Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2023/0348/З |
Дугаар | 221/МА2024/0015 |
Огноо | 2023-12-26 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2024/0015
Ч.Өлзийсайханы нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Ч.Өлзийсайхан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхтайван
Нэхэмжлэгч Ч.Өлзийсайхан
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Ц.Ганцог, Г.Уянгаа, Г.Хулан
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0745 дугаар шийдвэр.
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ч.Өлзийсайхан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхтайван, гуравдагч этгээд Г.Уянгаа, Г.Хулан
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2023/0348/З
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0745 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 85 дугаар зүйлийн 85.2, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, хуулийн 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Өлзийсайханы нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох хэргийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайт зуслангийн газрыг Ч.Өлзийсайхан, Г.Хулан нарын нэр дээр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болох нэхэмжлэгчийн нэр дээр газар эзэмшүүлэх захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хоёр. Нэхэмжлэгч Ч.Өлзийсайхан болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхтайван нар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
2.1. Нэхэмжлэгчид эрх зүйн бүрэн хамгаалалт үзүүлэх зорилго биелээгүй тухайд:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0745 дугаар шийдвэрийн "Тогтоох" хэсгийн 1-т “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 85 дугаар зүйлийн 85.2, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 6.5 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, 7.4 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Өлзийсайханы нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох хэргийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайт зуслангийн газрыг Ч.Өлзийсайхан, Г.Хулан нарын нэр дээр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болох нэхэмжлэгчийн нэр дээр газар эзэмшүүлэх захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай." гэжээ.
Захиргааны хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх зорилго нь захиргааны байгууллагын хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн эдлүүлэх явдал билээ. Тэр ч утгаараа захиргааны байгууллагын идэвхгүй үйл ажиллагаа буюу хууль бус эс үйлдэхүйн эсрэг захиргааны хэргийн шүүхээс хүн, хуулийн этгээдэд эрх зүйн бүрэн хамгаалалт үзүүлэх хэлбэр нь эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, даалгах шийдвэр байдаг. Өөрөөр хэлбэл, шаардагдах захиргааны акт гаргахыг захиргааны байгууллагад даалгах шийдвэрийг гаргах урьдчилсан нөхцөл нь (1) захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус, (2) тэрхүү хууль бус эс үйлдэхүй нь улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх шаардлагатай.
Гэтэл дээрх байдлаар хооронд нь салгаж үл болох, тухайн шийдвэрийг гаргах урьдчилсан нөхцөл болсон шийдвэрийн төрлийг механикаар салгаж, нэгийг нь хангаж, нөгөөг нь хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь тухайн хэм хэмжээг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн төдийгүй, хүн, хуулийн этгээдэд эрх зүйн хамгаалалт үзүүлэх үүрэг, процессын хуулийн зорилгыг биелүүлээгүй гэж үзэхээр байна.
Тодруулбал, нэхэмжлэгч Ч.Өлзийсайхан Үндсэн хуулийн 16 дугаар зүйл-д заасан үл хөдлөх хөрөнгө олж авах, эзэмших эрхийнхээ хүрээнд хариуцагч захиргааны байгууллага хууль ёсоор шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасан. Уг эс захиргааны байгууллагад хандан газар эзэмших хүсэлт гаргасны үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосон атал шаардагдах захиргааны акт гаргахыг даалгахгүй шийдвэрлэснээрээ нэхэмжлэгчийн Үндсэн хуулиар олгосон эрх байгаа эс үйлдэхүйн эсрэг хууль ёсны арга хэрэгслээр шаардах боломжгүй байна. сэргээгүй, захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхгүй.
2.2. Захиргааны байгууллага, түүний үйл ажиллагаа "Хууль ёсны байх" зарчим зөрчигдсөн тухайд:
Даалгах шийдвэрийн тухайд захиргаанд "үүрэг” болгох онцгой төрлийн шийдвэрийн хувьд захиргааны байгууллага шүүхийн шийдвэр биелүүлснээр хүчин төгөлдөр хууль тогтоомжийг зөрчих эрсдэлд орохгүй байх нь хууль ёсны зарчимд нийцнэ.
Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн No 128/ШШ2023/0745 дугаар шийдвэрээр маргаан бүхий захиргааны байгууллагын үйл ажиллагаа (эс үйлдэхүй)-г Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 6.5 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, 7.4 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоосон атлаа захиргааны байгууллагыг дээрх хууль тогтоомж зөрчсөн эс үйлдэхүйгээ засахыг даалгахгүй үлдээж байгаа нь "хууль ёсны зарчим"-ыг зөрчсөн байна.
Мөн түүнчлэн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан газар эзэмшүүлэх шаардлагыг нэхэмжлэгч бүрэн хангасан байхад газар эзэмшүүлэхийг даалгах шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь дээрх зарчмыг зөрчиж байна.
2.3. Хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд
А. Газрын тухай хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн No128/ШШ2023/0745 дугаар шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн 3.3-т "... Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т ... гэж заасан бөгөөд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хэн аль нь тухайн газрыг эзэмших хүсэлт гаргасан, гэрлэлт хүчин төгөлдөр байхад зөвхөн нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхээр захиргааны акт гаргахыг даалгах үндэслэлгүй." мөн хэсгийн 3.1-т “Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн хэн аль нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг гаргасан боловч уг хүсэлтийг гаргахаас өмнө тухайн газарт үл хөдлөх хөрөнгө бий болсон байна.", мөн хэсгийн 3.2-т "Маргаан бүхий газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө, хуваарьт хөрөнгө, эсхүл хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэдгийг ердийн харьяаллын шүүхээр шийдвэрлүүлсний дараа өмчлөх эрхтэй этгээд нь тухайн газрыг эзэмших, өмчлөх хүсэлтийг гаргах учиртай." гэжээ.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна." гэж зохицуулжээ.
Уг зохицуулалт нь газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдийн газар нь өөр бусад этгээдийн эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээтэй газартай аль ч талаараа огтлолцоогүй буюу давхцахгүй байх шаардлагыг тавьсан болохоос хүсэлт гаргасан хүн, хуулийн этгээдийн хүсэл зоригтой давхацсан байх гэсэн шаардлага тавиагүй байна.
Түүнээс гадна Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад, ""газар" гэж газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхаргыг;" ойлгохоор хуульчилжээ. Иймд өмнөх хэсэгт дурдсан газрын үндсэн бүрдэл хэсэгт хамаарах байшин, барилгыг шууд газар гэж үзэх үндэслэлгүй.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.1, 3.2-т дурдсан үндэслэлийн тухайд Газрын тухай хуульд хүн, хуулийн этгээдээс эзэмших хүсэлтэй газар дээр үл хөдлөх хөрөнгө байгаа эсэхээс үл хамааран тухайн газар өөр бусад этгээдийн газартай давхцалгүй бол газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхээр зохицуулсан байна. Иймд тухайн газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн статусыг тодруулсны дараа газар эзэмших хүсэлт гаргах ёстой гэдэг үндэслэл нь хуулиар хориглоогүй асуудлаар шүүх хориглосон агуулга бүхий үндэслэл гаргасан буюу хуульд байхгүй шаардлагыг нэхэмжлэгч талд тавьсан нь үндэслэлгүй байна.
Б. Иргэний хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, тухайн зохицуулалтуудыг хэрэглэх ёсгүй тухайд
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0745 дугаар шийдвэрийн "Үндэслэх” хэсгийн 3- т "... Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д "Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна.", мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна." гэж заажээ." гэжээ.
