Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/131

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч М.Сайнзаяа

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа, Э.Цэнгүүн,

шүүгдэгч П.Мягмарсүрэн нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Мягмарсүрэнд холбогдох эрүүгийн 2115001740283 дугаартай, 163/2022/0096/Э индекстэй хэргийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Мягмарсүрэн, Булган аймгийн Булган суманд ... оны ... дугаар сарын ....-ны өдөр төрсөн, Булган аймгийн Рашаант сумын ........ оршин суух бүртгэлтэй, Булган аймгийн ....... ажилтай, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, ам бүл ..... хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД: ....../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Мягмарсүрэн нь Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамал албан тушаалд ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэн Шаалайн Намхайдоржийн Аргал хайрхан 4 дүгээр баг, Шар хоолойд байршилтай ....... нэгж талбар бүхий өвөлжөөний зориулалтаар эзэмшиж буй 7012 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгах тухай А/101 дугаартай захирамж,

2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр иргэн Б.Цогоогийн нэр дээр Булган аймгийн Рашаант сумын Хар чулуут 2 дугаар баг, . тоотод байрш.........илтай ........ нэгж  талбар бүхий үйлчилгээний зориулалтаар эзэмшиж буй 529 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгах тухай А/110 дугаартай Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын захирамжийг хуурамчаар үйлдэж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг,

Мөн Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын иргэн Ш.Намхайдорж, Б.Цогоо нарт олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан тухай 2021 оны А/101, А/110 дугаартай захирамжийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст цахимаар 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ш.Намхайдоржийн мэдүүлэг, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэн Б.Цогоогийн мэдүүлгийг илгээж Улсын бүртгэлийн “Э” дугаар авч улмаар иргэн Ш.Намхайдоржтой 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ..... дугаартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, ..... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2115001740283 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч П.Мягмарсүрэн нь Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамал албан тушаал эрхэлж байхдаа 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэн Шаалайн Намхайдоржийн Аргал хайрхан 4 дүгээр баг, Шар хоолойд байршилтай .......нэгж талбар бүхий өвөлжөөний зориулалтаар эзэмшиж буй 7012 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгах тухай А/101 дугаартай Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын захирамж,

2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр иргэн Б.Цогоогийн нэр дээр Булган аймгийн Рашаант сумын Хар чулуут 2 дугаар баг, ........тоотод байршилтай ...... нэгж  талбар бүхий үйлчилгээний зориулалтаар эзэмшиж буй 529 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгах тухай А/110 дугаартай Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын захирамжийг тус тус хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст цахимаар 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ш.Намхайдоржийн мэдүүлэг, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэн Б.Цогоогийн мэдүүлгийг илгээж Улсын бүртгэлийн “Э” дугаар авч улмаар иргэн Ш.Намхайдоржтой 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр №06328-2019/00145 дугаартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж,........ дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Мягмарсүрэнгийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэх мэдүүлэг, 

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Булган аймгийн Рашаант сумын газрын даамал эрхэлсэн ажилтан П.Мягмарсүрэн нь Засаг даргын захирамжийг хуурамчаар үйлдэж, гарын үсэг тамгыг ашиглаж бусдад газар олгосон гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /1 дүгээр хавтаст хэргийн 6 дахь тал/,

3. Гэрч Э.Энхзолбоогийн өгсөн "...Мягмарсүрэнгийн өрөөнд ил байх болон ширээний шургуулга дотор байх бичиг баримт зэргийг гарган шалгаж үзтэл Засаг даргын тамга, гарын үсэгтэй бичгийн тасархай эх хувь болон 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/26 дугаартай захирамжийг хуулбарласан, доод талаас нь нугалсан захирамж гарч ирсэн. Мөн Засаг даргын тамга, гарын үсэггүй он, сар дугаар авсан 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/100 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамж хоёр эх хувь, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/101 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамж хоёр эх хувь, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/110 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамж хоёр эх хувь, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/115 дугаартай “Газрын хэмжээ өөрчлөх тухай” захирамж, түүний хавсралт хоёр эх хувь, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/116 дугаартай “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамж хоёр эх хувь, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/126 дугаартай “Газрын хэмжээ өөрчлөх тухай” захирамж, түүний хавсралт хоёр эх хувь зэрэг захирамжууд Мягмарсүрэнгийн суудаг ажлын ширээний шүүгээнд байх хавтас дотроос гарч ирсэн. Тэгээд ажлын хэсэг дээрх баримтуудыг хураан авч бичлэгээр баримтжуулсан. Дээрх зургаан захирамжаас түүврийн аргаар 2021 оны А/110 дугаартай захирамжийг газрын даамал хуурамчаар үйлдээд Улсын бүртгэлийн хэлтэс рүү явуулж “Э” дугаар авсан эсэхийг шалгуулж үзэхэд 2021 оны А/110 дугаартай захирамж улсын бүртгэлийн хэлтэст очоод Э дугаар авагдсан гэх хариуг улсын бүртгэлийн хэлтсээс мэдэгдэж байсан... Тэгээд Мягмарсүрэнтэй 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр сумын Засаг даргын өрөөнд ажлын хэсгээс би, Наранцэцэг болон Засаг дарга нар оролцож Мягмарсүрэнтэй холбоотой зөрчлийн талаар ярилцахад Засаг даргыг ажилдаа ирээгүй учраас иргэдэд чирэгдэл учруулахгүйн үүднээс таны захирамжийг танаар батлуулахгүйгээр би өөрөө гаргасан гэх зүйл хэлж байсан. Засаг дарга Бат-Эрдэнэ нь 2021 оны 05 дугаар сараас 07 дугаар сарын хүртэл ерөнхийлөгчийн сонгуулийн ажил болон ковид туссан гэх шалтгаанаар ажиллаагүй” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 29-31 дэх тал/

  1. Гэрч Ж.Наранцэцэгийн өгсөн "...Тогтоогдсон нөхцөл байдал сумын Засаг даргын тамгын газрын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа доголдсоноос болж сумын Засаг даргын захирамжийн бланк газрын даамалд ашиглагдах боломж бүрдэж газрын даамал захирамжийн бланк ашиглаж Засаг даргын гарын үсэг тамгатай хайчилбарыг ашиглаж газрын хэмжээ өөрчилсөн, газар эзэмших эрх олгосон, хугацаа сунгасан захирамжийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон. Энэ нь юугаар тогтоогдсон гэхээр газрын даамлын өрөөнөөс сумын Засаг даргын тамга дарагдсан, гарын үсэгтэй хайчилбарын хэсэг, мөн Засаг даргын тамга гарын үсэгтэй хуулбарласан захирамжийн хувь, сумын Засаг даргын гарын үсэг зураагүй, огноо, дугаар олгогдсон 6 ширхэг захирамж эх хувиараа гарч ирсэн. Тэгсэн тэр зургаан захирамжаас зөвхөн нэг захирамжийг Улсын бүртгэлийн хэлтэс рүү огноо, дугаарыг нь явуулан шалгахад аль хэдийн Э дугаар авч, тухайн иргэн банкнаас газраа барьцаалан зээл авсан байсан...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 34-35/,
  2. Гэрч Б.Өлзиймаагийн өгсөн “2021 оны 05 дугаар сард Мягмарсүрэн эгч миний ажлын өрөөнд орж ирээд бланк хэвлээд өгөөч гээд сумын Засаг даргын захирамжийн бланкыг 20 гаруй ширхгийг хэвлүүлж авсан. Би өөрөө хэвлэж өгсөн... Мягмарсүрэн эгч юунд ашиглах гэж бланк хэвлүүлсэн талаараа хэлээгүй” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дахь тал/,
  3. Гэрч Т.Хишигсүрэнгийн өгсөн “...Яг хэзээг нь сайн санахгүй байна, миний ажлын принтерийн хор дууссан байсан учраас Засаг даргын захирамжийн бланкаас 4 ширхэгийг Мягмарсүрэн эгчид өгч дөрвөн ширхэг захирамж хэвлүүлсэн санагдаж байна. Миний хэвлүүлсэн захирамж ямар үйл ажиллагаатай холбоотой гарч байсан талаар санахгүй байна. Төсвийн мэргэжилтэн Өлзиймаа нь Мягмарсүрэн эгч над дээр хоёр гурван удаа орж ирж Засаг даргын захирамжийн бланкыг өнгөтөөр хэвлүүлсэн гэж хэлж байсан” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

7. Гэрч М.Болдсайханы өгсөн “...Засаг дарга Б.Бат-Эрдэнийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн цахимаар өгсөн үүрэг даалгавар чиглэлийн дагуу сумын газрын даамал Мягмарсүрэнгийн өрөөнд ажлын хэсэг орж Мягмарсүрэнгийн ил байх болон ширээний шургуулга дотор байх бичиг баримт зэргийг шалгаж үзтэл гарын үсэг зурсан зураагүй захирамжууд болон захирамжийн дугаар дугаар олгодог бүртгэлийн хуудас, Засаг даргын тамга гарын үсэгтэй хуудасны тасархай зэрэг зүйл гарч ирсэн. Би уг ажиллагааг дуу дүрсээр бэхжүүлсэн” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

