| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2022/00126/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/137 |
| Огноо | 2022-05-27 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч Ц.Дагвасамбуу нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Дагвасамбууд холбогдох эрүүгийн 2225001460074 дугаартай, 163/2022/00126/Э индекстэй хэргийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Цэндсүрэнгийн Дагвасамбуу, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ..... оны ... дугаар сарын ....-ны өдөр төрсөн, Булган аймгийн Хангал сумын ......оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .....хамт амьдардаг, 53 настай, эрэгтэй, урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан /РД: ......./,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Дагвасамбуу нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг Чулуутын эх гэх газрын ойгоос хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, уг модыг 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр П.Батбаяр гэгчид шинэс төрлийн хуурай 2.3279 м3 модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр 150,000 төгрөгөөр худалдан борлуулж байгаль экологид 186,958 төгрөгийн шууд хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2225001460074 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ц.Дагвасамбуу нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг Чулуутын эх гэх газрын ойгоос хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, уг модыг 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр П.Батбаяр гэгчид шинэс төрлийн хуурай 2.3279 м3 модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр 150,000 төгрөгөөр худалдан борлуулж байгаль экологид 186.958 төгрөгийн шууд, нийт 560,874 төгрөгийн шууд бус хохирол учруулсан байна.
Энэ үйл баримт нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Дагвасамбуугийн өгсөн: Би 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн. Унианги мод бэлтгэсэн. Гэхдээ тэр унианга мод нь машин хүрэхгүй болохоор нь нэг босоо мод унагасан. Эхнэр маань байнга эмнэлэгт хэвтдэг ба мөнгө байхгүй болоод Батхишиг гэх хүнээс мод авах хүн байна уу асуугаад өгөөч гэж хэлсэн байсан. Тэгээд нэг хүн мод авах гэж ирэхээр нь гоожин байхгүй гэж хэлээд өгөөгүй. Дараа нь Батхишиг дарга ирээд наад модоо энэ хүнд 150,000 төгрөгөөр зараад эхнэрээ аваад эмнэлэг яв гэхээр нь модыг зарсан гэх мэдүүлэг,
2. Хэрэг болсон гэх газар нь Булган аймгийн Хангал сумын 2 дугаар баг, Чулуутын эх гэх газар Хангал сумын төвөөс 28 км орчим зайтай газар байв. ...Оролцогч Ц.Дагвасамбуугаар мод бэлтгэсэн газрын заалгаж хийхээр тогтов . ... гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 37-40 дахь тал/,
3. Уг мод нь ертөнцийн зүгээр хойд хэсэгт хураасан 43 ширхэг шинэс төрлийн хуурай мод байв. ... гэх модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 48-51 дэх тал/,
4. Уг хөрөө нь Бүгд Найрамдах Хятад улсад Ард үйлдвэрлэсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө, баруун талдаа улаан өнгийн тагтай, зүүн талдаа цэнхэр өнгийн маниултай дээрээ улаан өнгийн тагтай байв гэх цахилгаан хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,
5. Гэрч Б.Батхишигийн өгсөн: ...Би дээрх 2 иргэнийг түлшний мод худалдах, худалдан авахад байсан. Тухайн үед П.Батбаяр миний Чулуут амралтын газарт ирээд “Ц.Дагвасамбуу гэдэг хүнд түлшний мод байгаа юм байна, худалдаж авах гэхээр үнэ хөлс тохирохгүй байна, та уулзаад хэлээд өгөөч” гэсэн. Тэгээд би Батбаярын хамт Дагвасамбуугийн гэрт гэрт очиж Дагвасамбуутай уулзаж хэлж өгсөн. Тэр үед 200,000 төгрөгөөр зарна гэж байсныг би ярьж 150,000 төгрөг болгоод Батбаяр худалдан аваад явсан байх. ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дахь тал/,
6. Гэрч П.Батбаярын өгсөн: ... 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн орчим санагдаж байна. Булган аймгийн Хангал сумын 2 дугаар баг, Чулуут гэх газар байх Дагвасамбуу гэх хүнээс түлшний мод авахаар очсон юм. Тэгээд түлшний мод авах гэтэл 200,000 төгрөгөөр зарна гэж байсан. Тэгэхээр нь миний мөнгө хүрэхгүй байхаар Чулуут гэх амралтын газар байх Дагвасамбууг сайн таньдаг Батхишиг гэх хүнтэй уулзаж надад хямд түлшний мод олоод өг гэж хэлсэн. Тэгээд Батхишиг бид хоёр буцаад Дагвасамбуугийн гэрт очиж Батхишигээр модны үнийг буулгаж 150,000 төгрөг болгуулж хямдруулсан. Тэгээд уулын аманд бэлдсэн байсан модыг ачаад Орхон аймаг руу явж байгаад цагдаад баригдсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дахь тал/,
7. Гэрч Н.Отгонбаярын өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэртээ ганцаараа байж байхад 19-20 цагийн үед манай доод айлын залуу Ц.Дагвасамбуу манай гэрийн зүүн урд зүгт байдаг уулын өврөөс портер машинтай хүнтэй мод ачаад явсан юм. Маргааш нь дуулахад Дагвасамбуугийн зарсан модыг авсан хүн ачиж яваад цагдаад баригдсан гэж сонссон. ..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74 дэх тал/,
8. Шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №02 дугаартай: Булган аймгийн Хангал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Чулуут” гэдэг газарт 2021 онд мод бэлтгэлийн талбайн тусгаарлалт хийгдээгүй. Булган аймгийн Хангал сумын “Чулуут” гэдэг газар нь ойн ашиглалтын бүсэд орно. Тухайн бэлтгэсэн мод нь түлээний хуурай мод болно. Тухайн бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 186,958 төгрөг болно гэх дүгнэлт. ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 102 дахь тал/,
9. “Тольдох оюуны өгөөж” хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №220094 дугаартай гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэгдсэн хуучирсан цахилгаан хөрөөний зах зээлийн нийт үнэлгээг 99,200 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 85-89 дэх тал/,
10. Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Хос-Эрдэнийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлт: Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 186,958 төгрөг болох нь тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3 дахин өсгөн тооцоход 560,874 төгрөг болж байна гэх дүгнэлт. ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 106 дахь тал/,
11. Шүүгдэгч Ц.Дагвасамбуугийн мөрдөн шалгах ажиллагааны өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын дундуур Батбаяр гэх хүн ирээд надаас мод зарах уу гэж асуусан. Тэгэхээр нь би хямдхан байна гээд өгөөгүй явуулсан. Тэгтэл удалгүй Батхишиг гэх залууг дагуулж ирээд надаас дахиад модоо зарчих, гэхдээ үнийг буулгаад өгчих гэсэн. Би нэг Портер модыг 150,000 төгрөгөөр зарж борлуулсан. Тухайн үедээ болохоор би мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй, гарал үүслийн бичиггүй гэдгийг хэлсэн. Гэтэл өөрөө асуудалгүй оруулна гэж хэлээд явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 114-115 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн, баруун талдаа улаан өнгийн тагтай, зүүн талдаа цэнхэр өнгийн маниултай цахилгаан хөрөөг таньж судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Батхишиг, П.Батбаяр, Н.Отгонбаяр нарын өгсөн мэдүүлэг, сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаартай дүгнэлт, хэрэг учралын газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдсан хөрөө зэргийг харьцуулан судалснаар Ц.Дагвасамбуу нь эрх бүхий байгууллагаас 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг Чулуутын эх гэх газрын ойгоос хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, уг модыг 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр П.Батбаяр гэгчид шинэс төрлийн хуурай 2.3279 м3 модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр 150,000 төгрөгөөр худалдан борлуулж Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдлоо.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Ц.Дагвасамбуу нь зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр модыг 150,000 төгрөгөөр худалдан борлуулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Дагвасамбууг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг Чулуутын эх гэх газрын ойгоос хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, уг модыг 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр П.Батбаяр гэгчид 2.3279 м3 шинэс төрлийн хуурай мод гарал үүслийн гэрчилгээгүйгээр 150,000 төгрөгөөр худалдан борлуулж байгаль экологид 186.958 төгрөгийн шууд, нийт 560,874 төгрөгийн шууд бус хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойгоос зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар
Шүүгдэгч Ц.Дагвасамбуугийн гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 186.958 төгрөгийн шууд хохирол учирсан нь Булган сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр нийт 560,874 төгрөгийн /хавтаст хэргийн 106 дахь тал/ хохирол учирсан байна.
Уг хохирол, нөхөн төлбөрийг төлөөгүй байх тул шүүгдэгч Ц.Дагвасамбуугаас 560,874 төгрөгийг гаргуулж Байгаль, орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.Дагвасамбууг ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр модыг худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Дагвасамбууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Дагвасамбуугийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Дагвасамбууд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Хавтаст хэргийн 131-134, 152-153 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Булган аймгийн Хангал сумын Эрүүл мэндийн төвийн 2022 оны 01/32 дугаартай албан бичиг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Дагвасамбуу нь ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамтаар Булган аймгийн Хангал сумын 2 дугаар баг, Чулуут гэх газарт амьдардаг, эхнэр Д.Урантунгалаг нь уушиг, зүрхний архаг дутагдал оношоор хүний асаргаанд байдаг, нэр дээр 3 тугалтай үнээтэй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ц.Дагвасамбуугийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, шүүгдэгч Ц.Дагвасамбууг 2 /хоёр/ сарын хугацаагаар Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялыг нь оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв
Шүүгдэгч Ц.Дагвасамбуугийн гэмт хэрэг үйлдэж бусдад худалдан борлуулсан 43 ширхэг хуурай шинэс төрлийн мод нь П.Батбаярт холбогдох эрүүгийн 2225000000025 дугаартай хэрэгт хураагдаж, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн нь хэрэгт авагдсан эрүүгийн 2225000000025 дугаартай хавтаст хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг, яллагдагч П.Батбаярын мэдүүлэг, прокурорын яллах дүгнэлтийн хавсралт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуучивтар 99,200 төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, цагаан өнгийн цахилгаан хөрөөг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч Ц.Дагвасамбуу нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Дагвасамбууд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Цэндсүрэнгийн Дагвасамбууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Дагвасамбууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Дагвасамбуу нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Дагвасамбуу нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Дагвасамбууд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Дагвасамбуугаас байгаль экологид учруулсан нийт хохирол 560,874 /таван зуун жаран мянга найман зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Бүгд найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй, цахилгаан хөрөөг устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Дагвасамбуугаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