний шийдвэрлэлт, гүйцэтгэсэн үүрэг, ...талаар шууд захирах дарга, ахлах зохицуулагч, ерөнхий жижүүрт биечлэн буюу холбоо мэдээллийн хэрэгслээр илтгэх”, 4.2.1-т “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн ... хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй бол зөрчлийг баримтжуулан шаардлагатай бичиг баримт, эд зүйлийг хураан авч холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” гэсний тус тус зөрчсөн, улмаар Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “хуулиар харъяалуулсан хэрэг зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” сахилгын зөрчил үйлдсэн буруутай гэж үзнэ.
Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн талаарх мэдээллийн бүртгэх, 1.3-т зааснаар зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах, эсхүл зөрчлийн хэрэг нээх үүрэгтэй байх ба Б.Б нь тухайн цаг хугацаанд иргэн Ж.Сийг гаргасан зөрчлийг бүртгэж, баримтжуулаагүй, эсхүл өөрийнх нь тайлбарлаж байгаачлан хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж ажилласан эрх бүхий албан тушаалтан болох дэслэгч Ё.Б болон бусад албан тушаалтанд хариуцуулан өгөөгүйгээс тухайн этгээд зөрчил үйлдсэн, эсхүл үйлдээгүй эсэхийг тогтоох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн атлаа “Драгер багаж байхгүй хэлтэс дээр байгаа гэсэн. Тэр шөнө хариуцаж байгаа хүн өөрөө шалгаж шийдвэрлэнэ. Ё.Б шалгах ёстой. Би уусан гэж ярьдаг мөртлөө үлээгээд гардаггүй хүмүүс байдаг. 50 гр үнэхээр уугаад согтолтын хэмжээг тогтоосон тохиолдол зөрчил болно” гэж тайлбарлаж байгаа нь буруу байна.
Хэдийгээр Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 2019 оны 06 дугаар сарын 26-27-нд шилжих шөнийн эргүүлд ажилласан 2 зохицуулагч офицер, 2 цагдаа зохицуулагч нь ажил үүргээ Туул-15 буюу ослын дуудлагын бүс, Туул-16 буюу хяналт шалгалтын бүс гэсэн 2 хэсэгт хуваарилсан, Б.Б нь Туул-15 буюу ослын дуудлагын бүсэд үүрэг гүйцэтгэснийг үгүйсгэхээргүй боловч энэ нь нэгэнт илрүүлсэн зөрчлийг бүртгэж, баримтжуулах, боломжгүй бол эрх бүхий албан тушаалтанд шилжүүлэн өгөх талаарх үйл ажиллагааны нарийвчилсан журмыг хэрэгжүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн “хэлтэс дээр драгер байгаагүй, олон нийтийн цагдаа унтаж байсан тул сэрээгээгүй, тухайн цаг үед миний хариуцаж байсан бүсийн үйл ажиллагаанд хамааралгүй буюу Туул-16 бүсэд үүрэг гүйцэтгэсэн дэслэгч Ё.Б зөрчлийг баримтжуулах ёстой байсан тул зөрчлийг баримтжуулаагүй” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2019 оны А/101 дүгээр тушаалаар батлагдсан журам нь захиргааны актын хэм хэмжээний бүртгэлд 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр бүртгэгдэж байгаа. Хэзээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэвлэгдээд хэзээ газар дээр нь мөрдөж байгаа албан хаагчид танилцуулсан талаар тодорхойгүй” гэж тайлбарлан маргах боловч тус журмын 4.2.1-т “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн ... хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй бол зөрчлийг баримтжуулан шаардлагатай бичиг баримт, эд зүйлийг хураан авч холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” гэсэн заалтууд нь захиргааны хэм хэмжээний актын шинжгүй, гадагш чиглээгүй, зөвхөн цагдаагийн байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд хамааралтай байх тул уг акт нь гарсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх тул уг журмын холбогдох заалтыг цагдаагийн эрх бүхий албан тушаалтанд танилцуулах, мэдэгдэх шаардлагагүй.
Харин Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж заасан нь цагдаагийн албан хаагч нь эрх бүхий албан тушаалтан болохынхоо хувьд бус эрх зүйн харилцааны субьект болохынхоо хувьд хуулийг зөрчихгүй байх зан үйлийн идэвхгүй хэлбэрийг үүрэг болгосон, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.7-д “бусдыг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг тулгах, уриалах, чиглүүлэх, шууд болон шууд бус хэлбэрээр өдөөн хатгах, оролцох” гэж заасан нь бусдын хууль бус үйлдлийг дэмжсэн идэвхтэй зан үйлийн хэлбэрийг хориглосон агуулгатай байх тул хариуцагч Цегда нь маргаан бүхий актыг гаргахдаа хуулийн эдгээр заалтуудыг баримталсан нь тухайн тохиолдолд тохироогүй байна.
Гэвч Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Бгийн хуулиар харъяалуулсан хэрэг зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй зөрчлийг баримтжуулан шаардлагатай бичиг баримт, эд зүйлийг хураан авч холбогдох албан тушаалтанд шилжүүлээгүй зөрчил нь цагдаагийн алба хаагчийн ёс зүйн гэхээс илүүтэй албан үүрэгтээ хайнга хандсан, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” тухай төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг биелүүлээгүй, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт заасан сахилгын зөрчил гэж үзэхүйц байх тул маргаан бүхий актаар алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулсныг буруутгах боломжгүй.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Цегын хяналт шалгалт дотоод аудитын хэлтсээс хяналт шалгалт явуулаад 3 сарын цалинг 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулахаар санал оруулсны дараа Тээврийн цагдаагийн албаны зөвлөлийн хурал дахиж хуралдахдаа нэхэмжлэгч рүү чиглэж ажлаас халахаар өөрчилсөн нь зөрчилтэй” гэж тайлбарлан маргах боловч Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.12-т тус зөрчилд сануулах, эсхүл албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл албан тушаал бууруулах, эсхүл цагдаагийн цол бууруулах, эсхүл цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэлийн аль нэгийг сонгож оногдуулахаар заасан байх тул маргаан бүхий акт нь Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл оногдуулна:” гэж, 81.4.5-д “цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж заасан хариуцагчийн эрх хэмжээнд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Цагдаанийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4, 81.4.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бгийн Цегдад холбогдуулан гаргасан “Цегдын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/******* дугаар сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халах тухай тушаалын хүчингүй болгуулж, цагдаагийн дэслэгч цолыг сэргээх, Хийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 8,084,112.2 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