Дээрх зохицуулалтын хувьд өмчлөх эрхийн харилцаа буюу хүн, хуулийн этгээдээс эд юмсын ангиллыг зохицуулсан суурь зохицуулалт болно. Уг зохицуулалтын дагуу газрыг үл хөдлөх хөрөнгө гэж тодорхойлсон болохоос байшин, барилга, байгууламжийг газар гэж тодорхойлсон агуулгагүй болно. Мөн тухайн зохицуулалт нь маргаан бүхий энэ харилцааг зохицуулсан зохицуулалт биш тул шүүх хэрэглэх ёсгүй хуулийн зохицуулалтыг хэрэглэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон гэж үзэж байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн No128/ШШ2023/0745 дугаар шийдвэрийн "Тогтоох" хэсгийн 1-д буй хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Ч.Өлзийсайханаас Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан “Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайт зуслангийн газрыг Ч.Өлзийсайхан, Г.Хулан нарын нэр дээр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, бүртгэлтэй холбоотой захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч гуравдагч этгээд нарын хэн аль нь тухайн газрыг эзэмших хүсэлт гаргасан, гэрлэлт хүчин төгөлдөр байхад зөвхөн нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх захиргааны акт гаргахыг даалгах боломжгүй...” гэж дүгнэн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ч.Өлзийсайханаас 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж “...Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Яргайт зусланд “Шинэ яргайт холбоо”-ны эзэмшлийн талбайд 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшдэг. Тус холбооны захирлын зөвшөөрлөөр уг газартаа гэрчилгээ авах хүсэлт байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэж, мөн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “...хууль тогтоомжид заасны дагуу газрын эзэмшил, үл хөдлөх хөрөнгийг бүртгэж өгнө үү...”, 2 жил илүү хууль журмын дагуу бүх материалыг хүлээлгэн өгч газрын албаны шийдвэрийг хүлээж байгаа болно...” гэх хүсэлтийг тус тус гаргажээ.
5. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 3/2466 дугаар албан бичгээр “...гомдолд дурдсан асуудлыг дүүргийн Засаг даргын дэргэдэх “Газар эзэмших ашиглах эрхэд хяналт тавих зөвлөл”-ийн хуралд хэлэлцүүлэхээр хүлээгдэж байна...” Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 18/189 дүгээр “Албан хариу хүргүүлэх тухай” бичгээр “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас хэсгийг хасаж тулган дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/333 дугаар захирамжаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхэд хяналт тавих зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлэхээр хүлээгдэж байна” гэх хариуг тус тус өгсөн байна.
6. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Өргөдөл, гомдол гаргагч дараахь эрх эдэлнэ, 1/гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах; 5/төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1-д Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ, 3/ өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх, 4/өргөдөл, гомдлыг хугацаанд нь барагдуулах” гэж тус тус заажээ.
7. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ “...хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасны улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байна. ...нэхэмжлэгчийн гаргасан газар эзэмших хүсэлтийг нэг мөр шийдвэрлэж эцэслээгүй байх бөгөөд газрын харилцаа зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдах учиртай. ...2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчээс газар эзэмших гэрчилгээ гаргуулахтай холбоотойгоор гаргасан хүсэлт, өргөдлийг зохих журмаар шийдвэрлээгүй...” гэж зөв дүгнэж, нэхэмжлэгчийн гаргасан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайт зуслангийн газрыг Ч.Өлзийсайхан, Г.Хулан нарын нэр дээр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг хангаж шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгчийн нэр дээр газар эзэмшүүлэх захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах тухай шаардлагыг Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 85 дугаар зүйлийн 85.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
8. Учир нь уг газарт нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хэн аль нь газар эзэмших хүсэлт гаргасан байх бөгөөд шийдвэр гаргах эрх бүхий этгээд уг хүсэлтүүдийг шийдвэрлээгүй байгаа энэ тохиолдолд шүүх Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг баримталж даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
9. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж, 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ” гээд 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж зааснаар дүүргийн Засаг даргаас өөрийн бүрэн эрхийн хүрээнд хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхтэй.
10. Ийнхүү хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан газар эзэмших тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдсон боловч шүүх нэхэмжлэгчийн нэр дээр газар эзэмшүүлэх захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэгчийн гаргасан Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Яргайтын зусланд 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах тухай хүсэлтийг хууль тогтоомжийн хүрээнд буюу зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 745 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 21.5.3, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, хуулийн 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Өлзийсайханы нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох хэргийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайт зуслангийн газрыг Ч.Өлзийсайхан, Г.Хулан нарын нэр дээр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэр дээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргах асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгасугай...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН