| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2022/0128/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/130 |
| Огноо | 2022-05-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч Г.Жавхлантөгс нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Жавхлантөгсөд холбогдох эрүүгийн 2215000000118 дугаартай, 163/2022/0128/Э индекстэй хэргийг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Их гэрийнхэн овогт Ганболдын Жавхлантөгс, Булган аймгийн Хангал суманд ...оны ... дүгээр сарын .....8-ны өдөр төрсөн, Булган аймгийн Сэлэнгэ сумын .........багт оршин суух бүртгэлтэй, малчин, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ..... хамт амьдардаг, 43 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй /РД: ......./,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Жавхлантөгс нь 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ш.Төмөрбаатартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Жавхлантөгсийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000118 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар: Г.Жавхлантөгс нь 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ хохирогч Ш.Төмөрбаатартай гадаа гарч шүлсээ хая гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зулайн хуйхан дор цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Жавхлантөгсийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Хохирогч Ш.Төмөрбаатарын өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр би Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар баг Наранд байх өөрийн гэртэй малын хөрзөн хуулаад байж байхад 2 дугаар багийн төвөөс манай найзууд ирсэн. Тэд ирэхдээ хоёр шил 0.75 литрийн LX нэртэй архитай ирсэн. Манайд хөрзөн ачиж дуусаад хогийн цэг дээр хөрзөнгөө асгаж ажлаа дуусгаад Ц.Зоригтыг гэрт нь хүргэж өгөхөөр явах замдаа дахиад нэг шил архиа Зоригт, Бат-Эрдэнэ, Батсүх бид дөрөв хувааж уусан. Тэгээд би нэлээн согтоод цааш нь юу болсон талаар сайн санахгүй байна. Тэгээд Зоригтынх руу явах замдаа Г.Жавхлантөгсийнд орсон байсан. Хамт явсан хүнээс дараа нь сонсоход гэрт нь ороод Г.Жавхлантөгстэй юм ярьж үлдсэн архиа гаргаж хамт уусан. Тэгээд би газар орных нь урд хэвтэж байгаад бөөлжих гэсэн юм түмпэн өгөөч гэж хэлсэн гэсэн. Жавхлантөгс “давраад байгаарай пизда минь” гээд бид хоёр маргалдаж, ноцолдож байгаад орон дээр нь унасан чинь Жавхлантөгс гадаа гаръя гээд бид гарсан байсан. Бид хоёрыг гарсны дараа Бат-Эрдэнэ араас гарч ирэхэд Жавхлантөгс миний дээр гарсан байдалтай хоолой боосон байхаар нь Жавхлантөгсийг татаж надаас салгахад гэр лүүгээ ороод унь барьж гарч ирээд намайг униар цохиж нүдсэн гэсэн. Тэгээд Бат-Эрдэнэ дахиад салгахад буцаж гэр лүүгээ ороод буу барьж гарч ирээд буугаараа хий буудахад Бат-Эрдэнэ зугтаагаад явсан гэсэн. Тэгээд над дээр ирж буугаа тулгаж байгаад бууны бөгсөөр цохиж зодсон байсан. ... Бат-Эрдэнэ зугтааж манай хамаатны Лхагвадорж гэх айлд очиж хэлэхэд Лхагвадорж ах Жавхлантөгсийнд ирэхэд багийн төвөөс Эрка, Амгаа, Мажаа гэх гурван залуу ирсэн байсан гэсэн. Жавхлантөгс намайг хоёр гараас уяагаар уяж өвөлжөөний нуруу модноос дүүжлээд над руу ус цацаж байхад нь Лхагвадорж ах буулгаж аав, ээжид хэл дуулгаж намайг ирж авсан байсан. Би сумын эмнэлэг дээр үзүүлж байхдаа ухаан орсон. ...Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
2. Гэрч Ч.Бат-Эрдэнийн өгсөн: “...Архиа уугаад сууж байхад Төмөрбаатар унтлаа гээд Жавхаа ахаа түмпэн өгөөч би шүлсээ хаямаар байна гэхэд тэр уурлаж “давраад байгаарай пизда минь” гэж хэлээд тэр хоёр хоорондоо маргалдаж Жавхлантөгс Төмөрбаатарыг заамдаж аваад ор луу түлхэж унагасан. Энэ үед би тэр хоёрын дундуур орж салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. Тэр хоёр ноцолдож байгаад гэрээс гарсан ба гарах үед нь гэрийн үүдний хэсгийн унь унаад гараад ирсэн. Намайг араас нь гарахад Жавхлантөгс, Төмөрбаатарын дээр мордоод суусан байдалтай гараараа нүүр лүү цохиж байсан. Тэгэхээр нь очиж Жавхлантөгсийн араас татаж салгахад Жавхлантөгс босоод гэр лүүгээ орох гэж явж байснаа гэрийн үүдэнд байсан унь авч буцаж ирээд униар Төмөрбаатарын гарын булчин хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд Төмөрбаатар, Жавхлантөгсийг тэврээд авсан чинь Жавхаа гараараа Төмөрбаатарын толгой хэсэг рүү цохиод байхаар нь би очиж салгаад Жавхлантөгсийн ханцуйнаас барьсан. Тэгтэл Жавхлантөгс “чамайг ална даа гээд буу авч гарч ирээд шууд цэнэглэхээр нь би гэрийн зүүн талд байсан машины араар орох гээд гүйж байхад буун дуу гарсан. Энэ үед Төмөрбаатар газар хэвтсэн байхад Жавхлантөгс очоод дээрээс нь бууны бөгсөөр цохиод зодоод байсан. Би Батсүхэд хандан “бууг нь булаагаад аваач” гэж хашхирахад Жавхлантөгс над руу ойртвол ална шүү гэж орилоод буугаа цэнэглээд над руу ойртохоор нь би өвөлжөөний араар нь тойроод зугтаж баруун талын уулны доор байдаг Лхагвадорж гэх айлд очиж болсон явдлыг талаар хэлэхэд Лхагвадорж ах Жавхлантөгсийнх руу явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-35 тал/,
3. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 55 дугаартай дүгнэлтэд: 1. Ш.Төмөрбаатарын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зулайн хуйхан дор цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ш.Төмөрбаатар, гэрч П.Батсүхийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Г.Жавхлантөгсийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Г.Жавхлантөгс нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ хохирогч Ш.Төмөрбаатарыг “гадаа гарч шүлсээ хая” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зулайн хуйхан дор цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүгдэгч Г.Жавхлантөгсийн гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Г.Жавхлантөгсийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, ялыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцсон болно.
2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр прокуророос яллагдагч Г.Жавхлантөгсийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “олон хүний амь нас бие, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулж болох аргаар” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр прокурорын 4/23 дугаар тогтоолоор яллагдагч Г.Жавхлантөгсийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилжээ.
Шүүгдэгч Г.Жавхлантөгс нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний бусдын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Жавхлантөгсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Жавхлантөгсийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогчоос мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй, гомдол саналгүй /хавтаст хэргийн 25 дахь тал/ гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Жавхлантөгсийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Жавхлантөгсийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Г.Жавхлантөгсийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Жавхлантөгсөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 76-79 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.Жавхлантөгс нь ам бүл 3, аав, ээжийн хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багт мал маллан амьдардаг, нэр дээр үл хөдлөх хөрөнгөгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Жавхлантөгс нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 4/50 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Г.Жавхлантөгсийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Г.Жавхлантөгсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Жавхлантөгс нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашиглахыг завдсан Г.Жавхлантөгсийн эзэмшлийн 400,000 төгрөгийн үнэлгээ бүхий Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн Мосин винтов маркийн гол төмөр, замгийн 19108 дугаартай галт зэвсэг 1 ширхгийг улсын орлого болгохоор Булган аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлэхийг, монгол гэрийн хугархай унь 1 ширхгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Жавхлантөгс нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Их гэрийнхэн овогт Ганболдын Жавхлантөгсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жавхлантөгсийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхэд ашиглахаар завдсан Г.Жавхлантөгсийн эзэмшлийн 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн Мосин винтов маркийн гол төмөр, замгийн 19108 дугаартай галт зэвсэг 1 ширхгийг улсын орлого болгохоор Булган аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлэх, монгол гэрийн хугархай унь 1 ширхгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгасугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Жавхлантөгс нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Жавхлантөгсөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Г.Жавхлантөгс нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч Ш.Төмөрбаатар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