  1. Гэрч Б.Бат-Эрдэнийн өгсөн “...2021 оны 08 дугаар сарын эхээр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын ахлах мэргэжилтэн Наранбаатараар ахлуулсан шалгалт суман дээр ирээд газрын даамлыг шалгасан. Шалгалтын дүнг сонсоход захирамжийг хуурамчаар хувилж сканердаж ашигласан байна гэдэг нь тогтоогдож байна, газрын даамал Мягмарсүрэн нь сумын Засаг даргын захирамжийг урсан тухай ярьж байсан. Би 2021 оны А/100 дугаартай, А/101 дугаартай, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр А/126 дугаартай захирамжийг гаргаагүй. Гэхдээ Батсайханд 09 дүгээр сард А/156 дугаартай захирамжаар газрын хэмжээ өөрчилсөн” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 61-63 дахь тал/,
  2. Гэрч Н.Отгонжаргалын өгсөн “...шалгалтаар Мягмарсүрэн нь ... сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/110 дугаартай газар эзэмших гэрчилгээний хугацаа сунгах захирамжийг сумын Засаг дарга гарын гарын үсэг,тамгатай цаасыг ашиглан хуурамчаар үйлдэж аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс рүү газрын цахим мэдээллийн сангийн wеb системээр дамжуулан илгээн Э дугаар авсан байсан..." гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дахь тал/
  3. Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 71- 82 дахь тал/
  4. Булган аймгийн Рашаант сумын газрын даамал П.Мягмарсүрэнгийн ажлын суурин компьютер, газрын цахим системд үзлэг хийсэн тэмдэглэл, /1 дүгээр хавтаст хэргийн 32-86, 87-92 дахь тал/
  5. Булган аймгийн Рашаант сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнийн 2021 оны газрын харилцаатай холбоотой гаргасан захирамжид үзлэг хийсэн тэмдэглэл, /1 дүгээр хавтаст хэргийн 112 дахь тал/
  6. Булган аймгийн Рашаант сумын газрын хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /2 дугаар хавтаст хэргийн 86-100 дахь тал тал/
  7. Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 726 дугаартай албан бичиг, түүний хавсралт /2 дугаар хавтаст хэргийн 185 дахь тал/,
  8. Шүүгдэгч П.Мягмарсүрэнгийн Хаан банкны .... дугаартай, Төрийн банкны ..., 121000023617, 1.......... дугаартай, Капитрон банкны ..... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 207-250, 3 дугаар хавтаст хэргийн 01-16 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан, хэргийг нягт нямбай хянасны үндсэн дээр шүүхээс гэмт хэргийг сэргээн дүрслэх аргаар хэргийн бодит байдал, үйл баримтыг тогтоовол П.Мягмарсүрэн нь Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын тамгын газарт газрын даамал албан тушаалд ажиллаж байхдаа 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэн Шаалайн Намхайдоржийн Аргал хайрхан 4 дүгээр баг, Шар хоолойд байршилтай...... нэгж талбар бүхий өвөлжөөний зориулалтаар эзэмшиж буй 7012 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгах тухай А/101 дугаартай Булган аймгийн Рашаант сумын засаг даргын захирамж,

2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр иргэн Б.Цогоогийн нэр дээр Булган аймгийн Рашаант сумын Хар чулуут 2 дугаар баг, Их замын 1-130 тоотод байршилтай ..... нэгж талбар бүхий үйлчилгээний зориулалтаар эзэмшиж буй 529 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгах тухай А/110 дугаартай Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын захирамжийг тус тус засаг даргын гарын үсэгтэй 20*7 см хэмжээтэй хайчилсан цаасыг /1 дүгээр хавтаст хэргийн 8 дахь тал/ ашиглаж, засаг даргын захирамжийн бланк дээр скайнердаж, хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст цахимаар 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ш.Намхайдоржийн мэдүүлэг, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэн Б.Цогоогийн мэдүүлгийг илгээж Улсын бүртгэлийн “Э” дугаар авч улмаар иргэн Ш.Намхайдоржтой 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр №06328-2019/00145 дугаартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, ......дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн гэрч Э.Энхзолбоо, Ж.Наранцэцэг, Б.Өлзиймаа, Т.Хишигсүрэн, М.Болдсайхан, Б.Бат-Эрдэнэ, Н.Отгонжаргал нарын өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт, Булган аймгийн Рашаант сумын газрын даамал П.Мягмарсүрэнгийн ажлын суурин компьютер, газрын цахим системд үзлэг хийсэн тэмдэглэл, Булган аймгийн Рашаант сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнийн 2021 оны газрын харилцаатай холбоотой гаргасан захирамжид үзлэг хийсэн тэмдэглэл, Булган аймгийн Рашаант сумын газрын хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 726 дугаартай албан бичиг, түүний хавсралт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “иргэн газар буюу үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж заасны дагуу иргэн Ш.Намхайдорж нь Булган аймгийн Рашаант сумын Аргал хайрхан 4-р баг, Шар хоолойд байршилтай, 6307003101 нэгж талбар бүхий өвөлжөөний зориулалттай эзэмшиж буй 7012м2 газрыг эзэмшиж байсан.

Мөн иргэн  Б.Цогоо нь Булган аймгийн Рашаант сумын Хар чулуут 2-р баг Их замын 1-130 тоотод байршилтай 6307000061 нэгж талбар бүхий үйлчилгээний зориулалтаар эзэмшиж буй 529 м2 газрыг эзэмшиж байсан болох нь 0035172 дугаартай үйлчилгээ явуулах газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон бөгөөд түүний газар эзэмших эрхийг цуцалсан, хүчингүй болгосон баримт хэрэгт авагдаагүй байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1 дахь хэсэгт “...Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэхээр...”, мөн хуулийн 5.1.5.2 “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газрыг нь тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх...” агуулгаар зохицуулжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь албан тушаалтны санаатайгаар эрх мэдлээ хэтрүүлсэн, урвуулан ашигласан хууль бус үйлдлийн улмаас бусдад давуу байдал үүссэн байхыг шаардах бөгөөд энэ давуу байдал нь мөн хууль бус тохиолдолд хангагдана.

Гэтэл Монгол улсын иргэний хувьд урьд өмнө нь хууль ёсоор эзэмшиж байсан газраа өмчлөн авах, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах хүсэлт гаргасныг хууль бус давуу байдал гэж үзэх боломжгүй юм.

Үүнийг нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь хэсэгт “... хууль ёсоор эзэмшиж байгаа газраа тэргүүн ээлжинд үнэгүй өмчилж авах...” эрхтэй байхаар баталгаажуулжээ. Тодруулбал, Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа газрын тухай хууль тогтоомжоор иргэн хүн өөрийн эзэмшиж байгаа газраа тэргүүн ээлжинд өмчилж авах эрхтэй бөгөөд энэ эрхийг нь хязгаарласан болон хориглосон зохицуулалт байхгүй байна.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэхдээ “шинээр газар өмчлөх хүсэлтийг өргөдөл гаргасан дарааллыг дагуу шийдвэрлэх”, “өөрийн эзэмшиж байгаа газраа өмчлөн авах талаар хүсэлт гаргасан бол тэргүүн ээлжинд өмчлүүлэх” зарчмыг баримтлах бөгөөд өмнө эзэмшиж, ашиглаж байсан газраа өмчлөн авах, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргасан нь тухайн иргэдийн хувьд хууль бус давуу байдал гэж үзэхгүй.

Газар өмчлүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай шийдвэрийг зөвхөн сумын Засаг дарга гаргах бөгөөд өөр албан тушаалтан шийдвэрлэх хуулийн зохицуулалт байхгүй тул шүүгдэгч П.Мягмарсүрэн нь газар олгох шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш юм.  

Мөн шүүгдэгч П.Мягмарсүрэн нь дээрх захирамжуудыг гаргасны хариуд иргэн Б.Цогоо, Ш.Намхайдорж нараас аливаа хэлбэрээр шан харамж авсан, иргэн  Б.Цогоо, Ш.Намхайдорж нарт давуу байдал үүссэн нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, иргэн Б.Цогоо нь дээрх хугацаа сунгасан захирамж гарсныг мэдээгүй, Улсын бүртгэлд мэдүүлэг илгээж “Э” дугаар авагдсаны дагуу газрын даамал П.Мягмарсүрэнтэй гэрээ байгуулж гэрчилгээ аваагүй, иргэн Ш.Намхайдорж нь тухайн газарт төрсөн цагаасаа хойш 50 гаруй жил амьдарч байгаа бөгөөд өвөлжөө хаваржааны газрыг эзэмшүүлэх үед тухайн газраа авсан, 2010 оноос хойш гэрчилгээгээ авахаар хөөцөлдсөн, 2021 оны 05 дугаар сард газрын гэрчилгээгээ авсан, гэрчилгээ барьцаалж банкнаас зээл аваагүй гэдгийг мэдүүлсэн бөгөөд дээрх гэрч нарын мэдүүлгүүд нь иргэн Б.Цогоо, Ш.Намхайдорж нар нь газрын гэрчилгээг зээлийн барьцаанд тавьж зээл аваагүй тухай Хаан банкны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 454 дугаартай, Төрийн банкны 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 28/567 дугаартай хариу хүргүүлэх албан бичгүүдээр /3 дугаар хавтаст хэргийн 56-57 дахь тал/ тус тус давхар нотлогдож тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч П.Мягмарсүрэнг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй, гэмт хэргийг үйлдэх сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих зүйлүүдийг нарийн тогтоож ирүүлээгүй, эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч эргэлзээтэй байна.

