Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 144

 

Ю.А-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч Ю.А, түүний өмгөөлөгч П.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Х нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1011 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 147 дугаар магадлалтай, Ю.А-гийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1011 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ю.А-гийн “нийслэлийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 132 дугаар захирамжийн "К" ХХК-д, 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар, 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 257 дугаар захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийг тус тус илт хүчин төгөлдөр бусад тооцуулах”-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Д.Э-гийн “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 233 дугаар захирамжийн Ю.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар гаргасан бие даасан шаардлагыг хангаж, уг захирамжийн Ю.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 147 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1011 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...33 дугаар зүйлийн 33.1-д” гэснийг “...38 дугаар зүйлийн 38.1-д” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Нэхэмжлэгч Ю.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Үндэслэл нь: Нэхэмжлэгчээс нийслэлийн Засаг даргын 132, 20, 257 дугаар захирамжуудад холбогдуулан шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хөндөж буй захиргааны үйл ажиллагаануудыг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн. Тодруулбал, гуравдагч этгээд иргэн Д.Э-д газар эзэмших эрхийг хуулийг илтэд зөрчиж, Газрын тухай хуульд заагаагүй үндэслэлээр олгож, “Ж Э М” ХХК-ийн газар ашиглах эрхийг “К” ХХК-д эзэмшүүлэх эрхтэйгээр шилжүүлж, “К” ХХК-ийн захирал Д.Э нь иргэн Д.Э-д эрхийг шилжүүлсэн захиргааны үйл ажиллагаа нь хууль бус нөхцөл байдлуудад шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлаж маргаж байхад шүүх холбогдох нотлох баримтыг үнэлэхгүй, хууль тогтоомжийг хэрэглэхгүй, маргааны үйл баримтыг үнэлэхгүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, 32, 34 дүгээр зүйлд заасантай нийцэхгүй байна.

Хариуцагч болон гуравдагч этгээдээс “Ж Э М” ХХК-иас 30 га газрын эрхийг шилжүүлэн авсан, ийнхүү эрх шилжүүлсэн захиргааны үйл ажиллагаа нь хууль зөрчөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргасныг шүүх үндэслэлтэй байна гэж дүгнэлт хийхдээ холбогдох хуулийн заалтуудыг хэрэглэж дүгнэлт өгсөнгүй. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх ...ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд “газар эзэмших, ашиглахтай холбогдсон маргааныг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж тус тус заасантай шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэл нийцэхгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч талын маргааны үндэслэлийг үгүйсгэсэн дүгнэлт өгөөгүй, хэргийн нэг талд дүгнэлт хийж шийдвэрлэлээ.

Мөн анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөвхөн цаг хугацааны хувьд “Ю.А-гийн газрын эзэмших эрх үүсэхээс өмнө Д.Э-гийн эзэмших эрх үүссэн байна” гэсэн нөхцөл байдал дээр дүгнэлт хийж, талуудын маргааны үйл баримтад тал бүрээс нь бүрэн эргэлзээгүйгээр үнэлэлт, дүгнэлт өгөх үүргээ хэрэгжүүлсэнгүй. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газар ашиглах эрх олгогдсон 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай “Ж Э М” ХХК-иас 10 га газрыг “К” ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргасан байхад 30 га газрын ашиглах эрхийг эзэмших эрх болгон шилжүүлснээр “К” ХХК-ийн захирал Д.Э-д газар эзэмших эрх анх үүссэн байдаг. Энэхүү ажиллагаа нь ямар хуульд заасан эрх хэмжээгээр, ямар хуулийн үндэслэлээр хийгдсэнийг шүүх гэж үзсэн нь ойлгомжгүй.

“К” ХХК-ийн захирал Д.Э-гээс “10 га газрыг шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг 30 га газар болгон эзэмшүүлэх эрхийг олгоод байгаа ажиллагааг хуульд нийцэж байна гэж шүүх үнэлсэн нь тодорхойгүй. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалт хэрхэн хэрэгжсэн болох нь, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 110 дугаар тогтоолын холбогдох хэсгийг нийслэлийн Засаг дарга хүчингүй болгож шийдвэрлэснийг шүүх ямар хуульд нийцэж байна гэж үзсэн нь шүүхийн шийдвэр, магадлалд тусгагдаагүй учир шүүхийн шийдвэр ойлгомжгүй тодорхойгүй байна.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд дурдвал нэхэмжлэгчийн зүгээс “гуравдагч этгээдийн газар эзэмших эрх нь хууль ёсны байх нөхцөлд түүнийг шүүх сэргээх учиртай, харин анхнаасаа хууль зөрчиж үүссэн, газар эзэмших эрх буюу хууль зөрчиж олгосон эзэмших эрхийг сэргээх боломжгүй” гэдэг тайлбарыг гаргасан боловч үүнд огт дүгнэлт хийгдсэнгүй гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хянавал:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд холбогдуулж үнэлэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангасан нь үндэслэлтэй, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал зөв байх тул түүнийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

1. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 110 дугаар тогтоолоор Япон улсын иргэний 100 хувийн хөрөнгө оруулалттай, Монгол улсад автомашины засвар үйлчилгээ, гадаад, дотоод худалдаа эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан “Ж Э М” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 22-ын шалган бүртгэх товчооны баруун дэнжид, Дарханы засмал замын хойд талд байршуулан “олон улсын авто машин, авто сэлбэгийн худалдааны сэлбэгийн төв” байгуулах зориулалтаар 40 га газрыг 15 жилийн хугацаагаар ашиглуулах эрх олгосон, тус компани нь уг газрыг ашиглах гэрээг нийслэлийн Газрын албатай байгуулж,  гэрээний дагуу газрын төлбөр төлж ашиглаж байгаад уг газарт барих барилгын “хөрөнгө оруулалт хийх” гэх үндэслэлээр газрын зарим хэсэг 10  га газрыг “К” ХХК-д шилжүүлэх хүсэлт 2005 онд гаргасныг, нийслэлийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 132 дугаар захирамжаар шийдвэрлэж “орон сууц, үйлчилгээ”-ний зориулалтаар 30 га газрыг “К” ХХК-д шилжүүлсэн, “К” ХХК нь “татан буугдаж байгаа” гэх үндэслэлээр газар эзэмшүүлэх эрхийг тус компанийг үүсгэн байгуулагч Д.Э-гийн нэр дээр шилжүүлэх талаар хүсэлт гаргасны дагуу нийслэлийн Засаг даргын 2009 оны  1 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар захирамжаар Д.Э-гийн нэр дээр болгон баталгаажуулсан, “газрын зориулалтыг өөрчлүүлэх тухай” Д.Э-гийн хүсэлтийг хүлээн авч нийслэлийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 257 дугаар захирамжаар газар эзэмших зориулалтыг “орон сууц, үйлдвэрлэл, үйлчилгээ” болгон өөрчилсөн ба нэхэмжлэгч Ю.А-д Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 233 дугаар захирамжаар “үйлдвэрлэлийн зориулалт”-аар эзэмшүүлсэн 2.0 га газар нь бүхэлдээ Д.Э-гийн эзэмшлийн 30.0 га газарт давхацсан зэрэг үйл баримтууд тогтоогджээ.

Нэхэмжлэгч Ю.А нь “...уг газар дээр Д.Э цементэн хашаа барьж, газар ашиглах боломжгүй болсон” гэх үндэслэлээр нийслэлийн Засаг даргын 2001 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 257 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нийслэлийн Засаг даргын 2007 оны 132 дугаар захирамжийн “К” ХХК, 2009 оны 20 дугаар захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлагыг нэмэгдүүлж, эдгээр актууд нь хууль зөрчсөн гэж маргажээ.

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай /1993 оны/ хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д “гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газрыг Монгол Улсын газрын тухай хууль тогтоомжид заасан болзол, журмын дагуу төлбөртэйгээр, гэрээний үндсэн дээр ашиглуулна”, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж зааж, уг хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” гэсэн эрхийг газар ашиглагчид олгоогүй учир гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь “газар ашиглах эрхийн гэрчилгээ”-гээр баталгаажсан газрын хэсгээ бусдад шилжүүлэх эрхгүй, нийслэлийн Засаг дарга нь 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн оны 132 дугаар захирамжаар “К” ХХК-д 30.0 га газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийг зөрчсөн байна.

Гэвч, энэ актыг “илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” эрх нэхэмжлэгчид байгаагүй буюу Ю.А-гийн газар эзэмших эрх нь уг актаас хойш Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 233 дугаар захирамжаар үүссэн бөгөөд “газар эзэмших эрх шилжүүлэх” акт нь эрх зүйн үндэслэлгүй, хууль зөрчсөн хэдий ч үүний улмаас тухайн газрыг эзэмших эрх Ю.А-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчөөгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, уг актыг “эрх зүйн зөрчилтэй” буюу хүчин төгөлдөр бус болохыг тогтоох үндэслэл нь нэхэмжлэгч Ю.А-гийн субъектив эрхийг хамгаалахад чиглэгдэх  учир маргаан бүхий газрыг ашиглах эрх анх үүссэн “Ж Э М” ХХК болон газар шилжүүлэн авсан “К” ХХК-иудын хоорондын харилцаанд хамааралгүй этгээдийн хувьд Ю.А-гийн уг газрыг эзэмших эрх сэргэхгүй, харин эрх нь анх үүссэн этгээдэд хэвээр хадгалагдаж үлдэхээр байна.

Нэхэмжлэгчийн хяналтын гомдолд “...Газрын тухай хуулийн 38.1-д... эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх ажиллагаа зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хороонд явагдана,... “Ж Э М” компаниас 10 га газрыг шилжүүлэх хүсэлт гаргасан байхад Д.Э-д 30 га газрыг шилжүүлсэн нь ямар хуульд заасан эрх хэмжээгээр, ямар хуулийн үндэслэлээр хийгдсэн болох, нэхэмжлэгч талын маргааныг үгүйсгэсэн үндэслэлд дүгнэлт өгөөгүй” гэж дурдсан нь түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр, магадлалыг өөрчлөх үндэслэл болохгүйн зэрэгцээ Монгол улсад үүсгэн байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь Монгол улсын хуулийн этгээд болохыг анхаараагүй байна.

Иймээс, “К” ХХК нь “газар эзэмших эрхийн гэрчилгээ”-гээ үүсгэн байгуулагч иргэний нэр дээр шилжүүлэх, газар эзэмшигч Д.Э нь “газрын зориулалт”-ыг өөрчлүүлэх хүсэлт гаргасан нь нийслэлийн Засаг даргын 2007 оны 132 дугаар захирамжаар газар эзэмших эрхтэй болсон “К” ХХК-ийн Газрын тухай хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлсэн асуудал тул уг хүсэлтийг нийслэлийн Засаг дарга шийдвэрлэж, 2009 оны 20, 2011 оны 257 дугаар захирамжуудыг гаргасан нь хууль зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй.

2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 233 дугаар захирамжид “иргэн А.Д, Ж.Б, Ю.А нарт 20 дугаар хороо 22-ны товчооны цаана үйлдвэрлэлийн зориулалтаар тус тус 4.0 га, 2.0 га, 2.0 га” гэж заан газар эзэмшүүлсэн, уг газрын байршлын кадастрын зургийг “W h” ХХК нь 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хийснийг үндэслэн нэгж талбарын 18627308072... дугаар бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээ Ю.А-д 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр олгогдож, 2013 оны 2 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулагдсан талаарх баримтууд хэрэгт авагджээ.

Гэвч энэхүү газар нь газар эзэмшигч Д.Э-гийн эзэмшилд түрүүлж үүссэн газартай бүхэлдээ давхацалтай учир Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь Ю.А-д газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчсөн, иймээс сүүлд үүссэн эрх нь өмнөх эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй учир үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар гуравдагч этгээд Д.Э нь бие даасан шаардлага гаргаж, шүүх хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасанд нийцсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шалгаж, “К” ХХК-д “газар эзэмшүүлэх захирамж”-ийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болохыг тогтоож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул нэхэмжлэгчийн “хууль зөрчиж олгосон газар эзэмших эрхийг сэргээх боломжгүй” гэсэн агуулгатай гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 147 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