Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2016/0415

 

 

 

 

 

 

 

2016 оны 6 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2016/0415

Улаанбаатар хот

 

Иргэн Б.Эрдэнэбаярын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 271 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор иргэн Б.Эрдэнэбаярын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Б.Эрдэнэбаяр 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“...Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/03 дугаар тогтоолын Б.Эрдэнэбаярт холбогдох хэсэг, Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/814 дүгээр захирамжийн Б.Эрдэнэбаярт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны кадастрын мэдээллийн санд Б.Шижирбаатарын нэр дээр бүртгэлтэй одоо хашаатай байгаа 700 м.кв газрыг Б.Эрдэнэбаярт эзэмшүүлэхийг Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж өгөх”-ийг хүсчээ.

Хоёр. Хариуцагч Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Дэлгэрбат 2015 оны 3 дугаар сарын 4-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Б.Эрдэнэбаяр нь нэхэмжлэлдээ 2012 оны 9 дүгээр сард 120 м.кв газраа томсгох хүсэлт гаргаж байсан гэдэг боловч дүүргийн Өмч, газрын харилцааны албаны архивт иргэн Б.Эрдэнэбаяраас гаргасан хүсэлт байхгүй байна.

Иргэн Б.Шижирбаатар нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэсний дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй” гэжээ.

Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гурав. Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Иргэн Б.Эрдэнэбаярт дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 366 дугаар захирамжаар 120 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, 33 дугаар зүйлийн 33.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж газар эзэмших эрхийг олгосон байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан  ашиглаагүй”, мөн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 13/03 дугаар тогтоол хүчин төгөлдөр хэвээр байна. Иймд иргэн Б.Эрдэнэбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Дөрөв. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 271 дүгээр шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 27 дугаар зүйлийн 27.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан Б.Эрдэнэбаярын Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баянгол дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/03 дугаар тогтоол болон Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/814 дүгээр захирамжийн иргэн Б.Эрдэнэбаярт холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Тав. Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Солонго, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батнасан нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 366 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар эмнэлгийн ард 120 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар иргэн Б.Эрдэнэбаярт 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байдаг.

Маргаан бүхий дээрх газар нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын дагуу бүсчлэлийн хил хязгаарын 1 дүгээр зэрэглэлд хамаардаг.

Дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас 2013 онд дүүргийн нутаг дэвсгэр дэх газар эзэмшигч нарын газар ашиглалтын байдалд нэгдсэн судалгаа хийсэн бөгөөд уг судалгаагаар иргэн Б.Эрдэнэбаяр нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчин газрыг хуульд заасан хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогддог.

Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 1/7940 дугаар албан бичгээр маргаан бүхий газар нь үерийн болон ус зайлуулах хамгаалалтын бүсэд хамаарч байгаа эсэх талаарх лавлагааг авах нь хэрэгт ач холбогдолтой, шаардлагатай хэмээн үзэж нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт 01/7940 тоот албан бичгийг явуулсан.

Үүний дагуу нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 11/3496 дугаар албан бичгээр давхцлын зургийг ирүүлдэг бөгөөд маргаан бүхий газар нь үерийн далангийн хамгаалалтын бус, цэвэр усны хамгаалалтын бүс, цахилгааны шугамын хамгаалалтын бүстэй давхцаж байгаа нь харагддаг.

Энэ нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, Хот, байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараахь зүйлийг хориглоно”, 24 дүгээр зүйлийн 24.1.6-д “Инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөх, барих” гэж заасныг зөрчсөн байдаг.

Мөн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.

Мөн дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 1848 дугаар албан бичгээр “...иргэн Б.Эрдэнэбаярын газрын төлбөрийг төлсөн байдлыг газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт хийж хүргүүлэв” гэж хавсралтад нийслэлийн Газрын албаны 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/33 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах гэрээг дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт”-ыг үйлдэн дүүргийн Өмч, газрын харилцааны холбогдох албан тушаалтнаар гарын үсэг зуруулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.

Уг тооцоо нийлсэн акт нь 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч Б.Эрдэнэбаяр нь гарын үсэг зураагүй байхад шүүхэд цугларсан нотлох баримтыг гуйвуулж “...нэхэмжлэгч нь 2007 оноос 2013 он хүртэл газрын төлбөрийг төлж байсан бөгөөд газар эзэмших, ашиглах гэрээг дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт” үйлдсэн байна.

Хариуцагч Б.Эрдэнэбаярыг 2 жил дараалан эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр 2013 онд маргаан бүхий захиргааны актаар газар эзэмших эрхийг нь цуцалсан бол Б.Эрдэнэбаяраас 2013 онд газрын төлбөрийг авахгүй байх, тооцоо нийлсэн акт үйлдэхгүй байх ёстой билээ” гэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.З.З дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хязгаарлагдалгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Баянгол дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 366 дугаар захирамжаар тус дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар эмнэлгийн хойно 120 м.кв газрыг нэхэмжлэгч Б.Эрдэнэбаярт 5 жилийн хугацаатайгаар амины орон сууцны зориулалтаар эзэмших эрхийг өмнөх эзэмшигчээс нь шилжүүлэн олгосон байх бөгөөд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 13/03 дугаар тогтоолоор Б.Эрдэнэбаярын газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад даалгаж, улмаар Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/814 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.  

Гэвч газрын мэдээллийн нэгдсэн санд маргаан бүхий газрыг оруулан нийтдээ 785 м.кв газрыг Б.Шижирбаатар /ГЮ66101271/ гэх хүн эзэмшиж байгаа гэж бүртгэгдсэн, энэ талаар Баянгол дүүргийн Засаг даргын шүүхэд гаргасан бичгийн тайлбарт тодорхой дурдсанаас гадна түүний нэр дээрх 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөр огноолсон нэгж талбарын дугаар бүхий газрын кадастрын зургийг ирүүлсэн, мөн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1/530 дугаар албан бичигт “...нэгж талбарын 18638310722842 тоот газар нийслэлийн Газрын мэдээллийн сангийн 2006 оны архивт ГЮ66101271 регистрийн дугаартай иргэний нэрээр бүртгэгдсэн, анх 2005 онд оруулсан мэдээлэл байх бөгөөд хэн оруулсан нь тодорхойгүй, гээд иргэн Б.Шижирбаатарын эзэмшил газрын кадастрын болон 2006 оны архивын зурган мэдээллийг Улаанбаатар хотын 2007 оны агаарын зурагтай давхцуулсан зургийг хавсарган ирүүлсэн зэргээс тус тус үзэхэд нэхэмжлэгч Б.Эрдэнэбаярын өөрт эзэмшүүлэхийг даалгахыг хүссэн буюу одоогийн хашаалсан газар нь бүхэлдээ Б.Шижирбаатарын нэрээр бүртгэлтэй газартай давхцалтай байхаар байна. 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэсний дагуу Б.Шижирбаатарт тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй талаар хариуцагчаас бичгээр болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдах боловч “...Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны кадастрын мэдээллийн санд Б.Шижирбаатарын нэр дээр бүртгэлтэй, одоо хашаатай байгаа 700 м.кв газрыг Б.Эрдэнэбаярт эзэмшүүлэхийг дүүргийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд Б.Шижирбаатарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байх тул түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах, чухам ямар үндэслэлээр газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй байхад газрын мэдээллийн санд ийнхүү бүртгэгдэх болсон талаарх болон шаардлагатай бусад нөхцөл байдлыг шалгаж тодруулсны дараа хэргийг шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ. 

Нэхэмжлэгчийн зүгээс өөрт нь анх эзэмшүүлсэн 120 м.кв болон одоогийн хашаалсан газар нь газрын мэдээллийн санд Б.Шижирбаатар гэх иргэний нэрээр бүртгэгдсэн талаар мэдэж байсан боловч өмнө нь маргалгүйгээр олон жилийн турш уг газрыг бодитоор эзэмшиж байсан, түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар Б.Шижирбаатарт газар эзэмшүүлэх талаар ямар ч шийдвэр гараагүй, гэрээ, гэрчилгээ олгогдоогүй байж болох ч нэхэмжлэлийн шаардлага хангагдах эсэхээс үл хамааран Б.Шижирбаатарыг гуравдагч этгээдээр татан холбогдох ажиллагааг явуулах шаардлагатай.

Иймд 700 м.кв газрыг эзэмшүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ч эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулалгүйгээр, мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг бүрэн гүйцэтгэлгүйгээр маргааныг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3, 88.3.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 271 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН