Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 698

 

МАГАДЛАЛ

 

2017.03.10                                               Дугаар 698                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Д.Ичинхорлоогийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2016/01253 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Ичинхорлоогийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Удирдлагын академид холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Ичинхорлоо,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1991/Х тоот шийдвэрээр нөхөр М.Мөнхболдоос гэр бүлээ цуцлуулж, одоогийн амьдарч буй орон сууцыг минь Д.Ичинхорлоо, охин М.Ариун, хүү М.Билгүүнтулга бид гурвын өмчлөлд үлдээх, надаас нөхөр М.Мөнхболдод 56 650 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн юм. Гэтэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Удирдлагын академи нь бидний орон сууцыг хуучин нөхөр М.Мөнхболдын буруутай үйлдлийн барьцаа болгон өдий хүртэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь гаргуулахгүй, иргэн Д.Ичинхорлоо миний удаа дараа тавьсан хүсэлтэд хариу өгөхгүй байсаар ирлээ. Гэтэл одоо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба орон сууцыг маань албадан дуудлага худалдаанд оруулна хэмээн байнга дарамталж иргэн миний болон хоёр хүүхдүүдийн минь амгалан тайван байдлыг алдагдуулж, бидний өмчлөх эрхэнд ноцтойгоор халдаж байна. Иймд Удирдлагын академид бидний Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Богджавзандамбын гудамж, 54 дүгээр байрны 13 тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахыг даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Удирдлагын академиас 40 000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд багш ажилтнууддаа зориулан хөнгөлөлттэй нөхцлөөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсгийн нутаг дэвсгэрт 84 айлын орон сууц бариулсан бөгөөд уг байрны А блокийн 13 тоот, 108 м.кв орон сууцанд одоо тус Академид дэд захирлаар ажиллаж байгаа М.Мөнхболд орохоор болж, тухайн үед тус Академийн захирал байсан Т.Лхагваатай 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 32 дугаартай гэрээ хийсэн байсан юм. 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр М.Мөнхболд нь аавын биеийн эрүүл мэндийн байдал муудсан тул гадаадад эмчлүүлэх шаардлага гарснаас гэрээнээс татгалзахаас өөр аргагүй байдалд хүрээд байгаагаа захирал Г.Чулуунбаатарт бичгээр мэдэгдэж, өөрийнх нь орох байрыг худалдаж авах хүн болох Ц.Энхболдыг дагуулан ирж Академитай уг байрыг худалдан авах гэрээ хийлгээд, өөрийнхөө урьдчилан төлсөн мөнгийг Ц.Энхболдоос эргүүлэн авсан болно. Гэтэл тухайн үед М.Мөнхболд нь эхнэртэйгээ таарамжгүй харилцаатай байсны улмаас түүнд мэдэгдэлгүйгээр дангаараа гэрээнээс татгалзаж, төлсөн мөнгөө эргүүлэн авсан болох нь сүүлд тодорхой болж, эхнэр Д.Ичинхорлоо нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 804 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Ц.Энхболдыг уг орон сууцны шударга эзэмшигчээр тогтоосон. 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 649 дүгээр магадлалаар уг орон сууц нь Д.Ичинхорлоо болон түүний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоож, Ц.Энхболдыг Удирдлагын Академитай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн. Улмаар Улсын дээд шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 591 дүгээр тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн байна. Иймээс 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Ц.Энхболд Удирдлагын Академиас байрны үнэ 63 000 000 төгрөг, зээлийн хүүнд              30 240 000 төгрөг, алданги 31 500 000 төгрөг, нийт 124 740 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг ямар нэгэн саадгүйгээр сургуулийн өмнөөс төлөх болно гэдгээ 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр М.Мөнхболд бичгээр мэдэгдсэн болохоор хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 1524 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосноор Удирдлагын Академиас 124 740 000 төгрөг гаргуулж, Ц.Энхболдод болгох болсон. Ингээд уг мөнгийг М.Мөнхболдоос гаргуулахаар Удирдлагын академи шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 6115 дугаар шийдвэрээр М.Мөнхболдоос 124 740 000 төгрөг гаргуулж, Удирдлагын Академид олгохоор шийдвэрлэсэн болно. Энэ шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 375 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдснээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дагуу М.Мөнхболдоос Удирдлагын Академид төлөх мөнгийг шууд Ц.Энхболдод болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүхбаатарт шилжүүлж, тухай    бүр нь тооцоо хийж байхыг зөвшөөрсөн албан бичгийг манайх Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт тус тус хүргүүлсэн тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа түүгээрээ явагдсан байх гэж найдаж байна. Ийнхүү М.Мөнхболдын буруутэй үйлдлийн улмаас тус Академи их хэмжээний төлбөр төлөхөд хүрч болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас манай байгууллагад ч багагүй хэмжээний шахалт үзүүлж байгаа. Тиймээс тус Академи нь их хэмжээний өрөнд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөг хүртэл нэхэмжлэлд дурдсан орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаагүй байгаа бөгөөд Д.Ичинхорлоогоос уг байрны үнийн дүнгээс М.Мөнхболдод ногдох хэсгийг гаргаж өгөх, М.Мөнхболдыг төлбөрөө бүрэн барагдуулах хүртэл үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах боломжгүй гэжээ

 

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Ичинхорлоогийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Удирдлагын академид холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ичинхорлоогоос улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хариуцагч Удирдлагын академи нь шүүхэд хариу тайлбар гаргахдаа болон шүүхийн хэлэлцүүлэгт маргалдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг урьдчилан сэргийлэх зорилгоор гаргаж өгөхгүй байгаа гэж тайлбарладаг. Гэтэл шүүх дээрх тайлбараас Удирдлагын академи үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх этгээд гэдэг нь тодорхой байхад нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэсгүй дүгнэлт хийсэн байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...шүүхийн шийдвэрээр өмчлөлд үлдээсэн байрыг М.Мөнхболдын буруутай үйлдлийн барьцаа болгон, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахгүй байгаа...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...М.Мөнхболд нь манайд тооцоотой байгаа, өрийг төлүүлж авсаны дараа байрны ордерыг гаргаж өгнө...” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1991/х дүгээр шийдвэрээр М.Мөнхболд, Д.Ичинхорлоо нарын гэрлэлтийг цуцалж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Удирдлагын Академийн 54 дүгээр байрны 13 тоот орон сууцыг Д.Ичинхорлоо, М.Ариунаа, Б.Билгүүнтулга нарын өмчлөлд үлдээж, Д.Ичинхорлоогоос 56 650 000 төгрөгийг гаргуулж М.Мөнхболдод олгохоор шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр байна.

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. Учир нь нэхэмжлэгч Д.Ичинхорлоо нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу өмчлөх эрхээ зохих байгууллагад бүртгүүлэх, гэрчилгээг гаргуулахаар хандах эрх нь нээлттэй бөгөөд хариуцагч байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргах үүрэг бүхий этгээд биш, энэ талаар шүүх зөв дүгнэсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн “...нэхэмжлэлийг хангах...” гэж давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2016/01253 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ц.ИЧИНХОРЛОО

                        ШҮҮГЧИД                                            Т.ТУЯА                                                  

                                                                                     М.НАРАНЦЭЦЭГ