Шүүгдэгч П.Мягмарсүрэнг газрын даамлын албан тушаалд ажиллаж байсан гэдгээр нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нотолбол зохих зүйлүүдийг бүрэн нотолж тогтоогоогүй байна.

Иймд П.Мягмарсүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарсан тул гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч П.Мягмарсүрэн нь Булган аймгийн Рашаант сумын засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа сумын засаг даргыг түр эзгүй үед буюу 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэн Шаалайн Намхайдоржийн Аргал хайрхан 4 дүгээр баг, Шар хоолойд байршилтай 6307003101 нэгж талбар бүхий өвөлжөөний зориулалтаар эзэмшиж буй 7012 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгах тухай А/101 дугаартай захирамж,

2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр иргэн Б.Цогоогийн нэр дээр Булган аймгийн Рашаант сумын Хар чулуут 2 дугаар баг, .айршилтай ............нэгж талб................ар бүхий үйлчилгээний зориулалтаар эзэмшиж буй 529 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгах тухай А/110 дугаартай Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын захирамжийг тус тус хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст цахимаар 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ш.Намхайдоржийн мэдүүлэг, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэн Б.Цогоогийн мэдүүлгийг илгээж Улсын бүртгэлийн “Э” дугаар авч улмаар иргэн Ш.Намхайдоржтой 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр №06328-2019/00145 дугаартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 000130829 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүх шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, шүүгдэгч П.Мягмарсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар иргэний нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгч П.Мягмарсүрэнг бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч П.Мягмарсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар торгох ялаас өршөөн хэлтрүүлэх санал дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа, Э.Цэнгүүн нараас шүүгдэгчийн гэм буруу дээр маргахгүй, шүүгдэгч П.Мягмарсүрэнгийн үйлдэл нь 2021 оны 05 дугаар сард болсон ба 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан цаг хугацаанд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй байна” гэх санал дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

2 дугаар хавтаст хэргийн 193-204, 3 дугаар хавтаст хэргийн 58-59 дэх тал, 78-96 дугаар талд авагдсан шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 01/1166 дугаартай албан бичиг, иргэний үнэмлэхийн лавлагаа, ........3 дугаартай дипломын хуулбар, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/30 дугаартай, 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/25 дугаартай Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын тушаалын хуулбарууд, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газрын даамлын албан тушаалын тодорхойлолт, П.Мягмарсүрэнгийн эрхэлсэн ажилдаа амжилт гарган шагнагдаж байсан Батламж, Булган аймгийн Рашаант сумын 30 жилийн ойн медалийн, Булган аймгийн 80 жилийн ойн медалийн үнэмлэхийн хуулбарууд, Булган аймгийн Засаг даргын Жуух бичиг, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Хүндэт жуух бичиг, Булган аймгийн Рашаант сумын Төрийн шилдэг ажилтан Өргөмжлөл, Газрын харилцааны тэргүүний ажилтан цол тэмдгийн үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч П.Мягмарсүрэн нь газар зохион байгуулагч, инженер мэргэжилтэй, Булган аймгийн Рашаант суманд газрын даамлаар 18 жил ажиллаж байгаа, ам бүл 5, нөхөр, 6-16 насны гурван хүүхдийн хамт амьдардаг зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хариуцлагын зорилго, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.Мягмарсүрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч П.Мягмарсүрэнгийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу хувийн байдалд тохирно гэж үзэв.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг энэ зүйлийн 3.1.2-т “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан байна.

Шүүгдэгч П.Мягмарсүрэнг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө буюу 2021 оны 05 дугаар сарын 17, 06 дугаар сарын 24-ний өдөр үйлдэгдсэнээр 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа ба энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд ороогүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч П.Мягмарсүрэнд оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч П.Мягмарсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч П.Мягмарсүрэн нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Мягмарсүрэнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч П.Мягмарсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мягмарсүрэнг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мягмарсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.       

 

5. Шүүгдэгч П.Мягмарсүрэн нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Мягмарсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЭНЭРЭЛ