Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/46

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Нийн Гэд холбогдох эрүүгийн 2217000780051 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Нийн Г /РД:ЗЮ/, Д аймгийн С суманд 1971 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, Г аймгийн С сумын 1 дүгээр баг, .....тоотод оршин суух, ..... жолооч ажилтай, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй гэх,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Н.Г нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Ханангийн эгнээний зүүн үзүүрт байх хатуу хучилттай гурван замын уулзварын туслах зам дээр 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 16-79 УБМ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-т “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж иргэн У.Аийн жолоодон явсан иргэн Ц.Бгийн эзэмшлийн 85-49 УББ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас тээврийн хэрэгсэлд 4 110 000 төгрөгийн хохирол, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Р.Оийн эрүүл мэндэд хүзүүний С7 дугаар нугалмын арын сэртэнгийн хугарал, цээжний зүүн тал 1,6,8,9,10 дугаар хавирганы хугарал, хэвлийд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол тус тус  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 17 цагт ажлаа тараад хойшоо явж байгаад зам руу харахад урд, хойноос машин байхгүй болохоор нь уулзвар луу орсон. Тэгсэн дээрээс машин ирээд мөргөлдсөн. Нөгөө хүний явж байсан зам гол зам, би туслах замаас орсон. Нийтдээ Бийн машинд 4 110 000 төгрөгийн хохирол учирсан. Хохирогч Оьт хүндэвтэр гэмтэл учруулсан. Би хохирогч Оьт 4900000 төгрөг, жолооч Бд эхлээд 700 000 төгрөг, сүүлд нь 2 300 000 төгрөг, өчигдөр 300 000 төгрөг тус тус шилжүүлсэн. Бд мөнгө шилжүүлсэн талаар баримт байхгүй байна. Машинаа янзлуулах гээд мөнгө хэрэгтэй байна, даатгалаас авах гэсэн чинь болоогүй байна та одоо өгөхгүй бол би машинаа засварт өгсөн байгаа, би танд гомдолгүй гэж хэлсэн. Би тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-т зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж Б гэх хүний машиныг мөргөж, машинд зорчиж явсан Оь гэх хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокуророос 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байна. Өөртөө гэмшиж, харамсаж байна. Анхаарал болгоомжгүй өөрийн буруугаас болж ийм зүйл боллоо гэв.

 

2. Хохирогч Р.Оь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Бор-Өндөр сум явахаар А гэдэг хүний хар өнгийн Приус маркийн машинд суугаад надаас гадна жолоочтой нийлээд 4 хүн явсан. Би жолоочийн эсрэг талын урд суудал дээр, арын суудалд 3 хүн сууж явсан. Ингээд явж байгаад Говьсүмбэр аймгийн 3 замтай уулзвар зам дээр ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй нэвтрэх гээд явж байтал зүүн талаас цагаан өнгийн суудлын машин мөн уулзварыг нэвтрэх гэж байгаа мөргөлдсөн. Би тухайн үед баруун гар талаас ирж машин мөргөхийг хараад өөрийнхөө биеийг суллах мөчид машин мөргөсөн. Жолооч замын уулзвар дээр хэдэн км/цагийн хурдтай явж байсан эсэхийг нь хараагүй. Миний хүзүүний С7 гэдэг сэртэн яс хугарсан, зөрүүтэй, зүүн талын 5 хавирга хугарсан, 3 хавирга зөрүүтэй, 2 хавирга зөрүүгүй хугаралтай, хэлний үзүүр хазсан түүнээс ноь маш их цус гарсан байсан. Зүүн талын хэвлий орчим, нуруу, мөр орчим хөхөрсөн, нуруу, сэрвээ, хүзүү хавагнасан байсан. Одоо хүзүүндээ бэхэлгээтэй, хавирга эдгэрээгүй байна. Би эмчилгээнд зарцуулсан мөнгийг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29-31, 36-37 хуудас/

 

