Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/136

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,

шүүгдэгч Г.Гантулга нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гантулгад холбогдох эрүүгийн 2115002140320 дугаартай, 163/2022/0030/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Тавд овогт Ганболдын Гантулга, Булган аймгийн Булган суманд ... оны ... дугаар сарын .....-ны өдөр төрсөн, Булган аймаг, ......... оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл . хамт амьдардаг, 27.... настай, эрэгтэй, урьд

- Булган аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Булган аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,

- Булган аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.3-т тус тус зааснаар 6 жил 4 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 сарын баривчлах ял дээр Булган аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 4 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 5 жил 7 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 5 жил 10 сар 26 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, /....../,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Гантулга нь 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багт хашааны гаднаас иргэн Ш.Төмөрбаатарын эзэмшлийн хөх өнгийн Даюун загварын мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2115002140320 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Г.Гантулга нь 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багт хашааны гаднаас иргэн Ш.Төмөрбаатарын эзэмшлийн хөх өнгийн Даюун загварын мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Гантулгын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,

2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан: 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг Хийдийн 3-1 тоотоос иргэн Ш.Төмөрбаатар нь өөрийн эзэмшлийн Даюун загварын цэнхэр өнгийн мотоцикл алдсан гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

3. Хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, Хийдийн 9-926 тоот хашааны урд тал байв. Уг газрын хойд талд улаан хүрэн өнгийн зосоор будсан банзан хашаа байх бөгөөд ногоон өнгийн төмөр хаалгатай байв... хохирогч Ш.Төмөрбаатар мотоциклоо хашааны урд талд хажуу айлын хашаа хоёрын голд тавьсан гэв. Хохирогч Ш.Төмөрбаатар мотоцикл байсан газрыг зааж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 5-8 дахь тал /,

4. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: Уг мотоцикл нь хөх өнгийн Даюун загварын мотоцикл байв. Гандсан цайвар улаан өнгийн суудалтай банк дээрээ эко гэсэн бичигтэй байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 9-12 дахь тал /,

5. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Төмөрбаатарын өгсөн: 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр манай гэрийн урд талын айл болох Батаа гэх ах намайг дуудаж ногоо хураалгасан юм. Ногоогоо хурааж дуусаад 17 цагийн орчим мотоциклоо унаад гэртээ харьсан. Тэгээд гэртээ ороод 20-30 минут болоод гараад иртэл мотоцикл байхгүй байсан. Би мотоциклоо 1 сая төгрөгөөр авсан байсан бөгөөд одоо 800 000 төгрөгөөр үнэлж байна... Би өөрийн мотоциклоо авсан, надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-20 дахь тал/,

6. Гэрч Э.Будсүрэнгийн өгсөн: ...Тухайн өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн 4 замын уулзвар дээр үүрэг гүйцэтгэж байхад Г.Гантулга гэх залуу хөх өнгийн Даюун загварын мотоцикл унаад явж байхаар нь зогсоон шалгахад согтуу байсан. Тэгээд тээврийн хэрэгслийг хурааж аваад согтуурлын зэргийг шалгахад 3 бүхэл гарч байсан. Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж баривчилгаанд оруулсан гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 22-23 дахь тал /,

7. “Ашид Билгүүн” ХХК-ний шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн TXY-ОРХ/1936 дугаартай:

1. Хөх өнгийн даюун загварын мотоцикл 500 000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

8. Шүүгдэгч Г.Гантулга мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээж өгсөн: “...Би 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хуурай ах Төмөрбаатар, найз Төмөрчөдөр нарын хамт Булган сумын хийдийн 9 тоотод байх манай ээж Гоёцэцэгийн гэрт архи уусан. Тэгээд Төмөрбаатар ах манай эхнэр хүүхэд ажлаасаа ирсэн байна уу үзээд ирье гэж хэлээд гэрээсээ гарсан. Удалгүй манай найз Төмөрчөдөр гэртээ харилаа гээд явсан. Тэгээд би Төмөрбаатар ахын гэрийн гадаа очиход хашааны гадаа хөх өнгийн мотоцикл байсан, гэрт нь ороход Төмөрбаатар ах унтаж байсан. Тэгээд би мотоциклийг унаад найз Төмөрчөдөр дээр очих гээд явсан. Би Төмөрчөдөрийн гэрт очоод архи уугаад тасраад унтаад өгсөн байсан. Өглөө сэрээд Төмөрбаатар ахын мотоциклийг унаад аваачиж өгөх гээд явж байтал цагдаа зогсоон шалгасан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 104-105 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ш.Төмөрбаатар, гэрч Э.Будсүрэн нарын өгсөн мэдүүлэг, Ашид Билгүүн ХХК-ний шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн TXY-ОРХ/1936 дүгнэлт, хэрэг учралын газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Г.Гантулгын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Г.Гантулга нь 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багт иргэн Ш.Төмөрбаатарын хашааны гаднаас Ш.Төмөрбаатарын эзэмшлийн хөх өнгийн Даюун загварын мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явж 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүгдэгч Г.Гантулгын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж, үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Г.Гантулгын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Хохирогч Ш.Төмөрбаатар мөрдөн шалгах ажиллагааны шатанд мотоциклийг биет байдлаар хүлээн авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Г.Гантулгыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Гантулгыг Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Гантулгын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Гантулгад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хавтаст хэргийн 40-69 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Гантулга нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймаг, Булган сумын 4 дүгээр баг, Зүүн түрүү ........... амьдардаг, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч урьд нь 4 удаа эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримт хавтаст хэрэгт авагдсан байх тул /хавтаст хэргийн 40 дэх тал/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.

 

Шүүгдэгч Г.Гантулгын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  мотоциклийг биет байдлаар хохирогчид буцаан өгсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, шүүгдэгч Г.Гантулгыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Гантулга цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тавд овогт Ганболдын Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Гантулгыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гантулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Гантулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ЭНЭРЭЛ