3. Иргэний нэхэмжлэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “85-49 УББ улсын дугаартай хар өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Тухайн тээврийн хэрэгслийг би 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өөр Нэткапитал финанс корпораци банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч 21 500 000 төгрөгөөр Улаанбаатар хотоос худалдан авч байсан. Би зээлсэн мөнгөө зээлийн графикийн дагуу төлөөд явж байгаа бөгөөд одоогоор тус тээврийн хэрэгсэл тухайн банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй байдаг. 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр манай төрсөн дүү А миний 85-49 УББ улсын дугаартай хар өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлийг унаад Улаанбаатараас Бор-Өндөр лүү ирж байх замдаа Говьсүмбэр аймгийн төв рүү дөнгөж орж ирээд машинтай мөргөлдчихлөө гэж 17 цагийн үед над руу залгаж хэлсэн. А нь манай ээж О, ээжийг эгч А, ээжийн найз Оь, Б нартай явж байна гэж хэлж байсан. Би машинаа янзлуулчихвал гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 33-34 хуудас/

 

4. Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотоос ээж О, ээжийн эгч А, ээжийн найз Оь, Б нарын хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сум орохоор Б ахын Приус-20 маркийн 85-49 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Говьсүмбэр аймгийн хойд талд хуучин цагдаагийн пост өнгөрөөд уулзвар дээр ирж байх үед туслах замаас цагаан өнгийн Приус-20 маркийн 16-79 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урдуур дараад ороод ирэхээр нь тоормос гишгээд сигнаал дарсан боловч амжихгүй тэр машиныг хажуу талаас нь мөргөчихсөн. Би тухайн үед 30-40 километр цагийн хурдтай явж байсан. Тухайн ослоос болж урд талын суудалд сууж явсан Оь эгч гэмтсэн. Б ах машинаа 2022 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотод банк бусаас 21,5 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Осол болох үед цаг агаар бүүдгэр цас орчихсон, гадаад орчин харагдаж байсан” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 39-41 хуудас/

 

5. Гэрч П.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 04 дүгээр сарын 13-ны 16 цагийн үед Улаанбаатар хотоос Бор-Өндөр сум руу эгч хөдөлсөн. Би жолоочийн эсрэг талын хойно сууж яваад унтсан. Говьсүмбэр аймаг руу орж ирээд явж байгаад манай хүү А машинтай мөргөлдөхөд нь сэрсэн. Ямар машин орж ирээд яаж мөргөлдсөнийг нь хараагүй. Хэдэн километр цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Зам тээврийн ослоос болж миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 44-45 хуудас/

 

6. Гэрч П.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би дүү О, түүний найз Оийн хамт Огийн хүү А нартай Улаанбаатар хотоос Бор-Өндөр сум руу явсан. Говьсүмбэр аймаг руу орж ирээд удаагүй явж байтал засмал замын хажуугаас нэг цагаан өнгийн машин орж ирээд Аийн барьж явсан машинтай мөргөлдсөн. А хар өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан ба хэдэн километр цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Зам тээврийн ослоос болж миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 46-47 хуудас/

 

7. Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би найз А болон түүний ээж болон ээжийнх нь найз нартай хамт тавуулаа Улаанбаатар хотоос Бор-Өндөр сум руу 16 цагийн үед хөдөлсөн. Би Налайх өнгөрөөд хойно суугаад унтсан ба нэг сэрсэн чинь Говьсүмбэр аймагт ороод ирсэн А машиныхаа сигналыг дараад хажуу талаас орж ирсэн машинтай мөргөлдөөд би урд талын суудлаа мөргөөд сэрсэн. Яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Аийг хэдэн километр цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Зам тээврийн ослоос болж миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 48-49 хуудас/

 

8. Шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 3/2022 дугаар дүгнэлтэнд: Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд 16-79 УБМ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Н.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9. “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна. 85-49 УББ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ц.А Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна. 16-79 УБМ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Н.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-т заасан заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна. Хавтаст хэрэгт авагдсан материалд осолд холбогдогч иргэн Аийн болон гэрчүүдийн мэдүүлгээс 85-49 УББ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлийн хурд болон саадыг харсан анхны цэгийг тогтоох боломжгүй байна.

Дүгнэлт гаргасан: Шинжээч Д.Дорпүрэв гэжээ. / х.х-ийн 54-56 хуудас/

 

9. Шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 6271 дүгээр дүгнэлтэнд: Р.Оийн биед хүзүүний С7-р нугалмын арын сэртэнгийн хугарал, цээжний зүүн тал 1,6,8,9,10-р хавирганы хугарал, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч С.Эрдэнэцэцэг гэжээ. / х.х-ийн 64-65 хуудас/

 

10. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэн хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, жолоочийн лавлагаа мэдээлэл /х.х-ийн 9-24, 97 хуудас/

 

11. “Ашид билгүүн” ХХК-ний техникийн үнэлгээний тайлан, “Омни Капитал” банк бус санхүүгийн байгууллагын салбарын захирлын тоотууд, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар, итгэмжлэлийн хуулбар / х.х-ийн 62, 71, 88-92 хуудас/

 

12. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, “Илчит сансар” ХХК-ын захирлын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний нэхэмжлэгч Ц.Бгийн баталгаа, хохирол барагдуулах тухай нотариатчаар гэрчлүүлсэн баталгаа, хохирогч Р.Оийн хохирол барагдуулсан талаарх хүсэлт /х.х-ийн 85-86, 101, 103-106 хуудас/

 

13. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 102 хуудас/

 

14. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн прокурорын тогтоол /х.х-ийн 105, 112-113 хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Н.Г нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Ханангийн эгнээний зүүн үзүүрт байх хатуу хучилттай гурван замын уулзварын туслах замаар 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 17 цагийн орчимд 16-79 УБМ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-т “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас У.Аийн жолоодон явсан Ц.Бгийн эзэмшлийн 85-49 УББ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Ц.Бгийн тээврийн хэрэгсэлд 4 110 000 төгрөгийн хохирол, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Р.Оийн эрүүл мэндэд хүзүүний С7 дугаар нугалмын арын сэртэнгийн хугарал, цээжний зүүн тал 1,6,8,9,10 дугаар хавирганы хугарал, хэвлийд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол тус тус  учруулсан үйл баримт болсон байна.

Шүүгдэгч Н.Гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Н.Гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Гийн өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Р.Оь, гэрч Ц.А нарын өгсөн мэдүүлэг, хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 6271 дугаар шинжээчийн дүгнэлт, зам тээврийн ослын шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 3/2022 дугаартай дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 267 дугаартай үнэгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн шүүгдэгч Н.Г нь уг гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Н.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан дагуу хүсэлт гаргасныг прокуророос хангаж, шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Н.Г нь гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргаж оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөнийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд хайхрамжгүй, анхаарал болгоомжгүй оролцсоноос үүдэлтэй байна.

 

ХОЁР. Шүүгдэгч Н.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Н.Гийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.

Прокуророос шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх санал гаргасныг шүүгдэгч Н.Г нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан үзэж улсын яллагчаас санал болгосон эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч Н.Гэд хүлээлгэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Хохирогч Р.Оьд учирсан хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар: Зам тээврийн ослын улмаас түүний бие махбодид хүзүүний С7 дугаар нугалмын арын сэртэнгийн хугарал, цээжний зүүн тал 1,6,8,9,10 дугаар хавирганы хугарал, хэвлийд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан байна. Хохирогч Р.Оь нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргасан хүсэлтэндээ хохиролд 4 200 000 төгрөг авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэнийг үндэслэн шүүгдэгч Н.Гийг хохирогч Р.Оьд төлөх гэм хорын төлбөргүй гэж тогтоолоо.

Иргэний нэхэмжлэгч Ц.Бгийн эзэмшлийн 85-49 УББ улсын дугаартай, хар өнгийн Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас нийт 4 110 000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 267 дугаар үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Гээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Г нь иргэний нэхэмжлэгч Ц.Бд 700 000 төгрөг, 2 300 000 төгрөг, 300 000 төгрөгийг тус тус гар утаснаасаа шилжүүлэн төлсөн гэж мэдүүлсэн боловч энэ талаарх нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд гаргаагүй учир иргэний нэхэмжлэгч Ц.Бд учирсан хохирлоос хасч тооцож шийдвэрлэх боломжгүй байна.  

Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд шүүгдэгч Н.Г нь дээрх хохирол төлсөн нотлох баримтууд бүрдүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид гарган өгч хохирлоос хасч тооцуулах боломжтой болохыг дурдлаа.

 

 Шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Нийн Гийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гэд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гэд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Р.Оьд төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч Н.Гээс 4 110 000 /дөрвөн сая нэг зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг, 45 дугаар байрны 61 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Ц.Бд олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.БАТТУЛГА